Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 58

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа

Улсын яллагч Э.Халиун

Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Од холбогдох эрүүгийн 1809051971213 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтийн талаар

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, 2 эгч, охин, 3 дүү нарын хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 41 дүгээр гудамжны 556 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, 3 дугаар сургуулийн замын эсрэг талд байрлах “Хаан” банкны экспресс банкнаас хохирогч М.Итгэлтөгсийн итгэмжлэн хариуцуулсан Хаан банкны картнаас 1.140.000 төгрөгийг авч завшсан гэх гэмт хэрэгт  холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Эрүүгийн 1809051971213 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Б.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Итгэлтөгс гэдэг залуу надтай 18 цагийн үед уулзъя гэж утсаар ярьсан. Тэгсэн чинь Итгэлтөгс “караокедах уу” гээд бид дөрөв 11 дүгээр хорооллын тэнд нэг караокед орж 1 цаг дуулсан. Тэнд 0,5 литрийн “Соёрхол” архи авч Итгэлтөгс бид хоёр хувааж уусан. Үлдсэнийг нь Итгэлтөгс бид хоёр хувааж уусан. Би цаашаа Итгэлтөгстэй хамт такси бариад Сансарын колонкийн урд талын Хаан банкны АТМ-нээс Итгэлтөгс өөрөө бууж очоод 50.000 төгрөг авсан. Тэгээд цаашаа сансарын тунелын нэг бааранд орсон. Тэндээ 20-30 минут орчим сууж байгаад бид хоёр нэг нэг шил пиво авч уучихаад гарсан. Тэгээд тэр баарнаас гараад Итгэлтөгс бид хоёр зочид буудал орохоор болж такси барьсан. Тэгээд замаасаа нэг газар орж нэг том лаазтай пиво аваад аваад буцаж эргээд сансарын колонкын урд талд таксигаа зогсоосон. Тэгээд Итгэлтөгс надад хаан банкны картаа өгөөд “буудлын 150.000 төгрөг авчих, нууц дугаар нь 99-66 шүү” гэж хэлээд өгсөн. Тэгэхээр нь би картыг нь авч буугаад АТМ-нээс 150.000 төгрөг авсан. ...100-н айлын цаана байдаг 16 дугаар сургуулиас зүүн тийшээ нэг тоосгон “хусхан” гэдэг нэртэй мотел гэсэн бичигтэй зочид буудал руу орсон. Тэгээд би Итгэлтөгсөд хандан “би өлсөөд байна юм авч идье” гэсэн чинь “тэг тэг, гараад юм авчихаад ир” гэж хэлсэн. Тэгээд надад Итгэлтөгсийн карт нь явж байсан тул би тэр буудлаас гараад 3 дугаар сургуулийн замын урд талын “Экспресс” хаан банк руу очиж АТМ-аас мөнгө нь хүрэх болов уу гээд картных нь үлдэгдлийг шалгаад үзтэл картанд нь 1.140.000 гаран мянган төгрөг байсан. Тэгэхээр нь би уг хаан банкны картнаас нь эхлээд 500.000 төгрөг, дахиад 500.000 төгрөг, дахиад 140.000 төгрөг тус тус бэлнээр уншуулж авсан. Тэгээд би тэндээс гараад шууд 3 дугаар сургуулийн замын урд талаас такси бариад жолоочтой нь тохироод Дархан-Уул аймаг руу явсан. Дархан-Уул аймагт архи, дарс, идэж уух юм аваад мөнгөө үрсэн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,

 

Хохирогч М.Итгэлтөгс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Би 7 хоногийн өмнө танилцсан нэг эмэгтэйтэй таараад хоёулаа лаа караокед орж хэсэг дуулж сууж байгаад гарсан. Цаг орой болсон байсан тул бид хоёр ойрхон буудалд орохоор ярилцаад орсон. Тэгээд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах “Хусхан” нэртэй буудалд орсон. Дөнгөж ороод байж байсан чинь “би өлсөөд байна гоймон идмээр байна” гэсэн тэгэхээр надад бэлэн мөнгө байхгүй байсан учраас хаан банкны виза картаа өгөөд явуулсан. Тэр эмэгтэй миний картыг аваад “би бэлэн хоол аваад ирнээ” гэж гараад явсан. Тэгээд удалгүй миний утсанд данснаас эхлээд 150.000 төгрөг хасагдсан талаар мессэж ирсэн. Тэгэнгүүт нь би утас руу нь залгасан. Тэгсэн миний дуудлагыг авахгүй байсан. Тэгээд нээх удаагүй шууд 500.000 төгрөг, дахиад 500.000 төгрөг, тэгээд 145.000 төгрөг тус тус данснаас гүйлгээ хийгдэж нийт 1.300.000 төгрөгийг миний данснаас авч сураггүй болсон. Би тэр охины дугаар руу өдөржингөө залгасан. Тэгээд сүүлдээ болохоо болихоор нь тус хорооны хэсгийн байцаагчид хандсан. Анх танилцахдаа Намуунаа гэж танилцсан. Би тэр охинтой танилцаад 7 хоног л болсон...1.140.000 төгрөгийг бол Отгонзаяа надад хэлэлгүй зөвшөөрөлгүй авсан байнаа..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-17 дугаар хуудас/,

 

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 39 дүгээр хуудас/,

 

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 54 дүгээр хуудас/,

 

Гэрч О.Баянжаргалын мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/, гэрч Б.Гал-Очирын мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/, гэрч Г.Анхболдын мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/, гэрч Б.Долгормаагийн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Огийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 46-47 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:  

 

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, 3 дугаар сургуулийн замын эсрэг талд байрлах Хаан банкны экспресс банкнаас хохирогч М.Итгэлтөгсийн итгэмжлэн хариуцуулсан Хаан банкны картнаас 1.140.000 төгрөгийг авч завшсан болох нь шүүгдэгч Б.Огийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Итгэлтөгсийн мэдүүлэг, Хаан банкны депозит дансны хуулга болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл хохирогч М.Итгэлтөгсөөс шүүгдэгч Б.Од хоол хүнсний зүйл авахуулах зорилгоор өгсөн бэлэн мөнгөний картыг шүүгдэгч нь дур мэдэн мөнгө авч хувьдаа авсан болохыг шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлж, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар хохирогчийн эзэмшлийн данснаас 1.140.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн болох нь баримт тогтоогдсон болон хэрэгт цугларсан бусад хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Огийн үйлдэл нь “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг агуулжээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Б.О нь бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч М.Итгэлтөгсөд гэмт хэргийн улмаас 1.140.000 төгрөгийн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Огаас 500.000 төгрөгийг хураан авч хохирогчид буцаан өгсөн /хх-ийн 53/ байх ба шүүгдэгчээс үлдэгдэл 640.000 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

 Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Б.Ог гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

  

Шүүгдэгч Б.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцов.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон зөв амьдрах ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болж хувийн хэрэгцээгээ хангах гэсэн шунахай санаа, зорилгоо хэрэгжүүлсэн нөхцөл байдал шалтгаалжээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                               

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Б.Ог бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ог 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Огаас 640.000 /зургаан зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Итгэлтөгсөд олгосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажлыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

                                                                                                                          

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

             7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН