| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0043/Э |
| Дугаар | 41 |
| Огноо | 2019-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Жавхлантөгс |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Батням,
Улсын яллагч Т.Жавхлантөгс,
Шүүгдэгч Г.О /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Од холбогдох эрүүгийн 1809039001299 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Монгол Улсын Багшийн Их сургуульд багш ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 9 дүгээр гудамжны 221 тоотод оршин суух хаягтай боловч Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Воли апартментийн 1002 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Г.О нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Воли апартмент хотхоны 1002 тоотод 2018 оны 8 дугаар сарын 23-ны шөнө иргэн Г.Дэлгэрмааг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 1809039001299 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Г.О мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө болсон явдлын талаар бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Дээр нь нэмж хэлэхэд би өөрийн гэр буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дэлгэрмаагийн биед гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна. Уучлалт гуйсан. Бид хоёр эргээд хэвийн сайхан амьдарч байгаа. Тухайн үедээ л уураа барьж дийлээгүй. Мөн Дэлгэрмаад маш их гомдсон. Утсыг нь үзэхэд намайг араар тавиад байгаа мэт баримтууд гарч ирсэн. Ингээд би утсыг нь шидэж эвдсэн. Би мөн энэ үйлдэлдээ харамсаж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/
Хохирогч Г.Дэлгэрмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 8 дугаар сарын 23-ны орой 19 цагийн үед гэртээ орж ирсэн. Тэгэхээр нь би хоол унд хийж өгөөд манай ээжтэй хамт суугаад хоол идээд юм яриад суусан. Тэгээд байж байтал манай хүүхэд миний гар утсыг аваад өрөө рүүгээ явсан. Би ээжийнхээ үсийг будаад байж байх хооронд хүүхдээс миний гар утсыг аваад фэйсбүүк шалгаад миний өмнөөс миний эрэгтэй найз нар руу чаат бичсэн байсан. Тэгэхээр нь би утсаа үзээд чаат бичсэнийг нь мэдээд гар утсаа аваад “яагаад чи миний өмнөөс ингэж бичиж байгаа” гэсэн чинь надад дургүйцсэндээ “өөр хүмүүстэй явалдаж өөр залуутай гэрт нь очиж хонодог юм байна чи тэгж бичсэн байна” гэж ээжийн нүдэн дээр хэлээд орилоод байсан. Тэгснээ миний гар утсыг булааж аваад тэгэхээр нь би чи худлаа яриад байна үнэн бол чи ээжид миний бичсэн чаатыг уншуулчих гэсэн чинь “үгүй” гээд миний утсыг барьж байсан. Би тэгэхээр нь ээжтэй нийлээд утсаа авах гэтэл намайг цохиж авсан...", 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн "...шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг манай нөхөр Одпүрэв миний биед учруулсан. Тийм болоод би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Надад одоо гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч О.Алисяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...аав ээжийг өмнө зөөлөн цохиж байсан, ээж аавыг чанга цохиж байсан. Нэг удаа гар утаснаас, нэг удаа зөөврийн компьютерээс болж маргаж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10394 дугаартай “...Дүгнэлт:
Шүүгдэгч Г.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 35 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 34 дүгээр хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 35/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 39-40/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.О нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Воли апартмент хотхоны 1002 тоотод 2018 оны 8 дугаар сарын 23-ны шөнө эхнэр Г.Дэлгэрмааг эр эмийн хардалтын улмаас зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхи, баруун шилбэнд цус хуралт, зүүн хөлний шагайд зулгаралт, тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Дэлгэрмаагийн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн №10394 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч нь хохирогч Г.Дэлгэрмаагийн биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогчоос хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч түүнийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Оийн үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Г.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогчоос “...Гомдол, саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлтээ /хх-ийн 39-40 дүгээр хуудас/ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нар хоорондоо эвлэрсэн гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Г.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор, прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан, хохирогчоос шүүгдэгчид буруу ойлголт төрүүлэхүйц нөхцөл байдал үүсгэсэн байдлууд нөлөөлжээ.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Г.Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН