| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0012/Э |
| Дугаар | 12 |
| Огноо | 2018-12-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Мөнхтогоо |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Жавхланбаяр,
Улсын яллагч Д.Мөнхтогоо,
Шүүгдэгч Б.У /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Уд холбогдох эрүүгийн 1809044501229 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1970 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 4 улирлын цэцэрлэгийн 3 дугаар байрны 304 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.У нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Миний” дэлгүүр дотор охин Х.Үжинг “гараараа цохилоо” хэмээн хохирогч Н.Отгонтөгсийн цавь хэсэгт хөлөөрөө өшиглөж, түүний эрүүл мэндэд нь баруун цавь, умдагны баруун хажуу, бэлгийн баруун их уруулын цус хуралт, гүн дэх цусан хураа, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
.
Эрүүгийн 1809044501229 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.У мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 18 цагийн үед охин Үжингийн хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Миний дэлгүүрийн Хаан банкны АТМ-аас мөнгө авах гээд оочирлоод зогсож байх үед миний ард зогсож байсан эмэгтэй Үжин хэтэрхий шахаж зогсоод байна гэсэн шалтгаанаар маргалдсан, Тэр эмэгтэй миний охин Үжингийн мөр рүү гараараа түлхэхээр нь би тэр эмэгтэйгийн цавь хэсэгт өшиглөсөн...” /хх-ийн 32 дугаар хуудас/,
Хохирогч Н.Отгонтөгс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Миний урд АТМ-ээр үйлчлүүлсэн настай байрын эмэгтэй хүн мөнгөө авчихаад зогсож байхаар нь би хажууд нь очоод АТМ-ээс мөнгө авах гэхэд миний хажуунаас 30 орчим настай эмэгтэй хүн ирээд “бүдүүлэг юмнууд, наана чинь хүн гүйлгээ хийж байгаа биздээ” гээд л шууд уурлаад эхэлсэн. Би тэр эмэгтэйд би та хоёрыг гүйлгээ хийж дууссан гэж бодсон юмаа, би цүнхнээсээ картаа аваад хойшоогоо зогсчихъя гэж хэлсэн чинь тэр эмэгтэй “бүдүүлэг юмнууд л ингэж явдаг юм, харах царайны арчаагүй юмнууд” гэх зэргээр хэлсэн. Би олон юм хэлээгүй. Намайг гөлөг гээд байхаар нь чи тэгвэл нохой юм уу гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө хэрүүл хийгээд байсан залуухан эмэгтэй нь миний урдуур орж ирснээ “дансны дугаар хараад байна, 1 метрийн зайтай зогс” гэж хэлээд намайг түлхсэн. Би тэр эмэгтэйг зөрүүлээд хажуу талаас нь түлхсэн. Намайг түлхэх үед хөгшин эмэгтэй нь эргэж хараад миний баруун цавинд хөлөөрөө өшиглөсөн...Би тэр эмэгтэйд өшиглүүлснээс болоод миний баруун цавинаас жаахан дээд хэсэгт цус хурсан. Цэргийн төв эмнэлэгт үзүүлэхэд цус хуралтыг зүслэг хийж авах шаардлагатай байсан болохоор 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 08-ны өдрүүдэд Цэргийн төв эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Зүслэг хийлгэж цус хуралтыг авахуулсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/,
Гэрч Н.Мөнхцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед Отгонтөгсийн 4 настай охин хамт явж байсан болохоор АТМ-ээс мөнгө авч байсан эмэгтэйгийн хажууд очоод зогсоход тэр эмэгтэй “энэ хүүхдээ аваач дансны дугаар харчихлаа” гэж хэлээд багшийг нь түлхсэн. Отгонтөгс тэр эмэгтэй бас гараараа түлхсэн. Тэгээд “хөөе” гэж хэлэхийн завдалгүй АТМ дээр мөнгө аваад зогсож байсан хоёр эмэгтэйгийн хөгшин эмэгтэй нь Отгонтөгсийн цавь хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
Гэрч Г.Үжингийн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тэр эгч намайг элдэв үгээр доромжлоод байсан. Тэр эгч намайг гараараа миний цээж хэсэгт түлхэхээр нь би тэр эмэгтэйг эргүүлээд гараараа түлхсэн. Манай ээж намайг өмөөрөөд тэр эмэгтэйг өшиглөчихсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11932 дугаартай дүгнэлт:
1. Н.Отгонтөгсийн биед баруун цавь, умдагны баруун хажуу, бэлгийн баруун их уруулын цус хуралт, гүн дэх цусан хураа, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Н.Отгонтөгсийн Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлсэн талаарх өвчний түүх /хх-ийн 20-26 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Угийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 38 дугаар хуудас/, хохирогчийн гомдолгүй талаар гаргасан хүсэлт /хх-ийн 48 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М Б.У нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Миний” дэлгүүр дотор охин Х.Үжинг “гараараа цохьлоо” хэмээн хохирогч Н.Отгонтөгсийн цавь хэсэгт хөлөөрөө өшиглөж, түүний эрүүл мэндэд нь баруун цавь, умдагны баруун хажуу, бэлгийн баруун их уруулын цус хуралт, гүн дэх цусан хураа, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Отгонтөгсийн мэдүүлэг, гэрч Н.Мөнхцэцэг, гэрч Н.Үжин нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч №11932 дугаар дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч нь хохирогч Н.Отгонтөгсийн биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч түүнийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, гэрч нараас хэргийн нөхцөл байдлыг тодорхой мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Угийн үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.Уг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогчоос “...гомдол байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлтээ /хх-ийн 48/ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлж хор уршгийг арилгасан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор, прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах талаар зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б.Уг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН