Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 136

 

Дархан-Уул аймгийн Байгаль орчин аялал

жуулчлалын газрын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00466/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч С.Оюунцэцэг, О.Нарангэрэл нарын  бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 656 дугаар шийдвэртэй,  

         Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч Ж.А-т холбогдох

         “Гэм хорын хохирол 21.283.260 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болдбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Отгонсүх нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болдбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Отгонсүх,  хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар  оролцов.

  Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  Иргэн Ж.А- нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 500 тоот прокурорын тогтоолоор анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан гэм буруугаа хүлээн ургамлын аймагт учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. Иймд Ж.А-ийн ургамлын аймагт учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээ болох 4,256,652 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь заалтын дагуу 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр 21,283,260 төгрөгийг гаргуулж өгнө үү  гэжээ.

Хариуцагч Ж.А-  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан сумын 15 дугаар багийн 6 дугаар хэсэгт 2015 оны 06 дугаар сард дэрэвгэр жиргэрүү гэдэг ургамлын үндэс түүж ирсэн хүмүүсээс худалдаж авч байтал 06 дугаар сарын 3-нд Цагдаагийн ахмад Гантөмөр очиж надаас үндэс авах зөвшөөрөл чинь хаана байна гэж асуусан. Би тийм зөвшөөрөл хаанаас авдаг юм бэ би мэдэхгүй байна гэж хэлсэн. Ингээд зөвшөөрөлгүй авсан тул хурааж аваад надад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Энэ үндэс нь 8 сараас түүх зөвшөөрөл нь гардаг байсныг би үнэндээ мэдээгүй. Ийм их хэмжээний торгууль төлөх боломж байхгүй явсаар өнөөдрийг боллоо. Уг төлбөрийг төлөх боломж надад олдохгүй байна. Би байгаль орчинд хохирол учруулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 Төрийг төлөөлж прокурор Б.Сүрмандах шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Ж.А- нь эрүүгийн хэрэгт шалгагдах явцдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн учраас түүнд холбогдох хэргийг Өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон. Гэтэл одоо иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа бол энэ байдал нь эрүүгийн хэргийг сэргээх үндэслэл болох тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1-д заасан хэрэгт шүүхээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэйг анхаарна уу  гэжээ.     

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 656 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Ж.А-аас 4,256,652 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,026,608 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч Ж.А-аас улсын тэмдэгтийн хураамж 83,056 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болдбаатар давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 17.026.608 төгрөгийг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, 4.256.652 төгрөгийг ямар үндэслэлээр гаргуулах болсон талаараа тодорхой нотлох баримтанд тулгуурласан дүгнэлт хийгээгүй, үндэслэлийг тайлбарлаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хууль хэрэглээгүй. Энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 21.283.260 төгрөгийн дүн бол хариуцагч Ж.А-ийн байгаль орчинд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээ болох 4.256.652 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь хэсэгт заасны дагуу 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр  21.283.260 төгрөгийг гаргуулахаар заасны дагуу нэхэмжилж байгаа дүн бөгөөд, энэ дүн хууль ёсны үндэслэлтэй байхад уг харилцааг илүү тодорхой байдлаар зохицуулсан хуулийг хэрэглээгүй шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэв.  

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Отгонсүх давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтуудыг  тус тус баримтлан Ж.А-аас 4.256.652 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль ноцтой зөрчсөн байна. Учир нь Иргэний хуулийн дээрх зүйл ангиуд гэм хорыг арилгах учруулсан хохирлыг мөнгөөр төлөх, сэргээн засах, тухай ойлголтыг  багтаасан үүрэг хүлээгч буюу субьект нь тодорхой хэргийн шаардах эрхийг үүсгэж буй заалт юм. Ж.А- нь дэрэвгэр жиргэрүү хэмээн маргаан үүсгээд буй ховор гэх ургамлыг  бусдаас худалдан авсан болохоос өөрийн биеэр түүж байгаль орчинд хохирол учруулсан этгээд биш. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв. 

ХЯНАВАЛ:

         Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

         Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн  62.1.4-т нийцээгүй бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, хэргийн бодит байдлыг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан  нотлох баримтуудыг хуульд нийцүүлэн дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

         Тухайлбал нэхэмжлэгчийн хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн төлбөрийн  агуулга нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээд байгаа эсхүл Байгаль орчны тухай хуулийн дагуу ургамлын аймагт учруулсан хохирол нэхэмжилсэн алин болох нь тодорхойгүй  байна.

         Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ болгож байгаа боловч уг тогтоолд гэмт хэргийн улмаас учирсан хохирол тодорхойгүй, уг тогтоолд  Ж.А-ийг эрүүгийн гэмт хэрэгт  270,9 кг  дэрэвгэр жиргэрүү хэмээх нэн ховор ургамлын үндсийг худалдан авсанд буруутгасан, харин хэргийн 6 дугаар хуудсан дахь Ашигт ургамлын экологи эдийн засгийн үнэлгээ тооцсон тухай баримтанд  түүнийг 63,9 кг ургамлын үндсийг  зохих зөвшөөрөлгүй  бэлтгэсэн гэжээ.

          Уг баримтанд дурдсан зүйлээ нэхэмжлэгч тал нотлоогүй байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 11-д  байгаль орчинд хохирол учруулсан гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхийг тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлсэн, байгаль орчныг бохирдуулсан доройтуулсан, гэмтээсэн байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл эс үйлдэхүй байхаар заажээ. 

          Нэн ховор ургамлыг худалдаж авсан үйлдэл нь  эрүүгийн гэмт  хэргийн шинжийг агуулж, яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй байдал нь Байгаль орчны тухай хуулиар нөхөн төлбөр төлөх үндэслэл болох эсэх талаар шүүх дүгнэлт хийгээгүй байна.

         Иймд Байгаль орчны тухай хуулиар ургамлын аймагт хохирол учруулсанд тооцогдож нөхөн төлбөр оногдуулах асуудлыг шийдвэрлэхийн тулд түүний худалдан авсан, бэлтгэсэн, ургамлын хэмжээ зэрэг бодит байдал зэргийг тодорхойлох шаардлагатай байжээ.

         Нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодорхой болгох асуудал нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх эсхүл ургамлын аймагт учруулсан хохирлын  нөхөн төлбөрийг Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль хамгаалах санд оруулах нөхөн  төлбөр эсэх асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

          Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхой болгох,  шаардлагаа нотлох  үүргээ биелүүлэх боломжоор шүүх хангаагүй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн шаардлага хангаагүй нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасны дагуу шүүх  шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах шаардлагад анхан шатны шүүхийн шийдвэр нийцээгүй, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж заримыг нь хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан ямар баримтад тулгуурласан, хуулийн ямар зүйл заалтанд зохицуулж шийдвэрлэсэн талаарх нотлох баримт үнэлсэн болон хууль хэрэглэсэн тухай эрх зүйн дүгнэлтийг шүүх хийгээгүй  байх тул шүүхийн шийдвэр  үндэслэл бүхий болж чадаагүй байна.

         Шүүх хэрэгт  цугларсан эрүүгийн хэргийн баримтуудад тулгуурлан Ж.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон гэж  иргэний шүүн таслах ажиллагааны хэмжээ хязгаараас хальсан дүгнэлт хийснийг тэмдэглэх нь зүйтэй. 

         Нэхэмжлэгч байгууллагын хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагаанд Ж.Болдбаатарыг оролцуулах тухай  итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй, хугацаа тавигдаагүй, төлөөлөгчид ямар эрх олгож байгаа нь тодорхой бус байх тул хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүйгээс  гадна эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцуулах агуулгатай байгааг шүүх анхаараагүй байна.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж нэхэмжлэгч, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна. Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олговол зохино.

Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 656 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83.100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЭНХЖАРГАЛ             

                            ШҮҮГЧИД                                                    С.ОЮУНЦЭЦЭГ                    

                                                                                                 О.НАРАНГЭРЭЛ