Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2023/0061

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

нийслэлийн Засаг дарга, нийслэлийн

иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус

холбогдох захиргааны хэргийн

тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:    П.Соёл-Эрдэнэ

Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

Шүүгчид:                     М.Батсуурь 

                                     Ц.Цогт                                                                                                                

Илтгэгч шүүгч:         Г.Банзрагч                

Нарийн бичгийн дарга: Ч.Уранбилэг                

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0156 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2023/0355 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.О, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, М.Э нарыг оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 279 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах эсэх үндэслэлээр хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:                                                      

1. Нэхэмжлэлийн шаардлага:                                                                                           

Нэхэмжлэгч “Х” ХХК нь нийслэлийн Засаг дарга, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай” 83 дугаар тогтоол, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 20/21 дүгээр “Жагсаалт батлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсэг, нийслэлийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/42 дугаар захирамжийн 1 дүгээр хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хэргийн нөхцөл байдал:

2.1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Хамтарсан компани байгуулах тухай” 188 дугаар тогтоолоор нийслэлийн өмчийн 25 хувь, “Х” ХХК-ийн 75 хувийн оролцоотой хамтарсан компани байгуулахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч (Ц.Б)-д зөвшөөрч, нийслэлийн өмчийн оролцоотой хамтарсан компани байгуулагдсантай холбогдуулан “Ө з б” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгасан. Уг тогтоолыг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 555 дугаар захирамжаар “Ө з б” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг 2007 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөр тасалбар болгон татан буулгаж, нийслэлийн өмчийн оролцоотой хамтарсан компани байгуулах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт зөвшөөрч, нийслэлийн өмчийн оролцоотой “Д-Ө” ХХК-ийн гэрээ, дүрмийг баталсан байна.

2.2. Нийслэлийн өмчийн оролцоотой “Д-Ө” ХХК-ийг байгуулсан асуудал нь эрүүгийн журмаар шалгагдан Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 749 дүгээр магадлалаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 188 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2007 оны 555 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн 2012 оны 775 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн байна.

2.3. Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Ө з б” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын үйл ажиллагааг сэргээх тухай” 90 дүгээр тогтоол гарсан.

2.4. Хариуцагч нараас дээрх шүүхийн шийдвэр болон нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 90 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор маргаан бүхий актууд болох нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 83 дугаар тогтоол, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/21 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын 2019 оны А/42 дугаар захирамжийг тус тус гаргажээ.  

  3. Нэхэмжлэгч “Х” ХХК нь дараах үндэслэлээр маргаан бүхий актуудыг хүчингүй болгуулахаар шаардаж байна. Үүнд:

  3.1. “Х” ХХК нь нийслэлийн өмчийн оролцоотой “Д-Ө” ХХК-ийг нийслэлийн Засаг даргын 2007 оны 555 дугаар захирамж, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 188 дугаар тогтоолуудыг үндэслэн “Д-Ө” ХХК-ийн 25 хувийг нийслэл, 75 хувийг “Х” ХХК хамтран эзэмшихээр үүсгэн байгуулснаас хойш Ө з б-ын үйл ажиллагааг сайжруулах түүний барилга байгууламжид засвар хийж өөрчлөх зэрэг нийт 1,504,130,480 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж үйл ажиллагаа хэвийн явуулж байна. “Д-Ө” ХХК нь жилийн эцсийн санхүүгийн тайланг үндэслэн 25 хувьтай тэнцэх ногдол ашгийг нийслэлийн төсөвт тогтмол төвлөрүүлж ирсэн.

3.2. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 83 дугаар тогтоолоор “Х” ХХК-ийн 75 хувийн өмчлөлийн “Д-Ө” ХХК-ийн хөрөнгө болох Ө з б болон амралтын газрын барилга байгууламж зэргийг нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай шийдвэр гаргасан нь Иргэний хууль болон Компанийн тухай хууль, бусад хууль тогтоомжийг зөрчсөн. “Д-Ө” ХХК нь дан ганц нийслэлийн өмч биш бөгөөд “Х” ХХК-тай хамтран байгуулсан хуулийн этгээд, гэтэл тус компанийн үүсгэн байгуулагч хөрөнгө оруулагч “Х” ХХК-ийн хуулиар олгогдсон эрх ашиг сонирхлыг зөрчиж компанийн хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэсэн нийслэлийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/42 дугаар захирамж нь мөн хууль бус шийдвэр юм.

3.3. Нийслэлийн Засаг дарга хамтарсан компанийн дүрмийг баримтлалгүйгээр бие дааж шийдвэр гаргаж байгаа нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-ийн дагуу компанийн эрх барих дээд байгууллагын шийдвэр гаргах боломжийг бүрдүүлэлгүйгээр компанийн өмчийг хураан авч буй хууль бус үйлдэл, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 3.3-т зааснаас үзэхэд Засаг даргад “Д-Ө” ХХК-ийн эзэмшлийн хөрөнгийг нийслэлийн Өмчийн харилцааны газрын балансад бүртгэн авахыг зөвшөөрсөн шийдвэр гаргах хууль ёсны эрх олгогдоогүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6-д заасан үндсэн зарчмыг зөрчсөн... Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ. 

4. Хариуцагч нийслэлийн Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 90 дүгээр тогтоолоор шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх зорилгоор “Ө з б” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын  үйл ажиллагааг сэргээх тухай шийдвэр гарсан, уг тогтоол одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хөрөнгийн жагсаалтыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/21 дүгээр тогтоолоор баталсан бөгөөд “Ө з б” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын барилга болон Д амралтын газрын барилгыг хувьчлахаар шийдвэрлэсэн. “Х” ХХК нь Ө з б-ын барилгад оруулсан өөрийн хөрөнгө оруулалтын ажлыг баталгаажуулж өгөх талаар 2010 оноос эхлэн удаа дараа нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүсэлт ирүүлж байсан ба уг оруулсан хөрөнгийг буцаан олгох асуудал тулгарч байсан учир тус компанийн хүсэлтийг харгалзан нийслэлийн Засаг даргын 2019 оны А/42 дугаар захирамжаар “Х” ХХК-ийн Ө з б-ын барилгад оруулсан хөрөнгө оруулалтыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргасан. Иймд Ө з б-ын барилгыг 2019 онд хувьчлах шийдвэр нэгэнт гарсан учир уг 1,504,130,480 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хувьчлалын үнийн дүнд оруулж тооцон, хувьчлалын орлогоос хасаж буцаан олгох зорилготой гарсан тогтоол шийдвэр юм. Эдгээр хууль ёсны шийдвэрийн дагуу гарсан Засаг даргын захирамж хууль зөрчөөгүй... Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж,

5. Хариуцагч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас “... Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрээр “Хамтарсан компани байгуулах тухай” нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 188 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2007 оны 555 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгосон. Хамтарсан компани байгуулсан тогтоолыг Нийслэлийн  давж заалдах шатны шүүхийн 2012 оны 749 дүгээр магадлалаар хүчингүй болгосон байдаг. Иймд хүчингүй болгуулахыг шаардаж буй 2018 оны 83 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн зүйл байхгүй... Шүүхээс шийдвэр гарсан бөгөөд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн тайлбар гаргасан байна.

6. Гуравдагч этгээд “Д-Ө” ХХК-аас “... Тус компани нь нийслэлийн Засаг даргын 2007 оны 555 дугаар захирамж, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 188 дугаар тогтоолоор нийслэлээс 25 хувь, “Х” ХХК-аас 75 хувийн хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдсан бөгөөд энэ цагаас хойш компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Гэтэл “Д-Ө” ХХК-ийн 75 хувийг эзэмшигч “Х” ХХК болон манай “Д-Ө” ХХК-д огт мэдэгдэлгүйгээр маргаан бүхий шийдвэрүүдээр “Д-Ө” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй Ө з б болон Д амралтын газрын барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэж, 2019 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад оруулсан нь манай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эд хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулах шийдвэр гаргасан... Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Х” ХХК болон “Д-Ө” ХХК-ийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг сэргээж өгнө үү” гэжээ.

7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0156 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” 20/21 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүд, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай” 83 дугаар тогтоолыг болон нийслэлийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/42 дугаар захирамжийн Захирамжлах хэсгийн 1 дэх заалтуудыг хариуцагч байгууллагуудаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:  

7.1. ...Маргаан бүхий нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/21 дүгээр тогтоол нь гадагш чиглээгүй, нэхэмжлэгч хуулийн этгээдэд эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй, харин дотооддоо хийх захиргааны байгууллагын үйл ажиллагаа буюу судалж, танилцуулах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг баталсан байна. Өөрөөр хэлбэл захиргааны актын зургаан шинжийг хангаагүй тогтоол тул ...захиргааны шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамааралгүй.

7.2. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 749 дүгээр  магадлалаар “Д-Ө” ХХК-ийг байгуулах үндэслэл болсон шийдвэрүүдийг хүчингүй болгон улмаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 90 дүгээр тогтоолоор “Ө з б” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын үйл ажиллагааг сэргээхээр шийдвэрлэж, үүнтэй холбогдуулан “Ө з б” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийг шинэчлэн батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлэн, хэвийн үйл ажиллагааг хангах, хөрөнгө хүлээн авах ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч (Э.Б...)-д даалгасан байх боловч энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангаагүй, тодруулбал гуравдагч этгээд “Д-Ө” ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй хэвээр, түүнчлэн балансаас нийслэл өөрийн өмч гэж үзэж бүртгэсэн объектууд хасагдсан баримт байхгүй, Өмчийн харилцааны газрын 2016 оны 6/4182 дугаартай албан бичгээр “... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 90 дүгээр тогтоолоор “Ө з б” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын үйл ажиллагааг сэргээсэн тул “Д-Ө” ХХК-ийн дүрэм болон дүрмийн санд өөрчлөлт оруулах боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн атлаа шууд нийслэлийн өмчид бүртгэсэн нь буруу...

7.3. Тухайн үедээ хууль ёсны дагуу бүртгэгдсэн хуулийн этгээдийг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт үндэслэж өмч, хөрөнгийг нь буцаан авахдаа хуульд заасан журмын дагуу бүртгэлээс хасуулсны үндсэн дээр нийслэл өөрийн өмчийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан үндэслэлээр бүртгэн авах ёстой байжээ. Хариуцагч байгууллага шийдвэр гаргахдаа хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэсэн нь зөв боловч хуульд заасан журмын дагуу холбогдох ажиллагаа хийгээгүй бөгөөд шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хариуцагчаас дахин шинэ захиргааны акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар актын биелэлтийг түдгэлзүүлэх нь зүйтэй.

7.4. ... Маргаж буй актаар бүртгэж авсан барилга, байгууламжийн бүртгэл, өмчлөх эрхийн талаар нийслэлийн өмч гэж үзэх үндэслэл одоогоор байхгүй, улсын бүртгэл үнэн зөв байх зарчмын хүрээнд хүчин төгөлдөр улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт ороогүй байна. Маргаан бүхий актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан зарчимд тус тус нийцээгүй...” гэх зэргээр дүгнэжээ.

8. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2023/0355 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг өгсөн байна. Үүнд:

8.1. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 749 дүгээр магадлалаар хууль болон журам зөрчиж гарсан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 188 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2007 оны 555 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгосон, харин нэхэмжлэгч болон нийслэлийн өмчийн оролцоотой байгуулсан “Д-Ө” ХХК-ийг татан буулгах шийдвэр гаргаагүй. “Д-Ө“ ХХК нь үүсгэн байгуулагдсан 2007 оноос хойш үйл ажиллагаагаа тасралтгүйгээр явуулж иргэний эрх зүйн харилцаанд оролцож байсан, хариуцагч нарын зүгээс 2012 онд эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрүүд гарч хүчин төгөлдөр болсноос хойш 2018-2019 онд нийслэлийн өмч хөрөнгөтэй холбоотой маргаан бүхий актуудыг гаргахдаа хуульд заасан журмын дагуу холбогдох ажиллагааг гүйцэтгээгүй.

8.2. Компанийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.2, 32.3, 32.4, 32.11, 32.12-д тус тус заасан зохицуулалтын дагуу нийслэлийн өмчийн оролцоотой “Д-Ө” ХХК-ийг эрх бүхий этгээд татан буулгах шийдвэр гаргаж, татан буулгах комисс томилон, компанийн өр төлбөрийг барагдуулж, хувьцаа эзэмшигчдэд хөрөнгө хуваарилах эсэх асуудлыг шийдвэрлэн, компанийг татан буулгасан талаар улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэн, бүртгэлээс хасуулж, нийтэд мэдээлэх ажиллагааг өнөөг хүртэл огт хийгээгүй байна. “Д-Ө” ХХК хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй хэвээр, санхүүгийн тайлан тэнцлээ гаргаж дүрэмд заасан үйл ажиллагаа явуулсаар ирсэн байх тул хамтарсан компанийг татан буулгах тохиолдолд дээрх хуулийн зохицуулалт үйлчилнэ. Хариуцагчаас хамтарсан компани байгуулахад оруулсан өмч хөрөнгөө буцаан авахдаа дээрх хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлээгүй байна...” гэх зэргээр дүгнэж, маргаан бүхий актуудыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан. 

9. Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг зөрчсөн.

9.1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 83 дугаар тогтоолын үндэслэл нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.3 дахь хэсэг, мөн Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2012 оны 775 дугаар тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 749 дүгээр магадлал зэрэг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийг үндэслэл болгосон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэснийг анхаарах нь зүйтэй.

9.2. Захиргааны ерөнхий хуулийн 47, 48 дугаар зүйлд хууль бус захиргааны актын шинжийг заасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан актууд нь дээрх зүйлд заасан хууль бус захиргааны актын шинжийг агуулахгүй байна. Энэ асуудалд анхан болон давж заалдах шатны шүүхийн аль аль нь хууль зүйн дүгнэлт өгөөгүй. Нэхэмжлэгчийн зүгээс хууль бус гэж үзэж эдгээр шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг анхаарах нь зүйтэй.

9.3. Шүүхийн шийдвэрүүдэд дурдсан улсын бүртгэлтэй холбоотой асуудал бол хариуцагчаас өөрөөс шалтгаалах дотоод зохион байгуулалтын асуудал юм. Улсын бүртгэлийн асуудал нь маргаан бүхий актуудын хууль бус эсэхтэй хамааралгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 90 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар нэхэмжлэл гаргаагүйг анхаарах шаардлагатай. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байгаа тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

10. Нэхэмжлэгч талаас “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргаагүй байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарна уу, Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй, иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү, бидний хувьд хариуцагч нарыг хуульд заасан журмын дагуу зохих шийдвэрүүдээ гаргах нь зүйтэй гэж үзэж байна” гэсэн тайлбарыг өгөв.

ХЯНАВАЛ:

11. Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

12. Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

13. Анхан шатны шүүх нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” 20/21 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн зүйл нь “захиргааны акт биш тул захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан” гэж дүгнэн холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг давж заалдах шатны шүүхээс залруулж, “уг тогтоолын холбогдох хэсгээр Ө з б-ын барилгыг хувьчлах хөрөнгийн жагсаалтад оруулсан нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөтэй холбоотой, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эрх зүйн шууд үр дагавартай захиргааны акт тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэнэ” гэж дүгнэн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэл бүхий байна.

14. Харин давж заалдах шатны шүүх маргаан бүхий актуудыг түдгэлзүүлсэн хууль зүйн үндэслэлийг нэмж дүгнэхдээ эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн “...Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 749 дүгээр магадлалаар хууль болон журам зөрчиж гарсан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 188 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2007 оны 555 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгосон, харин нэхэмжлэгч болон нийслэлийн өмчийн оролцоотой байгуулсан “Д-Ө” ХХК-ийг татан буулгах шийдвэр гаргаагүй... Хариуцагч хамтарсан компани байгуулахад оруулсан өмч хөрөнгөө буцаан авахдаа Компанийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.2, 32.3, 32.4, 32.11, 32.12-т тус тус заасан зохицуулалтын дагуу нийслэлийн өмчийн оролцоотой “Д-Ө” ХХК-ийг эрх бүхий этгээд татан буулгах шийдвэр гаргаж, татан буулгах комисс томилон, компанийн өр төлбөрийг барагдуулж, хувьцаа эзэмшигчдэд хөрөнгө хуваарилах эсэх асуудлыг шийдвэрлэн, компанийг татан буулгасан талаар улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэн, бүртгэлээс хасуулж, нийтэд мэдээлэх ажиллагааг хийх ёстой...” гэсэн нь буруу юм.

15. Учир нь Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 749 дүгээр магадлалаар “... (нэр бүхий) шүүгдэгч нь өөрийн хэрэгжүүлж байгаа эрх, үүрэгт хамааралгүй боловч албаны нэр хүнд, нөлөөг ашиглаж, ... нараар тэдэнд хуулиар олгосон эрх мэдлээ хэтрүүлж, хууль болон журам зөрчиж, нийслэлийн өмчийг хувьчлах, шилжүүлэх тухай хууль бус шийдвэр гаргахад хүргэсэн, эдгээр шийдвэрийн үр дүнд нийслэлийн өмчийг өөрийн үүсгэн байгуулсан... компанид шилжүүлж, онц их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон байна... Эрүүгийн хуульд заасан ... гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь (анхан шатны шүүх) зөв байна... Хууль бус шийдвэр гаргасан нь тогтоогдсон тул “Ө” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгаж, “Д-Ө” хамтарсан компани байгуулах тухай нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 188 дугаар тогтоол, нийслэлийн Засаг дарга ... –ын 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 555 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй...” гэж дүгнэн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 326 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулж өөрчилсөн, магадлалын уг заалтыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2012 оны 775 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн байна.

16. Ийнхүү шүүхийн шийдвэрээр “Д-Ө” ХХК-ийг үүсгэн байгуулсан эрх бүхий этгээдийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль зүйн агуулгаараа гэмт хэргийн замаар үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг албадан татан буулгасантай адилтгахуйц үр дагавартай гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд иргэний журмаар буюу компанийн хувьцаа эзэмшигчдийн сайн дурын үндсэн дээр татан буулгах харилцааг зохицуулсан Компанийн тухай хуулийн холбогдох зохицуулалт (хувьцаа эзэмшигчдийн хурлаар татан буулгах шийдвэр гаргах, комисс томилох, хувьцаа эзэмшигчдэд хөрөнгө хуваарилах гэх мэт) үйлчлэх учиргүй.

17. Хэргийн оролцогчид хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс угтаа байх ёсгүй буюу хууль бусаар байгуулагдсан хуулийн этгээд өнөөдрийг хүртэл de facto оршин тогтнож, үйл ажиллагаа явуулсаар ирсэн байна. Энэ хугацаанд гуравдагч этгээд “Д-Ө” ХХК-тай иргэний болон хөдөлмөрийн харилцаанд орсон бусад этгээд хохирох ёсгүй тул тэдний өмнө хүлээсэн үүргээ хэрхэн хэрэгжүүлэх (бусдад төлөх өр, төлбөр, татвар, даатгалыг яаж төлөх), мөн тус компанийг үүсгэн байгуулахад оруулсан хувьцаа эзэмшигч нарын хөрөнгө оруулалт болон өнөөдрийг хүртэл авсан ногдол ашиг, одоо байгаа хөрөнгийн үнэ цэн зэргийг харьцуулахад талуудын анх оруулсан хөрөнгийн хэмжээг хэрхэн тооцох, буцаах зэрэг асуудлыг бүрэн шийдвэрлэлгүйгээр хариуцагч нараас дундын компанийн хөрөнгийг шууд нийслэлийн өмчид бүртгэн, хувьчлах хөрөнгийн жагсаалтад оруулсан нь буруу. Иймээс дээрх ажиллагааг зохих журмын дагуу хэрэгжүүлэх боломжийг талуудад олгох үүднээс маргаан бүхий актуудыг түдгэлзүүлсэн хоёр шатны шүүхийн шийдлийг буруутгахааргүй байна.

18. Гуравдагч этгээд “Д-Ө” ХХК-ийг үүсгэн байгуулсан хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр (Хянавал хэсгийн 15-д заасан) биелэгдээгүй энэ хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд (2017 оны) хуулийн этгээдийг албадан татан буулгах арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан, уг шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийг энэхүү хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлэх боломжтой юм.

19. Дээрх үндэслэлүүдээс гадна хариуцагч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргаагүй нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрсөнд тооцогдох тул “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах”-аар гаргасан хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

20. Иймд шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалын дүгнэлтийг залруулж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2023/0355 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1,3, 78 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Компанийн тухай хууль (2011 оны)-ийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн ...” гэснийг хасаж, бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.              

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

             

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      П.СОЁЛ-ЭРДЭНЭ 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Д.МӨНХТУЯА

                                  ШҮҮГЧИД                                                           М.БАТСУУРЬ

                                                                                  Ц.ЦОГТ

                                                                     Г.БАНЗРАГЧ