Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
Хэргийн индекс | 102/2024/01991/И |
Дугаар | 210/МА2024/01574 |
Огноо | 2024-08-09 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2024/01574
2024 оны 08 сарын 09 өдөр | Дугаар 210/МА2024/01574 |
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 17-ны өдрийн 102/ШШ2024/03200 дугаар шийдвэртэй
Х б-ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Б-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 77,823,757 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Хариуцагч Б.Б- нь Х б-ХК-тай 2019 оны 11 сарын 19-ний өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж 100,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлж, 2020 оны 12 сарын 10, 2021 оны 06 сарын 16, 2021 оны 10 сарын 21-ний өдрүүдэд Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулан зээлийн гэрээний хугацаа, хуваарийг өөрчилсөн бөгөөд зээлийн хугацаа 2024 оны 07 сарын 10-ны өдөр дуусна.
Зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******** дугаартай Баянзүрх дүүрэг * хороо ***** /13301/ *****гийн гудамж *** байр *** тоот хаягт байх ** мкв талбайтай 1 өрөө орон сууц, ***** маркийн **-** УБ улсын дугаартай автоачигч, бараа материалыг тус тус барьцаалсан. Үндсэн зээлээс 71,167,719.12 төгрөг зээлийн хүүнээс 25,628,027.76 төгрөг нэмэгдүүлсэн хүүнд 1,009.02 төгрөг нийт 96,796,755.91 төгрөг төлсөн.
Мөн зээлдэгч нь 2019 оны 12 сарын 02-ны өдрийн зээл, барьцааны гэрээгээр 20,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлсэн ба талууд 2020 оны 12 сарын 11, 2021 оны 06 сарын 16-ны өдөр Зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулан зээлийн гэрээний хугацаа, хуваарийг өөрчилсөн. Зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******** дугаартай Баянгол дүүрэг ** дугаар хороо үйлдвэрийн баруун бүс хороолол ****** гудамж * байр ** тоот хаягт байх ** мкв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч үндсэн зээлээс 11,693,867.13 төгрөг, зээлийн хүүнээс 9,349,392.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 77,830.39 төгрөг нийт 21,121,090.48 төгрөг төлсөн.
Зээлдэгч Б.Б- зээлийн гэрээний хавсралт, зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн хариуцагч Б.Б-гээс 2019 оны 11 сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 29,080,674.69 төгрөг, хүү 35,224,101.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,981,893.66 төгрөг нийт 66,286,669.93 төгрөгийг, мөн 2019 оны 12 сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8,306,132.87 төгрөг, хүү 2,889,030.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 341,646.28 төгрөг нийт 11,537,087.87 төгрөг, эдгээр 2 зээлийн гэрээний үүрэгт 77,823,757 төгрөгийг гаргуулж, барьцааны хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Дээрх хоёр зээлийг эргэн төлөхөд Ковидын цар тахлын хүчин зүйлс нөлөөлж зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй болж байсан. Х б-ХК-тай ярилцан үндсэн төлбөрөө төлөөд зээлийг дуусгах талаар торхиролцож байсан боловч Х б-нь зээлийн хүү, хүүгийн хүү нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Би өмгөөлөгч авч, хууль зүйн туслалцаа авч нэмж тайлбар гаргах болно гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-гээс 77,823,757.8 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х б-ХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Б.Б-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******** дугаартай Баянзүрх дүүрэг * хороо ***** /13301/ *****гийн гудамж *** байр *** тоот хаягт байх ** м.кв талбайтай 1 өрөө орон сууц, ***** маркийн **-** УБ улсын дугаартай автоачигч, бараа материал, эрхийн улсын бүртгэлийн ******** дугаартай Баянгол дүүрэг ** дугаар хороо үйлдвэрийн баруун бүс хороолол, ****** гудамж * байр **тоот хаягт байх ** м.кв талбайтай 1 өрөө орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 829,328 төгрөгийг улсын төсөвт үлдээж, илүү төлсөн 201,059 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.Б-гээс 617,269 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х б-ХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Ковид цар тахлын хүчин зүйлийн нөлөөг авч хэлэлцээгүйд гомдолтой байна. 2019 оны 11 сарын 19-ний өдрийн 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулсны маргааш өдөр нь Засгийн газраас хатуу хөл хорио тогтоож барилгын ажлыг зогсоосноор төлөвлөгөөт ажил хугацаандаа хийгдэхгүйд хүрч, давагдашгүй хүчийн зүйлийн нөлөөнд автсан. Энэ талаар Засгийн газрын тогтоол гарсан ба Х б-ХК-д хүсэлт гаргаж, зээлийн хугацаа, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж, үндсэн зээлээс 96,796,755 төгрөгийг төлж барагдуулсан. Мөн 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээнээс 21,121,090 төгрөгийг төлсөн ба Ковид цар тахлын улмаас зээлийн эргэн төлөлт доголдож, улмаар хүү, нэмэгдүүлсэн хүүгийн дарамтад орж, хугацаа алдсан.
