| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2016/0284/И/ |
| Дугаар | 326 |
| Огноо | 2016-09-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 326
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 9-22 тоотод оршин суух Боржигон овгийн Банзрагчийн Золзаяагийн /РД: ДК81072005/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн Зэлийн голд оршин суух Түмэд овгийн Авирмэдийн Отгонбаярт /РД: ДЗ82122710/ холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Золзаяа, хариуцагч А.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Золзаяа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Золзаяа миний бие 2007 онд өөрийн нөхөр А.Отгонбаяртай албан ёсоор гэр бүл болж, улмаар хүү О.Буд /9 настай/, хүү О.Түвшинбаяр /8 настай/, охин О.Алгирмаа /6 настай/, охин О.Буяндэлгэр /4 настай/ нарыг төрүүлсэн юм. Хамтдаа 6 жил, тусдаа 2 жил амьдарч байна. Энэ хүн эр хүний ноён нуруугүй, амьдралд арчаагүй, үр хүүхдээ тэжээдэггүй, цаашид хамтран амьдрах боломжгүй. Манай хамгийн том охин дагавар, том охины байдлаас болж маргаан үүссэн. Эвлэрүүлэн зуучлалаар 2-3 удаа орж эвлэрээгүй. Иймд бидний гэр бүлийг хуулийн дагуу цуцалж, 4 хүүхдийг миний асрамжид үлдээж, тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч А.Отгонбаяр шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид хоёр хамтран амьдраад 4 хүүхэдтэй болсон нь үнэн. Бид хамтран амьдарч байх хугацаандаа таарч тохирдоггүй, би ихэвчлэн хөдөө аавындаа амьдардаг байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би ажил хийдэггүй, хэдэн малтай. Хүүхдүүдтэйгээ уулзаагүй хоёр жил болж байна. Дөрвөн хүүхдийг Б.Золзаяагийн асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Өөр тайлбар байхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Золзаяа нь хариуцагч А.Отгонбаяраас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч А.Отгонбаяр нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
Нэхэмжлэгч Б.Золзаяа, хариуцагч А.Отгонбаяр нар нь 2007 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан №0060883 /Г№134/ дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4 дэх хэсэгт зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ...” гэж заасан ба талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрэл амжилтанд хүрээгүй нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн тэмдэглэлээр тогтоогдож байна. Гэрлэгчид нь 2014 оноос хойш тусдаа амьдарсан, хоорондын таарамжгүй байдал, мөн гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байх тул шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэв. Иймд талуудыг хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Гэрлэгчдийн дундаас 2007 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүү Отгонбаярын Буд, 2008 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүү Отгонбаярын Түвшинбаяр, 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр охин Отгонбаярын Алгирмаа, 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр охин Отгонбаярын Буяндэлгэр нар төрсөн болох нь хэрэгт авагдсан №0000954256 /Г№455/, №0390957 /Г№260/, №0000914070 /Г№417/, №0000954256 /Г№455/ дугаартай төрсний бүртгэлийн гэрчилгээнүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.
2007 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүү Отгонбаярын Буд, 2008 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүү Отгонбаярын Түвшинбаяр, 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр охин Отгонбаярын Алгирмаа, 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр охин Отгонбаярын Буяндэлгэр нар нь гэрлэгчдийг тусдаа амьдарсан үеэс хойш эхийн асрамжид өсч торниж байгаа нөхцөл байдал, хүүхдийн насны онцлог, хүүхдийн санал болон хариуцагчийн хүүхдүүдээ эхийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрсөн зэргийг үндэслэн хүү О.Буд, хүү О.Түвшинбаяр, охин О.Алгирмаа, охин О.Буяндэлгэр нарыг эх Б.Золзаяагийн асрамжид үлдээж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь гэр бүлийн дундын эд хөрөнгө нэхэмжлээгүй бөгөөд талууд эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Дээрх үндэслэлээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүү О.Буд, хүү О.Түвшинбаяр, охин О.Алгирмаа, охин О.Буяндэлгэр нарыг эх Б.Золзаяагийн асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр хүү О.Буд, хүү О.Түвшинбаяр, охин О.Алгирмаа, охин О.Буяндэлгэр нарт тус бүрт тэтгэлэг тогтоож эцэг А.Отгонбаяраар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Отгонбаяраас 70.200 төгрөгийг гаргуулж төрийн санд оруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг 3.955.200 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 78.233 төгрөгийг хариуцагч А.Отгонбаяраас гаргуулан төрийн санд тус тус оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овгийн Банзрагчийн Золзаяа, Түмэд овгийн Авирмэдийн Отгонбаяр нарын /2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр бүртгүүлсэн №0060883/№134 дугаартай гэрлэлтийн бүртгэлтэй/ гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2007 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүү О.Буд, 2008 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүү О.Түвшинбаяр, 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр охин О.Алгирмаа, 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр охин О.Буяндэлгэр нарыг эх Банзрагчийн Золзаяагийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2007 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүү О.Буд, 2008 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүү О.Түвшинбаяр, 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр охин О.Алгирмаа, 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр охин О.Буяндэлгэр нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нар /хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхэд тус бүрд сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг А.Отгонбаяраар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Золзаяад даалгасугай.
5. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч А.Отгонбаяр нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Золзаяа нь А.Отгонбаярыг эцгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг дурдсугай.
7. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Энхчимэгт даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Отгонбаяраас 70.200 төгрөгийг гаргуулж төрийн санд оруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг 3.955.200 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 78.233 төгрөгийг хариуцагч А.Отгонбаяраас гаргуулан төрийн санд тус тус оруулсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