Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 488

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


   Хэргийн индекс: 156/2016/00505/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
            Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4 дүгээр баг, Хайлаастын  22-05 тоотод оршин суух, Боржигон овогт Анаагийн Цэрэнсүрэнгийн (РД:СР58111401) нэхэмжлэлтэй 

            “Д.Рагчаабазарын ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд оролцов.
Нэхэмжлэгч А.Цэрэнсүрэн нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би олон нялх хүүхэд хардаг Улаанбаатар хотоос ирэх боломжгүй байгаа тул шүүх хуралдааныг намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү? гэжээ. 
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шүүх зохигчийн хүсэлтийг хүлээн авч түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.


ТОДОРХОЙЛОХ НЬ:

     Нэхэмжлэгч А.Цэрэнсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Миний нөхөр Д.Рагчаабазар нь 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэнэтийн ослоор нас барсан одоо 12 настай хүүхэддээ тэжээгчээ алдасны тэтгэмж тогтоолгох болсон юм. Талийгаач Д.Рагчаабазарын хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул Хэнтий аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь талийгаач Д.Рагчаабазарын ажиллаж байсан байдлыг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай гэсэн юм. Талийгаач Д.Рагчаабазар нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ өрнөлт” нэгдэлд 1971 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг дуусталх хугацаанд, 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчин, уурын зуухны слесараар тус тус ажиллаж байсан мөн 1974 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд цэргийн жинхэнэ алба хаасан болохыг юм.
   Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ. /хх-ийн 1 тал/

   Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Боржигон овогт Анаагийн Цэрэнсүрэн нь нөхөр Д.Рагчаабазарыг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ өрнөлт” нэгдэлд 1971 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг дуусталх хугацаанд, 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчин, уурын зуухны слесараар тус тус ажиллаж байсан байдал мөн нөхөр Д. Рагчаабазар агсныг 1974 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд цэргийн жинхэнэ алба хаасан болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Боржигон овогт Анаагийн Цэрэнсүрэнгийн талийгаач нөхөр Д.Рагчаабазар нь  Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ өрнөлт” нэгдэлд 1971 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг дуусталх хугацаанд, 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчин, уурын зуухны слесараар тус тус ажиллаж байсан, мөн 1974 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд цэргийн жинхэнэ алба хаасан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар /хх-ийн 1,18 тал/, Батлан хамгаалах яам батлан хамгаалахын төв архивын лавлагаа /хх-ийн 3 тал/, Хэнтий аймгийн архивын тасагийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 5-6 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

                                                                                                                      
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д  зааснаар нэхэмжлэгч  Боржигон овогт Анаагийн Цэрэнсүрэнгийн талийгаач нөхөр Шарайд овогт Дамдингийн Рагчаабазар /РД СР56093039/ агсныг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын         Шинэ өрнөлт нэгдэлд 1971 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг дуусталх хугацаанд, 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчин, уурын зуухны слесараар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай. 
2. Шарайд овогт Дамдингийн Рагчаабазар агсан нь 1974 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд Ардын армийн 016 дугаар ангид цэргийн жинхэнэ алба хаасан болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А.Цэрэнсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Ж.БОЛДБААТАР