Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2024/01644

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 21 210/МА2024/01644

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2024/02699 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ******* ХХК

Хариуцагч: ******* ХХК

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 145,000,000 төгрөгийг буцаан гаргуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний дутуу төлбөр 165,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ******* ХХК-тай АГ20/01 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээгээр Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн хяналтын шалгалтын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн НА-21210000022 дугаартай Нөхөн ногдуулалтын акт-ыг хүчингүй болгуулах асуудлаар Татварын маргаан таслах зөвлөлд гомдол, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд компанийг төлөөлж оролцох, маргаан бүхий асуудлаар холбогдох хууль болон хуулийн хэрэгжилтийг хангах эрх зүйн баримт бичиг, нягтлан бодох бүртгэлийн талаарх зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлыг гүйцэтгэхээр, ажлын нийт хөлс 330,000,000 төгрөг байхаар тохирсон.

1.2 Гэрээ байгуулсан өдрөөс ажиллагаа эхэлж 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гомдлоо гаргасан. 2021 оны 09 дүгээр сараас хойш гүйцэтгэсэн ажлын тайлан болон маргаан таслах комисст гомдол хэлэлцэх үе шаттай явж байсан. Үүнтэй холбоотой ажлын тайланг ирүүлээч гэж хүссэний үндсэн дээр 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 21/1101 дугаартай гүйцэтгэлийн тайланг хариуцагч компаниас ирүүлсэн. Гомдол гаргаснаас хойш хурлын тов тогтоосон, шийдвэр гаргасан зүйл байгаагүй. 9, 11 дүгээр сард ******* ХХК-ийн данс битүүмжлэгдэж, үл хөдлөх эд хөрөнгө дээр битүүмж тавигдсан. ******* ХХК-ийн зүгээс хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зөвлөх үйлчилгээг хангалттай үзүүлээгүй гэж үзсэн. Манай зүгээс гомдлын хурлыг зарлуулах шаардлагатай арга хэмжээг авах үүднээс маргаан таслах зөвлөл дээр 2 удаа ирж уулзсан.

1.3 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч компани руу гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлж, гэрээний дагуу төлсөн төлбөрийн зохих хэсгийг буцаан шилжүүлэх, зохих дүнгийн талаар саналаа ирүүлэхийг мэдэгдсэн. ******* ХХК-тай байгуулсан гэрээний дагуу ажлын хөлсний урьдчилгаа болгож 165,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд ажил гүйцэтгэх гэрээ, хэрэгжилт, ажил үйлчилгээний агуулгыг хийсэн ажлын тайлантай уялдуулан тус урьдчилгаа төлбөрөөс 145,000,000 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлтэй байна.

Иймд хариуцагчаас 145,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 ******* ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн АГ 20/01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний дагуу нөхөн ногдуулалтын актыг, ******* ТӨҮГ-аар дамжуулан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлж ирсэн баримт, 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 68 дугаартай Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоол, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 399 дугаартай тогтоол, Уул уурхай, хүнд үйлдвэрийн Яам, Ашигт малмал газрын тосны газраас ирүүлсэн хариу, хууль тогтоомжууд, тооцоолол зэргийг, мөн манай аудитын компанийн архив дахь Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоол, Захиргааны хэргийн бүх шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолууд, нөхөн ногдуулалтын акттай ижил төрлийн маргаан бүхий асуудлыг хэрхэн шийдвэрлэж байсан талаарх олон жилийн судалгаа, шинжилгээний ажлын тайлан зэрэг бүхий л холбогдох бусад баримт материалуудыг тал бүрээс нь сайтар шинжлэн судалж, танилцаж, үнэлэлт дүгнэлт өгөх ажлыг шуурхай зохион байгуулан уртасгасан цагаар, хагас бүтэн сайн өдрүүдэд ажилласны үр дүнд уг нөхөн ногдуулалтын акт нь үндэслэлгүй болох хууль эрх зүйн гарц гаргалгааг олж тогтоон, шалгалт хийсэн байцаагч нар хуулийг батлагдан мөрдөгдөж эхэлсэн өдрөөр нь хэрэгжүүлээгүй, зөв хэрэглээгүй, зөвхөн борлуулалтын үнэлгээнд нөхөн татвар, торгууль алданги ногдуулахыг урьтал болгосон, татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл хүндэтгэсэн байж болзошгүйг илрүүлсэн.

2.2 Дээрх ажилдаа үндэслэн Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гаргах гомдлыг боловсруулан бэлэн болгож тухайн үед ерөнхий захирлаар ажиллаж байсан *******, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан н.Бурмаа нарт шуурхай хүргүүлж танилцуулсан, санал солилцож зөвшилцсөний дагуу эцсийн байдлаар хянаж Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6 дахь хэсэгт заасны дагуу хуульд заасан хугацаанд амжиж Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслал зөвлөлд үндсэн гомдол болох 6, тус гомдлын хууль эрх зүйн үндэслэлийг дэмжих, нотлох баримтын шаардлагыг хангасан нотариатаар баталгаажуулсан баримт болох 82, нийт 88 хуудас бүхий гомдлыг Татварын маргаан таслах, зөвлөлд хүргүүлсэн.

2.3 Маргаан таслах зөвлөл нь Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.15, 47.16 дахь хэсэгт зааснаар маргаан бүхий гомдлыг 2 сарын хугацаанд эцэслэн шийдвэрлэхээр хуульчилсныг мөрдөн ажиллаагүй тул тухайн үед захирлаар ажиллаж байсан *******, ерөнхий нягтлан бодогч н.Бурмаа нартай санал солилцон зөвшилцөж татварын маргаан бүхий асуудлыг шуурхай шийдвэрлэж өгөхийг хүссэн албан бичгийг боловсруулан улмаар компаниар дамжуулан Зөвлөлд хүргүүлсэн. Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл хуульд заасан хугацаанд хуралдахгүй байгаа нь манай компанийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй, тус ХХК-д хохирол учруулаагүй. Ковидын улмаас үүссэн хөл хорио, Зөвлөлийн гишүүдийн зарим нь ковид туссан тул зөвлөл хуралдах ирц хүрэхгүй 2020, 2021 оны 1, 2 дугаар саруудад гаргасан гомдлыг хүртэл шийдвэрлэж чадаагүй байна гэх зэргээр тайлбарладаг. Шүүх байгууллага мөн Маргаан таслах зөвлөлийн нэгэн адил ковидын хүндрэл бэрхшээлтэй ижил нөхцөлд тухайн үед байсан.

2.4 Тухайн үед ерөнхий захирлаар ажиллаж байсан ******* Маргаан таслах зөвлөлийн хуралд хамт оролцохоо илэрхийлсэн тул түүнийг хуралд ямар бодлого чиглэл баримтлан хуралд оролцох тактикийг иж бүрэн боловсруулан түүнийг бэлдсэн байсан. ******* ХХК-тай 2021 оны 03 дугаар сараас 11 сарын буюу нийт 9 сарын хугацаанд цахимаар буюу и-мэйлээр 284 хуудас материал хүлээн авч, хүргүүлэх зэргээр хамтран ажилласан байна. Харин ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын эхний ээлжийн төлбөр болох 165,000,000 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварт 15,000,000 ******* ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар хамтран ажиллахаар болсон Такс менежмент ХХК-д гэрээний дагуу 51,000,000 төгрөг, ажилчдын цалин, түрээсийн төлбөр зэрэгт үлдэх хэсгийг нь зарцуулсан.

2.5 Тухайн үед ******* ХХК-аас ирүүлсэн гэрээг цуцлах тухай шийдвэрийг хүлээн аваад ойрын хугацаанд Маргаан таслах зөвлөлийн зарлагдаж болох нь илэрхий байгаа талаар дуулгаж, энэ эгзэгтэй цаг мөчид Ажил гүйцэтгэх гэрээ-г цуцлах нь тус ХХК-д сөрөг үр дагавартай байх тул гэрээний 7.2-т заасны дагуу гэрээг цуцлахгүйгээр үргэлжлүүлэн хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэнд тус ХХК-иас хариу ирүүлээгүй, бидэнд олгосон итгэмжлэлийг цуцлаагүй тул цаашид хамтран ажиллах юм байна гэж ойлгосон. Иймээс Маргаан таслах зөвлөлийг хуралдуулах талаар удаа дараа очиж биечлэн уулзах, утсаар шахаж шаардах ажлыг зохион байгуулсаар л байсан. Гэтэл тэр цаг хугацааны үеэр хэдхэн хоногийн дараа Маргаан таслах зөвлөлийн хурал товлогдон зарлагдсан тул бүхий л бэлтгэлээ хангаад очтол тус хуралд орох боломжийг ******* ХХК-ийн зүгээс олгоогүй.

Дээрхээс дүгнэвэл манай ******* ХХК-ийн хамт олон бус харин ******* ХХК-ийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал ******* болон бусад удирдлага ажил гүйцэтгэх гэрээ, олгосон итгэмжлэл зэргийг цуцалж өөрсдийн компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх шийдвэрүүдийг гаргаж ирсэн байх тул 145,000,000 төгрөгийг буцаан олгох үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 Манай ******* ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн АГ20/01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний дагуу дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын хүндрэлтэй, амаргүй цаг үед ажлаа шаардлагын хэмжээнд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн. Гэтэл ******* ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Э27/183 тоот албан бичгээр буюу Татварын маргаан таслах зөвлөлийн хурал болохын өмнөх ажлын өдөр болон ******* нарыг Татварын маргаан таслах зөвлөлийн хуралд оруулахаас татгалзсан, харин . нарыг тус хуралд оруулахаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсоныг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 15 цагт Татварын маргаан таслах зөвлөлийн хуралд очихдоо мэдсэн. Энэ нь Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчиж, ажил гүйцэтгэх гэрээний дагуу манай ******* ХХК өөрийн хүлээсэн үүргээ зөрчөөгүй байхад гэрээ, бидэнд олгосон итгэмжлэлээ цуцалсан нь хууль бус алдаатай шийдвэр гаргасан.

3.2 ******* ХХК болон шинээр томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа манай ******* ХХК-ийн Татварын маргаан таслах зөвлөлд хүргүүлсэн гомдлын үндэслэлийг бүхэлд нь хуулбарлан бичсэн нь ******* ХХК-ийн хамт олны 30-аад жилийн туршид бий болгож хөгжүүлсэн хууль эрх зүй, санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн онолын болоод практик мэдлэг, судалгааны ажлын материалд үндэслэсэн, бүх талаас нь сайтар шинжлэн судалж, дүгнэсний үндсэн дээр суурилж бичигдсэн гомдлын агуулга, утга санаа, Ноу-Хау-г ашигласан бөгөөд анхан шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн НА-21210000022 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгосноос үзэхэд ******* ХХК гэрээний дагуу ажлаа чанарын өндөр түвшинд шударгаар хөдөлмөрлөн хийж гүйцэтгэснийг нотолж байна.

3.3 Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар 221/МА2022/0602 магадлалаар нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрийн дүнгээс нийт 628,900,000 төгрөгийг хасахаар шийдвэрлэсэн нь манай компанийн бэлтгэн боловсруулж Татварын маргаан таслах зөвлөлд хүргүүлсэн гомдлын нэг дэх хэсэгт тусгасан үндэслэлийг шүүх мөн үндэслэлтэй гэж үзсэн байна. Манай компани нь 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №АГ 20/01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу ажлаа бүрэн гүйцэд, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн.

Иймд ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгчээс ажлын хөлсний дутуу үлдэгдэл төлбөр 165,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1 Иргэний хуулийн 333-359 дугаар зүйлд заасны дагуу 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр бичгээр гэрээ байгуулагдсан. Гэрээний 2.1-т ямар ажил хийж гүйцэтгэх талаар тодорхой дурдсан байна. Талууд дээрх ажлын нийт хөлсийг 330,000,000 төгрөг байхаар тохирсон. Гүйцэтгэгч талын хувьд гэрээнд заасны дагуу ажлыг бүрэн гүйцэт, эцсийн шийдвэр гартал ажиллагаанд оролцоогүй. Талуудын хооронд гэрээ дүгнэсэн акт байхгүй. Гэтэл ажлын үлдэгдэл хөлсийг төлүүлэхээр шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1 Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 145,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 882,950 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 982,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 882,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг агуулга:

6.1 Ажил гүйцэтгэх гэрээний дагуу манай компанийн зүгээс нөхөн ногдуулалтын актын төлбөрийг хууль эрх зүйн үндэслэлгүй тогтоосныг нотлох нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтууд, холбогдох хуулийг буруу хэрэглэснийг нотлох тус компанийн төрийн байгууллагатай харилцсан албан тоот, Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоол, шүүхийн шийдвэрүүд, Улсын дээд шүүхийн хуулийн тайлбар, тогтоолуудыг нотлох баримтын хүрээнд цуглуулж, түүндээ дүн шинжилгээ, тооцоолол хийж Татварын улсын байцаагчийн Нөхөн ногдуулалтын акт-ын төлбөр нь дээрх нотлох баримтуудаар хэрхэн үгүйсгэгдэж байгааг тодорхой хуулийн зүйл заалтаар нь хангалттай тайлбарласан гомдлыг нотлох баримтын хамт хуулийн хугацаанд Татварын маргаан таслах зөвлөлд гаргаж, дараагийн шатанд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргах нотлох баримтуудыг бэлтгэсэн байсан. Ийнхүү Татварын маргаан таслах зөвлөлд хуулийн хугацаанд гомдол гаргасан нь манай компанийн гэрээгээр гүйцэтгэсэн ажлын гол үр дүн юм.

