| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0716/Э |
| Дугаар | 85 |
| Огноо | 2019-01-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Сүхбат |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
Улсын яллагч Ц.Сүхбат,
Өсвөр насны шүүгдэгч Э.Ц, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Ю.Дулам, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Цд холбогдох эрүүгийн 1709015120690 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, эгч, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, 2 дугаар гудамжны, 15 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Э.Ц нь 2017 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сүхбаатар Дүүргийн 8 дугаар хороо, Аваргын 10 дугаар байрны гадна байсан иргэн Б.Будсүрэнгийн эзэмшлийн 60-76 УНМ улсын дугаартай автомашинаас эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Өсвөр насны шүүгдэгч Э.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Дулам шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Манай охин уг нь миний үгэнд сайн ордог. Хэрэг шүүхэд шилжсэний дараа надтай ярьсан. Энэ тухай хүүхэддээ хэлэхэд айсан байх. Зугтаж оргон зайлах бодолгүй байсан байх. Манай хүүхэд буруу зүйл хийсэн учир хохирол, төлбөрийг төлнө. Яахаа алдсан гэмт хэрэгтэн болчихоогүй гэж бодож байна...” гэв.
Талуудын хүсэлтээр эрүүгийн 1709015120690 дугаартай хэргээс:
Өсвөр насны шүүгдэгч Э.Ц мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би машинаас нөүтбүүк авах үедээ Хэрлэн, Наранбаатар, дүү Нарансолонго нарын хамт явж байсан. Тухайн үед тэр гурав надтай хамт боловч намайг машинаас эд зүйл авсан талаар мэдээгүй. Харин таксинд суугаад би цүнхтэй эд зүйл авсан талаараа хэлсэн. Би ээжийнхээ бичиг баримтыг авч гараад ганцаараа явж байгаад Хар хорин дээр ломбарданд аваачиж тавьсан...” /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Будсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...22 цагийн үед гэртээ ажлаа тарж ирээд өөрийн 60-76 УНМ улсын дугаартай автомашинаа 10-1 дүгээр байрны гадна автомашины зогсоол дээр байрлуулан тавиад гэр рүүгээ орсон. Тухайн үед машины урд суудал дээр... зөөврийн нөтбүүкээ орхиод гэр рүүгээ орсон ба буцаж гарч ирнэ гэж бодож байгаад гаралгүй унтаад өгсөн юм. Мөн миний автомашины баруун талын жижиг гурвалжин шил... тор тавиад скочдчихсон байсан. Тэгээд өнөөдөр өглөө гэрээсээ гараад ирэхэд хагарсан байсан цонхны торыг шатаагаад дотор байсан зөөврийн нөтбүүкийг аваад явсан байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Э.Хэрлэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...23 цаг өнгөрч байхад бид нар гэртээ харихаар болоод 13 дугаар хороолол руу алхаж явж байхдаа оюутны гудамжны тэнд “Сонор” плазагийн хойд талын гудамжинд явж байсан ба бидний ардаас Цэнд-Аюуш хар өнгийн нэг цүнх үүрчихсэн ирээд “таксигаа барьчих гэр рүүгээ явъя” гэж хэлээд машинд гар өргөн суугаад гэртээ харьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,
Гэрч Ю.Дулам мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би мэдэхгүй байна. Цэнд-Аюуш миний бичиг баримтыг нууцаар авч явсан байсан. Тэрнээс биш ломбарданд юуг хэнтэй аваачиж тавьсан талаар нь би мэдэхгүй. Надтай цагдаагаас холбогдох үед нь би энэ талаар нь мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч М.Хаш-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Одоо би энэ асуудлын талаар сайн санахгүй байна... Манай барьцаат зээлийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын барьцаат зээлийн гэрээн дээр Юра Дулам гэсэн хүний бичиг баримтаар тавьсан байсан. Тухайн үед ямар хүн орж ирээд энэ бичиг баримтаар тавьсан талаар би одоо санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/,
Насан тоолсон тэмдэглэл, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 52, 57 дугаар хуудас/,
Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нв зах зээлийн үнэлгээгээр 558.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 35 дугаар хуудас/,
Өсвөр насны шүүгдэгч Э.Цийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/, оршин суугаа хорооны тодорхойлолт /хх-ийн 58 дугаар хуудас/, хохирогч Б.Будсүрэнгийн хүсэлт /хх-ийн 69 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Э.Ц нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Аваргын 10 дугаар байрны гадна байсан иргэн Б.Будсүрэнгийн эзэмшлийн 60-76 УНМ улсын дугаартай, “Тоёота приус 20” маркын автомашинаас зөөврийн компьютер, зөөврийн хард дискийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 558.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь өсвөр насны шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Будсүрэнгийн “...автомашины баруун талын жижиг гурвалжин шил дотор тор тавиад скочидчихсон байсан... цонхны торыг шатаагаад дотор байсан зөөврийн нөүтбүүкийг аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Э.Хэрлэнгийн “...Цэнд-Аюуш хар өнгийн нэг цүнх үүрчихсэн ирсэн...” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч М.Хаш-Эрдэнийн “...барьцаат зээлийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын барьцаат зээлийн гэрээн дээр Юра Дулам гэсэн хүний бичиг баримтаар тавьсан байсан....” гэсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл шүүгдэгч нь хохирогчийн автомашинаас эд хөрөнгийг нууцаар авсанаа мэдүүлсэн, хохирогчоос эд хөрөнгөө алдсаныг мэдүүлж, хэрэг гарсан газрын нөхцөл байдал нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл тусгагдаж, насанд хүрээгүй гэрчээс шүүгдэгчид эд зүйл байсан болохыг гэрчилж, хохирогчийн эд хөрөнгийг шүүгдэгчээс барьцаалан зээлдүүлэх газар барьцаалсан болох нь иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэгт тусгагдсан ба тухайн эд зүйлийг хураан авсан болохыг тэмдэглэлд бэхжүүлж, хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учирсан болохыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх өсвөр насны шүүгдэгч Э.Цийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас Э.Цийг шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргаж өсвөр насны шүүгдэгч, түүний өмгөөлөгч хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн эд хөрөнгийг иргэний нэхэмжлэгч М.Хаш-Эрдэнээс хураан авч хохирогчид буцаан өгч хохирол төлөгдсөн нөхцөл байдал тогтоогдсон /хх-ийн 31-32/ боловч иргэний нэхэмжлэгчид учирсан 350.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол төлөгдөөгүй тул уг хохирлыг өсвөр насны шүүгдэгч Э.Цийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Ю.Дуламаас гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Хаш-Эрдэнэд олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх өсвөр насны шүүгдэгч Э.Цыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Өсвөр насны шүүгдэгч Э.Ц нь 2001 оны 8 дугаар сарын 23-ны өдөр төрсөн бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба 18 насанд хүрээгүй нөхцөл байдал тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн наймдугаар бүлэгт заасны дагуу өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмыг хэрэглэх нь зүйтэй байна.
Шүүх өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Э.Цийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 180 /нэг зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч Э.Ц нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл нийт 19 хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуульд заасны дагуу түүний цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож /19*8=152/ 152 цагийг хасч /180-152=28/ 28 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.Ц нь болохыг дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад өсвөр насны шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Э.Цг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Цт 180 /нэг зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Цийн цагдан хоригдсон 19 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон /19*8=152/ 152 цагийн ажлыг эдлэх ял хасч, /180-152=28/ 28 /хорин найм/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг тогтоосугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Цийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Ю.Дуламаас 350.000 /гурван зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч М.Хаш-Эрдэнэд олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Ц нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажлыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч Э.Цид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Цид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН