Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 110

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Улсын яллагч П.Ганбаатар,

Хохирогч Х.Эрдэнэбат,

Шүүгдэгч Н.Х, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Хд холбогдох эрүүгийн 201725021179 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч,  энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, бүрэн дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 10 дугаар гудамж 191 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Яллагдагч Н.Х нь 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 15-365 тоотод оршин суух иргэн Б.Эрдэнэбатын байнга амьдрах орон байр буюу зуны байшинд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан авч, 3x4 хэмжээтэй модон байшинг доторх эд зүйлийн хамт олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулж болох аргаар буюу галдан шатааж нийт 8.172.192 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр би бага зэрэг халамцуу гаднаас дүү Хишигдаваагийндаа орж ирсэн. Орж ирээд унтаж байгаад 00 ортол 00-н цаас нь дүүрчихсэн байсан учраас би шатаах гээд асаасан. Х.Эрдэнэбат гуайн амбаарт хайлуулсан зэс байсныг би мэдэж байсан. Түүнийг аваачиж зараад мөнгөөр нь архи авъя гэж бодсон. Зэсийг авахаар амбаарт ороход монгол гутал харагдахаар нь хамт авч гарсан. Эд зүйлсийг аваад 7 буудал ороход түүхий эдийн цэг хаалттай байсан. Гэтэл хохирогчийн охин, хүү, ач нар хамт ирж намайг барьсан...байшингийн сууринаас дээд хэсэг шатсан байсан...” гэв.

 

     Хохирогч Х.Эрдэнэбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 4 дүгээр сарын 15-ны шөнө 23:00 цагийн үед манай хүргэн гал гарч байгаа тухай хэлсэн. Гарахад амбаарын голоос шатаж байсан. Гал команд дуудахад гадны нөлөөтэй гэсэн. Дүгнэлт нь гарсан 9 сая гаруй төгрөг гарсан. 2 гутал байсан. 1-г нь зарчихаад нөгөөхийг нь зарах гээд явж байхад манай хүүхдүүд барьсан. Өмнө нь уулзахдаа би намайг төлбөргүй болгоод өгчих гэж хэлсэн. Гэтэл өнөөдөр хэргийн баримттай танилцаагүй гэж худал хэлж байна. Хохирол төлбөрөө авах хүсэлтэй байна. Бидний өөрсдийн амьдардаг байшинруу гал орох гэж байсан. Наана нь хураасан байсан банз талдаа ортол шатаад байшин руу гал орох гэж байхад гал команд ирсэн. Би эхний ээлжинд 5 сая төгрөг өгчих, үлдэгдлийг нь болох байх гэж байтал өөрөө алга болсон... зуны байшингийн сууринаас бусад нь шатсан байсан. Жорлонгийн зарим хэсэг шатсан байсан...” гэв.

Талуудын хүсэлтээр эрүүгийн 201725021179 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Н.Х мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...Надад сонсгосон ял болон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би уг хэргийг үйлдсэн минь үнэн. Надад хотод оршин суух хаяг байхгүй, би гадуур тэнэмэл хүн маягаар амьдарч явдаг хүн. Гал асаачихаад жорлонгоос гараад дараа нь хашааны хажууд байдаг 4 метр орчим урттай 1 давхар модон амбаарыг онгойлгоод дотор нь байсан 32 угалзтай Монгол гутал, хар өнгийн лидрийн материалтай үүргэвчтэй цүнхэн дотор байсан хайлуулчихсан 1 кг гаран жинтэй бөөрөнхий хэлбэртэй зэсний хамт хулгайлаад 7 буудал орж хулгайлсан эд зүйлээ зарж мөнгө болгоод архи уух зорилготой явж байгаад худ Эрдэнэбатын охин Алтанцэцэгтэй таарсан бөгөөд Алтанцэцэг цагдаа дуудаад намайг цагдаад хулээлгэж өгсөн. Миний буруутай үйлдлийн улмаас гал гарч жорлон амбаар щатсан юмаа. Амбаараас хулгайлсан гутал болон зэсийг Эрдэнэбатын охин Алтанцэцэг авсан. Би зарж үрэгдүүлж чадаагүй. Би эд зүйл хулгайлж эд зүйл шатаасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...надад урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 6, 9-10 дугаар хуудас/,

Хохирогч Х.Эрдэнэбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...Би 2017 оны 4 дүгээр сарын 15-ны шөнө өөрийн гэр болох Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 15-365 тоотод гэртээ эхнэр Н.Гүнсэн, охин Э.Болор-Эрдэнэ, Э.Оюунханд нарын хамт унтаж байтал 23 цагийн үед манай хүргэн Баатар-Отгон гаднаас орж ирээд “ааваа хашаан доторх зуны байшинд гал гараад байна” гэж хэлэхээр нь гадаа гараад харахад манай зуны байшин шатаж байсан. Тэгээд бид нар сандарч гүйгээд удалгүй Онцгой байдлын гал унтраах анги ирж унтраасан юм. Тэгээд дараа нь Цагдаагийн бүрэлдэхүүн ирж үзлэг хийсэн юм. Манай байшин ямар нэг тог цахилгаанд холбогдоогүй. Намайг анх харахад байшингийн дээвэр хэсэг шатаж байх шиг харагдсан. Юунаас болж гал гарсныг нь мэдэхгүй байна. тухайн үед гал гарсны орой манай охин Э.Алтанчимэг 7 буудалд явж байхад манай хүргэн Хишигдаваагийн ах болох Нооп овогтой Хишигдэлгэрийг манай зуны байшин дотор байсан гутал барьчихсан явж байхыг нь харсан. Тийм учраас уг хүнийг манай байшингаас эд зүйлс хулгайлчихаад санаатайгаар шатаасан байх гэж сэжиглэж байна. Хохирлоо барагдуулж авмаар байна, шүүх хуралд оролцоно..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-51 дүгээр хуудас/

 

              Гэрч Г.Алтанчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр миний бие гэртээ орой унтаж байсан юм. Тэгтэл нэг хүн цонхыг маань тогшоод “гал гарч байна босоорой” гэж хэлэхээр нь би байшингаасаа гараад хартал манай жорлон шатаж байсан мөн жорлонгийн цаана аав Эрдэнэбатынх манайхтай залгаатай байдаг бөгөөд яг тэр хэсэгт нь 1 давхар модон амбаар байдаг юм. Тэр амбаар мөн л шатаж байсан. Тэгэхээр нь Онцгой байдлын албанд дуудлага өгч ирж галыг унтраасан бөгөөд Онцгойгийн ажилчид ирэхээс өмнө жорлон болон амбаар бараг л шатаад үнс болоод дуусч байсан. Тэгтэл удалгүй манай Алтанцэцэг гэх төрсөн эгч Ноопын Хишигдэлгэрийг бариад такситай гэрийн үүдэнд хүрээд ирсэн бөгөөд Н.Х 7 буудал дээр шуудайтай зүйл барьчихсан согтуу явж байхаар нь очоод уулзтал манай аав Эрдэнэбатын монгол гутлыг барьчихсан явж байхаар нь такси бариад гэр рүү аваад ирсэн юм билээ. Хишигдэлгэрийн барьж явсан Монгол гутал нь шатсан амбаар дотор байсан гутал юм аа, тэгэхээр Хишигдэлгэр амбаараас хулгай хийчихээд дараа нь шатаагаад яваад өгсөн байгаа юм. Н.Х нь маш их архи уудаг, маш их тамхи татдаг, эхнэр хүүхэд бол байхгүй, ган бие, тэнэмэл амьдралтай хүн юм..." гэсэн мэдүүлэг / хх-ийн 52-53 дугаар хуудас/,

 

               Гэрч Г.Алтанцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...Би 2017 оны 4 дүгээр сарын 15-ны орой 23 цагийн үед Дарь-Эхэд байрлах эгч Алтантогосын гэрт нь байж байгаад гэртээ харихаар дүү Батхүүгийн хамт явж байтал манай төрсөн дүү Алтанчимэгийн нөхөр болох Хишигдаваагийн төрсөн ах болох Хишигдэлгэр нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 15 дугаар гудамжинд ууттай зүйл барьчихсан явж байсан. Тухайн үед би Хишигдэлгэрийг дүүгийнхээ гэрээс хөөгдөөд явж байна гэж ойлгосон. Тэгээд гэртээ харьчихаад байж байтал 20 орчим минутын дараа манай дүү болох Алтанчимэг миний утас руу залгаад “аав Эрдэнэбатын хашаанд гал гараад байна хурдан хүрээд ир” гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад такси бариад эцэг Эрдэнэбатын гэрт нь очиход Онцгой байдлын гал унтраах ангийн бүрэлдэхүүн ирчихсэн галыг унтраачихсан байсан. Тэгээд би гэрийнхэндээ Хишигдэлгэр нь түрүүн гудамжинд тортой юм барьчихсан явж байсан гэж хэлээд сэжигтэй санагдаад байхаар нь дүү Батхүүгийн хамт 7 буудлын эцэс рүү нь 01 цагийн үед очиход хамгийн мухрын дэлгүүрт манай аавын амбаар дотор байсан монгол гутлыг нь зарах гээд зогсож байхаар нь очиж барьж аваад “манай аавын гутлыг хаанаас авсан юм” гэж асуухад би амбаарнаас нь хулгай хийсэн, гэхдээ би гал тавиагүй гэж хэлсэн. Тэгээд бид нар Цагдаагийн байгууллагад хандсан юм. Тухайн үед Хишигдэлгэр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн гуйвсан байдалтай явж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

 

               Гэрч Б.Баатар-Отгон мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...тухайн үед оройны 00:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 35-365а тоот хадам' "аав Х.Эрдэнэбатын гэр рүү орж явтал, хашааны хаалгыг онгойлготол ертөнцийн зүгээр хашааны баруун хойд талд байдаг модон амбаарны зүүн урд булан хэсэг шатаад бүр өдөр юм шиг гэрэлтүүлээд хүн ойртохын аргагүй шатаж байхаар нь гэр рүүгээ гүйж ороод гэрийнхэндээ мэдэгдээд бүгдийг нь гэрээс гаргаж гал унтраасан. Ойролцоогоор 5 минут орчмын дараа гал команд ирж амбаарт гарсан галыг унтраасан. Тухайн үед шатсан модон амбаарны айлын хашаа руу харсан хэсгээс гадна талаас дээвэр хэсэг нь дүрэлзэн асч байсан. Амбаарт ямар нэгэн тог, цахилгаантай холбогдоогүй. Ямар ч тийм бодис материал байгаагүй...." гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд /гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг/ “...баруун хойд хэсэгт 3*4м харьцаатай амбаарын суурь шалны хэсэг байх ба ... уг шатсан амбаарын зүүн талын хананы талд мод дутуу шатсан байдалтай байх ба зүүн урд буланд газраас дээш 1.2м зайд төмөр цүүнээс цоожийг цоожлолгүй зүүж орхисон...Шатсан гэх амбаарны суурины ертөнцийн зүгээр зүүн талд 2*3м харьцаатай хойд зүгт харсан модон жорлон байх ба уг жорлонгийн баруун болон хойд хэсэгт дээврийн хэсэг талд шатан нурсан байв...” гэжээ /хх-ийн 31-35 дугаар хуудас/,

"Дамно" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...24 угалзтай 41 размерийн Монгол гутал 108.000 төгрөг...нийт 8.172.192 төгрөг...” гэжээ /хх-ийн 71-73 дугаар хуудас/,

 

              Хохирогч Эрдэнэбатын зуны байшин, эд зүйлийн хамт шатсан шалтгаан нөхцлийг тогтоосон Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 220/898 дугаартай дүгнэлт “...

              1-р асуултын хариулт: Хэргийн газрын үзлэгээр гал нь ил галын эх үүсвэрээр гарсан байх магадлалтай. Ил гал гэдэгт үнс, нурам, галын цог, асаасан лаа, асаасан тамхи, асаасан шүдэнз болон бусад ил задгай галыг хамруулан ойлгоно. Гал түймэр нь шатах материалд цонсон нь гал гарах нөхцлийг бүрдүүлсэн байх магадлалтай. Хэргийн газрын үзлэг, гэрчүүдийн мэдүүлэг, тайлбараас үзэхэд хүний санаатай болон санамсар болгоомжгүй үйлдлийг тогтоох боломжгүй.

              2 ба 7-р асуултын хариулт: Уг гал түймэр нь 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 22 цаг 17 минутанд Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101 дугаарын утсанд мэдээ ирүүлсэн байх ба Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн тасаг 10 минут ажиллаж унтраасан байна.

              3-р асуултын хариулт: Шатлага ойролцоогоор 30-40 минут үргэлжилсэн байх магадлалтай.

              4 ба 5-р асуултын хариулт: Хэргийн газрын үзлэг, гал түймрийн шаталтын тархан дэлгэрэлт зэргээс үзэхэд хэргийн материалын гэрэл зураг №2, зураг №4-д тусгагдсан зуны модон байшингийн баруун хойд дотор талаас эхэлж бусад хэсэг рүү тархсан байх үндэслэлтэй байна.

              6-р асуултын хариулт: Галын голомт хэсгээс шинжилгээнд бэхжүүлэн авсан хөрсний дээжнээс Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн химич-судлаач ахмад П.Чимэдцэрэнгийн 2017 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 9/152 тоот дүгнэлтэнд шатах шингэн илрээгүй.

              8-р асуултын хариулт: Хэргийн газрын үзлэгээр уг зуны модон байшинд цахилгааны утасны холболт хийгдээгүй учир асуултад хариулах боломжгүй..." гэжээ  дүгнэлт /хх-ийн 80 дугаар хуудас/,

 

              Гамшгийн туршилт шинжилгээний төвийн шинжээчийн 2/152 дугаар шинжээчийн дүгнэлт “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүдэд шатах шингэн илрүүлэх шинжилгээг чанарын болон багажит анализын аргаар тодорхойлоход шатах шингэн илрээгүй болно...” гэжээ /хх-ийн 83-84 дүгээр хуудас/,

 

               Гэрч П.Эрдэнэчимэгийн мэдүүлэг /шүүгдэгчийн хувийн байдлын талаар /хх-ийн 63 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Н.Хийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103 дугаар хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 125 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Прокуророос шүүгдэгч Н.Хийг 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 15-365 тоотод оршин суух иргэн Х.Эрдэнэбатын байнга амьдрах орон байр буюу зуны байшинд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэнийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Яллах дүгнэлтээс үзвэл Н.Хийг 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаар тусгаж, харин уг гэмт хэргийн улмаас хичнээн хэмжээний хохирол учирсан болохыг тусгаагүй, дүгнэлт хийлгүйгээр шүүх хуралдаанд энэ байдлаар яллажээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шүүгдэгч Н.Х нь дээрх үйлдлийн улмаас Х.Эрдэнэбатад 108.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдож хохирлын хэмжээ нь 2002 оны Эрүүгийн хуулиар нийгмийн аюулын шинж чанарын хэр хэмжээгээр ялимгүй бөгөөд гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байх тул гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй гэж үзлээ.

 

Прокуророос шүүгдэгчийн энэхүү үйлдлийг гэмт хэрэг гэж үзэж улмаар 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэхгүйгээр 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж түүний эрх зүйн байдлыг дордуулж хууль буруу хэрэглэсэн байдлыг анхаарвал зохино.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудыг дүгнэвэл шүүгдэгч Н.Х нь 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 23 цагаас 24 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 15-365 тоотод оршин суух иргэн Х.Эрдэнэбатын эзэмшлийн 3x4 хэмжээтэй зуны модон байшинд хууль бусаар нэвтэрч эд зүйлийг нууцаар авсан үйлдлээ нуун далдлах зорилгоор тухайн байшинд ил гал гаргаж, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бусдын эд хөрөнгийг шатааж устгасны улмаас Х.Эрдэнэбатад нийт 8.064.192 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

шүүгдэгч Н.Хийн “...4 метр орчим урттай 1 давхар модон амбаарыг онгойлгоод дотор нь байсан 32 угалзтай Монгол гутал, хар өнгийн лидрийн материалтай үүргэвчтэй цүнхэн дотор байсан хайлуулчихсан 1 кг гаран жинтэй бөөрөнхий хэлбэртэй зэсний хамт хулгайлсан.... байшингийн сууринаас дээд хэсэг шатсан байсан...Би эд зүйл хулгайлж эд зүйл шатаасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,  

 

            хохирогч Х.Эрдэнэбатын “...манай хүргэн Баатар-Отгон гаднаас орж ирээд “ааваа хашаан доторх зуны байшинд гал гараад байна” гэж хэлэхээр нь гадаа гараад харахад манай зуны байшин шатаж байсан... зуны байшингийн сууринаас бусад нь шатсан байсан. Жорлонгийн зарим хэсэг шатсан байсан....” гэсэн мэдүүлэг,

 

гэрч Б.Баатар-Отгоны "...тухайн үед оройны 00:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 35-365а тоот хадам' "аав Х.Эрдэнэбатын гэр рүү орж явтал, хашааны хаалгыг онгойлготол ертөнцийн зүгээр хашааны баруун хойд талд байдаг модон амбаарны зүүн урд булан хэсэг шатаад бүр өдөр юм шиг гэрэлтүүлээд хүн ойртохын аргагүй шатаж байхаар нь гэр рүүгээ гүйж ороод гэрийнхэндээ мэдэгдээд бүгдийг нь гэрээс гаргаж гал унтраасан...” гэсэн мэдүүлэг,

 

            гэрч Г.Алтанчимэгийн “...нэг хүн цонхыг маань тогшоод “гал гарч байна босоорой” гэж хэлэхээр нь би байшингаасаа гараад хартал манай жорлон шатаж байсан, мөн жорлонгийн цаана аав Эрдэнэбатынх манайхтай залгаатай байдаг бөгөөд яг тэр хэсэгт нь 1 давхар модон амбаар байдаг юм. Тэр амбаар мөн л шатаж байсан...” гэсэн мэдүүлэг,

 

гэрч Г.Алтанцэцэгийн “...Алтанчимэг миний утас руу залгаад “аав Эрдэнэбатын хашаанд гал гараад байна хурдан хүрээд ир” гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад такси бариад эцэг Эрдэнэбатын гэрт нь очиход Онцгой байдлын гал унтраах ангийн бүрэлдэхүүн ирчихсэн галыг унтраачихсан байсан. Тэгээд би гэрийнхэндээ Хишигдэлгэр нь түрүүн гудамжинд тортой юм барьчихсан явж байсан гэж хэлээд сэжигтэй санагдаад байхаар нь дүү Батхүүгийн хамт 7 буудлын эцэс рүү нь 01 цагийн үед очиход хамгийн мухрын дэлгүүрт манай аавын амбаар дотор байсан монгол гутлыг нь зарах гээд зогсож байхаар нь очиж барьж аваад “манай аавын гутлыг хаанаас авсан юм” гэж асуухад би амбаарнаас нь хулгай хийсэн гэсэн...” гэсэн мэдүүлэг,

 

             Хэргийн газрын үзлэгийн “...баруун хойд хэсэгт 3*4м харьцаатай амбаарын суурь шалны хэсэг байх...Шатсан гэх амбаарны суурины ертөнцийн зүгээр зүүн талд 2*3м харьцаатай хойд зүгт харсан модон жорлон байх ба уг жорлонгийн баруун болон хойд хэсэгт дээврийн хэсэг талд шатан нурсан байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг,

 

   Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 220/898 дугаартай дүгнэлт “...

   1-р асуултын хариулт: Хэргийн газрын үзлэгээр гал нь ил галын эх үүсвэрээр гарсан байх магадлалтай. Ил гал гэдэгт үнс, нурам, галын цог, асаасан лаа, асаасан тамхи, асаасан шүдэнз болон бусад ил задгай галыг хамруулан ойлгоно. Гал түймэр нь шатах материалд цонсон нь гал гарах нөхцлийг бүрдүүлсэн байх магадлалтай...

3-р асуултын хариулт: Шатлага ойролцоогоор 30-40 минут үргэлжилсэн байх магадлалтай. 4 ба 5-р асуултын хариулт: Хэргийн газрын үзлэг, гал түймрийн шаталтын тархан дэлгэрэлт зэргээс үзэхэд хэргийн материалын гэрэл зураг №2, зураг №4-д тусгагдсан зуны модон байшингийн баруун хойд дотор талаас эхэлж бусад хэсэг рүү тархсан байх үндэслэлтэй байна. 6-р асуултын хариулт: ...шатах шингэн илрээгүй. 8-р асуултын хариулт: Хэргийн газрын үзлэгээр уг зуны модон байшинд цахилгааны утасны холболт хийгдээгүй...” гэсэн дүгнэлт,

 

            Гамшгийн туршилт шинжилгээний төвийн шинжээчийн 2/152 дугаар шинжээчийн дүгнэлт, "Дамно" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

            Хэргийн нөхцөл байдлаас үзвэл 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 23 цагаас 24 цагийн үед хүмүүс амарч байсан үед шүүгдэгч Н.Х хохирогч Х.Эрдэнэбатын эзэмшлийн 3x4 хэмжээтэй зуны модон байшинд хууль бусаар нэвтэрч эд зүйлийг нууцаар авсан үйлдлээ нуун далдалж, ул мөрийг арилгах зорилгоор ил гал гаргаж тэр даруй хэргийн газраас явсанаас хойш гэрч Б.Баатар-Отгоноос уг байшинг шатаж байгааг мэдсэн даруйд галыг унтраах арга хэмжээ авч таслан зогсоогдсон бөгөөд байшин дотроосоо буюу байшингийн баруун хойд дотор талаасаа эхэлж бусад хэсэг рүү тархсан байдлаар ил галын улмаас хохирогчийн байшин болон эд хөрөнгө шатаж хохирол учирч, ийнхүү гал гарч тухайн шатаж буй байшингаас гал цааш дэгдэж орчин тойронд амьдарч байсан олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болохуйц нөхцөл байдал үүссэн байна.

 

            Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэхь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Н.Хийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн байдал бүрэн нотлогдоогүй, эргэлзээтэй. Гэрч нараас галыг гаднаасаа гарсан талаар мэдүүлсэн байдаг тул гал гарсан талаар шинжээчийн дахин дүгнэлт гаргуулах нь зүйтэй...” гэсэн санал болон шүүгдэгчээс “...гал гарсан үйлдлийг санаатай хийгээгүй...” талаар мэдүүлсэн зэргийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

            Учир нь гэрч Б.Баатар-Отгон, Г.Алтанчимэг нарын мэдүүлгээр гал хэрхэн хаанаас эхэлж гарсаныг хараагүй, мэдээгүй ба харин тухайн үед зөвхөн гал гарсан байсныг л харсан байдлыг мэдүүлсэнтэй нь холбогдуулан Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 220/898 дугаартай дүгнэлтийг дахин гаргуулах үндэслэл болохгүйгээс гадна уг дүгнэлт тодорхой ойлгомжтой гарсан болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “...Шатсан гэх амбаарны суурины ертөнцийн зүгээр зүүн талд 2*3м харьцаатай хойд зүгт харсан модон жорлон байх ба уг жорлонгийн баруун болон хойд хэсэгт дээврийн хэсэг талд шатсан...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / шатсан байшингийн бие хэсэг үзэгдэхгүй, дутуу шатсан жорлонгийн хэсэг харагдана/, шүүгдэгч Н.Хийн “...байшингийн сууринаас дээд хэсэг шатсан байсан...” гэсэн мэдүүлэг, хохирогч Х.Эрдэнэбатын “...зуны байшингийн сууринаас бусад нь шатсан байсан. Жорлонгийн зарим хэсэг шатсан байсан...” гэсэн мэдүүлэг зэргээр давхар нотлогдсон байна.

 

            Ийнхүү хэрэг болсон газар, тухайн цаг хугацаанд хохирогч Х.Эрдэнэбатын зуны байшинд шүүгдэгч Н.Х нэвтэрсэн нөхцөл байдал, тэрээр байшин дотор ил гал гаргасан байдал бүрэн тогтоогдсон тул шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах үндэслэлгүй.

 

            Шүүгдэгчээс тухайн байшин дотор гал гаргасан үйлдлээ хууль бус шинжтэйг мэдэж, ухамсарлаж түүнийг хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

 

           Мөн шүүгдэгч нь өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд мэдүүлгийг хэрхэн өгөх эсэх нь түүнд хуулиар олгогдсон эрх ба түүний мэдүүлэг эх сурвалжгүй, нотолгооны чадваргүй болох нь шүүгдэгчийг эд хөрөнгө устгах гэмт хэрэгт гэм буруутайг нотолж буй бусад нотлох баримтаар илэрч няцаагдсан гэж шүүх үзсэн болно.

 

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулиар тодорхойлогдох боловч 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан түүнийг гэм буруутайд тооцох нь эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэхээр байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Н.Хийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд хохирогч Х.Эрдэнэбатаас “...Монгол гутлыг хүлээн авсан бусад хохирлоо гаргуулах хүсэлтэй байна...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн, "Дамно" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар нийт хохирлыг 8.172.192 төгрөгөөр тогтоосон ба уг хохирол нөхөн төлөгдөөгүй тул хохирогчид буцаан өгсөн Монгол гутлын үнэ болох 108.000 төгрөгийг хасч 8.064.192 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Н.Хийг гэм буруутайд тооцсон тул түүнд 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Н.Хийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан төрөл, хэмжээний дотор 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 угаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч Н.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2 хоног баривчлагдсан, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл нийт 87 хоног цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурьдлаа.     

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилготой, зөв амьдрах, зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Прокуророос Н.Хт 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.  

            2. Н.Хг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            3. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Н.Хийг  3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Хт оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            5. Шүүгдэгч Д.Хишигдэлгэрийн цагдан хоригдсон 87 /наян долоо/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурьдсугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хээс 8.064.192 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Эрдэнэбатад олгосугай.

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Хт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Хт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН