| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2016/0171/И/ |
| Дугаар | 324 |
| Огноо | 2016-09-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 324
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Найрамдалын 9-2Б тоотод оршин суух Боржигон овгийн Цэрэндэндэвийн Сарнайцэцэгийн /РД: ДН83051004/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 10-21 тоотод оршин суух Жалайр овгийн Тожооны Энхболдод /РД: ДК79042914/ холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Сарнайцэцэг, хариуцагч Т.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Сарнайцэцэг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Цэрэндэндэв овогтой Сарнайцэцэг би 2004 оны 06 сарын 20-нд Тожоон овогтой Энхболдтой гэр бүл болсон. 1998 оны 11 сарын 25-ны өдөр хүү Пүрэв-Очир төрсөн. 2004 оны 03 сарын 03-нд охин Мөнхсүлд төрсөн. 2006 оны 01 сарын 29-нд хүү Бат-Эрдэнийг төрүүлсэн. Гэр болоод удалгүй чамаас сална гэж зодож дарамталдаг болсноос хүүхдүүдийн сэтгэл санаа тогтворгүй болж, ааш зан нь өөрчлөгдөж, сурлага хүмүүжилд нь өөрчлөлт орсон. Би арга буюу өөрийнхөө эрүүл мэнд, үр хүүхдийнхээ сурлага хүмүүжил, ирээдүйг бодож, Сум дундын 5 дугаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж өргөдөл гаргасан. Гэтэл Энхболд нь эвлэрүүлэн зуучлагчид мэдүүлэхдээ салах бодолгүй, цаашид үргэлжлүүлэн амьдарна гэж хэлээд эвлэрүүлэн зуучлагчийн өрөөнөөс гараад гэр, мотоцикль болон өөрийн гэсэн бүх юмаа аваад явсан. Одоо Энхболд нь 2015 оны 05 сараас хойш гэртээ ирэхгүй, өөр хамтран амьдрагчтай болсон. Энэ хүнтэй амьдраад сайхан амьдраагүй. Байнгын хүчирхийлэл дарамтыг үзүүлдэг байсан. Өөр хүнтэй амьдраад жил хагас болж байна. Би тэр хүнийг нь мэдэхгүй. Одоо ч гэсэн тэр хүнтэйгээ хамт амьдраад хүүхэдтэй болсон. Эмнэлэгт хамт үзүүлээд явж байсныг олон түмэн мэдэж байгаа болохоор нотлох баримт гэх зүйл авч чадсангүй. Би хөдөө ажил хийгээд энэ хүнтэй ч уулзаж чадаагүй. Өмнөх шүүх хурлаас хойш үр хүүхэдтэйгээ уулзаж ярьсан зүйл байхгүй, шүүх хурал болохоор хамтран амьдрагч байхгүй гэж гүрийгээд байдаг. Хүүхдүүд нь ч одоо очиход хүлээж авахгүй. Хүүхдүүдээ харж хандалгүй, нэг ч удаа эргэж ирээгүй, би үр хүүхдүүдийнхээ ирээдүй, сурлага хүмүүжил, зан төлөв нь эвдрэхээс болгоомжилж, өөрийнхөө эрүүл мэндийг гаргуунд нь гаргаж, тэвчиж өдий хүрсэн. Одоо цаашид үр хүүхэд, өөрийгөө гэр бүлийн хүчирхийллээс хамгаалж, сурч хүмүүжихийг хүсэж байгаа учир Энхболд бид хоёрын гэр бүлийг цуцалж, хүү Пүрэв-Очир, Бат-Эрдэнэ, охин Мөнхсүлд нарт хуульд заасан журмын дагуу тэтгэлгийг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Т.Энхболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Надад хамтран амьдрагч байхгүй. Энэ хүн худлаа ярьж байна. Би тогтсон ажил төрөл байхгүй, зах дээр грүүшиг хийж амьдралаа залгуулдаг. Би салмааргүй байна. Өмнөх хурал дээр бас энэ хүсэлтээ хэлсэн байгаа. Би Алтайн хүдэрт 2010-2014 он хүртэл ажиллаж байсан. 2014 оны 11 дүгээр сард гэртээ ирсэн. Намайг ирснээс хойш нэхэмжлэгч нь 2, 3 удаа архи ууж, согтуу ирсэнээс болж ийм хэрүүл маргаан үүссэн. Би нутгийнхаа нэг хүнтэй ноднин 06 сард Бигэрийн алт руу явсан. Тэр хүнтэй намайг харддаг. Өөр элдэв янзын асуудал байхгүй. Эвлэрүүлэх хугацаанд 2, 3 удаа гэртээ очсон. Дандаа цоожтой байдаг. Ц.Сарнайцэцэгийн утас нь холбогддоггүй гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ц.Сарнайцэцэг нь хариуцагч Т.Энхболдоос гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч Ц.Сарнайцэцэг, хариуцагч Т.Энхболд нар нь 2004 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болж, 2004 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Гэрлэгчдийн дундаас 1998 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүү Энхболдын Пүрэв-Очир, 2004 оны 03 дугаар сарын 03-ны өдөр охин Энхболдын Мөнхсүлд, 2006 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүү Энхболдын Бат-Эрдэнэ нар төрсөн болох нь хэрэгт авагдсан №0208522 /№83/, №0044705-14, №0167956 /№09/ дугаартай төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.7 дахь хэсэгт зааснаар шүүх урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ авч, эвлэрүүлэн зуучлалын журмаар эвлэрэх 2 сарын хугацаа заасан байх боловч эвлэрэл амжилтгүй болсон болох нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны 07 сарын 27, мөн оны 08 сарын 31-ний өдрүүдийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын тэмдэглэлүүдээр тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт зааснаар шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авсан боловч гэрлэгчид эвлэрээгүй байна.
Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцол, хариуцагч нэхэмжлэгчийн эрх чөлөөнд халдсаны улмаас нэхэмжлэгч гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хэдийгээр хариуцагч нь гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байх боловч гэрлэгчид 2015 оны 05 сараас хойш тусдаа амьдарч, энэ хугацаанд хариуцагч гэрлэлтээ хэвээр үргэлжлүүлэх болон үр хүүхдээ тэжээн тэтгэхэд оролцоогүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул шүүх гэрлэлтээ цуцлуулах зохигчдын хүсэл зориг, гэр бүлийн харилцааны нөхцөл байдал зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
1998 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүү Энхболдын Пүрэв-Очир, 2004 оны 03 дугаар сарын 03-ны өдөр охин Энхболдын Мөнхсүлд, 2006 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүү Энхболдын Бат-Эрдэнэ нар нь гэрлэгчдийг тусдаа амьдарсан үеэс хойш эхийн асрамжид өсч торниж байгаа нөхцөл байдал, хүүхдийн насны онцлог болон хүүхдийн санал, хариуцагч асрамжийн талаар маргаагүй зэргийг үндэслэн хүү Э.Пүрэв-Очир, охин Э.Мөнхсүлд, хүү Э.Бат-Эрдэнэ нарыг эх Ц.Сарнайцэцэгийн асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр хүү Э.Пүрэв-Очир, охин Э.Мөнхсүлд, хүү Э.Бат-Эрдэнэ нарт тус бүрт нь тэтгэлэг тогтоож эцэг Т.Энхболдоор тэжээн тэтгүүлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь гэр бүлийн дундын эд хөрөнгө нэхэмжлээгүй байх бөгөөд талууд эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Т.Энхболдооос 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Сарнайцэцэгт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг 3.131.200 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 65.049 төгрөгийг хариуцагч Т.Энхболдоос гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овгийн Цэрэндэндэвийн Сарнайцэцэг, Жалайр овгийн Тожооны Энхболд нарын /2004 оны 08 дугаар сарын 16-ны өдөр бүртгүүлсэн №0007 дугаартай гэрлэлтийн бүртгэлтэй/ гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 1998 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Э.Пүрэв-Очир, 2004 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Э.Мөнхсүлд, 2006 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Э.Бат-Эрдэнэ нарыг эх Цэрэндэндэвийн Сарнайцэцэгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 1998 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Э.Пүрэв-Очир, 2004 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Э.Мөнхсүлд, 2006 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Э.Бат-Эрдэнэ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхэд тус бүрт сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Т.Энхболдоор тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ц.Сарнайцэцэгт даалгасугай.
5. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Т.Энхболд нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Сарнайцэцэг нь Т.Энхболдыг эцгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг дурдсугай.
7. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Энхчимэгт даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Т.Энхболдооос 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Сарнайцэцэгт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг 3.131.200 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 65.049 төгрөгийг хариуцагч Т.Энхболдоос гаргуулан төрийн санд оруулсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН