Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 69

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,

Шүүгдэгч Ц.Б, С.А, А.Л, С.Э, тэдгээрийн өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Б, С.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт зааснаар А.Л, С.Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1809043601276 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

   Монгол Улсын иргэн, 1992 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, МТ группийн Улаанбаатар Сити багийн тамирчин, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт /Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 90б байр 56 тоотод оршин суух хаягтай/ Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Хапи таун хотхон 72 дугаар байрны 119 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,  

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хүчит шонхор” захад
тэрэгчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт /Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз 21а гудамж 528 тоотод оршин суух хаягтай/ Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 1-2 тоотод оршин суудаг, спортын дэд мастер цолтой, урьд 1 удаа ял шийтгэгдэж байсан, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн 4 дүгээр дамжаанд суралцдаг, ам бүл 3, эх, ахын хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 61а байрны 41 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 08-нд Дархан-Уул аймагт төрсөн. 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засагч мэргэжилтэй, Жимобайл ХХК-ний хүний нөөцийн хэлтэст оффис менежер ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 9 дүгээр байрны 251 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч А.Л, С.Э нар бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Цэ" пабын үүдэнд "найзыгаа өмөөрсөн" хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар насанд хүрээгүй хохирогч С.Ганболдын нүүрэн тус газар нь цохиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Ц.Б, С.А нар бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Цэ" пабын үүдэнд хохирогч Т.Билгүүний нүүрэн тус газар нь цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Л мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Талуудын хүсэлтээр эрүүгийн 1809043601276  дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч А.Л мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Миний хажуунаас хэн нь мэдэхгүй 2-3 хүн намайг цохиод байсан. Би босоод араас нь гүйж очоод Ганболдын нуруу хэсэгт нь 1 удаа өшиглөөд нүүр хэсэгт нь нэг удаа гараараа цохисон.... Цэ пабаас гарч ирэхэд Мягмарнаран, Билгүүн, Ганболд, Чойсүрэн гурав Гантогтохын бараг л дээрэмдчихсэн зогсож байсан. Би нар Мягмарнаранг зодож цохиогүй...гэх мэдүүлэх хохирогч Т.Билгүүний...Мягмарнаран ууж байсан пивоны шилээ газар хагалаад тэгээд чулуу барьж дайраад тэрийг нь бас хаяулсан. Тэгээд байж байтал нөгөө талаас нэг хүн наашаа Мягмарнарангийн хагалсан шилийг наашаа надруу шидсэн. Тэгээд тэр шил шидсэн залуу нь наашаа гүйгээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би цохисон тэр үед ногоон куртиктай залуу надад цохиулсан хүнийг аваад явсан миний 2 нүд хөхөрч хавдсан шанаа амаа ангайж зуухаар өвдөж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаа хуудас/,

 

Шүүгдэгч С.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би зодооны үеэр өндөр туранхай залуугийн /Ганболд/ нүүр хэсэгт нь гараараа цохисон. Тэр залуу ч гэсэн миний хавиргыг хөлөөрөө өшиглөсөн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Ц.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Намайг "Цэ" пабаас гарч ирэх үед Мягмарнаран манай найз Лхагвасүрэнрүү дайрч байсан. Бид нар Лхагвасүрэнг аваад цаашаа явах гэж байх үед Мягмарнаран явган хүний замын тоосго аваад шидсэн. Тэгээд гэнэтхэн зодоон болсон... би Лхагвасүрэнг өмөөрөөд хууз сахалтай Т.Билгүүний нуруу хэсэгт нь хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгээд Т.Билгүүнийг эргээд харахад нь нэг удаа нүүр хэсэг рүү цохисон. Азхүү ах цохисны дараа Билгүүний хамар амнаас цус гараад байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч С.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Намайг анх "Цэ" пабаас гарч ирэхэд Мягмарнаран /сүүлд нэрийг нь мэдсэн/ гээд махлаг залуу нь Гантогтохыг дээрэлхээд зогсож байсан. ... бид тэр Мягмарнаранг чи яагаад байгаа юм бэ? гэж маргалдчихаад явах гэхэд Мягмарнаран гартаа барьж байсан пивотой шилээ газарт цохиж хагалаад гарт нь хагарч үлдсэн хэсгийг Гантогтохруу шидсэн. Мягмарнаранг хамт явж байсан Ганболд гээд залуу нь салгах гээд байсан боловч дийлээгүй. Мягмарнаран Ганболдыг түлхчихээд шавхайн дундаас тоосго авч Лхагвасүрэнрүү шидсэн. Лхагвасүрэн тэр залууг эргүүлээд цохих гэсэн боловч оноогүй....би Билгүүнийг цаашаа явж байхаар нь гүйж очоод бөгс хэсэг рүү нь өшиглөх гээд оноогүй болохоор нь нүүр хэсэгт нь баруун гараараа нэг удаа цохисон. ... би Билгүүний нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохисон…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 дуггаар хуудас/

 

            Насанд хүрээгүй хохирогч С.Ганболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би Чойсүрэнг салгах гээд хар саарал хантаазтай залууг хөлөөрөө бөгсөн бие орчимд нь жийгээд улаан цамцтай залууг нь 2 гараараа түлхсэн. ... улаан цамцтай залуу миний зүүн нүдэнд нэг удаа гараараа цохисон. Хар хантаазтай залуу миний хамар хэсэгт хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би яахаа мэдэхгүй тэр залуучуудад хандаж би “та нарыг салгах гэж байсан танихгүй хүн байна шүү дээ” гэхэд намайг зодсон хүмүүс зугатаагаад яваад өгсөн. Би гар утсаа гаргаж ирээд хамраа харахад миний хамар илт мурийсан байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

Хохирогч Т.Билгүүн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Мягмарнаран ууж байсан пивоны шилээ газар хагалаад тэгээд чулуу барьж дайраад тэрийг нь бас хаяулсан. Тэгээд байж байтал нөгөө талаас нэг хүн наашаа Мягмарнарангийн хагалсан шилийг наашаа над руу шидсэн. Тэгээд тэр шил шидсэн залуу нь наашаа гүйгээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би цохисон тэр үед ногоон куртиктай залуу надад цохиулсан хүнийг аваад явсан миний 2 нүд хөхөрч хавдсан шанаа амаа ангайж зуухаар өвдөж байна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Гантогтох мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө нэг багт хөл бөмбөг тоглодог Азхүү, Лхагвасүрэн, өөр багт тоглодог Билгүүн, Энхсайхан, өөр бас танихгүй 3 залуугийн хамт Монгол улсын их сургуулийн хажууд байдаг Цэ пабад орж сууцгаасан. Намайг Цэ пабаас гарч ирэнгүүт Мягмарнаран надаас тамхи байна уу? гэж зандрангуй байдлаар асуусан. Лхагвасүрэн пабаас гарч ирээд яасан бэ ахын дүү гэж асуусан. Тухайн үед намайг айсан царайтай зогсож байсан болохоор Лхагвасүрэн над дээр ирээд яасанб бэ? зүгээр үү гэж хэлсэн. Би Лхагвасүрэнг яагаачгүй яахаа ахаа гэж хэлээд Лхагвасүрэнг дагуулаад явах гэсэн чинь Мягмарнаран гартаа барьж байсан шилтэй пивоо газарт хагалаад бариултай хагарсан хэсгийг нь шидээд миний мөр хэсэгт оносон. Мягмарнаран бид нарт хандаж та нар шиг юмнуудтай би харьцахгүй гэж хэлэхээр нь зөрүүлээд чи петровисийн захирлын хүүхэд юм байж яахаараа Цэ-д суудаг юм бэ гэж хэлсэн. Яг тэр үед Цэ пабад сууж байсан Билгүүн Энхсайхан, гурван эмэгтэйтэй гарч ирсэн. Мягмарнаран гэнэт орилж чарлаж байснаа газраас тал тоосго аваад Лхагвасүрэн рүү шидсэн. Тэр үед нь за яахавдээ хэдүүлээ явцгаая гэж хэлээд машин барьж байсан болохоор   явах гээд машин дотроо ороод суучихсан байхад Мягмарнаран Лхагвасүрэнгийн араас хэрүүл өдөж ирээд хэдүүлээ сайхан зодолдож болно гэж өрөлт аваад газраас явган хүний зам өрдөг тоосго аваад Лхагвасүрэн рүү дахиад шидсэн. Би тэр үед машинаас гарч ирээд Мягмарнаранг цохих гэхэд цохиж чадалгүй Мягмарнаранд өөрөө цохиулсан. Мягмарнаран миний дээд уруул хэсэгт гараараа цохьсон. Би Мягмарнарангаас зугтаагаад хойшоогоо болтол Мягмарнаран руу Лхагвасүрэн дайрсан. Би хэсэг хойшлоод буцаад зодоон болж байгаа хэсэг рүү гүйгээд очиход зодоон дуусчихсан. Мягмарнаран замын цаашаа зугтаачихсан. Ганболд гээд банди нь нүүрээ дарчихсан, хамар амнаас нь цус гарчихсан зогсож байсан. Тэгэхэд би Ганболдыг барьчихсан зогсож байсан. Энхсайхан одоо болно гэж хэлээд Ганболдын хажуу талаас холдуулсан. Яг тэр үед Азхүү цаашаагаа яваад сахалтай банди /Билгүүн рүү/ гүйж очоод Билгүүний нуруу хэсэгт нь хөлөөрөө өшиглөөд нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохьсон...” /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.Батбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 9 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө 00:00 цагийн үед Монгол улсын их сургуулийн урд хэсэгт байрлах Цэ пабаас 6 хүнтэй сууж байгаад Гантогтох нь түрүүлж гараад араас нь Азхүү, Лхагвасүрэн, Цэрэнбаяр, Лхагвасүрэнгийн дүү бид тав гарч ирсэн. Бид нарыг гарч ирэхэд Гантогтохыг гурван залуу өдчихсөн зогсож байсан. Бид нар юу болсон бэ? гэж Гантогтохоос асуухад “энэ хэдэн залуучууд намайг дээрэлхээд байна” гэж хэлсэн. Тэгээд бид нар Гантогтохыг аваад явцгаах гэхэд тэр гурван залуугийн махлаг залуу нь /Мягмарнаран гэж сүүлд нэрийг нь мэдсэн/ ууж байсан пивоныхоо шилийг хагалж бид Лхагвасүрэн рүү дайрч шидсэн. Би Лхагвасүрэн, Азхүү, Гантогтох гуравыг машиндаа суулгаад авч явах гэхэд бид нарын араас явган замын боржуур шидсэн. Тэр нь бид нарыг оноогүй. Миний машины дугуйны обуд хэсэгт оносон. Тэгээд Лхагвасүрэн Мягмарнаран руу очоод жийх гэхэд хий өшиглөж унасан. Тэгээд тэр гурван залуу /Мягмарнаран, Билгүүн, Ганболд/ Лхагвасүрэнг хөлөөрөө өшиглөж эхэлсэн. Тэгээд Азхүү Лхагвасүрэнг өмөөрөөд Мягмарнаран гээд залууг нь гүйж очоод гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохьсон. Тэр бүдүүн Мягмарнаран гээд залуу тэгээд л шууд зугтаагаад явсан. Тэгээд Лхагвасүрэн нөгөө гурван залуугийн Билгүүн гээд залууг нь дарж байгаад нүүр рүү нь  удаа өшиглөсөн. Би араас нь гүйж очоод Лхагвасүрэнг салгаж аваад машиндаа суулгасан. Өндөр сахалтай залууг нь Азхүү цохиж байсан. Би яг хаана нь цохьснийг сайн мэдэхгүй байна. Би Азхүүг бас салгаж аваад машин руу суулгасан. Тэгээд Гантогтохыг Цэрэнбаяр Азхүүтэй хамт шахуу авч ирж суулгасан. Тэнд байсан нь Билгүүнийг авч ирж машинд суулгангуут бид нар хөдөлсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,

           

   Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11566 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. С.Ганболдын биед гайморын хөндийн урд ханын зөрүүгүй хугарал, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн нүдний ухархайн дотор ханын зөрүүгүй хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын зөрүүтэй хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн жавьжны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
  4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүнэвтэр зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

   Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11567 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Т.Билгүүний биед баруун, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжний зүүн хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2.  Дээрх гэмтэл мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
  4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

Хохирлын баримтууд /хх-ийн 71-73 дугаар хуудас/, шүүгдэгч А.Лгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 94 дүгээр хуудас/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-ийн 95 дугаар хуудас/, шүүгдэгч А.Лгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 96-100 дугаар хуудас/, С.Эы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 112 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /147 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 103 дугаар хуудас/, шүүгдэгч С.Агийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 104-111 дүгээр хуудас/, шүүгдэгч Ц.Бий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 78 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Бий хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 79-81 дүгээр хуудас/, шүүгдэгч С.Эы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 148 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 85 дугаар хуудас/, шүүгдэгч С.Эы хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 86-89 дүгээр хуудас/, хохирогч нарын хүсэлт /хх-ийн 126-127 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.Л, С.Э нар бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 22-ноос 2018 оны 9 дүгээр сарын 23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Цэ" пабын үүдэнд найзыгаа өмөөрч хохирогч С.Ганболдтой хоорондоо зүй зохисгүй харьцаж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “гайморын хөндийн урд ханын зөрүүгүй хугарал, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн нүдний ухархайн дотор ханын зөрүүгүй хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын зөрүүтэй хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн жавьжны салстад цус хуралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Ц.Б, С.А нар бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 22-ноос 2018 оны 9 дүгээр сарын 23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Цэ" пабын үүдэнд найзыгаа өмөөрч хохирогч Т.Билгүүнтэй хоорондоо зүй зохисгүй харьцаж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж, хүний эрүүл мэндэд нь “баруун, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжний зүүн хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь  шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч С.Ганболдын мэдүүлэг, хохирогч Т.Билгүүний мэдүүлэг, гэрч Г.Гантогтох, гэрч Ц.Батбаяр нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11566 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11567 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч А.Л, С.Э нар нь насанд хүрээгүй хохирогч С.Ганболдын биед хүч хэрэглэсэн үйлдлээ хүлээн мэдүүлсэн, хохирогч нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч нар өөрийг нь гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, гэрч нараас хэрэг болсон нөхцөл байдлыг тодорхой мэдүүлж,  хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч А.Л, С.Э нарын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч Ц.Б, С.А нар нь хохирогч Т.Билгүүний биед хүч хэрэглэсэн үйлдлээ хүлээн мэдүүлсэн, хохирогч нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч нар өөрийг нь гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, гэрч нараас хэрэг болсон нөхцөл байдлыг тодорхой мэдүүлж, хохирогчийн бие махбодид хэд хэдэн удаагийн хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б, С.А нарын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Л, С.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, шүүгдэгч Ц.Б, С.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тэдгээр нь өөрсдийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогч нартай эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч А.Л, С.Э нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц.Б, С.А нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч С.Ганболдоос “...гомдол, санал нэхэмжлэх зүйл үгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлт /хх-ийн 127 дугаар хуудас/, хохирогч Т.Билгүүнээс “...гомдол, санал нэхэмжлэх зүйл үгүй тул  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү…” гэсэн хүсэлт /хх-ийн 126 дугаар хуудас/ гаргасан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлж гэм хорыг арилгасан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгч С.А, Ц.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд С.А, Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор, прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч А.Л, С.Э нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн нөхцөл байдал тогтоогдсон тул  тэдгээрийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн А.Л, С.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Ийнхүү шүүхээс шүүгдэгч А.Л, С.Э нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч А.Л, С.Э, Ц.Б, С.А нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч А.Л, С.Э нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ц.Б, С.Э бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.Л, С.Э нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тус бүрийг тэнссүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, С.А нарт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

5. Шүүгдэгч А.Л, С.Э, Ц.Б, С.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Шүүгдэгч А.Л, С.Э нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, С.А нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Л, С.Э нар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулж болохыг анхааруулсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Л, С.Э, Ц.Б, С.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ДУЛАМСҮРЭН