Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
Хэргийн индекс | 181/2023/03255/И |
Дугаар | 210/МА2024/01616 |
Огноо | 2024-08-16 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2024/01616
2024 оны 08 сарын 16 өдөр | Дугаар 210/МА2024/01616 |
Б.А-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
********** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 07-ны өдрийн 181/ШШ2024/02313 дугаар шийдвэртэй,
Б.А-гийн нэхэмжлэлтэй, Н.З-од холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 20,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Талууд 2022 оны 11 сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлж, мөн өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр ********** дүүрэг, * хороо, **** гудамж, ** байр, * тоот орон сууцыг барьцаалсан. Үүнээс хойш 10 хоногийн дараа буюу 2022 оны 12 сарын 02-ны өдөр дахин 3,500,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр нэмж зээлсэн.
Н.З нь дээрх 2 зээлийн гэрээний хугацаанд хүүг төлж байсан ч үндсэн зээлээ одоог хүртэл төлөөгүй.Н.З- нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги шаардсан. 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн 110 хоногийн нэг хоногийн алданги 50,000 төгрөг /50,000*110=5,500,000/ 5,500,000 төгрөг, 3,500,000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн 102 хоногийн нэг хоногийн алданги 17,500 төгрөг /17,500*102=1,785,000/ 1,785,000 төгрөг болж байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийг 50 хувиар тооцон 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээний алдангийг 5,000,000 төгрөгөөр, 3,500,000 төгрөгийн зээлийн гэрээний алдангийг 1,750,000 төгрөгөөр тооцон, хариуцагчаас нийт 20,250,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Түүнчлэн хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй байна.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.З-оос 20,250,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.А-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, ********** дүүргийн * хороо, **** гудамж, ** байр, * тоот хаягт байршилтай, ** м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Б.А-гаас 15 сая төгрөг зээлж авсан нь үнэн. Зээлийн хүүг сар бүр төлж байсан ба сүүлийн 2 сар төлөөгүй нь үнэн. Ийм учраас зээлийн хүү 5 сая төгрөгийг эс зөвшөөрч 3 сая төгрөгийг төлөх хүсэлтэй байна. Иймд зээлийн хүүгээс 2 сая төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Би Н.З-той хуульд заасны дагуу зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан. Талууд нь алдангийн төлбөрийг гэрээгээр гүйцэтгэх үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зохицуулсан. Уг зохицуулалтын дагуу алдангийг тооцохдоо гэрээний гүйцэтгэх үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож нэхэмжлэл гаргасан. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дуусаад 2 жил 6 сарын хугацаа өнгөрсөн байхад Н.З- нь ямар нэгэн байдлаар зээлийн төлбөрийг төлөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 20,250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч Н.З-од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,250,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг 2023 оны 08 сарын 21-ний өдөр гардаж авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлийг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэлээ тодорхой илэрхийлсэн тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
3. Талууд 2022 оны 11 сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Б.А- 10,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүү тооцон зээлдүүлж, зээлдэгчН.З- зээлийн хүүг сар бүр төлж, үндсэн зээлийг хугацааны эцэст төлөхөөр тохиролцжээ. Хариуцагч нь мөн оны 12 сарын 02-ны өдөр дээрх нөхцөлөөр 3,500,000 төгрөгийг 3 сарын хугацаагаар нэмж зээлсэн байна. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв тодорхойлжээ.
4. Талууд зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч 10,000,000 болон 3,500,000 төгрөгийг зээлдэгчид олгосон, мөн тус хоёр зээлийн хүүг төлсөн үйл баримтад маргаагүй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч зээлсэн мөнгөө, хүү тохиролцсон бол гэрээнд заасан хүүгийн хамт гэрээнд нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй. Талуудын хооронд байгуулсан 10,000,000 болон 3,500,000 төгрөгийн зээлийн гэрээний 3.7-д гэрээнд зааснаар хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.
5. Нэхэмжлэгч талуудын хооронд байгуулсан 2022 оны 11 сарын 22-ны өдрийн 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа 2023 оны 02 сарын 22-ны өдөр дуусгавар болсноос 110 хоногийн хугацаагаар тооцон 5,000,000 төгрөгийн, мөн 2022 оны 12 сарын 02-ны өдрийн 3,500,000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа 2023 оны 03 сарын 02-ны өдөр дуусгавар болсноос хойш 102 хоногийн хугацаагаар тооцон 1,750,000 төгрөгийн алдангийг тус хоёр гэрээний 3.7-д заасныг үндэслэн хариуцагчаас нэхэмжилж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан хугацаагаар хязгаарласан нь хууль болон гэрээнд нийцжээ.
Нэхэмжлэгч дээрх хоёр зээлийн гэрээний төлөгдөөгүй үндсэн зээлд 13,500,000 төгрөгийг, тус дүнгээс алданги 6,750,000 төгрөг, нийт 20,250,000 төгрөгийг хариуцагч Б.Б-ээс шаардсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцэх бөгөөд нэхэмжлэгч ийнхүү шаардах эрхтэй байна. Иймээс анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 20,250,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Хариуцагч нь анхан шатны шүүхийн шийдвэрээр түүнээс 20,250,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн мөнгөн дүнгээс 2,000,000 төгрөгийг хасах үндэслэлтэй гэж маргаж, энэ талаар давж заалдах гомдол гаргасан хэдий ч гомдлын үндэслэлээ тайлбарлаагүй байна.
Хэргийн 46-47, 49 талд авагдсан Хаан банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга гэх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул уг баримтыг шүүх үнэлэхгүй.
6. Талууд 2022 оны 11 сарын 22-ны өдөр байгуулсан барьцааны гэрээгээр З.А-ын өмчлөлийн улсын бүртгэлийн ******** дугаартай ********** дүүргийн * хороо, **** гудамж, ** байрны * тоот, ** м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалжээ. Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр талаар шүүх зөв дүгнэж, зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй талаар шүүх зөв дүгнэжээ. Иймд анхан шатны шүүх барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ********** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 07-ны өдрийн 181/ШШ2024/02313 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Э.ЭНЭБИШ