Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 47

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Жавхланбаяр,

Улсын яллагч Т.Жавхлантөгс,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гантулга, түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар,

Шинжээч Б.Ундармаа,

Шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгч У.Хандсүрэн, Б.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ст холбогдох эрүүгийн 1809038750917 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч,

энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Лаки лайв” ХХК-нд барилгын туслах ажилтан ажилтай, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 9 дүгээр гудамжны 381 тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаа ял шийтгэгдсэн,

 

Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 403 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг биечилэн эдлүүлэхгүйгээр 1 жил 3 сарын хугацаагаар хянан харгалзан,

 Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Э.С нь согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 516 дугаар байрны 2 дугаар орцны 9 давхарт 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шилжих шөнө 00:00 цагийн үед иргэн Л.Мягмарсүрэнтэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гантулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 23-ны өдрийн 16 цагийн үед холбоо барьсан, тэгээд ирэхгүй байхаар нь 21 цагийн үед залгахад утас нь холбогдохгүй байсан. Орой гэртээ амарч байтал 01 цагийн үед Уянбатын эхнэр над руу залгаад Монхоо хүнд зодуулчихсан юм шиг байна гэж хэлсэн. Би шүүгдэгчид гомдолтой байна. Ямар нэг байдлаар надтай холбогдсон зүйл байхгүй, Би 2 хүүхэдтэй тухайн үед ах нь хол байсан. Би шүүгдэгчийн хэлж байгаатай санал нийлэхгүй байна. Ажил явдалын үер манайд орж ирсэн тухайн үед бид нар хөөж гаргаад асуусан. Тэр үед цохичоод яваад өгсөн гэдэг...” гэв.

 

Шинжээч Б.Ундармаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мягмарсүрэнгийн биед учирсан духны зүүн хэсэг дэх 2 ширхэг шарх гэмтэл нь архины шилээр үүссэн байр боломжтой. Харин гавлын ясны олон тооны хугарлууд нэг удаагийн үйлчлэлээр, машинд хүчтэй мөргүүлснээс үүсэх боломжтой. Мягмарсүрэнгийн биед дух чамархай хэсэгт архины шилээр цохих үед гавал тархины гэмтэл үүсэх боломжгүй. ....” гэв.

 

 

Эрүүгийн 1809038750917 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Э.С мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 02 дугаар сарын 23-ний өдөр 9 цагийн үед зуслан дээр барилгын ажил хийх гээд Бат-Ирээдүй, Уянбат нар руу гар утсаар залгасан чинь гар утсаа авахгүй байсан.Тэгээд би Бат-Ирээдүйгийн гэрт очоод Уянбат Бат- Ирээдүй хоёртоо уулзсан юм.Бид гурав ажилдаа явах уу ? яах уу ? гээд хоорондоо яриад байсан. Ажилдаа явахгүй бид гурав архи уухаар болоод Мягмарсүрэнг дуудсан юм. Бид дөрөв Бат-Ирээдүйгийн гэрт нь архи уугаад өдөржингөө юм болсон. Бат-Ирээдүйгийн гэрээс оройхон гарсан яг хэдэн цагт гарсан гэдгээ санахгүй байна. Манай найз Энхболд нь “Бат-Ирээдүйгийн гэрийн гадаа машинтайгаа ирсэн байнаа” гэж хэлэхээр нь Уянбатын хамтаар бид хоёр Бат-Ирээдүйгийн гэрээс гараад явсан юм. Тэгээд бас архи уух гээд хүнсний дэлгүүр дээр ирээд архиа аваад байж байтал Мягмарсүрэн араас гар утсаар “Дэнжийн мянга орчим дугуй засварын гадна байна хүрээд ир” гэхээр нь очсон юм. Машинтайгаа явж байсан найз Энхболд нь “би явлаа” гэж хэлээд ганцаараа яваад өгсөн юм. Уянбат, талийгаач Мягмарсүрэн бид гурав үлдсэн юм. Бид гурав авсан архиа уух гээд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Хангай хотхоны 516 дугаар байрны 2 дугаар орц 9 давхарт гарч орцонд талийгаач Мягмарсүрэн, Уянбат бид гурав авсан архиа хувааж уусан юм. Дахин орцноосоо гараад дэлгүүр орж дахин 0,5 литрийн архи аваад буцаж орцондоо ороод архи хувааж ууж байсан юм. Б&д гурав архиа хийж уух аяга байхгүй байсан. Орцны дотор байсан эссэ нэрийн тал хагарсан шилэнд архиа хийгээд ууж байсан.Тэгсэн чинь Талийгаач Мягмарсүрэн бид хоёр хоорондоо ам мурийгаад хоорондоо хэрүүл хийгээд маргалдсан юм.Талийгаач Мягмарсүрэн нь надтай “хоорондоо зодолдох уу” гэж маргалдаад байхаар нь /архиа хийгээд ууж байсан “эссэ” нэрийн хагарсан тал шилээр/ би талийгаач Мягмарсүрэнгийн нүүр тус газарт нь нэг удаа цохисон юм. Талийгаач Мягмарсүрэнгийн дух хэсгээс цус гараад байхаар нь сандраад Мягмарсүрэнгийн дух хэсгээс гарч байсан цусыг тогтоох арга хэмжээ авч байсан. Уянбат нь айлын үүд тогшоод эмнэлэг дуудуулсан юм. Тэгэхээр нь эмнэлэг дуудсан юм чинь гайгүй байлгүй дээ за за би явлаа шүү гэж хэлээд яваад өгсөн юм. Гэртээ харьж унтаад маргааш өглөө нь замын цагдаагаас залгаад намайг дуудсан юм. Тэгэхээр нь эмнэлэгт дуудсан газарт нь очоод мэдүүлэг өгсөн. Талийгаач Мягмарсүрэнг үхсэн талаар мэдсэн юм…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-5 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гантулга мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ...манай хүү Л.Мягмарсүрэн гэртээ байж байхад гар утсаар “Сайнбилэг гэдэг найз нь дуудаад байна” гээд манай хүү Л.Мягмарсүрэн нь өглөөний 11 цагийн үед гэрээсээ гараад явсан юм. Л.Мягмарсүрэн нь өдөр 16 цагийн үед гэртээ орж ирээд миний хийсэн хоолыг хагас дутуу идээд, ойрхон гарчихаад ирнэ гэж хэлээд дахиад гарч явсан юм. Оройхон Л.Мягмарсүрэнг гэртээ ирэхгүй байхаар нь гайхаад 89899044 гэсэн дугаар руу нь залгахад холбогдох боломжгүй байсан. 23 цагийн үед би орондоо ороод унтсан юм. 2018 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01 цагаас 02 цагийн хооронд Уянбатын эхнэр гэх эмэгтэй миний гар утас руу залгаад Уянбатын эхнэр “Мохоо гэртээ ирсэн үү” гэж надаас асууж байсан. Тэгээд би “ирээгүй байна чи ямар учиртай юм бэ” гэж асуусан чинь ...Мохоо хүнд зодуулсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Уянбатын эхнэрээс Уянбатыг тайвшруулж байгаад Мохоог хэнд зодуулсан талаар асуугаад өгөөч гэж хэлээд утсаа тасалсан юм. Удалгүй Уянбатын эхнэр рүү залгаад Мохоог хэн зодсон талаар асуухад Сайнбилэг гэдэг залуу Мохоогийн толгой руу нь архины шилээр цохисон юм шиг байна гэж хэлсэн. 09 цагийн үед Замын цагдаагаас залгаж “Мягмарсүрэнгийн ээж мөн үү” гэж асуухаар нь “мөн” гэсэн чинь “буцаагаад залгана” гэж хэлээд утсаа салгасан. Тэгсэн чинь манай дүү Замын цагдаагийн дугаар руу залгаад Л.Мягмарсүрэнг асуухад зам дээрээс олсон гэж ярьсан юм. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

 

               Гэрч Д.Уянбат мэдүүлэхдээ: “...Мягмарсүрэн, Сайнбилэг нар хоорондоо маргалдаж эхэлсэн. Сайнбилэг архины шилний доод ёроолоор Мягмарсүрэнгийн нүүрэн тус газар нь цохисон. Тэгэхээр нь би “боль” гээд салгасан. Тэгсэн талийгаач Мягмарсүрэнгийн зүүн духнаас цус ихээр гараад байсан. Тэгсэн Сайнбилэг гэнэт яваад өгсөн тэгэхээр нь айлын хаалга цохиод хаягыг нь мэдээд тэр айлын хүнээр түргэн тусламж руу залгаад  түргэн тусламж ирээд талийгаач Мягмарсүрэнгийн толгойг боосон. Тэр ирсэн эмч гэмтэл ороод оёдол тавих гэсэн, тэгсэн талийгаач оёулахгүй гээд түргэн тусламжийн машинд суугаад явж байхдаа “талийгаач оёдол тавиулахгүй” гээд Чингэлтэй дүүргийн нутаг Гэрэл төвийн харалдаа түргэний машинаас буусан. ...Зам гараад бид 2 салах гэсэн чинь талийгаач “ахиад архи ууя” гээд байсан. Би гэр рүүгээ явсан чинь талийгаач Мягмарсүрэн довжоон дээр суугаад миний араас уурлаад орилоод үлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/

 

               Гэрч А.Бадмаараг мэдүүлэхдээ: “...2018 оны 02 дугаар сарын 24-ний 00 цаг 58 минутад ...Халиунаас надад энэ дуудлагыг дамжуулж хэлсэн тул би жолооч Анхбаярын хамтаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 516 дугаар байр 2 дугаар орцны 9 давхарт нь гарч очих үед хоёр эрэгтэй хүн байсан бөгөөд гэмтсэн хүн нь шатан дээр суугаад зүүн дух, чамархай хэсгээс нь цус гарсан байдалтай хажуу талд нь найз нь гэх нэг залуу байсан...Тэр хүний зүүн дух орчим нь зүсэгдсэн хоёр шарх байсан юм. Би нүүр, шархыг цэвэрлээд боолт хийж байх үедээ гэмтлийн эмнэлэгт очиж оёдол хийлгэх хэрэгтэй гэсэн. ...Машинд суусан найз нь машины цонх хаалга цохиж нүдээд явдал дунд хаалга нээх гээд байсан. Хамт явсан найзыг нь буулгах гээд хойд хаалга нээсэн чинь тэр 2 хүн намайг шууд түлхэж холдуулаад машинаас буугаад гүйгээд явсан. ...Манай машин Дөлгөөн нуур төв өнгөрөөд баруун тийш явж байх үед Баянбүрдийн автобусны буудлын зүүн талд зогсоод...хоёулаа бууж зугтсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/

 

               Гэрч А.Гандолгор мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Уянбатын хоёр гар нь цус болчихсон байсан. Тэгэхээр нь би наад гараа яачихсан юм бэ? гэж асуухад манай найз Л.Мягмарсүрэнг цуг ажилладаг Сайнбаяр нь цохиод цус гаргасан гэж ярьсан... Тэгээд Мохоогийн ээж Ганаа эгч рүү залгаж... энэ хэд бөөнөөрөө архи уусан юм шиг байна гэж хэлсэн , тэгээд Мохоогийн ажлын хүн Сайнбаяр нь Мохоог зодсон юм шиг байна гэж хэлсэн. ...Уянбат нь талийгаач Мягмарсүрэнг зодсон талаар яриагүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-58 дугаар хуудас/

 

               Шинжээч Б.Долгормаа мэдүүлэхдээ “...Мягмарсүрэнгийн нүүрэн тус учирсан шарх бүхий гэмтлүүд нь хурц ир үзүүртэй буюу шилээр цохих үед үүсгэгдэх боломжтой... нүүрэн тус газар учирсан шарх бүхий гэмтлүүдээс бусад гэмтлүүд нь зам тээврийн үед үүссэн байх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1257 дугаартай дүгнэлт: “...Дүгнэлт:

1. Л.Мягмарсүрэнгийн биед учирсан духны зүүн хэсэг дэх 2 ширхэг шарх гэмтэл нь архины шилээр цохих үед үүссэн байх боломтой байна.

  2. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэжээ /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

               Тээврийн прокурорын газрын албан бичиг /хх-ийн 9 дүгээр хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №546 дугаар дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дүгээр хуудас/ шүүгдэгч Э.Сийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 67-75 дугаар хуудас/, улсын яллагчаас шүүхэд гаргасан баримт гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлийн хуулбар бүхий 8 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч Э.С нь 2018 оны 02 дугаар сарын 23-наас 2018 оны 02 дугаар сарын 24-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 516 дугаар байрны 2 дугаар орцны 9 давхарт иргэн Л.Мягмарсүрэнтэй нийлж архидан согтуурсан үедээ хоорондоо зүй зохисгүй харьцаж маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт архины шилээр цохиж эрүүл мэндэд нь “духны зүүн хэсэг дэх 2 ширхэг шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гантулгын мэдүүлэг, гэрч А.Гандолгорын мэдүүлэг, шинжээч Б.Ундармаагийн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн №1257 дугаартай дүгнэлт, Тээврийн прокурорын газраас үнэн зөвийг баталгаажуулан ирүүлсэн гэрч Д.Уянбат, А.Бадмаараг, шинжээч Б.Долгормаа нарын мэдүүлэг бусад баримтууд зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч нь хохирогч Л.Мягмарсүрэнгийн биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, гэрч Д.Уянбатаас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч түүнийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоож, шинжээчийн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Сийн үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч Э.Сээс хохирогч Л.Мягмарсүрэнг зодож гэмтэл учруулснаас хойш нас барсан нөхцөл байдал үүссэн байх боловч түүний нас барсан шалтгаан нь Э.Сийн үйлдэлтэй холбоогүй болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно...” гэж заасны дагуу Тээврийн прокурорын газраас баталгаажуулан ирүүлсэн 16 хуудас баримтыг нотлох баримтаар тооцсон болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Э.Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилэх зүйл байхгүй талаар мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Э.Сийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Э.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор, 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

            Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс согтуурсан үедээ нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа. 

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Э.Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сийг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ст оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Э.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН