Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2024/01643

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 21 210/МА2024/01643

 

 

Б.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/02619 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б.*******

Хариуцагч: ******* ХК

Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөрт 2,365,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Б.******* нь 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ******* ХК-тай 23040355 дугаартай Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан. Гэрээний дагуу ******* 41 /Toyota prius-41/ маркийн, УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 23,000,000 төгрөгөөр үнэлэн, 1 жилийн хугацаатай байгуулсан.

1.2 Жолооч А.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08 цаг 56 минут орчимд Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, *******ний уулзварт даатгалын зүйл болох дээрх тээврийн хэрэгслийг миний зөвшөөрлийн дагуу жолоодон, замын хөдөлгөөнд оролцох үедээ ******* УНИ улсын дугаартай, ******* ******* маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан.

1.3 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ******* ХХК-ийн тус тээврийн хэрэгсэлд техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр 2,365,000 төгрөгөөр үнэлсэн. Цагдаагийн ахмад Б.******* нь ...жолооч А.*******ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх хэсэгт заасныг зөрчсөн болох нь мэдүүлэг, ослын акт, магадалгаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзээд 0764781 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар А.*******ыг 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.

1.4 Гэтэл даатгагч ******* ХК нь тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.24, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9 дэх заалтуудыг зөрчсөн болон Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дах заалтуудыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн тухай хариуг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 24/099 дугаар албан бичгээр өгсөн. Үүнтэй холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хороонд 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гомдол гаргасан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 9/336 дугаар албан бичгээр Даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт тус тус зааснаар даатгалын гэрээний маргааныг иргэний журмаар хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөсөн агуулга бүхий хариу мэдэгдсэн.

1.5 Иймд хариуцагч ******* ХК-иас даатгалын нөхөн төлбөрт 2,365,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 ******* ХК болон Б.******* нарын хооронд 23040355 дугаартай Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан. Даатгуулагч Б.******* ХХК-ийн өмчлөлийн, УБГ улсын дугаартай, ******* 41 /Toyota prius-41/ маркийн тээврийн хэрэгслийг 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08 цаг 56 минут орчимд Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, *******ний уулзварт А.******* нь жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ ******* ******* маркийн, ******* УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг барагдуулахаар нөхөн төлбөр хүссэн материалыг бүрдүүлж ирүүлсэн.

2.2 Тус ослын үед цагдаагийн байгууллага ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон бөгөөд Замын цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн ахмад Б.*******ийн үйлдсэн магадалгаанд жолооч А.*******ыг ...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9, жолооч Б.Доржпүрэв нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан заалтыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасан гэж тодорхойлсон. Даатгуулагчтай байгуулсан даатгалын гэрээнд гэрэл дохиотой уулзварт улаан гэрэл дохиогоор зөрчсөнөөс үүдэн гарсан ослын хохиролд нөхөн төлбөр олгохгүй байхаар тохиролцсон. Гэтэл дээрх тохиолдлыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр жолооч А.******* нь уулзварын улаан гэрэл, дохио зөрчиж зам тээврийн осол гаргасан болохыг тогтоосон.

2.3 Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.24, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9 дэх заалтуудыг зөрчсөн, 4.13 болон Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1, 8.5.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т заасныг баримтлан ******* ХК-иас 2,365,000 төгрөг гаргуулах тухай Б.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт зааснаар 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0764781 дугаар шийтгэх хуудсанд гомдол гаргах шаардлагагүй. Учир нь, шийтгэх хуудсаар холбогдогч А.*******ыг ...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх хэсэгт заасныг зөрчсөн болох нь мэдүүлэг, ослын акт, магадалгаа зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, түүнчлэн 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээс харахад холбогдогч А.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх зураглал тодорхой харагдаж байна.

Гэтэл нэхэмжлэгч Б.******* нь эрх бүхий албан тушаалтны шийдвэртэй холбоотой гомдол гаргах шаардлагагүй байхад шүүх ...эрх бүхий албан тушаалтны шийдвэртэй холбоотой гомдол гаргасан үйл баримт тогтоогдоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

4.2 Гэрээний 4.13 дахь хэсэгт заасныг үндэслэж шийдвэрлэсэн бөгөөд нөхцөл орчныг бүрдүүлсэн гэх эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, шийдвэрт тусгагдсан зүйл байхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9 дүгээр зүйлд заасны дагуу жолоочийн гаргасан үйлдлийг хориглосон. Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.51-т Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэх заалтын дагуу жолоо барьж явсан жолоочийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон.

5.2 Гэрээний дагуу болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар жолоо барьж явсан эрх бүхий ажилтныг цагдаагийн байгууллагаас улаан гэрэл, дохиог зөрчсөнөөр болж тухайн осол гарсан гэдгийг тогтоосон, үүнд маргаан байхгүйг анхан шатны шүүх зөв дүгнэн шийдвэр гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 2,365,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ...жолооч А.*******ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9 дэх хэсэгт заасныг зөрчиж, зам тээврийн осол гаргасан гэж Замын цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагчийн магадалгаанд тодорхойлсон. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд уг тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй байхаар тохиролцсон гэх үндэслэл заан, эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

4. Талууд 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 23040355 дугаартай Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г байгуулсан. Гэрээгээр даатгуулагч Б.*******ын эзэмшлийн, ******* 41 /Toyota prius-41/ маркийн, УБГ улсын дугаартай автомашиныг 23,000,000 төгрөгийн үнэлгээгээр даатгуулах, даатгуулагч нь даатгалын хураамжид 368,000 төгрөг төлөх, даатгагч ******* ХК нь гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болоход нөхөн төлбөр төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх 5-6/

4.1 Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

5. Даатгалын гэрээний хугацаанд даатгуулагч Б.*******ын эзэмшлийн даатгалын зүйл болох дээрх автомашиныг А.******* нь түүний зөвшөөрлөөр жолоодон явах үедээ 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08 цаг 56 минут орчимд Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, *******ний уулзварт ******* ******* маркийн, ******* УНИ улсын дугаартай автомашинтай мөргөлдсөний улмаас даатгалын тохиолдол бий болсон, уг ослын улмаас автомашинд 2,365,000 төгрөгийн хохирол учирсан болох нь мөн өдрийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Шийтгэлийн хуудас, ******* ХХК-ийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан-аар тус тус тогтоогдсон. /хх 7, 11-12/

5.1 Улмаар 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа-аар ******* 41 /Toyota prius-41/ маркийн, УБГ улсын дугаартай автомашины жолооч А.******* нь ...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-д гэрэл дохио нь дараах утгатай байна: г /улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно/ гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй байна гэжээ. /хх 8/

5.2 Харин 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай Шийтгэлийн хуудсаар А.*******ыг ...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэвэр ногдуулсан байна. /хх 9/

6. Анхан шатны шүүх ...нэхэмжлэгч 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа-аар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-т заасныг зөрчсөн нь Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ний 4.13-т заасан даатгалын тохиолдол бий болох орчин нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

6.1 Учир нь, гэрээний 4.13-т даатгуулагч эсвэл жолооч нь даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн, даатгалын зүйлд санаатайгаар учруулсан хохирол, мөн 4.24-т замын хөдөлгөөний дүрмийн 8,9.г, 8.11, 11.3, 11.4, 11.5, 12.4, 12.5, 12.6 дахь заалтуудыг зөрчсөн тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй байхаар заажээ. /хх 5/

6.2 Дээрх магадлагаа болон шийтгэлийн хуудсаар жолоочийн гаргасан гэх зөрчил хоорондоо зөрүүтэй байх боловч шийтгэлийн хуудсыг эрх бүхий албан тушаалтан гаргасан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, магадлагаанд жолоочийг ...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-т гэрэл дохио нь дараах утгатай байна: г /улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно/ гэсэн заалтыг зөрчиж гэж, шийтгэлийн хуудсанд ...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх заалтыг зөрчсөн гэж харилцан адилгүй зөрчил гаргасан талаар тусгасан. Энэ нөхцөлд шийтгэлийн хуудас хуулийн хүчин төгөлдөр байх тул жолоочийг тухайн шийтгэлийн хуудсанд зааснаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх заалт буюу жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэснийг зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэхээр байна.

6.3 Гэрээний 4-т жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх заалтыг зөрчсөн тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй байхаар талуудыг харилцан тохиролцсон гэж үзэхгүй тул нэхэмжлэгч нь дээрх үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхгүй.

6.4 Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь гэрээний 4.13-т даатгуулагч эсвэл жолооч нь даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн, даатгалын зүйлд санаатайгаар учруулсан хохирол гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх жолоочийн гаргасан дээрх зөрчлийг гэрээний 4.13-т хамааруулан тайлбарласан нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

7. Иймд даатгалын тохиолдол бий болсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар даатгалын нөхөн төлбөрт 2,365,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/02619 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХК-аас 2,365,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай. гэж,

2 дахь заалтын үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид  52,790 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,790 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

М.БАЯСГАЛАН