Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 86

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Улсын яллагч П.Даваасүрэн,

Шүүгдэгч Г.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бд холбогдох эрүүгийн 1809036510856  дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

   Монгол Улсын иргэн, 1980 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эгч, дүү нарын хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 26-р байрны 13 тоотод оршин суудаг, урьд 4 удаа ял шийтгэгдсэн, Үүнд:

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 507 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 31-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 279 дүгээр зүйлийн 279.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 8 сарын хугацаагаар хорих ял, 146 дугаар зүйлийн 146.2 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж уг хорих ялуудын хөнгөн ялыг хүндэд нь багтааж бүгд биечлэн эдлэх ялыг 4 жил 8 сарын хугацаагаар тогтоосон, уг хорих ялыг 435 дугаар ангид эдлэж байгаад 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 8 сарын хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

 

Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 12 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгний эд хөрөнгө хурааж 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялуудын заримыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 600.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 14 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгүүлж хорих ялаа биеэр эдлэж байгаад 441 дүгээр хорих ангиас 2017 оны 07 дугаар сарын 04 -ний өдрийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 471 дүгээр шүүгчийн захирамжаар хуулийн тэгшитгэлээр хорих ялыг эдэлсэнд тооцон суллагдсан,

 

 Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1464 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн,

 

         Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 12 дугаар сард Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны 39 тоотод хохирогч О.Ононгийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 390.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

      

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 1809036510856 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Г.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...би 2017 оны 12 дугаар сард одоо өдрийг нь санахгүй байна ганцаараа явж байхдаа айлуудын хаалгыг татаж үзэж байгаад Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо 11 дүгээр хороолол Сансар руу явдаг буудлын урд 9 давхарын 39 тоот айлын хаалгыг тогшсон чинь 13-14 насны эрэгтэй хүүхэд байсан. Тэгэхээр нь би “аав нь байна уу” гээд орсон чинь “аав байхгүй” гэсэн. Тэр хүүхэд цай хийж өгөх гээд гал тогоо руу орсон. Тэр үед нь жижиг өрөөнд нь байсан залгаатай нөүтбүүкийг аваад гарсан. Нөүтбүүк нь батерей байхгүй байсан одоо хүртэл гэрт байгаа тэрийг нь авчраад өгнө...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-26 дугаар хуудас/,

            

             Хохирогч О.Онон мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 12 дугаар сард хэдэн гэдгийг нь санахгүй байна Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 8 дугаар байрны 39 тоотоос хүүхдийн өрөөнд байсан “Дэлл” брендийн зөөврийн компьютерийг алдсан урд орой нь хүүхэд хичээл хийж байгаад маргааш орой нь хичээлээ хийх гэсэн чинь байхгүй болчихсон байсан...” /хх-ийн 6 дугаар хуудас/,

 

             Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 10-11 дүгээр хуудас/

             

            Шүүгдэгч Г.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 15 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 28-39 дүгээр хуудас/, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт /хх-ийн 43/, хохирогч О.Ононгийн хүсэлт /хх-ийн 48 дугаар хуудас/, шүүх хуралдаанд талуудаас гаргасан Г.Бын ял эдэлсэн талаарх тодорхойлолт 1 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

        Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 12 дугаар сард Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны 39 тоотод хохирогч О.Ононгийн өмчлөлийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 390.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Г.Бын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Ононгийн мэдүүлэг, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Г.Б нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны 39 тоотод бага насны хүүхдийг далимдуулан  хохирогч О.Ононгийн зөөврийн компьютерийг нууцаар авсан талаарх үйл явдлын агуулгыг шүүгдэгч, хохирогч нараас тодорхой мэдүүлж, уг үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан болохыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Бын үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Г.Быг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Г.Б нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны 39 тоотод хууль бусаар нэвтэрсэн шинж хангалттай нотлох баримтаар тогтоогдоогүй ба прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Хохирогчоос “...зөөврийн комьпютер аа бүрэн бүтэн хүлээж авсан тул цаашид нэхэмжлэх гомдол, саналгүй...” гэсэн хүсэлтээ /хх-ийн 48/ илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс хохирлыг төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Г.Быг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд учруулсан хохирлоо төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Г.Б нь шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлоо буцаан төлсөн нөхцөл байдал тогтоогдсон.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, түүнийг буцаан нөхөн төлж арилгасан байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч Г.Б нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1464 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж, уг ялаас 216 цагийн ажлыг биелүүлж, 434 цагийн ажлыг биелүүлээгүй байгаа болох нь хэрэгт авагдсан тодорхойлолт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогджээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан хэд хэдэн төрлийн ялыг тус тусад нь эдлүүлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзсэн болно.

Шүүгдэгч Г.Бын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заасан байх ба зорчих эрхийг хязгаарлах ял хэрэгжих нөхцөл бүрдээгүй тул түүнийг хэрэгжүүлэх боломжгүйгээс гадна нийтэд тустай ажил хийлгэх ялыг хуульд заасан хэмжээний дотор бага хугацаагаар оногдуулахгүй гэж үзсэн.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгчийн хувийн байдал, бусад нөхцлийг харгалзан нийгмээс тодорхой хугацаагаар тусгаарлаж хорих ял оногдуулах нь түүний эрх зүйн байдалд тохирсон гэж шүүх дүгнэсэн болно. 

 

            Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа. 

             Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилгоо хэрэгжүүлсэн, зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон                                                       

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Г.Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгчид оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бод энэ шийтгэх тогтоолоор болон Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1464 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хэд хэдэн төрлийн ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

 

            5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

           

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

             8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Бод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ДУЛАМСҮРЭН