Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 486

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


   Хэргийн индекс: 156/2016/00545/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
            Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Норовлин сумын 2 дугаар баг, Ангирт гэх газарт оршин суух, Боржигон овогт Хуврагын Саранцэцэгийн (РД: СП61121310) нэхэмжлэлтэй 

            “Өөрийн төрсөн дүү Н.Энхбаатарын ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Саранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Нэхэмжлэгч Х.Саранцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
 Миний дүү Н.Энхбаатар нь 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Норовлин сумын “Хамтын хүч” нэгдэлд малчнаар ажилласан юм. Миний дүү Н.Энхбаатар нь 2016 оны 06 дугаар сард нас барсан бөгөөд группд байсан хугацааны тэтгэмжийг гаргуулах болсон тул Хэнтий аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь талийгаач Н.Энхбаатарын ажлаас халагдсан тушаал гараагүй, хөдөлмөрийн дэвтэр байхгүй гэсэн учир энэ хугацааны ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлага гарсан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ. /хх-ийн 1 тал/

Нэхэмжлэгч Х.Саранцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний дүү Н.Энхбаатар нь 2016 оны 06 дугаар сард нас барсан бөгөөд группд байсан хугацааны тэтгэмжийг гаргуулах болсон тул Н.Энхбаатарын ажиллаж байсан байлыг тогтоогох болсон юм. Хэнтий аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь талийгаач Н.Энхбаатарын ажлаас халагдсан тушаал гараагүй, хөдөлмөрийн дэвтэр байхгүй гэсэн учир энэ хугацааны ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлага гарсан. Миний төрсөн дүү талийгаач Н.Энхбаатар нь 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Норовлин сумын “Хамтын хүч” нэгдэлд малчнаар ажилласан мөн Хэнтий аймгаас 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 166 дугаар ангид цэргийн  алба хаасан юм. Иймд дээрх хугацаанд цэргийн алба хаасан болон ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэв.

   Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Хуваргын Саранцэцэг нь өөрийн төрсөн дүү Боржигин овогт Нансалын Энхбаатар агсныг Хэнтий аймгийн Норовлин сумын “Хамтын хүч” нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд  малчнаар ажиллаж байсныг болон Нансалын Энхбаатар агсныг 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд Хуваргын Энхбаатар овогтойгоор цэргийн жинхэнэ алба хаасан болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Х. Саранцэцэгийн төрсөн дүү болох Боржигин овогт Нансалын Энхбаатар агсан нь Хэнтий аймгийн Норовлин сумын Хамтын хүч нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд  малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар /хх-ийн 1х/, Хэнтий аймгийн Норовлин сумын “Хамтын хүч” нэгдлийн зөвлөлийн даргын тушаал /хх-ийн 6 тал/ Хэнтий аймгийн архивын тасгийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 11 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Түүнчлэн Нансалын Энхбаатар агсан нь 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд цэргийн жинхэнэ албыг Хуваргын Энхбаатар гэсэн овогтойгоор Барилгын цэргийн 166 дугаар ангид хаасан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон Батлан хамгаалах яамны төв архивын лавлагаа /хх-ийн 7 тал/-аар тогтоогдож байх тул уг байдлыг шийдвэрт дурдах нь зүйтэй байна.
Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

                                                                                                                      
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д  зааснаар нэхэмжлэгч Х.Саранцэцэгийн төрсөн дүү болох Боржигин овогт Нансалын Энхбаатар (РД:СП61121310) агсныг Хэнтий аймгийн Норовлин сумын Хамтын хүч нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд  малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай. 
2. Нансалын Энхбаатар агсан нь 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд цэргийн жинхэнэ албыг Хуваргын Энхбаатар гэсэн овогтойгоор Барилгын цэргийн 166 дугаар ангид хаасан болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Саранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Ж.БОЛДБААТАР