Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 57

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Улсын яллагч Х.Еркебулан,

Шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хд холбогдох эрүүгийн 1809000001107 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1974 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймагт төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, радио холбооны инженер мэргэжилтэй, Хүрээлэн буй орчны нийгэмлэг төрийн бус байгууллагад сургалтын менежер ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Усны гудамж 44 дүгээр байрны 9 тоотод оршин суух хаягтай боловч Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 4-81 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Бүжмааг “Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суралцах тэтгэлэгт хамруулж өгнө” хэмээн хуурч бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж улмаар 8.600.000 төгрөгийг залилан авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Яллах дүгнэлттэй санал нийлж байна. Суралцуулах боломж байсан. Сүүлдээ багштайгаа холбоо бариад бүтэх үгүй нь мэдэгдэхгүй болсон. Нэгэнт өөрийн дансаар мөнгийг авсан нь үнэн. Үүнийгээ мөрдөн байцаагчид хэлсэн. Өөр хэлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 1809000001107 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Б.Х мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Миний бие анх Бүжмаатай 2018 оны 05 дугаар сард одоо ажиллаж байгаа газартаа сургалтанд сууж байхдаа танилцсан юм. Тэгээд би Бүжмаагийн нөхрийн дүү болох Даваажаргалыг Бүгд найрамдах Хятад ард улс руу тэтгэлэгээр сургуульд магистрт суралцуулж өгч чадна гэж хэлсэн ба улмаар эхний ээлжинд 1 сая төгрөгийг авахаар тохирсон. Тэгээд би эхлээд 1 сая төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын сүүлээр билүү 07 дугаар сарын эхээр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Метромолл худалдааны төв дотор авсан. Тэгээд дараагаар нь 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр өөрийн Хаан банкны 5031042904 тоот дансаэр шилжүүлж авсан. Дараа нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр мөн өөрийн нэр дээрх дансаар 2.600.000 төгрөгийг авч нийтдээ 8.600.000 төгрөгөөр Бүжмаагаас авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27, 32 дугаар хуудас/

 

Хохирогч Б.Бүжмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би Хажидмаа гэх хүнтэй анх 2018 оны 5 дугаар сард Байгаль орчны сургалт дээр танилцсан юм. Хажидмаа нь Монголын хүрээлэн буй орчны нийгэмлэгийн сургалтын менежерээр ажиллаж байсан. Уг байгууллагын оффис нь Спортын төв ордны замын эсрэг талд Интер номын 2 давхарт байрладаг юм. Сургалтын үеэр Хажидмаа нь өөрийгөө Хятадад сурч байсан гэж ярьж байсан ба бид нар их дотно болсон байсан. Сургалт дууссаны дараагаар 2018 оны 6 дугаар сарын сүүлээр Хажидмаа нь над руу яриад “намайг Хятадад сурч байхад диплом удирдаж байсан багш маань нэг хүүхдийг засгийн газрын 4 жилийн тэтгэлэгт хамруулж өгнө гэж байна сурах уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “эргээд хариу өгье” гэж хэлсэн боловч Хажидмаа нь байн, байн залгаад “материал авах хугацаа нь дууссан, яаралтай материал өгөх хэрэгтэй байна, шийдвэрээ хурдан гаргаарай” гэж хэлсэн. Хажидмаа нь “1 сая төгрөгийг урьдчилгаа болгож материалуудтайгаа хамт өгөөд сургуулиас маягтууд ирэхээр бөглүүлээд үлдэгдэл 7.600.000 төгрөгийг авна” гэж хэлсэн. Ингэсний дагуу би нөхөр Мөнхбаттай ярилцаад улмаар нөхрийн үеэл дүү Ү.Даваажаргалыг сургахаар болсон ба эхлээд 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 1 сая төгрөгийг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Метромолл дотор кафед" сууж байгаад Даваажаргал өөрийн данснаасаа Хажидмаагийн данс руу мобайл банкаар шилжүүлсэн байсан. Дараа нь 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр эрүүл мэндийн хуудас, сургуулийн намтрын маягт, тэтгэлэг хүссэн маятгыг өгсөний дагуу манай дүү нэгдүгээр эмнэлэгт шинжилгээнүүдийг өгч, эрүүл мэндийн хуудас болоод бусад маяггуудыг бөглөж өгөөд 5 сая төгрөгийг манай нөхөр хүний данснаас 5 сая төгрөгийг Хажидмаагийн Хаан банкны данс руу шилжүүлж өгсөн байсан. Ингээд 2018 оны 09 дүгээр сарын өдөр хичээл 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр эхэлнэ, гадаад үлдэгдэл мөнгөтэйгөө хамт өг гэхээр нь би өгүүлээгүй байж байтал удаа дараа залгаад би хүн гуйж байгаа болохоор “мөнгөө яаралтай явуул” гэж шаардаад байхаар нь 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр манай нөхрийн данснаас бил хоер 2.600.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Тэрнээс хойш залгах болгонд “багш хариу егөхгүй байна, битгийн санаа зовоорой, би өөрөө хариуцлагатай байж ажлыг чинь бутээж өгнө” гэж худлаа ярьж явсаар өдийг хүрсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 

Гэрч Ү.Даваажаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би Хажидмаа гэх хүнийг уг асуудал болсон цагаас хойш мэдэх болсон. Хажидмааг манай ах Мөнхбат, бэр эгч Бүжмаа нар танилцуулсан ба намайг Хятад руу тэтгэлэгтэй сургуульд суралцуулж өгнө гээд энэ хүнтэй уулзуулж байсан. Анх 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгзр Метро молл төвийн хажуугийн кафе дотор уулзаад ярилцахад эгчийнх нь явуулах гэж байгаа сургууль нь Beiheng гэдэг сургууль бөгөөд магисрт суралцана. Тэтгэлэг нь нэг сарын 3500 юань бөгөөд эхний жил хэлний бэлтгэлд, харин 2.5 жил магистраа хамгаалахад суралцана гэж хэлсэн бөгөөд намайг эхний ээлжинд шинжипгээ өгөөд, эссэ бичээд, сургуулиас анкетууд ирэхээр нь бөглөж өгөөд болох бөгөөд нийт зардал 8.600.000 төгрөг болно. Харин үлдсэн асуудлуудыг би өөрөө зохицуулсан учраас чи эхний урьдчилгаа 1 сая 50 мянган төгрөгийг өгчих гэхээр нь би тэр даруйдаа өөрийнхөө Хаан банкны 5065111198 тоот данснаас Хажидмаагийн Хаан банкны данс руу мобайлаар шилжүүлж өгсөн. Энэ мөнгийг надад манай ах, эгч хоёр өгсөн байсан юм. Мөнгө өгсөнөөс хойш сар гаруйн дараа буюу 2018 оны 7 дугаар сарын сүүлээр шинжилгээ өгөөд мөн анкетуудыг бөглүүлж аваад, ЭССЭ бичүүпээд 5 сая төгрөгийг манай ах, эгч хоёроос авсан. Дараа нь үлдсэн 2.600.000 төгрөгийг мөн хичээл эхлэх гээд байна гэж хэлээд 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр мөн  ах эгч хоёрын дансаар авсан байсан. Түүнээс хойш худлаа ярьж явсаар өдийг хүрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

 

“Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 26 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Хгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 34 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 40-42 дугаар хуудас/, гэрч П.Дүгэрмаагийн мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 48 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Бүжмаад “ дүү Ү.Даваажаргалыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суралцах тэтгэлэгт хамруулж өгнө” хэмээн хуурч бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж улмаар 8.600.000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Хгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Бүжмаагийн мэдүүлэг, гэрч Ү.Даваажаргалын мэдүүлэг, “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл шүүгдэгчээс хохирогч Б.Бүжмаад “дүүг чинь Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суралцах тэтгэлэгт хамруулж өгнө. Би Хятад улсад сурч байсан, багштайгаа холбогдож уг асуудлыг зохицуулна” гэсэн гэсэн үг яриа, үйлдлээр хуурч, төөрөгдүүлэн түүний эд хөрөнгө болох мөнгийг өөртөө шилжүүлэн авсан болох нь хохирогчоос мөнгийг дансаар шилжүүлсэн баримт, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас тодорхой мэдүүлсэн байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч нь дээрх байдлаар худал хэлж хохирогчид ташаа ойлголт өгч төөрөгдүүлэн, гадаад улс руу тэтгэлгээр дүүгээ суралцуулах гэсэн хохирогчийн хүсэл сонирхлыг ашиглан мөнгөн хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч, хувийн хэрэгцээндээ зарцуулж буй нь хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Шүүгдэгч нь хохирогчоос авсан мөнгөн хөрөнгийг залилан авах санаа, зорилгоо үргэлжилсэн үйлдлээр хэрэгжүүлж нэгдмэл хор уршигт хүргэж нийтдээ 8.600.000 төгрөгийг авсан нь түүнийг үргэлжилсэн үйлдэл бүхий нэг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Хг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргаж шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Хохирогч Б.Бүжмаагаас “...гомдол саналгүй, хохирлын мөнгөө бүрэн хүлээж авсан...” гэсэн хүсэлтээ /хх-ийн 45/ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг түүнд төлөх төлбөргүй гэж үзлээ.   

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Б.Хг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                               

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Б.Хг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

            7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Хд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН