Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 09

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Жавхланбаяр

Улсын яллагч Ш.Насанжаргал,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Алтантуяа /1554/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 1809000710022 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрүүл ахуйч мэргэжилтэй, Буянт-Ухаа боомтын хилийн мэргэжлийн хяналтын албанд ажилладаг, ам бүл 4, эх, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 12 дугаар байрны 39 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Ахмадын хотхоны 2 дугаар байрны 113 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Ахмадын хотхоны 2 дугаар байрны 112 тоотод өөрийнх нь гэрт ирсэн хохирогч Ц.Сарантуяаг согтуугаар маргаан үүсгэхэд нь харилцан маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, баруун хацарт цус хуралт, хамрын нуруу, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, баруун хацар, духанд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Манайд өглөө 9 цагийн үед Ц.Сарантуяа эгч ирсэн. Тухайн өдөр манайд 1 шил архитай, өөрөө согтуу орж ирээд өөрөө архиа уусан. Би 2 хүүхэдтэйгээ гэртээ байсан. Өөрөө шүлсээ үсчүүлээд дайрсан. Би хоёр хүүхдээ ээжийгээ хамгаалсан. Би хамгаалахдаа хоёр гарыг нь бариад орон дээр дарсан, тэрнээс хамар руу цохиогүй. Тухайн үед хамарнаас нь цус гарсан байсан харин яагаад гарсныг би мэдэхгүй. Би хүүгээрээ дамжуулаад цагдаад дуудлага өгсөн. Хоёр цагдаа ирсэн чирээд аваад гарсан. Тухайн үед асуудлыг шийдвэрлэх боломжтой олон камер байсан. Яагаад намайг яллагдагч гээд байгааг би ойлгохгүй байна. Ц.Сарантуяа эгч тухайн үед би буруу зүйл хийсэн байна гээд дараа нь биднээс уучлал хүссэн, би энд яллагдагч хэвээрээ байгаадаа гайхаж байна...” гэв.

 

Эрүүгийн 1809000710022 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сарантуяаг цохиж зодоогүй. Сарантуяа намайг үхлийн муугаар үхнэ, чамайг Сэрээжид болон Насаагаар зодуулж алуулна, чамайг Батхүүд хэлж заавал шоронд хийлгэнэ. Чи Батжавын шээс, чиний хоёр хүүхэд хулгайч, чи муу янхан банзал, миний нэр дээр бөгсөөрөө суудаг суудаг хэн бэ? гээд байсан. Сарантуяа над руу хоёр гараараа салаавч гарган дайран ирэхэд нь тэвэрч аваад, орон дээр хэвтүүлэн нүүрээ самардуулахгүйн тулд хоёр гарыг нь бариад дараад дээр нь сууж байхад миний баруун гарын бугалга хэсгээс хэд хэдэн удаа маажсан мөн миний цамцыг урсан...” /хх-ийн 49-50 дугаар хуудас/

 

Хохирогч Ц.Сарантуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2017 оны 12 сарын 21-ний өдрийн 13 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Ахмадын хотхоны 2 дугаар байрны 112 тоотод аавын дүү Оюундэлгэрийг эргэж очсон. Оюундэлгэрийн охин Баярмөнх цай хийж өгөөд цайг нь уучихаад гал тогооны шүүгээн дээр аягыг нь тавьчихаад Оюундэлгэрийн хажууд суутал Баярмөнх "Яв, зайл" гэсэн. Би “явлаа” гэтэл миний дээр гарч суугаад хоёр гараараа толгой руу цохиж зодоод хүү Цэрэндоржоороо цагдаа дуудуулж цагдаа ирэхээр нь намайг танхайраад байна гэж өгч явуулсан. Би зодуулж бие эрхтэндээ гэмтэл авсандаа гомдолтой байна..." гэсэн мэдүүлэг / хх-ийн 13-16 дугаар хуудас/,

 

Гэрч О.Ганхөлөг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "…Би тус өдөр эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч Даваажавын хамт үүрэг гүйцэтгэж байхад тус тоотод согтуу эмэгтэй агсам тавиад байна гэх дуудлага ирсэн. Тэгээд бид 2-ыг очоод хаалга тогшиход нэг жаахан охин хаалга онгойлгосон бөгөөд айлын эзэгтэй болох эмэгтэй нэг эмэгтэйг орон дээр хэвтүүлээд дээр нь дараад хэвтчихсэн доод талд нь байсан эмэгтэй нэг нүд нь хөхрөөд хавдчихсан байдалтай гадуур куртиктэйгээ хэвтэж байсан. Тэр дээрээс нь дарсан эмэгтэй нилээд удаан ойролцоогоор 20-30 минут орчим дарж хэвтсэн бололтой гар нь цуцчихсан, салгалчихсан 2-уулангийнх нь хар хөлс цувчихсан байсан. Цус гарсан байсан. Мөн биднийг явж ороход орон дээрээс босч ирэхдээ л нүд нь хөхөрсөн хавдсан байсан. Илт мэдэгдэхүйц харагдаж байсан…” гэсэн мэдүүлэг   / хх-ийн  23-25 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Даваажав мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "…Би тэр өдөр эргүүлийн цагдаа жолооч Ганхөлөгийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Ахмадын хотхоны 2 дугаар байрны 113 тоотоос “агсам согтуу тавиад байна” гэсэн дуудлагын дагуу очиход хоёр эмэгтэй дээр доороо гарсан байдалтай байсан бөгөөд Баярмөнхийн доод талд хохирогч гэх Сарантуяа хэвтэж байсан. Бид 2 салгаад юу болсон талаар асуухад Сарантуяагийн баруун нүд хөхөрсөн хамарнаас нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд Баярмөнхийг дээрээс нь авсан чинь босож ирээд Баярмөнхийн хөл рүү өшиглөсөн. Тэгэхээр нь бид 2 Сарантуяаг аваад гарсан. Тэгээд төмөр замын саатуулах байр орсон бөгөөд Сарантуяаг хүлээлгэж өгөх гэсэн чинь биеийн байдал болон зүрхний хэм өндөр байна гээд аваагүй. Дуудлагаар орох үед Сарантуяагийн нүүр хэсэг улайсан, баруун нүд хөхөрсөн, хамраас цус гарсан байдалтай байсан…" гэсэн мэдүүлэг    / хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Цэрэндорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шинэ жилдээ явчихаад гэртээ иртэл манай гэрт Ц.Сарантуяа гэх эгч ирчихсэн пиво ууж байсан. Ээж Сарантуяа эгчийг “та одоо гэртээ хариа манай 2 хүүхэд маргааш хичээлтэй” гэж хэлтэл ээж рүү уурлаад дайраад доромжлоод эхэлсэн. Ээж нөгөө Сарантуяа эгчийн 2 гарыг нь барьчихсан дээр нь гараад суучихсан байсан. Түргэний эмч ирээд эмээг үзээд даралт нь ихэссэн байна гээд эм өгөөд тариа тарьчихаад явсан. Тэр үед Сарантуяа эгч орилж хашгирсаар ээж маань дээр нь дарсаар байсан. Тэгээд удалгүй хоёр цагдаа орж ирсэн бөгөөд ээж маань тэр цагдааг аваарай энэ хүнийг гэсэн чинь цагдаа тавьчих гэсэн. Сарантуяа эгч босож ирээд ээжийг маань өшиглөөд ахиад дайрч доромжлоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/,

 

Гэрч Ч.Номин мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Ахмадын хотхоны 2 дугаар байрны 113 тоотоос 103 дугаарын утсанд “настай хүн ухаан алдаад байна” гэж дуудлага өгсөн. Би дуудлага өгсөн цаг хугацааг сайн санахгүй байна. Өдөр 14 цагийн орчим очсон байх. Тэгээд би дуудлагын дагуу гэр рүү ороход үед хаалга онгорхой байсан. Тэгээд гэрт ороход нэг эмэгтэй эгч нэг эгчийн дээр нь гараад суусан хоёр гарын цээж хэсгээр болон толгой хэсгээр нь куртикээр нь дараад сууж байсан. Тэгээд цаана сууж байсан тул тариа хийгээд гарах гэхэд орон дээр доороо орсон хоёр эмэгтэйгийн дээр сууж байсан эмэгтэй “намайг үзээд өг би дийлэхээ байлаа цагдаа иртэл байж байгаач” гэсэн ба доор нь хэвтэж байсан эмэгтэй “энэ хүнийг аваач” гээд байсан. Би дээр сууж байсан эмэгтэйд “та дээрээс нь босоо наад хүн чинь бүтэж үхлээ” гэж хэлэхэд “би энэ хүнийг тавих юм бол агсан тавиад байна.” Гэсэн. Би дуудлагатай гээд гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

Гэрч Ш.Мөнхжинх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Эмчийн үзлэг Сарантуяагийн биед хийхэд...баруун нүдний дээд зовхи эргэн тойрон хөхөрсөн, хацар нь хавдаж улайсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Насантогтох мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Манай эхнэр Сарантуяа нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний орой 19 цагийн үед гэрт ирсэн. Сарантуяагийн баруун нүд хөхөрч хавдсан, уруул хамар нь хавдартай байсан. Би Сарантуяагаас юу болсон талаар асуухад Баярмөнх нь намайг зодоод цагдаа дуудаад намайг эрүүлжүүлэх байранд оруулах гээд байхад миний даралт ихэссэн байна гээд хүлээж авсангүй гэж байсан. Тэгээд би Сарантуяаг дагуулаад гэмтэл дээр очиж үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолд “...хэрэгт 1 ширхэг Ц.Сарантуяагын фото зургийг эд мөрийн баримтаар тооцож хэргийн материалд хавсаргасугай...” гэжээ /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹566 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Ц.Сарантуяагийн биед тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацарт цус хуралт, хамрын нуруу, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, баруун хацар, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэжээ. /хх-ийн 34 дүгээр хуудас/,

 

Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 39/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/, Б.Бий иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/, оршин суух хаягын тодорхойлолт /хх-ийн 43 дугаар хуудас/, шийтгэлийн хуудас /хх-ийн 58/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

        Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Ахмадын хотхоны 2 дугаар байрны 112 тоотод өөрийн гэрт  хохирогч Ц.Сарантуяаг “амгалан тайван байдлыг алдагдууллаа” гэсэн шалтгаанаар хоорондоо маргалдаж улмаар түүний биед хүч хэрэглэн цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, баруун хацарт цус хуралт, хамрын нуруу, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, баруун хацар, духанд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

 Хохирогч Ц.Сарантуяагийн “...Баярмөнх "Яв, зайл" гэсэн. Би “явлаа” гэтэл миний дээр гарч суугаад хоёр гараараа толгой руу цохиж зодсон...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч О.Ганхөлөгийн “...хаалга онгойлгосон бөгөөд айлын эзэгтэй болох эмэгтэй нэг эмэгтэйг орон дээр хэвтүүлээд дээр нь дараад хэвтчихсэн доод талд нь байсан эмэгтэй нэг нүд нь хөхрөөд хавдчихсан байдалтай гадуур куртиктэйгээ хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Даваажавын “...дуудлагын дагуу очиход хоёр эмэгтэй дээр доороо гарсан байдалтай байсан бөгөөд Баярмөнхийн доод талд хохирогч гэх Сарантуяа хэвтэж байсан. Дуудлагаар орох үед Сарантуяагийн нүүр хэсэг улайсан, баруун нүд хөхөрсөн, хамраас цус гарсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Насантогтохын “...Сарантуяагийн баруун нүд хөхөрч хавдсан, уруул хамар нь хавдартай байсан. Би Сарантуяагаас юу болсон талаар асуухад Баярмөнх нь намайг зодоод...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ш.Мөнхжин, гэрч Ч.Номин нарын мэдүүлэг,

 

Хохирогч Ц.Сарантуяагын 1 ширхэг фото зургийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹566 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлт:

1.Ц.Сарантуяагийн биед тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацарт цус хуралт, хамрын нуруу, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, баруун хацар, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Дээрх нотлох баримтуудыг агуулгаас үзвэл шүүгдэгч нь Б.Б нь садан төрлийн холбоотой хохирогч Ц.Сарантуяаг “согтуурч агсам тавьж тайван байлгасангүй” гэж хоорондоо маргалдан улмаар түүний толгой нүүрэн тус газарт нь хэд хэдэн удаа хүч хэрэглэсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсаныг шинжээчийн дүгнэлтээр тогтоож, гэмт хэрэг болсоны дараах богино хугацаанд шүүгдэгч, хохирогч нар ямар байдалтай байсан, хохирогчийн бие гэмтэлтэй байсныг дуудлагаар ирсэн цагдаагийн албан хаагчидаас, тэдгээрийг хоорондоо маргаж муудалцсан байдалтай байсан болохыг яаралтай түргэн тусламжийн эмч, биедээ гэмтэлтэй байсан талаар эрүүлжүүлэх байрны эмч, хохирогчийн нөхөр нараас тус тус гэрчээр мэдүүлж, эд мөрийн баримт болох фото зургаар хохирогч нүүрэндээ гэмтэлтэй байдлыг  бэхжүүлсэн зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Бийн үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Баярмөнх гэмт хэрэг үйлдсэн байдал бүрэн тогтоогдоогүй, нүүрэнд үүссэн гэмтэл эргэлзээтэй. Ц.Сарантуяаг дуудлагаар ирсэн цагдаа чирээд аваад гартал 2-3 удаа газарт унасан байдаг. Нүүрний зулгаралт бол газар унахдаа, эсвэл хивсэн дээр унахдаа нүүрээ зулхалж унах боломжтой. Нэгэнт Баярмөнхийн гэмт үйлдэл тогтоогдоогүй тул шүүгдэгчид ашигтайгаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү ...” гэсэн санал гаргасныг шүүх хүлээн аваагүй болно.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж хэрэгт цугларсан нотлох баримтуудад тал бүрээс нь бүрэн бодит байдлаар дүгнэлт хийсэн ба хохирогчоос Б.Бийг хэрхэн яаж зодож ямар гэмтэл учирсан байдлыг тодорхой мэдүүлж, тэрхүү мэдүүлэг нь гэрч О.Ганхөлөг, Б.Даваажав, Б.Насантогтох, Ш.Мөнхжинх нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдон тогтоогдсон гэж үзсэн.

 

Гэрч О.Ганхөлөг, Б.Даваажав нараас дуудлагын дагуу очиж хохирогчийг харсан даруйд хохирогч Ц.Сарантуяагийн нүүр хэсэг улайсан, баруун нүд хөхөрсөн, хамраас цус гарсан байдалтай гэмтсэн нөхцөл байдлыг тодорхой мэдүүлсэн, насанд хүрээгүй гэрч Б.Цэрэндоржоос хохирогчийг газарт унасан байдлыг мэдүүлээгүй болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар өмгөөлөгчийн санал үгүйсгэгдсэн гэж шүүх дүгнэлээ.   

 

Хохирогч Ц.Сарантуяа нь шүүгдэгчээс гэм хорын хохирол нэхэмжилэх талаар ямар нэг хүсэлт гаргаагүй, баримт байхгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон боловч түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хамаарч тухайн гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн байх тул “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Бийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг фото зургийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа. 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хоорондоо зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                

         ТОГТООХ нь:

 

            1. Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Прокуророос шүүгдэгч Б.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Б.Бийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

            3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг фото зургийг хэрэгт хавсарган хадгалсугай.

 

            5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

            6. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бөд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН