| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0068/Э |
| Дугаар | 87 |
| Огноо | 2019-01-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Хандсүрэн
улсын яллагч: Б.Мөнгөншагай
шүүгдэгч: М.М (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мд холбогдох эрүүгийн 1809046021261 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1993 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, “Нано интернейшнэл” ХХК-нд түгээгч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 10 дугаар гудамж, 131 а тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч М.М нь 2018 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Цагаан байрны автобусны буудал дээр иргэн Б.Олонбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний цээж, уруул хэсэгт өшиглөн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтан шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 1809046021261 дугаартай хэргээс:
Шүүгдэгч М.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 07-нд шилжих шөнө 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Цагаан байрны автобусны буудал дээр үл таних Олонбаяр гэх ахтай эгчийгээ өмөөрч муудалцаад зууралдаад цохисон үйл явдал болсон. ...Тухайн үед зууралдаж байхдаа би Олонбаяр гэх хүнийг цохиж гэмтээсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-63 дугаар хуудас/,
Хохирогч Б.Олонбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...автобусны буудал дээр аваараа татаад зогсож байтал цагаан өнгийн машин урдуур хөндөлсөж зогсоод арын хаалганаас нь нэг залуу бууж ирээд манай эхнэрийг машинаас “архичин авгай” гээд буулгахаар нь би “чи яаж байна” гэсэн чинь машинаас араас бууж ирсэн хоёр залуу намайг үгийн зөрөөгүй “чи муу юм” гэж хэлээд хувцаснаас зуураад цээж рүү өшиглөөд нүүр лүү өшиглөөд эхэлсэн”, “...намайг манай эхнэрийн ажлынх нь Зулаа гэх хүүхний дүү Мөнхтулга зодож биед маань гэмтэл учруулсан. Тухайн үед Зулаагийн нөхөр гэх үл таних залуу нь Мөнхтулга бид хоёрыг салгах гээд намайг зуурсан байсан. Зулаагийн нөхөр гэх үл таних залуу нь намайг зодож гэмтээсэн зүйл байхгүй”..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-11, 50-53 дугаар хуудас/,
Гэрч П.Нямсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...үл таних хоёр залуу манай нөхөртэй муудалцаад нэг харсан чинь тэр үл таних туранхай залуу хэд хэдэн удаа нөхрийг маань цохиж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Гэрч М.Энхзул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...би Нямсүрэн эгчийн нөхрийнх нь машинаас буугаад нөхрийнхөө машин руу алхаж байтал дүү Мөнхтулга маань ажлын маань Нямсүрэн эгчтэй муудалцсан чинь Нямсүрэн эгчийн нөхөр машинаасаа бууж ирээд эхнэрийгээ өмөөрөөд дүүтэй маань барилцаад байсан үйл явдал болсон. Би тухайн үед зодолдсон зүйл хараагүй..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/,
Гэрч Т.Ерөөлтбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Нямсүрэн эгчийн нөхөр эхнэрийгээ өмөөрөөд Мөнхтулга тэр хоёр ноцолдож эхэлсэн. ...Тухайн үед Мөнхтулга болон Нямсүрэн эгч түүний нөхөр гэх үл таних ах гурвыг хоорондоо зууралдаад ноцолдоод байхаар нь би очиж салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/,
Гэрч З.Гэрэлмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Миний нөхөр төлөв даруу, ажилч хичээнгүй залуу байгаа. Муу зуршил гэвэл тамхи татдаг. Гэр бүлдээ элдэв маргаан гаргадаггүй. Хүүхдийнхээ сайн эцэг, ааш араншингийн хувьд дуу цөөтэй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12210 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой" гэжээ /хх-ийн 23 дугаар хуудас/,
Шүүгдэгч М.Мөнхтулгын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 39 дүгээр хуудас/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-ийн 40 дүгээр хуудас/, гэрч З.Гэрэлмаагийн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.М нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Цагаан байрны автобусны буудал дээр иргэн Б.Олонбаяртай зүй зохисгүй харьцаж маргалдан улмаар түүний цээж, уруул хэсэгт өшиглөж эрүүл мэндэд нь завьжинд өнгөц няцарсан шарх, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Олонбаярын мэдүүлэг, гэрч П.Нямсүрэн, гэрч М.Энхзул, гэрч Т.Ерөөлтбаатар нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12210 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч нь хохирогч Б.Олонбаярын биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, гэрчээс хэргийн нөхцөл байдлыг тодорхой мэдүүлж, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч М.Мөнхтулгын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч М.Мөнхтулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Олонбаяраас “...гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 101 дүгээр хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч М.Мөнхтулгыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн /хохирогчтой эвлэрсэн/ зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд М.Мөнхтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч М.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнхтулгыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН