Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
Хэргийн индекс | 184/2024/02983/И |
Дугаар | 210/МА2024/01572 |
Огноо | 2024-08-09 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2024/01572
2024 оны 08 сарын 09 өдөр | Дугаар 210/МА2024/01572 |
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
С.Б-гийн нэхэмжлэлтэй, НШШГГ-т холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны *****- 1645 дугаар шийдвэрээр С.Б-гээс 17,500,000 төгрөг гаргуулан Э- ХХК-д олгож шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн ***** хороо-, *** гудамж, ** тоот- хаягт байх, улсын бүртгэлийн *******- дугаартай, ** м.кв- талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байх улсын бүртгэлийн
*******- дугаартай 422 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг Х-Э- ХХК-ийг 66,900,850 төгрөгөөр үнэлсэн.
Х-Э- ХХК дээрх хөрөнгүүдийг зах зээлийн үнэ ханшаас доогуур үнэлсэн, адил төстэй, ойролцоо байрлалтай хувийн сууц болон газартай адилтгаж жишиж, харьцуулж үзээгүй. Уг газар нь гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төслийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгч Н- ХХК-тай 2016 оны 02 сарын 10-ны өдөр гэрээ байгуулсан бөгөөд гэр хорооллыг орон сууцжуулах төсөлд хамрагдсанаараа газрын үнэлгээ өссөн. Иймд Х-Э- ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэгч С.Б-гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар НШШГГ-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Х-Э- ХХК-ийн 2023 оны 11 сарын 19-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай С.Б-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: "Х-Э-" ХХК-ийн шинжээч нь хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа зах зээлийн судалгааг бодитой хийгээгүй, харьцуулалт хийж буй хөрөнгийн мэдээлэл дутмаг, хэдэн онд баригдсан, ямар хийц, чанартай обьекттой харьцуулалт хийж байгаа нь тодорхойгүй, энэ талаар үнэлгээний тайланд тодорхой дурьдаагүй, ижил төрлийн обьекттой харьцуулалт хийсэн гэх боловч тэдгээр обьектод биет үзлэг хийгээгүй, судалгаа хийгээгүй зэрэг байдлаас харахад шинжээчийн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй, хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаар үнэлсэн гэж үзэх боломжгүй юм. Гэтэл анхан шатны шүүхээс эдгээр байдлыг харгалзан үзэж үнэлэлт дүгнэлт хийхгүй нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэгч С.Б-гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзэж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч С.Б- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэх тайлбар гарган маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан тухайн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
4. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны *****- 1645 дугаартай захирамжаар хариуцагч С.Б-гээс 17,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч гаргуулж Э- ХХК-д олгохоор эвлэрсэн зохигчийн эвлэрлийг шүүх баталж шийдвэрлэжээ.
5. С.Б- нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг НШШГГ- 2021 оны 11 сарын 09-ний өдөр үүсгэж, улмаар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, хураах ажиллагааг тус тус явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасантай нийцсэн, талууд энэ талаар маргаагүй. Харин үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээ хуульд нийцсэн эсэх нь маргааны зүйл болжээ.
6. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч нар барьцаа хөрөнгүүдийн үнийн талаар тохиролцоогүй буюу нэхэмжлэгчээс барьцаа хөрөнгүүдийг 80,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч зөвшөөрөөгүй байх тул хариуцагч 2023 оны 11 сарын 09-ний өдрийн 11/416 дугаар дугаартай тогтоолоор Х-Э- ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Б.Б-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
Шинжээч нь Хан-Уул дүүргийн ***** хороо-, *** гудамжны ** тоот- хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн *******- дугаартай, ** м.кв- талбай бүхий хувийн сууц, мөн хаягт орших эрхийн улсын бүртгэлийн *******- дугаартай 422 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 11 сарын 19-ний өдрийн байдлаар 66,900,850 төгрөгөөр үнэлжээ.
Хариуцагчаас төлбөр төлөгч болон барьцаа хөрөнгийн өмчлөгч С.Б-д үнэлгээний тайланг 2023 оны 11 сарын 23-ны өдөр танилцуулж, уг үнэлгээг нэхэмжлэгч эс зөвшөөрч, шүүхэд гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
7. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ үнэлэгдэж буй хөрөнгүүдийг зах зээлийн ханшаас доогуур үнээр тогтоосон, бусад хөрөнгөтэй харьцуулан үзээгүй гэж, давж заалдах гомдолдоо үнэлгээг гаргахдаа зах зээлийн судалгааг хийгээгүй, ямар хийц бүхий обьекттой харьцуулсан нь тодорхойгүй, тэдгээр обьектод биет үзлэг хийгээгүй гэжээ.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан Х-Э- ХХК-ийн үнэлгээчин Б.Б-ийг гаргасан үнэлгээний тайлангаас үзвэл шинжээч нь үнэлэгдэж буй хөрөнгөтэй ойролцоо хэмжээ, байршил бүхий Хан-Уул дүүргийн ***** хороо-, *** 1 дүгээр гудамжинд байрлалтай ** м.кв талбайтай, мөн Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, *** сургуулийн баруун талд байрлалтай ** м.кв талбайтай, мөн Хан-Уул дүүргийн ***** хороо-, *дугаар сургуулиас баруун хойш * дугаар гудамж байрлалтай, ** м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдтэй харьцуулан зэх зээлийн, орлогын, өртгийн гэсэн 3 аргаар харьцуулан үнэлээд зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн нь илүү үнэлэгдсэнийг харгалзсан дээрх хөрөнгүүдийг 66,950,850 төгрөгөөр үнэлжээ.
Энэ нь барьцаа хөрөнгүүдийг ямар аргаар, хэрхэн үнэлснийг шинжээч тайландаа тодорхой тусгаж, өртгийн, орлогын болон зах зээлийн хандлагын аргаар тус бүрд нь үнэлэх байдлаар хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг нэгтгэн гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх шаардлагад нийцсэн байна
Мөн шинжээч барьцаа хөрөнгүүдийг сонгосон 3 хөрөнгүүдтэй харьцуулан үнэлэхдээ тухайн хөрөнгийн талбайн хэмжээ, байршил, ашиглалтад орсон хугацаа, хийц, чанарын үзүүлэлт, дэд бүтэц, нийтэд санал болгосон хэлцлийн байдал, цаг хугацаа зэргийг харьцуулан дүгнэлт өгсөн нь мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.6, 8.3.10-т тус тус зааснаар хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолт болон хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдлыг хуульд нийцүүлэн дүгнэж тайланд тусгажээ.
Иймээс хураагдсан хөрөнгийг зах зээлийн үнээс илт багаар үнэлсэн гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.
Түүнчлэн нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй. Хэргийн баримтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тогтоогдоогүй, энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 30-ны өдрийн 184/ШШ2024/03048 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Э.ЭНЭБИШ