Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
Хэргийн индекс | 184/2024/02800/И |
Дугаар | 210/МА2024/01593 |
Огноо | 2024-08-12 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2024/01593
2024 08 12 210/МА2024/01593
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2024/02911 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: ******* ХХК
Хариуцагч: ******* ХХК, Д.*******
Нэхэмжлэлийн шаардлага: түрээсийн төлбөрт 85,033,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 Д.******* нь 2010 оноос ******* ХХК-тай хамтран ажиллаж, тус захад автомашины будгийн худалдаа, засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд түрээсийн гэрээг жил бүр өөрийн хувь хүний нэр дээр байгуулж байсан. 2019 оноос ******* ХХК-ийг үүсгэн байгуулсныхаа дараа 2021 оноос эхлэн Эд хөрөнгө хөлслөх гэрээ-г компанийн нэрээр шинэчлэн байгуулан үйл ажиллагаагаа явуулдаг болсон. ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд анхны эд хөрөнгө хөлслөх гэрээ 2021 онд байгуулагдаж, цаашид жил бүр шинэчлэгдэн байгуулагдаж байсан. Д.******* болон Д.*******ын 100 хувийн эзэмшил бүхий ******* ХХК нь Эд хөрөнгө хөлслөх гэрээ-г жил бүр шинэчлэн байгуулж байсан боловч өнгөрсөн хугацааныхаа буюу 2019 оноос 2023 онуудын түрээсийн төлбөрийг төлөөгүй.
1.2 Д.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хувийн болон компанийнхаа нэрийн өмнөөс өр төлбөрийг бүрэн барагдуулахаа амлаж өргөдөл бичиж өгөөд cap бүр 4,500,000 төгрөгөөр өр төлбөрөө барагдуулахаар график гаргаж өгсөн. Хариуцагч нь 2022 онд 5,670,000 төгрөг, 2023 онд 9,796,250 төгрөгийг 2019 оноос хойш үүссэн хувийн өр төлбөрөөсөө хасуулсан ч түүнээс хойш бусад өр төлбөрийг төлөөгүй.
1.3 Д.******* нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Ажлын байрны түрээсийн гэрээ-ний дагуу 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл нийт 29 сарын түрээсийн төлбөр 36,250,000 төгрөг, алданги 18,125,000 төгрөг, нийт 54,375,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Үүнээс 2022 онд 5,670,000 төгрөг, 2023 онд 9,796,250 төгрөгийг төлж, 38,908,750 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй болсон.
1.4 ******* ХХК нь гэрээ байгуулагдсанаас хойш нийт 23 сарын түрээсийн төлбөр, 8 улирлын менежментийн төлбөр алдангийн хамт 46,125,000 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаагаас нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй. Түрээсийн үндсэн төлбөр 1 сарын 1,250,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 2,750,000 төгрөг, алданги 1,375,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 12 сарын түрээсийн төлбөр 16,000,000 төгрөг, алданги 8,000,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 9 сарын түрээсийн төлбөр 12,000,000 төгрөг, алданги 6,000,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөг, бүгд 46,125,000 төгрөг болж байна.
Иймд хариуцагч Д.*******аас 38,908,750 төгрөг, хариуцагч ******* ХХК-иас 46,125,000 төгрөг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Д.*******ын тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Ковидын үед санхүүгийн хямралд орж, түрээсийн төлбөр төлөхөд хүндрэлтэй байсан. Нэхэмжлэлийн шаардлагаас алданги тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй. Түрээсэлж буй объект нь өвлийн улиралд үйл ажиллагаа явуулахад хүйтэн хэцүү байсан гэжээ.
3. Хариуцагч ******* ХХК шүүхэд хариу тайлбар гаргаагүй.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
4.1 Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасныг баримтлан хариуцагч Д.*******аас 20,783,750 төгрөг, хариуцагч ******* ХХК-аас 46,125,000 төгрөг, нийт 66,908,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдэх 15,466,250 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 583,119 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Д.*******аас 103,918 төгрөг, хариуцагч ******* ХХК-аас 388,575 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
5. Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1 Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг буюу түрээсийн төлбөрийн 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд эс зөвшөөрч байна.
5.2 Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч байгууллагаас хариу тайлбар гаргаж өгөх боломжоор хангаагүй.
5.3 Түрээсийн төлбөрт төлөх ёстой төлбөрийг буруу тооцоолж шийдвэрлэсэн. Шүүхээс тооцооллыг хийхдээ компанийн хувь нийлүүлэгч болон хуулийн этгээдийн хооронд төлсөн төлбөрийг ялгаагүй. Үндэслэлгүйгээр компанид төлбөр ногдуулсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
6.1 ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг ******* ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал Д.******* өөрөө гардаж авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Шүүх хуралдаан анх товлогдоход хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч авах хүсэлт гаргаж, тус хүсэлтийг шүүхээс хангаж шийдвэрлэсэн. Ингээд хэргийг 2 дахь удаагийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн. Ингэхдээ Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу хэргийн оролцогч нарт мэдэгдсэн бөгөөд шүүхийн мэдэгдэх хуудсыг Д.******* өөрөө гардаж авч, шүүх хуралдаан болох талаар мэдэж байсан. Шүүхийн зүгээс хариуцагчийн хуульд заасан бүхий л эрхийг хангасан боловч хариуцагч тал шүүх хуралдаанд ирээгүй. Өмнө нь хариуцагчид эрх, үүрэг тайлбарлаж, танилцуулсан байсан тул түүний үндсэн дээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн.
6.2 Хариуцагч алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа нь үндэслэлгүй. ******* ХХК-тай 2021 он, 2022 онуудад гэрээ байгуулсан бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэрээний хугацаа дуусах ёстой байсан. Гэрээний хугацаа дуусахаас өмнө ******* ХХК өөрөө ажлын байраа орхиж явсан. 2021 он, 2022 он, 2023 онуудад ямар нэгэн ковидын нөхцөл байдал болон ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан байгаагүй. ******* ХХК 01 дүгээр сард 1,250,000 төгрөгийн төлбөр мөн 8 улирлын менежментийн төлбөр төлөх ёстой байсан боловч төлөөгүй. Иргэний хуулийн болон талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасны дагуу 0,5 хувийн алданги бодож нийт 46,125,000 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх бүрэн хангаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Д.*******т холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 38,908,750 төгрөг, хариуцагч ******* ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 46,125,000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Д.******* ...Ковидын үед санхүүгийн хямралд орж, түрээсийн төлбөр төлөхөд хүндрэлтэй байсан. Алданги тооцох үндэслэлгүй гэж тайлбар гарган маргажээ.
2.1 Хариуцагч ******* ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар гаргаагүй болно.
3. ******* ХХК болон Д.******* нар 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Ажлын байр /талбай/-ны түрээсийн гэрээ-г байгуулсан. Гэрээгээр түрээслүүлэгч ******* ХХК нь *******-ын дотор байрлалтай В-10 дугаартай талбайг түрээслэгч Д.*******т авто сэлбэгийн худалдааны зориулалтаар 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түрээслүүлэх, түрээслэгч Д.******* нь түрээсийн төлбөрт нэг сарын 1,250,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 11-13/
3.1 Мөн ******* ХХК нь ******* ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 405 дугаартай Эд хөрөнгө хөлслөх гэрээ-г байгуулсан. Гэрээгээр түрээслүүлэгч ******* ХХК нь *******-ын дотор байрлалтай С-1 дугаартай талбайг түрээслэгч ******* ХХК-д авто будгийн зориулалтаар, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл түрээслүүлэх, түрээслэгч ******* ХХК нь түрээсийн төлбөрт нэг сарын 1,250,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 15-20/
Улмаар 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 393 дугаартай Эд хөрөнгө хөлслөх гэрээ-ээр дээрх гэрээний хугацааг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаагаар сунгаж шинэчлэн байгуулсан үйл баримт тогтоогдсон. /хх 23-28/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь зөв.
4.1 Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.
5. Хариуцагч Д.******* нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөр 36,250,000 төгрөг төлөхөөс 15,466,250 төгрөг төлсөн, үлдэх 20,783,750 төгрөгийг төлөөгүй үйл баримтад талууд маргаагүй. Иймд анхан шатны шүүх хариуцагч Д.*******аас 20,783,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцнэ.
5.1 Түүнчлэн, Ажлын байр /талбай/-ны түрээсийн гэрээ-ний 5.1.3-т түрээслэгч гэрээгээр тохиролцсон хугацаандаа түрээсийн төлбөрөө төлөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд таван мянган төгрөгийн торгууль төлнө гэж заажээ. Анхан шатны шүүх алданги 4,270,000 төгрөгийг хариуцагч Д.*******аас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасантай харшлаагүй. Мөн шүүх хариуцагч Д.*******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнд зохигч давж заалдах гомдол гаргаагүй.
6. Хариуцагч ******* ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 30,750,000 төгрөг төлөөгүй талаарх нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмын дагуу баримтаар үгүйсгэж, мэтгэлцээгүй тул тогтоогдсон гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК-иас түрээсийн төлбөрт 30,750,000 төгрөг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцсэн байна. Иймд хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...түрээсийн төлбөрт төлөх ёстой төлбөрийг буруу тооцоолж шийдвэрлэсэн, ...шүүхээс тооцооллыг хийхдээ компанийн хувь нийлүүлэгч болон хуулийн этгээдийн хооронд төлсөн төлбөрийг ялгаагүй гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
6.1 ******* ХХК болон ******* ХХК-иудын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус тус байгуулсан гэрээний 8.3-т Хэрэв энэхүү гэрээний дагуу төлөх төлбөр, ашиглалтын төлбөр, бусад төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй бол хөлслөгч хугацаа хэтэрсэн хоног тутамд талбайн төлбөр болон ашиглалтын төлбөрийн тэг аравны таван хувь /0,5/-тай тэнцэх хэмжээний алдангийг хөлслүүлэгчид төлнө гэж заажээ. Анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК-аас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 30,750,000 төгрөгийн 50 хувь болох 15,375,000 төгрөгийн алданги гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...алдангийг багасгаагүй гэх давж заалдах заалдах гомдлыг хангахгүй.
7. Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна. /хх 36-37/ Иймд хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хариу тайлбар гаргаж өгөх боломжоор хангаагүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
8. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийг баримтлаагүй, иргэн болон хуулийн этгээдийн төлбөрийг нэмж нийт 66,908,750 төгрөгийг гаргуулсан нь найруулгын хувьд ойлгомжгүй болсон, мөн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо тооцооллын алдаа гаргасан зэрэг алдаа гаргасныг залруулсан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна.
9. Дээрх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2024/02911 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.*******аас 20,783,750 төгрөг, хариуцагч ******* ХХК-аас 46,125,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18,125,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 179,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
М.БАЯСГАЛАН