6.2 Манай компани гэрээний урьдчилгааны 50 хувийг хүлээн авсан тул 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон санхүүгийн болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн 06 сарын тайландаа тус үйл ажиллагааны татвар ногдох орлогоо 150,000,000 төгрөгөөр тусгаж, нэмэгдсэн өртгийн албан татварын и-баримтыг 165,000,000 төгрөгөөр бүртгэж, тухайн орлоготой холбоотой Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн дагуу холбогдох тайландаа үнэн зөв ногдуулан улсын төсвийн орлогын дансанд төлж барагдуулсан ба ******* ХХК нь 2021 оны 6 сарын нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчийн тайлангийн худалдан авалтад манай гүйцэтгэсэн ажлыг тусгаж, тухайн сарын төлөх татвараасаа манай төлсөн 15,000,000 төгрөгийг хасаж тооцоо хийсэн. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан болон санхүүгийн тайландаа манай компанид төлсөн гэрээт ажлын хөлсөө зардлаар хүлээн зөвшөөрч бүртгэн Аж ахуйн нэгжийн орлогын татвар ногдох орлогоо бууруулж төсвийн орлогод төлөх татвараа бууруулан ашиг хүртэж, тухайн цаг хугацаанд манай ажлыг хүлээн зөвшөөрч санхүү, татварын тайландаа тусгасан атлаа манай компанийн хийж гүйцэтгэсэн ажлыг үгүйсгэж төлбөр нэхэмжилснийг шүүхийн зүгээс зөвхөн нэг талыг баримталж шийдвэрээ гаргасан гэж үзэж байна.

6.3 Анхан шатны шүүх хуралдааны үеэр тайлбарлаж, нотлох баримтыг шинжлэн судлуулж, нэхэмжлэгч талд асуулт тавих зэргээр хууль эрх зүйн үндэслэлтэй, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хангалттай мэтгэлцэн ажлаа шаардлагын хэмжээнд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэснээ нотолсон байхад анхан шатны шүүх дээрх асуудлуудад үнэлэлт дүгнэлт өгөөгүй, шүүхийн шийдвэртээ тусгаагүй орхигдуулсан, мөн хуулийн холбогдох зүйл, заалтыг маргааны үйл баримтад зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэж чадаагүй.

Нөхөн ногдуулалтын актын төлбөрийг төлөхийг 3 дугаар сараас эхлэн Том татвар төлөгчийн газраас татварын хуульд заасны дагуу төлүүлэхээр ******* ХХК-д удаа дараа албан шаардлага, мэдэгдэл өгөх зэргээр шаардах болсон тул Татварын ерөнхий хууль, ковид-19 цар тахлын үеийн хууль, холбогдох бусад дүрэм журмуудыг үндэслэн маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл хүлээхийг хүссэн хэд хэдэн удаагийн албан бичгийг боловсруулан харилцагч татварын албанд нь хүргүүлэх ажлыг манай ******* ХХК зохион байгуулсны үр дүнд 11-н сарыг хүртэлх бүтэн 8-н сарын хугацаанд ******* ХХК-ийг санхүүгийн хүндрэлд оруулалгүй хуулийн хүрээнд хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалж чадсан нь хэрэгт авагдсан нотлох баримт зэргээр хангалттай нотлогдсон байхад анхан шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй шүүхийн шийдвэрт орхигдуулсан.

6.4 ******* ХХК нь татварын маргааныг үнэн зөв, аль ч талаас нь эргэлзээгүй, бодитой дүгнэх хангалтай нотлох баримтыг цуглуулж, Татварын маргаан таслах зөвлөлд хуулийн хугацаанд гомдлоо гаргаж, маш сайн ажилласан. Өөрөөр хэлбэл манай компани нь Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн хурлыг товлон зарлаж хуралдуулах эрх, үүрэг байхгүй болно.

6.5 Гэрээнд тусгасан ажлын хөлсийг хоёр тал харилцан санал солилцож, нэг бус удаа зөвшилцсөний үндсэн дээр тогтоосон бөгөөд үнэ ******* ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл дээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн. 165,000,000 төгрөгөөс нэмэгдсэн өртгийн албан татвар болох 15,000,000 төгрөг нь улсын төсөвт төлөгдсөн, үндэслэлгүйгээр нэхэмжилж буй 145,000,000 сая төгрөгийг хасаад 5,000,000 төгрөг болж байна. Мөн тусгай мэдлэг шаардсан ажил гүйцэтгэхэд нэхэмжлэгчийн үндэслэлгүй дүгнэсэн үнийн дүнгээр шүүх хандаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Манай компани нь үнийг дангаар тооцоолон тогтоогүй болно. Мөн тус хоёр компанийн удирдлагууд 2021 оны 06 дугаар сард Ажил гүйцэтгэх гэрээ-ний биелэлтийг 50%-ийн гүйцэтгэлтэй гэж дүгнэн аль аль компани нь хүлээн зөвшөөрсөн. Энэхүү шийдвэрийн дагуу нэгэнт бодит ажил, үйлчилгээ хийгдсэн тул Татварын албаны цахим төлбөрийн системд манай ******* ХХК нь ******* ХХК-ийн хүсэлтээр Татварын албаны цахим төлбөрийн системд төлбөрийн Е цахим баримт болох Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан №4109651281-ыг үйлдсэн болно. Цахим төлбөрийн Е баримт нь ажил, үйлчилгээний үнэ 150,000,000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 15,000,000 төгрөг, нийт дүн 165,000,000 төгрөг гэсэн мэдээллийг агуулсан байдаг.

6.6 Харин манай ******* ХХК-ийн тухайд орлого, үр дүнгийн тайлан, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайландаа бодитоор олсон орлого гэж хүлээн зөвшөөрч бүртгэн төлбөл зохих татвараа нэмэгдүүлсэн бол, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 150,000,000 төгрөгийн ажил, үйлчилгээг бодит орлогоор хүлээн зөвшөөрч бүртгэн 15,000,000 төгрөгөөр төлбөл зохих НӨАТ-аа нэмэгдүүлсэн бөгөөд улмаар орлогоор хүлээн зөвшөөрч бүртгэсэн тул манай компани нь ******* ХХК-д өгөх өглөггүй гэдгээр санхүүгийн тайлан тэнцэл балансдаа тусгасан нь хөдөлшгүй цахим төлбөрийн Е баримтаар тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

6.7 Дээр дурдсан үндэслэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэдэг нь тодорхой байх бөгөөд дээрх үндэслэлээр мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган ******* ХХК-аас ажлын хөлсний дутуу үлдэгдэл 165,000,000 төгрөгийг гаргуулах хангалттай үндэслэлтэй байна.

Иймд ******* ХХК нь үндэслэлгүйгээр гэрээг дуртай үедээ цуцалсан, ******* ХХК-ийн Маргаан таслах зөвлөлд гаргасан гомдлын хууль эрх зүйн үндэслэл, утга санаа, агуулга, хууль эрх зүйн үндэслэлийг дэмжих нотлох баримт, Ноу-Хау-г ёс зүйгүйгээр хуулбарлан ашиглаж 628.9 сая төгрөгийн эдийн засгийн бодит үр шимийг хүртсэн нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн дугаар 128/ШШ2022/0438 шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар 221/МА2022/0602 магадлал, хэрэгт авагдсан нотлох баримт зэргээр хангалттай тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1 Давж заалдах шатны шүүх гомдлыг хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлд заасан шийдвэрүүдийн аль нэгийг гаргах эрхтэй. Хариуцагч үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах хүсэлтэй гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх хүчингүй болгох үндэслэл байхгүй. Өмгөөлөгчийн хэлсэн тайлбарт баримт байхгүй гэх зүйлийг дурдсан. Энэ нь 1 дүгээр хавтаст хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэг байдаг. Үүнд зөрчлийг нэг бүрчлэн тайлбарлаад талууд нэмж тайлбарлах шаардлагагүй, ойлгосон гэх тайлбар тэмдэглэлд тусгагдсан. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан гарсан.

7.2 Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар гаргах, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох, эдгээр баримтуудыг гаргуулна гэх агуулгаар хүсэлт гарган анхан шатны шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Дахин шүүх хуралдаан зарлагдаад хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл байхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй байна.

3. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 145,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил гүйцэтгэх гэрээний дутуу төлбөр 165,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гарган маргажээ.

4. 145,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн тухайд:

4.1 ******* ХХК болон ******* ХХК-ууд нь 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр АГ20/01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ гэх гэрээ байгуулсан. Гэрээгээр ******* ХХК нь ******* ХХК-д хууль эрх зүйн үндэслэлгүй үйлдэгдсэн байж болзошгүй нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрийг хүчингүй болгуулах тухай татварын маргааныг шийдвэрлүүлэхээр Татварын албаны дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл болон Захиргааны хэргийн шүүхэд гомдол, хүсэлт, нэхэмжлэл гаргах, түүнд гарын үсэг зурах, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, өөрчлөх, маргаан таслах зөвлөлийн болон шүүх хуралд оролцох, тайлбар гаргах, тайлбар өгөх, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах зэргээр эдгээр асуудалтай холбоотой захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийн төлөөлөх эрхтэйгээр оролцох, ******* ХХК нь ажлын хөлсөнд 330,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /1хх 6-8/

5. Талууд Ажил гүйцэтгэх гэрээ гэх нэртэй гэрээ байгуулсан байх боловч уг гэрээний агуулга, зорилго зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

5.1 Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн зүйлийн 359.2 дахь хэсэгт зааснаар гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно.

5.2 Нэхэмжлэгч нь гэрээний 4.1.1-т заасны дагуу урьдчилгаа 165,000,000 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хариуцагчид шилжүүлсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй. /1хх 9/ Хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээ шаардлага хангаагүйтэй холбоотой нэхэмжлэгч гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрийг буцаан шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

6. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээнд ажлын үр дүнг шаардахгүй. Харин мөн хуулийн 367 дугаар зүйлийн 367.2 дахь хэсэгт зааснаар ажиллагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу гэрээнд харш үйл ажиллагаа явуулсны улмаас гэрээг цуцалсан бол ажиллагч ажлын хөлс шаардах эрхээ алдана. Мөн зүйлийн 367.3 дахь хэсэгт зааснаар ажиллагч ажлынхаа хөлсийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг урьдчилан авсан үед гэрээ цуцлагдсан бол урьд олгосон хөлсийг буцаан төлүүлнэ.

6.1 цахим хаягт хийсэн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тус хаягаар ******* ХХК-ийн захирал тай //, ерөнхий нягтлан бодогч тай //, нягтлан бодогч н.тай //, санхүү, захиргаа, хүний нөөцийн асуудал эрхэлсэн тэй / // харилцсан цахим хаягуудад үзлэг хийсэн байна. Тус үзлэгийн тэмдэглэлээр ******* ХХК нь Татварын ерөнхий газрын Том татвар төлөлтийн газар, Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл, Орхон аймгийн татварын хэлтэст тус тус хүсэлт, албан бичгийг загварыг боловсруулан хүргүүлсэн болох нь тогтоогдсон. /2хх 31-47/

6.2 Түүнчлэн, ******* ХХК-ийн ерөнхий захирал , итгэмжлэгдсэн төлөөлөгч , ******* нар нь Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах комисст нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахаар 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гомдол гаргасан, уг гомдолдоо 84 хуудас баримтыг хавсарган өгсөн байна. /2хх 132-135/

6.3 Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 163, 168 дугаар талд авагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар ******* ХХК нь ******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг 165,000,000 төгрөгийн хэмжээнд байна гэж үзэн Бүртгэл, санхүүгийн хяналт, нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ гэж 165,000,000 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр илгээсэн байна.

6.4 ******* ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Э27/173 дугаартай Гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан байна.

7. Хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, гэрээнд харш үйл ажиллагаа явуулсны улмаас гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээ цуцлагдах хүртэл дээрх ажил, үйлчилгээг гүйцэтгэсэн, мөн гэрээ цуцлагдахад хариуцагчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн хөлс 145,000,000 төгрөгийг буцаан төлүүлэхээр хариуцагчаас шаардах эрхгүй. Иймд энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрт үндсэн нэхэмжлэлийг хангасан хэсгийг хүчингүй болгосон өөрчлөлт оруулна.

8. 165,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд:

8.1 Талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан тул хариуцагч нь ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээ цуцлагдах хүртэлх ажлын хөлсийг нэхэмжлэгчээс авсан байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Иймд энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2024/02699 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 145,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний дутуу төлбөр 165,000,000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 882,950 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 982,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 982,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

М.БАЯСГАЛАН