Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/01542

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/01542

 

М-

ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 20-ны өдрийн 102/ШШ2024/03267 дугаар шийдвэртэй,

М- ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н-ХХК-д холбогдох,

2019 оны 09 сарын 14-ний өдөр байгуулсан 1617 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, барьцааны эрхийг дуусгавар болгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн өмгөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Талуудын хооронд байгуулсан 2019 оны 09 сарын 14-ний өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр манай компани 150 ширхэг автомашины дугуйг 102,000,000 төгрөгөөр төлбөрийг дараа тооцохоор худалдан авсан. Мөн өдөр байгуулсан барьцааны гэрээгээр улсын эрхийн бүртгэлийн **** дугаартай, Баянзүрх дүүргийн **** хороо, *****гудамж ****** хаягт байрлах ***** талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.

Уг эд хөрөнгө өмнө нь Ж.Г-ийн өмчлөлд байсан. Ж.Г- нь анх манай компаниас 2015 оны 04 сарын 16-ны өдөр зээлийн гэрээгээр авсан 160,000,000 төгрөгийн төлбөрт дээрх хувийн сууцыг барьцаалж, улмаар төлбөртөө тооцон өгч манай компанийн өмчлөлд 2015 оны 12 сарын 18-ны өдөр байгуулсан 3742 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. Гэвч Ж.Г- нь уг орон сууцаа буцаан авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн бөгөөд, эцсийн байдлаар Улсын Дээд шүүхийн 2021 оны **** 1352 дугаар тогтоолоор дээрх барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж Баянзүрх дүүргийн *** хороо, *****1 гудамжны ****** хаягт байх, улсын бүртгэлийн ***** дугаартай, ***** талбайтай хувийн сууцыг Ж.Г-ийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг М ХХК-д даалгаж шийдвэрлэсэн.

Энэхүү хүчин төгөлдөр бус хэлцэлд үндэслэн М ХХК нь дээрх хувийн сууцны өмчлөгч болсон тул уг орон сууцыг хожим Н-ХХК-д барьцаалсан 2019 оны 09 сарын 14-ний өдрийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т "дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл" хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Иймд энэхүү барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, уг барьцааны эрхийг дуусгавар болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: М- ХХК нь 2019 оны 09 сарын 11-ний өдөр 150 ширхэг дугуйг худалдан авсны үнийг одоо болтол төлөөгүй. Тус гэрээний барьцаанд Баянзүрх дүүргийн **** хороо, *****гудамж, ******од байх ***** талбай бүхий хувийн сууцыг барьцаалж, гэрээг бүртгэлд бүртгүүлсэн. Гэрээний үүрэг 2019 оны сарын 31-ний өдөр хангагдаж дуусахаар байтал энэ үүргээ биелүүлээгүй тул бид цагдаагийн байгууллагад хандан М- ХХК-ийг залилсан гэж өргөдөл гомдлыг гаргасныг хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад барьцаа хөрөнгийн өмчлөгч нь Ж.Г- болохыг мэдсэн. Ж.Г-ийн өмчлөлийн эд хөрөнгийг нэхэмжлэгч нь манайд барьцаалж 150 ширхэг дугуй буюу 102,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасныг цагдаагийн байгууллага шалгаж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан үндэслэлгүй тул Н ХХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан 1617 дугаартай Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, барьцааны эрхийг дуусгавар болгох тухай М- ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шийдвэрт "талуудын хооронд 2019 оны 09 сарын 14-ний өдөр хийгдсэн барьцааны гэрээг М ХХК-ийн Ж.Г-тэй 2015 оны 12 сарын 18-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр байгуулагдсан хэлцэл гэж үзэх боломжгүй", Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болдог ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар барьцааны эрхийг дуусгавар болгох үндэслэлгүй байна" гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Маргааны зүйл болсон барьцааны зүйл өмнө нь Ж.Г-ийн өмчлөлд байсан бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний үндсэн дээр уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон. Иргэн Ж.Г- анх "М- ХХК-тай 2015 онд байгуулсан зээлийн гэрээний үүргийг хангуулахаар Баянзүрх дүүргийн *** хороо, *****1 гудамжны ******, улсын бүртгэлийн Ү- 2204066507 дугаартай, ***** талбай бүхий, 90 хувийн гүйцэтгэлтэй, хувийн сууцыг барьцаалсан. Тэрээр зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадаагүй тул талууд харилцан тохиролцож, Ж.Г- нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх хувийн сууцыг манайд шилжүүлэхээр 2015-12-18-ны өдөр 3742 тоот "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах" гэрээг байгуулснаар М-" ХХК нь тус хөрөнгийн өмчлөгч болсон.

4.2. Ж.Г- нь уг орон сууцаа буцаан авахаар шүүхэд хандсанаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны ***** өдрийн 2502 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны **** өдрийн 375 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүх 2021 оны ***** өдрийн 1352 дугаар тогтоолоор ***өдрийн 3742 тоот "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, улсын бүртгэлийн ****** дугаартай, ***** талбайтай хувийн сууцыг нэхэмжлэгч Ж.Г-ийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг М ХХК-д даалгаж шийдвэрлэсэн.

Дээрхээс үзвэл М ХХК нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй этгээд биш тул "Н-" ХХК-тай байгуулсан барьцаагаар хангагдах шаардлага хэрэгжих боломжгүй буюу талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь хожим хийгдсэн. Шүүхээс дээрх 2015 оны Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болсноор барьцааны гэрээ нь шууд шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбоотойг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.

4.3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан барьцааны эрх дуусгавар болсон эсэхэд огт дүгнэлт хийгээгүй. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь шүүхийн шийдвэрээр Ж.Г-т шилжсэнээс гадна өмчлөгч Ж.Г- нь өнөөдрийг хүртэл уг орон сууцандаа өөрийн гэр бүлийн хамт амьдарч байна. Энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар барьцааны эрх дуусгавар болох урьдчилсан нөхцөл бий болсон байхад шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Учир нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тухайн үед нэхэмжлэгчийн өмчлөлд байсан үл хөдлөх эд хөрөнгийг хуулийн дагуу барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлсэн нь бүртгэл үнэн зөв байх хуулийн зохицуулалтын хүрээнд барьцааны гэрээ хийгдсэн. Нэхэмжлэгч одоо хүртэл зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй атлаа барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэж барьцааны гэрээ дуусгавар болгохоор тайлбарладаг. Энэ нь хариуцагчтай холбоотой барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй. Нэхэмжлэгч талын дурдаж буй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг тайлбарласан 2010 оны 06 сарын 22-ны өдрийн Улсын дээд шүүхийн тайлбарт энэ асуудлыг хүчин төгөлдөр бус хэлцлийн дараа хэлцлийн зүйл болох эд хөрөнгө болон эрхийн талаар хийсэн хэлцэл болгоныг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлд уг зохицуулалт үүсгэхгүй гэж тайлбарласан. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5, 154.6-д заасны дагуу хариуцагч барьцааны гэрээ байгуулах үед Ж.Г-тэй холбоотой ямар нэгэн эрхийн доголдол, түүнтэй холбоотой маргааныг хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс мэдэх боломжгүй байсан. Тиймээс нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч М- ХХК нь хариуцагч Н-ХХК-д холбогдуулан талуудын хооронд 2019 оны 09 сарын 14-ний өдөр байгуулсан Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, барьцааны эрхийг дуусгавар болгохоор нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь зээлээр худалдан авсан 150 ширхэг дугуйны үнийг төлөөгүй байгаа, уг асуудлыг эрүүгийн журмаар шалгуулж байгаа гэсэн тайлбар гарган маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

4. Талуудын хооронд 2019 оны 09 сарын 14-ний өдөр байгуулсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр М- ХХК нь 1200К24 маркийн 150 ширхэг автомашины дугуйг 102,000,000 төгрөгөөр Н-ХХК-аас зээлээр худалдан авахаар тохиролцсон. Тус гэрээний үүргийг хангуулахаар мөн өдөр байгуулсан барьцааны гэрээгээр М- ХХК нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн **** хороо, *****гудамж ******од байршилтай, ***** талбайтай, улсын эрхийн бүртгэлийн **** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ. Барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны **** өдрийн 2502 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны **** өдрийн 375 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны ****өдрийн 1352 дугаар тогтоолоор М- ХХК, Ж.Г- нарын хооронд 2015 оны 12 сарын 18-ны өдөр байгуулсан 3742 дугаартай "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах" гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн *** хороо, *****гудамж ******од байршилтай, ***** талбайтай, улсын эрхийн бүртгэлийн **** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Ж.Г-ийн өмчлөлд шилжүүлэхийг М- ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

5. Нэхэмжлэгч М- ХХК нь иргэн Ж.Г-тэй байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу маргааны зүйл болсон ****** хаягт орших үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болж, улмаар хариуцагчид барьцаалсан тул зохигчийн хооронд 2019 онд байгуулсан барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал нь М- ХХК, Ж.Г- нарын хооронд 2015 онд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээтэй салшгүй холбоотой гэж үзэхээр байна.

Учир нь М- ХХК, Ж.Г- нарын хооронд 2015 онд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хууль зөрчсөн, хууль бус хэлцэл болохыг тогтоосны үр дагаварт нэхэмжлэгч М- ХХК тухайн үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Ж.Г-ийн өмчлөлд буцаан шилжүүлэх үр дагавар үүсчээ. Энэ нь нэхэмжлэгч М- ХХК, хариуцагч Н-ХХК нарын хооронд байгуулсан 2019 оны 09 сарын 14-ний өдөр байгуулсан барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлыг шууд хөндсөн үр дагаврыг үүсгэсэн байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар хуульд заасан байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, зохигчийн хооронд 2019 оны 09 сарын 14-ний өдөр байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоох үндэслэлтэй. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар буюу барьцааны эрхийг дуусгавар болгохоор гаргасан нэхэмжлэгчийн шаардлагыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Иймээс Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт барьцааны эрх дуусгавар болох үндэслэлийг заасан бөгөөд зохигчийн хооронд байгуулсан барьцааны гэрээ хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бус болсноор хариуцагч Н-ХХК-ийн барьцааны эрх нь мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6-д хуульд заасан бусад үндэслэл-ээр дуусгавар болохоор заасны дагуу дуусгавар болсон байна.

 

6. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3 дахь хэсэгт зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцөлийн талаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрөх, мөн уул хэлцэл нь өөр хэлцлийн агуулгад нийцэж байвал уг хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэж болохоор хуульд заасан.

Гэвч тус барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор нэхэмжлэгч шаардлага гаргасан ба энэ талаар зохигч эвлэрэн хэлэлцэх буюу харилцан тохиролцоогүй байна. Түүнчлэн зохигч тухайн барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж хүлээн зөвшөөрсөн эсэхээс үл хамааран барьцааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийг бусад этгээд буюу иргэн Ж.Г-ийн өмчлөлд шилжүүлэх үр дагавар үүссэн тул барьцааны эрхийг хүчин төгөлдөр гэж дүгнэх боломжгүй.

 

7. Дээрх үндэслэлээр зохигчийн хооронд 2019 оны 09 сарын 14-ний өдөр байгуулсан барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаа хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6-д зааснаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, *****1 гудамжны ****** хаягт байх улсын бүртгэлийн Ү-2204066507 дугаартай, ***** талбай бүхий хувийн сууцыг барьцаалсан хариуцагч Н-ХХК-ийн барьцааны эрхийг дуусгавар болгож шийдвэрлэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт зааснаар шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааны хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх үүрэгтэй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болон тус гэрээ хүчин төгөлдөр гэж, мөн гэрээний үүргээ худалдан авагч биелүүлсэн эсэхийг дүгнэхгүй. Учир нь зохигч, талууд 2019 оны 09 сарын 14-ний өдөр байгуулсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдал, нэхэмжлэгч нь тус гэрээний үүргээ биелүүлсэн эсэх асуудлаар маргаагүй, зохигчийн хэн аль нь энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учир шүүх энэ талаар дүгнэлт өгөхгүйг дурдах нь зүйтэй.

 

9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан агуулгаар өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 20-ны өдрийн 102/ШШ2024/03267 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 160 дугаар зүйлийн 160.1.6-д заасныг баримтлан 2019 оны *** өдрийн 1617 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Баянзүрх дүүргийн *** хороо, *****1 гудамжны ****** хаягт байх улсын бүртгэлийн ***** дугаартай, ***** талбай бүхий хувийн сууцыг барьцаалсан Н-ХХК-ийн барьцааны эрхийг дуусгавар болгосугай гэж өөрчилж,

2 дахь заалтын ...үлдээсүгэй... гэснийг үлдээж, хариуцагч Н-ХХК-аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М- ХХК-д олгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч М- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Э.ЭНЭБИШ