Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 329

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
 Хүсэлт гаргагч:  Говь-Алтай аймгийн Цогт сумын 4 дүгээр багт оршин суух Дархчин овгийн Донломсүрэнгийн Нарантуяагийн /РД: ДМ61071706/ хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг  2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Дэжидмаа оролцов.
                                                ТОДОРХОЙЛОХ нь:
 Хүсэлт гаргагч Д.Нарантуяа нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие 1961 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн. 1981 оны 01 дүгээр сараас 1983 оны 12 дугаар сар хүртэл Цогт сумын Давшил нэгдлийн туслах үйлдвэр бригадад барилгачнаар ажиллаж байхад Хөдөө аж ахуйн нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1986 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Цогт сумын хүн эмнэлгийн цэвэрлэгчээр ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтрүүдийг миний эцэг Ганжираар овоглон бичсэн байдаг бөгөөд намайг хожим нагац ах Донломсүрэн нь үрчилж авч өөрийнхөө нэрээр овоглож бүртгүүлсэн юм. Одоо миний цахим иргэний үнэмлэх болон бусад бичиг баримт дээр албан ёсоор Донломсүрэнгээр овоглон бичигддэг болно. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл дээрх 2 хөдөлмөрийн дэвтрийн овог цахим үнэмлэхэн дээрх овогтой зөрүүтэй байгаа тул миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Д.Нарантуяагийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Д.Нарантуяа нь хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ. 
Овог Ганжир, нэр Нарантуяа, Говь-Алтай аймаг Цогт сумын Давшилт нэгдэл, 1981 оны 01 сарын 01-ний өдөр гэх Хөдөлмөрийн дэвтэр, овог Ганжир, нэр Нарантуяа, Хөдөлмөрийн дэвтэр олгосон Цогт сумын хүний их эмчийн салбар, 1986 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэх 193006 дугаартай Хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь Дархчин овгийн Донломсүрэнгийн Нарантуяа болох нь иргэний цахим үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 281, 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 277 дугаартай лавлагаанууд, 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 129/001193 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 105/001575 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа, Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 01/544 дугаартай албан бичиг, Цогт сумын хүний их эмчийн салбарын 1986 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар тус тус тогтоогдож байна. 
Иймд 1981 оны 01 сарын 01-ний өдөр Ганжирын Нарантуяа гэх нэрээр нээгдсэн хөдөлмөрийн дэвтэр, 1986 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Ганжирын Нарантуяа гэх нэрээр нээгдсэн 193006 дугаартай хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь Дархчин овгийн Донломсүрэнгийн Нарантуяа мөн болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 
Мөн хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтэр дээрх зураг нь  иргэний цахим үнэмлэхний зурагтай тохирч байгаа зэргийг хэргийг хянан шийдвэрлэхдээ харгалзан үзсэн болно. 
Нэхэмжлэгч нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1  дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар 1981 оны 01 сарын 01-ний өдөр Ганжирын Нарантуяа гэх нэрээр нээгдсэн хөдөлмөрийн дэвтэр, 1986 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Ганжирын Нарантуяа гэх нэрээр нээгдсэн 193006 дугаартай хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь Дархчин овгийн Донломсүрэнгийн Нарантуяа мөн болохыг тогтоосугай.
 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Нарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