Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
Хэргийн индекс | 181/2023/03702/И |
Дугаар | 210/МА2024/01594 |
Огноо | 2024-08-12 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2024/01594
2024 08 12 210/МА2024/01594
А.*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2024/02288 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: А.*******
Хариуцагч: ******* ТББ
Нэхэмжлэлийн шаардлага: 8,404,625 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 А.******* нь ******* ТББ-д Нийслэлийн баруун бүсийн засагч албан тушаалд ажиллаж байсан. 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ажил олгогчтой уулзахад харилцан тохиролцсон гэрээний үндсэн дээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөв гэж гарын үсэг зурахыг тулган шаардсанаар би гарын үсэг зурж ажлаа хүлээлгэн өгсөн. Уг харилцан тохиролцсон гэрээний 1.1 болон гэрээний хавсралт 1-ийн дагуу ажлаас гарсан тэтгэмж, ажилласан хугацааны болон өмнөх сарын цалин, ээлжийн амралтын тооцоог хийж дээрх тохиролцоог 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр бүрэн хийж дуусгахаар заасан. Гэвч надад ээлжийн амралтын тооцоог хийж мөнгийг цалингийн дансанд олгосон боловч бусад цалин тэтгэмжийг олгоогүй. Хохирлоо авах талаар хандсан боловч 2020, 2021, 2022 онуудад Ковид-19 нөхцөл байдалтай байсан тул шүүхэд хандаж чадаагүй.
1.2 Би 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон бөгөөд тухайн үед миний сарын цалин 600,000 төгрөг байсан. Албан тушаалын өөрчлөлттэй холбогдуулан 2020 оны 4 сараас эхлэн миний сарын цалин 900,000 төгрөг болсон.
Иймд ажлаас гарсан 1 сарын цалингийн 100 хувь тэнцэх тэтгэмж 900,000 төгрөг, 2020 оны 10 сарын цалингийн үлдэгдэл 253,683 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн цалин 306,740 төгрөг, нийт 1,460,423 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш гэрээнд зааснаар хугацаа хэтрүүлсэн тохиолдолд төлөх ёстой 0,5 хувь алданги буюу 1 өдрийн 7,302 төгрөг буюу 951 хоногийн алданги буюу 6,944,202 төгрөгийн хамт нийт 8,404,625 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч тайлбар гаргаагүй болно.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн тул ******* ТББ-д холбогдох 8,404,625 төгрөг гаргуулах тухай А.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар дээрх нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн төрөлд хамаарах тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 149,424 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 А.******* нь ******* ТББ-тай 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Ажил олгогч, ажилтан нарын харилцан тохиролцох гэрээ байгуулан төлбөр авах, төлбөр төлөх харилцаа талуудын хооронд үүссэн. Хөдөлмөрийн гэрээний эрх үүрэг хөдөлмөрийн гэрээ цуцлагдах үед дуусгавар болж харин харилцан тохиролцох гэрээний эрх үүрэг биелэгдэх хүртлээ хэвээрээ үргэлжлэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна. Дээрх харилцаа нь Иргэний хуулийн 15 дугаар бүлэг гэрээний эрх зүйн зохицуулалтад бүрэн нийцсэн байх бөгөөд үүргийн эрх зүйгээр зохицуулагдана. Хөдөлмөрийн гэрээ нь ажил олгогч ажилтан нарын хөдөлмөр эрхлэх эрх зүйн харилцааг зохицуулсан бол А.******* болон ******* ТББ-ын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Ажил олгогч, ажилтан нарын харилцан тохиролцооны гэрээ нь хөдөлмөр эрхлэх харилцааг зохицуулаагүй, зөвхөн төлбөр төлөх, төлбөр авах харилцааг зохицуулсан байгаа юм. Тиймээс энэхүү гэрээг хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 189.5 дахь хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулиар бус Иргэний хуулиар зохицуулагдах харилцаа байхад шүүх түүний хөдөлмөрийн маргаан гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн, зөрүүтэй хэрэглэсэн.
4.2 Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласнаас үүссэн төлбөр нь шууд Хөдөлмөрийн маргаан болно гэж дүгнэх нь учир дутагдалтай. Хамгийн гол нь төлбөр барагдуулах агуулга бүхий талуудын хүчин төгөлдөр гэрээг шинээр байгуулсан тохиолдолд тэрхүү харилцааг талуудын хүсэл эрмэлзлээс үүссэн сайн дурын үндсэн дээр байгуулсан төлбөр барагдуулах гэрээ гэж дүгнэх, түүнээс үүссэн гэрээний зөрчлийг Иргэний хуулийн дагуу хэлэлцэж шийдвэрлэх нь хуульд бүрэн нийцэх юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч ******* ТББ-д холбогдуулан 8,404,625 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Шаардлагын үндэслэлээ ...ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тохиолдолд ажил олгогч нь 1 сарын цалин 950,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын цалингийн үлдэгдэл 253,683 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх цалин 306,740 төгрөг, алданги 6,944,202 төгрөг, нийт 8,404,625 төгрөг олгохоор гэрээ байгуулсан гэж тодорхойлсон.
2.1 Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар гаргаагүй болно.
3. Ажил олгогч ******* ТББ болон ажилтан А.******* нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 35 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр ажилтан А.******* нь /засагч/ ТҮА хариуцсан мэргэжилтэн албан тушаалд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаагаар ажиллахаар талууд харилцан тохиролцсон байна. /хх 6/
3.1 Улмаар талууд 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Ажил олгогч, ажилтан нарын харилцан тохиролцооны гэрээ байгуулсан.
Дээрх гэрээний 1.1-т ажилтан ажил олгогчийн тавьсан хүсэлтийг үндэслэн ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тохиолдолд ажил олгогч тал нь ажилтанд ажилласан хугацааны ээлжийн амралтын мөнгө, ажилласан хугацааны олгогдоогүй цалин хөлсийг нөхөн олгох, нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг олгохоор харилцан тохиролцсон байна. /хх 9-10/
3.2 *******ны Ерөнхий нарийн бичгийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1, Тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам-ын 2.4.1 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээ-ний 8.2.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тус байгууллагын нийслэлийн баруун бүсийн засагч албан тушаалтай А.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ./хх 12/
4. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.
4.1 Учир нь, нэхэмжлэгч өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргахтай холбоотой талууд 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Ажил олгогч, ажилтан нарын харилцан тохиролцооны гэрээ-г байгуулсан. Уг гэрээний үр дүнд хариуцагч нь нэхэмжлэгчийг өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүргийн харилцаа үүссэн байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангана. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн шаардах эрхэд бус, харин Иргэний хуулийн үүргийн эрх зүйн шаардах эрхэд хамаарч байна.
5. Нэхэмжлэгч нь дээрх гэрээний 1.1-т зааснаар өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргах үүргээ биелүүлсэн боловч хариуцагч нь мөн зүйлд заасан нэхэмжлэгчийн ажилласан хугацааны ээлжийн амралтын мөнгө, ажилласан хугацааны олгогдоогүй цалин хөлс, нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг олгох үүргээ биелүүлснээ баримтаар нотлоогүй.
5.1 Хэргийн 5 дугаар талд авагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор нэхэмжлэгчийн нэг сарын цалин 900,000 төгрөг болох нь тогтоогдсон байна. Иймд нэхэмжлэгч нь гэрээний 1.1-т заасны дагуу хариуцагчаас нэг сарын тэтгэмж 900,000 төгрөгийг шаардах эрхтэй.
5.2 Гэрээний 6.3-т талууд гэрээгээр хүлээсэн үүргээ тохирсон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5% алданги төлөхөөр харилцан тохиролцов гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Иймд нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 900,000 төгрөгөөс алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн 450,000 төгрөг гэж үзэв.
5.3 Харин нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын цалингийн үлдэгдэл 253,683 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх цалин 306,740 төгрөгийг өгөөгүй гэх шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.
6. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 900,000 төгрөг, алданги 450,000 төгрөг, нийт 1,350,000 төгрөгийг шаардах эрхтэй тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,054,625 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2024/02288 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ТББ-аас 1,350,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,054,625 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149,424 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 36,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149,424 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
М.БАЯСГАЛАН