Хаан банктай ярилцаж үндсэн төлбөрийг барагдуулахаар хэд хэдэн удаа уулзаж зөвшилцөж байсан ба Х б-ХК 60,000,000 төгрөгөнд эвлэрэх санал гаргаж байсан ч хариуцагч намайг өвчний учир шүүх хуралдаанд оролцох боломжгүй байхад миний эзгүйд 77,823,757 төгрөгийг барьцаа хөрөнгөөс гаргуулахаар шүүхийн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Би өвчтэй, шүүх хуралдаанд очиж чадахгүй, эмчийн магадлагаатай байгааг хэлсэн ч миний хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзахгүйгээр хэргийг шийдвэрлэж миний эрх ашгийг илт хохироосон.
Нэхэмжлэгчтэй эвлэрч тодорхой бодит мөнгөн дүнг хасах боломжтой гэж хариуцагч би үзэж байгаа тул бидэнд эвлэрэх бололцоо олгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Ковидын хуультай холбогдуулан хариуцагчаас зээлийн хүү болон зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахтай холбоотой хүсэлт гаргасан тул нийт 3 удаа зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, ковидын хууль үйлчлэх хугацаанд банкны зүгээс нэмэгдүүлсэн хүүг зогсоосон. Мөн 2024 оны 05 сарын 20-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд хариуцагч Ховд аймагт ажилтай гэх хүсэлтийг ирүүлсэн тул талуудын мэтгэлцэх эрхийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан. Мөн 2024 оны 06 сарын 10-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг хариуцагчийг өмгөөлөгч авах эрхээр хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан. 2024 оны 06 сарын 17-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Х б-ХК нь хариуцагч Б.Б-гээс зээлийн гэрээний үүрэгт нийт 77,823,757 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргаснаас хариуцагч зээлийн үндсэн төлбөрийг төлөхийг зөвшөөрч, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан тухайн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
4. Зохигчийн хооронд 2019 оны 11 сарын 19-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Х б-ХК нь 100,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлдэгч Б.Б-д зээлдүүлж, улмаар талууд 2020 оны 12 сарын 10-ны болон 2021 оны 06 сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр тус тус зээлийн гэрээний хугацааг сунгаж, зээл төлөх хуваарийг өөрчилжээ.
Мөн талууд 2019 оны 12 сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 20,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй 36 сарын хугацаагаар зээлдүүлж, зээлдэгчийн гэрээний нөхцөлийг өөрчлөх хүсэлтийн дагуу 2020 оны 12 сарын 11-ний болон 2021 оны 06 сарын 16-ны өдөр тус тус Зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулсан байна.
Зээлдүүлэгч гэрээнд заасан мөнгөн хөрөнгө болох 100,000,000 төгрөг болон 20,000,000 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн, энэ талаар талууд маргаагүй. Эдгээр зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлийг гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүргийг хүлээжээ.
Шүүх, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн. Мөн талууд гэрээндээ зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
5. Нэхэмжлэгч нь дээрх хоёр зээлийн гэрээний үүрэгт буюу 2019 оны 11 сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 29,080,674.69 төгрөг, зээлийн хүү 35,224,101.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,981,893.66 төгрөг нийт 66,286,669.93 төгрөг, мөн 2019 оны 12 сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 8,306,132.87 төгрөг, зээлийн хүү 2,889,308.72, нэмэгдүүлсэн хүү 341,646.28 төгрөг нийт 11,537,087.87 төгрөг буюу бүгд 77,823,757.8 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй.
Хариуцагч зээлийн гэрээний үндсэн үүргийг өөрчилж, зээлийн гэрээний хугацаа, зээл төлөх хуваарийг өөрчилсөн хугацаанд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-гээс зээлийн гэрээний үүрэгт 77,823,757.8 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х б-ХК-д олгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүг тус тус төлөх үүргийг хүлээдэг. Уг зохицуулалтад хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдлыг харгалзан үзэх талаар хуульд тухайлан зохицуулаагүй байна.
Хариуцагчаас Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас барилгын ажил зогсож зээл төлөх боломжгүйд хүрч, давагдашгүй хүчний зүйл нөлөөлсөн тухай тайлбарласан нь зээлийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Хариуцагч нь бичил бизнесийн зориулалтаар шуурхай зээлийг авсан нь Коронавирист халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах үндэслэлд хамаарахгүй. Энэ үндэслэлээр хариуцагчийн төлөх зээлийн төлбөрийн дүнгээс үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс хасаж тооцох үндэслэлгүй байна.
Иймээс энэ үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй бөгөөд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
6. Талууд 2019 оны 11 сарын 19-ний өдөр байгуулсан **** дугаартай барьцааны гэрээгээр Б.Б-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******** дугаартай, Баянзүрх дүүргийн * хороо ***** /13301/ *****гийн гудамж *** байрны *** тоот хаягтай ** м.кв талбайтай 1 өрөө орон сууц, мөн ***** маркийн **-** УБ улсын дугаартай автоачигч, мөн бараа материалыг, мөн оны 12 сарын 02-ны өдөр байгуулсан **** дугаартай барьцааны гэрээгээр Б.Б-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******** дугаартай Баянгол дүүргийн ** хороо Үйлдвэрийн баруун бүс хороолол ****** гудамжны * дүгээр байрны ** тоот хаягтай ** талбайтай 1 өрөө орон сууцыг тус тус барьцаалжээ.
Барьцааны гэрээнүүд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээний хүчин төгөлдөр байдлыг шүүх зөв дүгнэж, хариуцагч зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч мөн хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй байна.
Иймд анхан шатны шүүх барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
7. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй гэх гомдол үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх 2024 оны 06 сарын 10-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн хууль зүйн туслалцаа авах хүсэлтээр хойшлуулж, шүүх хуралдааныг 2024 оны 06 сарын 17-ны өдөр товлосон, хариуцагч хуралдааны тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зурж баталгаажуулжээ. Гэвч 2024 оны 06 сарын 17-ны өдрийн 11:30 цагт товлосон шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.
Хариуцагч өвчтэй байсан тухайгаа шүүхэд мэдэгдсэн гэх боловч энэ тухай хүсэлт, түүнийг нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байх тул хариуцагчийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцож чадаагүй гэж үзэхгүй бөгөөд энэ тухай гомдлыг хангахгүй. Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасанд нийцжээ.
Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчтэй эвлэрэх боломжтой байсан гэх боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлд шүүх 2024 оны 03 сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид 25-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, шүүх хуралдааны товыг 2024 оны 06 сарын 17-ны өдөр товлосон цаг хугацаанд талууд эвлэрэн хэлэлцэх боломжит хугацаа хангалттай байсан гэж үзнэ. Хариуцагчийг эвлэрэх эрхээ хэрэгжүүлээгүй явдалд шүүхийг буруутгахгүй.
8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 17-ны өдрийн 102/ШШ2024/03200 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 617,269 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Э.ЭНЭБИШ