Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 107

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Улсын яллагч Т.Жавхлантөгс,

Шүүгдэгч Х.Л /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Лд холбогдох эрүүгийн 1809045720037 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, "Тулга төхөөрөмж" ХХК-нд барилгын засал чимэглэлчин ажилтай, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 16-18 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Х.Л нь Сүхбаатар дүүргийн 8 дүгээр хороо, Холливууд баарны гадаа 2018 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө иргэн Г.Бөхбатын биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Х.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 1809045720037 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Х.Л мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Гансүхийг мөрлөөд зөрсөн чинь Гансүх тухайн залуутай маргалдсан. Тэгэхээр нь би Гансүхийн хажуугаар ороод маргалдаад зогсож байсан залууг нь нэг удаа цохьсон тэгтэл үл таних нэг залуу дундуур ороод ирсэн тэгэхээр нь би тухайн залууг тэвэрч аваад унагаах гээд ноцолдсон тэгээд тухайн үед уур хүрсэн байсан болохоор Гансүхтэй маргалдсан залуу руу очоод бариад авсан чинь Гансүх намайг тэврээд авсан тэгээд Гансүх, Батдорж нар тухайн залуучуудыг больцгоо гээд байсан...” /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

Хохирогч Г.Бөхбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед жижигхэн биетэй туранхай залуу миний нүүр хэсэг рүү 2-3 удаа цохьсон тэгээд би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглзсэн байсан учраас цохиулаад манарсан тэгээд тэнд байсан хүмүүсийг намайг бас цохьчихлоо гэж бодоод өмнөх мэдүүлэгтээ цохьсон зодуулсан гэж мэдүүлсэн тухайн үед манараад газар унасан байсан. Тэгээд босоод ирсэн чинь намайг цохьсон залуу надтай зуураад тавихгүй ноцолдоод байсан. Тэгээд Лхаасүрэнтэй хамт явж байсан хүмүүс Лхаасүрэнг салгасан. Тэгээд цагдаа дээр очиход Лхаасүрэнгийн нүүр хэсэгт бага зэрэг улайсан байсан мөн баруун гарны ядам хуруу хэсэгт язарсан байсан. Миний биед учирсан гэмтлийг Лхаасүрэн нүүр хэсэг рүү 2-3 удаа цохиж учруулсан шүд хэсэг рүү баруун гараараа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-13 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Самбуудорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Холливууд баарны гадаа найзуудтайгаа явж байгаад үл таних хэдэн залуучуудтай маргалдсан тэгээд тухайн үед нэг жижиг биетэй /Лхаасүрэн/ залуу намайг цохиж аваад газар унагасан тэгээд тэр үед бужигналдаан болсон. Босоод ирсэн чинь манай найз Бөхбатын нүүр хэсгээс нь цус гарч байсан хэнд цохиулсанг мэдэхгүй байна тэгээд би тухайн үед баарны гадаа байсан үл таних залуу “та нар больцгоо” гээд надтай маргалдсан залуучуудыг салгасан тэгээд удалгүй цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Ууганболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө өөрийн ах дүү нарын хамт “Фокус” зочид буудлын биллъярданд байж байгаад тухайн газраас гараад гэр рүүгээ явцгаасан. Холливууд баарны урдуур явсан тухайн үед би Хуягбаатар ахын хамт Лхаасүрэн, Батдорж, Гансүх нараас нилээн хойно явж байсан тэгээд Лхаасүрэн, Батдорж, Гансүх нар “Холливууд” баарны хашаа руу яваад орчихоор нь баар орох гэж байгаа юм байна гэж бодоод бид 2 нөгөө хэдийн араас “Холливууд” баарны хашаа руу орсон чинь Лхаасүрэн үл таних залуутай маргалдсан байдалтай Гансүх Лхаасүрэнг тэвэрчихсэн Батдорж нөгөө хүмүүстэй “больцгоо” гээд ярилцаад зогсож байсан. Тэгээд бид нар тухайн баарны хашаанаас гараад 3 дугаар сургууль руу зам гарсан чинь араас Лхаасүрэнтэй маргалдсан залуучууд орилоод байсан тэгээд удалгүй цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

 

Гэрч Ө.Батдорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Гансүх нэг залуутай мөрлөлцсөн. Тэгээд “яагаад байна” гээд хоорондоо маргалдаад байж байтал Лхаасүрэн, Гансүхтэй юм яриад зогсож байсан залууг очоод нэг удаа цохьсон. Тэгтэл Лхаасүрэнгийн цохьсон гэх залуугийн найз нь гээд нэг залуу Лхаасүрэнг найзаасаа салгах гэхэд Лхаасүрэн тухайн залууг тэвэрч аваад ноцолдсон тэгээд Гансүх, Лхаасүрэнг тэврээд авсан тэгээд би “та нар больцгоо юундаа маргалддаг юм бэ” гээд болиулсан. Бид нар Холливууд баарны хашаанаас гараад 3 дугаар сургууль хэсэг рүү зам гарсан. Лхаасүрэнтэй маргалдсан гэх залуу болон түүний найз нар бололтой хүмүүс орилоод байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

Гэрч Ч.Хуягбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Холливууд баарны хашаа руу Гансүх, Лхаасүрэн, Батдорж нарын араас нь орсон чинь Лхаасүрэн, Батдорж, Гансүх нар хүмүүстэй маргалдсан байдалтай зогсож байсан тэгээд Лхаасүрэн саарал пальто өмссөн залуу руу “чи яах гээд байгаа юм бэ” гээд байсан. Би дүү нарыгаа “алив явъя хүмүүстэй зодоон цохион хийнэ гэсэн асуудал байхгүй шүү та нар” гээд дүү нарыгаа дагуулаад 3 дугаар сургууль тал руу зам хөндлөн гарч байсан чинь араас хэдэн залуучууд орилоод байсан тэгтэл гэнэт цагдаа нар хүрээд ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

Гэрч Э.Эрдэнэбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Холливууд баарны хашаанаас гараад зам руу гараад такси барих гээд зогсож байсан чинь араас Бөхбат ирээд “сая би зодуулчихлаа” гээд хамраас нь цус гарчихсан байсан. Тэгээд би “хаана вэ” гээд Холливуудын хашаа руу орох гэж байсан чинь Бөхбат Самбуудоржтой маргалдсан гэх залуу Холливуудын хашаанаас гарч ирээд 3 дугаар сургууль тал руу зам гарсан тэгээд бид нар цагдаа дуудаад тухайн залуучуудыг цагдаад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Рэнчинчогсүм мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...араас Бөхбатын хамарнаас нь цус гарсан “сая зодуулчихла”а гэж хэлсэн тэгэхээр нь “хаана хэнд зодуулсан юм бэ” гэсэн чинь “Холливууд” баарны хашаан дотор Самбуудорж “бид 2 хүнтэй маргалдаад цохиулчихлаа” гэж хэлсэн. Тэгсэн чинь Бөхбаттай маргалдсан гэх залуугаа заатал тухайн залуу хэдэн найз нартайгаа 3 дугаар сургууль тал руу зам гарч байсан тэгээд бид нар цагдаа дуудаад араас нь орилсон тэгээд удалгүй цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

 

Гэрч Э.Лувсангомбо мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...такси барих гээд зогсож байтал Бөхбат хамарнаас нь цус гарчихсан байдалтай “зодуулчихлаа” гээд ирсэн тэгэхээр нь “хаана вэ” гэхэд “Холливууд” баарны хашаанд гэж хэлсэн чинь Самбуудорж Холливуудын хашааны гадна гараад ирсэн. Бөхбаттай маргалдсан гэх залуу зам гараад явж байхаар нь бид нар “цагдаа дуудаад та нар байж бай” гээд орилсон тэгээд удалгүй цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Гансүх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Лхаасүрэн миний хажуугаар орж ирээд надтай юм яриад зогсож байсан залууг цохиод авсан. Лхаасүрэнд цохиулсан залуугийн найз нь гэх залуу Лхаасүрэнг найзаасаа салгах гэхэд Лхаасүрэн салгах гэж байсан залуутай ноцолдож байгаад цохьсон гэх залуу руу дайраад барьж яваад ноцолдоод байсан. Тэгэхээр нь би “та нар больцгоо” гэтэл болихгүй байхаар нь би Лхаасүрэнг тэврээд авсан тэгээд тухайн залуучуудыг “больцгоо” гэсэн тэгсэн чинь Ууганболд, Хуягбаатар нар бас тухайн баарны хашаанд ороод ирсэн байсан. Би “явцгаая” гээд баарны хашаанаас гараад 3 дугаар сургууль тал руу зам гарсан чинь араас Лхаасүрэнгийн цохьсон гэх залуу араас орилоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12272 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Г.Бөхбатын биед зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн дээд үүдэн 1, зүүн доод үүдэн 2-р шүдний паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.
  3.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ /хх-ийн 32 дугаар хуудас/,

 

Гэрч Ч.Долгормаагийн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/, шүүгдэгч Х.Лгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 47 дугаар хуудас/, шүүгдэгч Х.Лгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /52-57 дугаар хуудас/, хохирогчийн гомдолгүй талаар гаргасан хүсэлт /хх-ийн 71 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч Х.Л нь 2018 оны 10 дугаар сарын 09-нөөс 2018 оны 10 дугаар сарын 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Холливууд” баарны гадна иргэн Г.Бөхбаттай зүй зохисгүй харьцаж маргалдан улмаар нүүрэн тус газар нь хүч хэрэглэн цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн дээд үүдэн 1, зүүн доод үүдэн 2-р шүдний паалангийн эмтрэл” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Бөхбатын мэдүүлэг, гэрч Д.Самбуудорж, Б.Ууганболд, Ө.Батдорж, Ч.Хуягбаатар, Э.Эрдэнэбаяр, Б.Рэнчинчогсүм, Э.Лувсангомбо, Б.Гансүх нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч №12272 дугаар дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч нь хохирогч Г.Бөхбатын биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч түүнийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, гэрч нараас хэргийн нөхцөл байдлыг тодорхой мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Лгийн үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Х.Лг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогчоос “...гомдол байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлтээ /хх-ийн 72 дугаар хуудас/ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлж хор уршгийг арилгасан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Х.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор, прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг  2  /хоёр/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа. 

            Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах талаар зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Х.Лг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Лг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Лд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Х.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Л нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН