Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 104

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Улсын яллагч П.Ганбаатар,

Хохирогч Х.Наранхишиг, түүний өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ,

Гэрч Б.Мөнхцэцэг, Ц.Батбаяр, В.Эрдэнэцэцэг

Шинжээч Ц.Бадрал,

Шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн м.Бд холбогдох эрүүгийн 18090364000906 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч,

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

   Монгол Улсын иргэн, 1960 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, грүппэд байдаг, ам бүл 4, эхнэр, 2 зээ хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамж 6-71 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

 

         Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч М.Б нь 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-671 тоотод худ болох Л.Наранхишигийг хувийн таарамжгүй харьцаа буюу гэртээ оруулахгүй гэх шалтгааны улмаас маргалдан зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

      

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2018 оны 8 сарын 12-ны өдөр болсон явдал. Тухайн өдөр амралтын өдөр байсан. Манай ач зээ хүүхдүүд бүгд ирсэн байсан. Би хашаан дотроо машин янзалж байгаад 13.00 цагийн үед хоол ид гээд дуудсан. Гэртээ ороод байж байтал хашааны хаалга цохьсон очтол Л.Наранхишиг байсан. “Танайд орно” гэхээр нь “нялх нойтон хүүхэдтэй айчихна оруулахгүй” гэж хэлсэн. Манай хаалга дотогшоо онгойдог, орно гээд дайраад байхаар нь би цаашаа нүүр рүү нь нэг удаа түлхсэн. “Танайх руу орж юмаа авна” гээд хашгичихыг нь сонсоод 1-2 минутын дараа манай эхнэр хүүхдүүд ирсэн. 2018 оны 8 сарын 12-ны 13.00 цагт болсон тухайн өдрийн 16.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс цагдаа ирж намайг барьж авч явсан...” гэв.

 

Хохирогч Л.Наранхишиг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...М.Батсуурийн охин, манай хүү 2 манайд 2 сарын хугацаанд хамт амьдарсан. Танай хүүхэд манай хүүхдийг зодсон байна гээд манай гэрийн хаалга үүдийг эвдэж ороод бүх байсан бүх зүйлийг нь аваад явсан байсан. Тухайн өдрийн өмнөх өдөр гэрийн хөшиг болон хүүхдийнхээ бусад зүйлсийг авая гэж хэлсэн. М.Батсуурийн эхнэр нь “тэг, маргааш ирээд ав” гэсэн. Маргааш нь би эд зүйлсийг авахаар бэрийгээ дагуулаад очсон. Очоод хаалгыг нь цохиход гэрийнх нь гадаа хүүхдүүд тоглож байсан. Батсуурь хаалга онгойлгохоор нь “хүүхдийнхээ юмыг авах гэж явна” гэсэн чинь нүүр рүү 2 түлхээд, хүзүүнээс барьж аваад 2 тийш эргүүлээд, би хашаанаас нь гараараа барьсан чинь тавиулах гээд гар мушгисан. Хүн миний биед хүрч байгаа учраас би орилсон. Манай бэр хараад зогсож байсан. Цаанаас  эхнэр нь гарч ирээд “боль” гэж хэлсэн. Гар, цээж хөхөрсөн. Тухайн явдал болсны дараа миний зүрх салгалаад, даралт ихсээд 103 дуудаад тариа хийлгээд хэвтэж байхад цагдаа дээрээс та ирэх гэж байна уу? гэж асуусан. Би бие тавгүйрхээд хэвтэж байна, үүнийгээ намжааж байж очно гэсэн. Тэгээд жоохон хэвтэж байгаад очтол манай хүү болон шүүгдэгч талынхан гомдолгүй гээд гарын үсэг зураад өгчих гээд гуйгаад байхаар нь хүсэлт бичиж өгсөн. Би цээж, гар хөхөрсөн гэдгээ өөрт нь үзүүлсэн...” гэв.

 

Шинжээч Ц.Бадрал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Анх хохирогч Л.Наранхишигийн биед 2018 оны 8 сарын 15-нд үзлэг хийсэн. Нэмэлтээр сүүлд 2018 оны 8 сарын 29-31-ний хооронд дахин дүгнэлт гаргасан. Дүгнэлтүүдэд тусгагдсан гэмтлүүд тухайн үед үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлт гаргасан. Цус хуралтын өнгөний хувьд тухайн хүний бие махбодийн онцлог, тухайн хүний дархлааны чадвар, ямар газарт, хэр зэргийн хүч үйлчилсэнээс хамаараад цус хуралтын талбайн хэмжээ харилцан адилгүй байдаг...” гэв.

 

Гэрч Б.Мөнхцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн өдөр амралтын өдөр байсан. Манайхан бүгдээрээ амарч байсан. 12.00-13.00 цагийн орчим аав гадаа Батбаяр гэдэг хүнтэй машин янзалж байгаад орж ирээд хоол идэх гэж байтал хашааны хаалга нүдээд аав онгойлгохоор гарсан. Хадам ээж болох Л.Наранхишиг ирчихсэн танай руу орж “хүүхдийнхээ юмыг авмаар байна” гээд хашгираад хаалгаар шагайчихсан зогсож байсан. Аав нүүр рүү нь нэг түлхсэн. Ээж бид 2 гарч ирээд, ээж “хүүхдийнх нь юмыг өг” гэж хэлсэн. Би хүүхдийнх нь хувцасыг бэлдчихсэн байсан, аав амбаараас хувцасыг нь болон хашаа түшүүлээд тавьсан байсан орыг нь авч ирж өгөөд гэртээ орсон. Тэдгээр зүйлсийг нь хашааны гадаа гаргаж өгөөд хаалгаа хаасан. Тухайд өдөр ямар ч зодоон болоогүй...” гэв.

 

Гэрч Ц.Батбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн өдөр би М.Батсуурийн машинд гагнуур хийж өгөхөөр ирсэн. 11.00 цаг өнгөрч байхад эхнэр нь “хоол ид” гээд дуудсан. Гэрийн хаалга онгорхой байсан. Гадаа хашааны хаалга цохиод М.Б гарсан. Удалгүй эмэгтэй хүн хашгираад эхэлсэн, “юу болов” гээд эхнэр охин 2 нь гарсан. Би араас нь дагаад гарсан. Гараад хартал эмэгтэй хүн хаалганых нь завсраар шагайчихсан, “хүүхдийнхээ юмыг авъя” гээд орилоод байж байсан. М.Б оруулахгүй гээд хашааныхаа хаалгыг татаад зогсож байсан. Эхнэр нь хүүхдийнх нь юмыг өгөөд явуул гээд М.Б амбаараасаа тортой зүйл болон хашааных нь урд байсан пүрштэй ор зэргийг гаргаж өгөөд гэртээ орсон, би араас нь дагаад орсон. Удалгүй явчихлаа гээд эхнэр охин 2 нь орж ирсэн. Өөр мэдсэн юм байхгүй...” гэв.

 

Гэрч В.Эрдэнэцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэгт мэдүүлэхдээ “...М.Б гуай түрүүлж гарч ирээд хаалга онгойлгож өгсөн, Л.Наранхишиг эгчийг хараад буцаагаад хаалгаа татсан. Л.Наранхишиг эгч “маргааш ирээд хүүхдийнхээ юмыг ав гэсэн, би авах гээд ирлээ” гээд хаалгыг нь татсан чинь гарч ирээд хүзүүг нь боох маягаар 2 тийш нь эргүүлээд, гарынх нь шууг мушгиж цээж рүү нь цохиод, мөн нүүр рүү нь түлхсэн. Л.Наранхишиг эгч “хүн аллаа ш дээ, болиоч” гээд орилоод байж байтал бэр охин нь гарч ирээд Л.Наранхишиг эгчийг энд тэндээс нь базаж түлхэж унагаасан. Би Л.Наранхишиг эгчийг дээш нь босгоод “явъя” гээд хашааг нь хэтрээд булан тойроод явж байтал эхнэр нь араас гарч ирээд “эмэгтэй хүнийг арай ч ингэж болохгүй, амьдралд ийм зүйл байж л байдаг гэхдээ хүнийг ингэж цохиж зодож болохгүй” гэсэн...” гэв.

 

Талуудын хүсэлтээр эрүүгийн 18090364000906 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч М.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...сонсгож байгаа зүй ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Наранхишиг танайх руу орно гээд дайрахаар нь би оруулахгүй гээд нүүр рүү нэг удаа түлхсэн. Түүний биед хэн гэмтэл учруулсан болохыг мэдэхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн дугаар 4 дүгээр хуудас/,

 

Хохирогч Л.Наранхишиг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Хашаанд орох гээд үүдээр нь ороход Батсуурь шууд миний өөдөөс нүүр рүү гараараа түлхэж, хүзүүг минь хоёр гараараа барьж байгаад хоёр тийшээ мушгисан. Цээж хэсэг, баруун гарын шуу хэсгийг базаад байсан. Батсуурийн эхнэр, охин хоёр Батсуурийг гарч ирснээс хойш 8 орчим минутын дараа гарч ирсэн. Маш их гомдолтой байна, учирсан хохирлоо нэхэмжилнэ, "...2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд цагдаагийн газар Батсуурь, эхнэр Наранцэцэг, охин Мөнхцэцэг нар ирчихсэн “одоо ингээд хоорондоо тохиролцоод 2 хүүхдээ уулзуулахгүй байя” гэхээр нь хүүхдээ бодоод би гомдлоо өгөөгүй юм. Тэгсэн 2018 оны 8 дугаар 13-ны өдөр хүү Дэлгэрхангайгийн утас руу Мөнхцэцэг “хоорондоо холбоотой байя” гэсэн захиа бичсэн байсан. Тэгээд орой нь миний хүүг архи ууж Мөнхцэцэгийг дарамталсан гээд цагдаа ирээд бариад явсан. Тэгээд би 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Батсуурьт гомдож өргөдөл өгсөн. Уг нь 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гомдол гаргах байсан юм. Тэгсэн чинь манай хүүхдээр гуйлгаад болиулсан юм. 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр намайг Батсуурь зодсон нь үнэн. Би Батсуурьт зодуулахаасаа өмнө хэн нэгэнд зодуулж байгаагүй. Батсуурьт зодуулсны дараах зураг надад байгаа. Надад эмнэлэгт үзүүлсэн баримтууд нь байгаа..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15, 57-58 дугаар хуудас/,

 

Гэрч В.Эрдэнэцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ  "...Батсуурь хаалгаа онгойлгож гарч ирээд Наранхишиг эгчийн нүүр рүү 2 удаа гараараа түлхээд толгойг нь тэврээд хүзүүг нь мушгиж унагаах гэсэн. Тэгээд Наранхишиг эгчийн чээж хэсэг рүү нь гараараа 2-3 удаан нударсан. Мөн Наранхишиг эгчийн баруун гарыг шуунаас нь бариад мушгисан. Тэгэхээр нь би “болиоч” гэхэд цаанаас нь хуучин бэр эмэгтэй ирээд Наранхишиг эгчийг түлхээд байсан. Тэгтэл Батсуурь гэдэг хүний эхнэр нь гарч

ирээд “та нар эмэгтэй хүнийг битгий ингээд бай” гэхэд Батсуурь хашаа руугаа орчихсон. Наранхишиг эгч бид хоёр тэндээс яваад гэртээ очоод би биеийг нь харахад түүний чээжний зүүн хэсэгт хөхөрсөн, баруун гарын шуу нь хөхөрсөн, баруун, зүүн гарын булчин энэ тэндээ хөхөрсөн байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 20,

23 дугаар хуудас/,

 

Гэрч О.Наранцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг ойлгосон мэдүүлэг өгнө. Манай нөхөр Батсуурь хашааны хаалга онгойлгох үеийг би хараагүй. Харин гэнэт нэг эмэгтэй хүн хашгираад байхаар нь гэрээсээ гарсан чинь хадам Наранхишиг, Эрдэнэцэцэг нар хашааны хаалганы гадаа орилоод байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Мөнхцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг ойлгосон мэдүүлэг өгнө. Яг аав Батсуурийг хашааны хаалга онгойлгох үеийг бол хараагүй. Эмэгтэй хүн “би ормоор байна” гээд хашгираад байхаар нь ээж Наранцэцэгтэй хамт гэрээс гарсан чинь хадам ээж Наранхишиг би ормоор байна гээд орилоод байсан. Тэгээд аав Батсуурь оруулаагүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 62 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.Батбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...Батсуурийн гэрт ороод дөнгөж цай уугаад сууж байхад хашааны хаалга хүн нүдсэн. Батсуурь хашааны хаалга онгойлгохоор гэрээсээ гарсан. Удалгүй эмэгтэй хүн хашгирах чимээ гарсан. Тэгээд Батсуурийн эхнэр, хүүхдүүд нь “юун хүн орилоод байна” гээд гэрээсээ гарсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 63 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Дэлгэрхангай мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Би ээж Наранхишигийг зодож байгаагүй. Миний салсан найз охин Мөнхцэцэг худлаа яриад байна. 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр манай ээж Наранхишиг Батсуурьт зодуулсан талаар намайг ажил дээр байхад хэлсэн. Тэгээд би Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирэхэд Мөнхцэцэг, Батсуурь, Наранцэцэг нарын хамтаар байж байхад нь очиж уулзахад “танай ээж Батсуурьт зодуулсан гээд өргөдөл өгөх гээд явж байгаа” гэж хэлэхээр нь дотогш ороход ээж Наранхишиг ирээгүй байсан. Тэгээд би ээж рүүгээ ярихад “зүрх муу байна, тариа хийлгэж байна” гэсэн. Тэгээд би ажил ихтэй байсан учраас явсан. Дараа нь сонсоход тэгээд ээж Наранхишиг цагдаа дээр ирээд эвлэрээд салсан байсан. Тэгээд орой ажлаа тараад гэртээ ирэхэд ээж Наранхишигийн биеийн байдал муу, зүүн гарын бугалга хавьцаа хавдаж, хөхөрсөн, чээж хэсэг нь хөхөрсөн байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/,

 

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10020 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Л.Наранхишигийн биед цээж, зүүн шуу, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, тохой, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн чадварт алдалтад нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №988 дугаартай дүгнэлт:

              1. Л.Наранхишигийг биед зүүн шуу ясны дээд 1/3 ташуу цууралт, чээж, зүүн шуу, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, тохой, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Цаашид хөдөлмөрийн чадварт алдалтад нөлөөлөхгүй.

4. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой..." гэсэн дүгнэлт /хх-ийн 50 дугаар хуудас/,

                

Шүүгдэгч М.Батсуурийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 25 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 26 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 27 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Наранхишигийн өмгөөлөгчөөс хохирол төлбөртэй 10 хуудас баримт, шүүгдэгч М.Батсуурийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 2 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

        Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.Б нь 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-6 гудамж 71 тоот хашааны үүд орчимд худ ургийн харилцаатай байсан Л.Наранхишигийг “хашаандаа оруулахгүй” гэж маргалдан улмаар түүний биед зүүн, баруун гаран тус газар, цээж, зүүн гуяан тус газрууд зэрэг олон хэсэг газарт хүч хэрэглэн зодсоны улмаас түүний эрүүл мэндэд нь “зүүн шуу ясны дээд 1/3 ташуу цууралт, чээж, зүүн шуу, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, тохой, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Л.Наранхишигийн “...Батсуурь хаалга онгойлгохоор нь “хүүхдийнхээ юмыг авах гэж явна” гэсэн чинь нүүр рүү 2 түлхээд, хүзүүнээс барьж аваад 2 тийш эргүүлээд, би хашаанаас нь гараараа барьсан чинь тавиулах гээд гар мушгисан. Гар цээж хөхөрсөн...” гэсэн мэдүүлгээр,

 

Гэрч В.Эрдэнэцэцэгийн “...Л.Наранхишиг эгч “маргааш ирээд хүүхдийнхээ юмыг ав гэсэн, би авах гээд ирлээ” гээд хаалгыг нь татсан чинь гарч ирээд хүзүүг нь боох маягаар 2 тийш нь эргүүлээд, гарынх нь шууг мушгиж цээж рүү нь цохиод, мөн нүүр рүү нь түлхсэн...” гэсэн мэдүүлгээр,

 

Гэрч Ц.Батбаярын “...эмэгтэй хүн хашгираад эхэлсэн, “юу болов” гээд эхнэр охин 2 нь гарсан. Би араас нь дагаад гарсан. Гараад хартал эмэгтэй хүн хаалганых нь завсраар шагайчихсан, “хүүхдийнхээ юмыг авъя” гээд орилоод байж байсан. М.Б оруулахгүй гээд хашааныхаа хаалгыг татаад зогсож байсан...” гэсэн мэдүүлгээр,

 

Гэрч Н.Дэлгэрхангайн “..гэртээ ирэхэд ээж Наранхишигийн биеийн байдал муу, зүүн гарын бугалга хавьцаа хавдаж, хөхөрсөн, чээж хэсэг нь хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлгээр,

 

Шүүгдэгч М.Батсуурийн “...Наранхишиг танайх руу орно гээд дайрахаар нь би оруулахгүй гээд нүүр рүү нэг удаа түлхсэн...” гэсэн мэдүүлгээр,

 

Шинжээч Ц.Бадралын “...Дүгнэлтүүдэд тусгагдсан гэмтлүүд тухайн үед үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлт гаргасан. Цус хуралтын өнгөний хувьд тухайн хүний бие махбодийн онцлог, тухайн хүний дархлааны чадвар, ямар газарт, хэр зэргийн хүч үйлчилсэнээс хамаараад цус хуралтын талбайн хэмжээ харилцан адилгүй байдаг...” гэсэн мэдүүлгээр,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10020 дугаартай дүгнэлтээр “...1.Л.Наранхишигийн биед цээж, зүүн шуу, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, тохой, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2.          Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №988 дугаартай дүгнэлт “...1. Л.Наранхишигийг биед зүүн шуу ясны дээд 1/3 ташуу цууралт, чээж, зүүн шуу, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, тохой, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Цаашид хөдөлмөрийн чадварт алдалтад нөлөөлөхгүй. 4. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл хохирогч Л.Наранхишигээс хүүхдийнхээ эд хөрөнгийг авах зорилгоор гэрч В.Эрдэнэцэцэгийн хамт шүүгдэгч М.Батсуурийнд очиход тэрээр хашаандаа оруулахгүй гэснээс маргаан үүсч улмаар шүүгдэгчээс хохирогчийн бие махбодид хүч хэрэглэсний улмаас хохирогч хашгирч уйлан чимээ гарах үед шүүгдэгч М.Батсуурийн гэрт байсан гэрч О.Наранцэцэг, гэрч Б.Мөнхцэцэг, Ц.Батбаяр нар гарч ирсэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд тухайн хэрэг болсон цаг хугацаанд хохирогч Л.Наранхишигийн биед олон удаагийн хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хөнгөн гэмтэл учирсан болохыг шинжээчийн удаа дараагийн дүгнэлтүүдээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч М.Батсуурийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.   

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч М.Батсуурийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасан нь хуульзүйн үндэслэлтэй байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаж “...шүүгдэгч Батсуурийг гэмт хэрэг үйлдсэн болохыг хангалттай тогтоогоогүй, хохирогч, гэрч нарын мэдүүлэг эргэлзээтэй тул түүнийг гэм буруугүйд тооцож, цагаатгаж өгнө үү...” гэсэн санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн дээрх нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжыг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан дүгнэж, үнэлэхэд хэрэг болох агшинд шүүгдэгч М.Б, хохирогч Л.Наранхишиг, гэрч В.Эрдэнэцэцэг нар байсан ба хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжыг тодорхой мэдүүлж, үйл явдлыг шууд харсан гэрч В.Эрдэнэцэцэг нь хохирогчийн мэдүүлгийн агуулгыг давхар нотолж, шүүгдэгчээс маргаан үүссэн, хохирогчийн нүүрэн тус газар түлхэж хүч хэрэглэсэн үйлдлээ мэдүүлсэн, хохирогчоос тухайн цаг хугацаанд цагдаагийн байгууллагад хандсан болох нь шүүгдэгч, хохирогч болон хэрэгт цугларсан бусад гэрч нарын мэдүүлэгт тусгагдаж, тухайн цаг хугацаанд хохирогчийн биед олон удаагийн хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас гэмтлүүд үүссэн болохыг тогтоосон зэрэгт нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэмт үйлдэл бүрэн тогтоогдсон гэж шүүх үзсэн болно.

 

Хохирогч Л.Наранхишиг, гэрч В.Эрдэнэцэцэг нараас мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, тэдгээр нь илтэд худал ташаа мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, баримт тогтоогдсонгүй.

 

Гэрч О.Наранцэцэг, гэрч Б.Мөнхцэцэг, гэрч Ц.Батбаяр нараас хэрэг болох агшинг хараагүй, мэдэхгүй болох нь тэдгээрийн мэдүүлэгт тодорхой тусгагджээ. 

 

Шүүгдэгч нь өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд мэдүүлгийг хэрхэн өгөх эсэх нь түүнд хуулиар олгогдсон эрх ба түүний мэдүүлэг нотолгооны чадваргүй болох нь шүүгдэгчийг тус гэмт хэрэгт гэм буруутайг нотолж буй нотлох баримтуудаар илэрч няцаагдсан гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд хохирогчоос “...өмгөөллийн хөлс 800.000 төгрөг, 5 өдрийн цалин 100.000 төгрөг, эмчилгээний зардалтай нийлээд нийт 1.706.300 төгрөгийн төлбөр нэхэмжилнэ...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэнээс өмгөөллийн хөлс, хөдөлмөрийн хөлс гаргуулахтай холбоотой төлбөрийг нотлох баримтын шаардлага хангаагүй тул хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдлаа.

 

Харин хохирогч Л.Наранхишигийн гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирч эмчилгээ хийлгэсэн талаарх эмчилгээний баримтуудын дагуу 784.300 төгрөгийг гаргуулахаар шүүх шийдвэрлэснийг шүүгдэгч түүний өмгөөлөгчөөс хохирол төлөх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын хуралдааныг түр завсарлуулсан хугацаанд бүрэн төлсөн нөхцөл байдал тогтоогдсон тул шүүгдэгч М.Батсууриас гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч М.Батсуурийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /80% хөдөлмөрийн чадвараа алдсан/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд М.Батсуурийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 /таван зуун мянга/, төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

            Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа.

 

Хохирогч Л.Наранхишигийн “Люкс Мед” эмнэлэгт үзүүлсэн 3 ширхэг рентген зураг, 1 ширхэг сидиг түүнд өөрт буцаан олгох нь зүйтэй болохыг тэмдэглэв.

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                

         ТОГТООХ нь:

 

            1. М.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Батсуурийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг рентген зураг, 1 ширхэг сидиг хууль ёсны эзэмшигч Л.Наранхишигт буцаан олгосугай.

 

            6. Хохирогч Л.Наранхишиг шүүхээс хэлэлцэхгүй орхисон гэм хорын хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

            8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

            9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Бд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН