| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00528/И |
| Дугаар | 491 |
| Огноо | 2016-09-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 491
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 156/2016/00528/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар баг Хэнтий гэх газарт оршин суух, Нумчин овогт Лхамсүрэнгийн Одонгийн (РД: СР66091105) нэхэмжлэлтэй
“Ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд оролцов.
Нэхэмжлэгч Л. Одон нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би өвөлжилтийн бэлтгэлээ хангах ажилтай байгаа тул шүүх хуралдааныг намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү? гэжээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шүүх зохигчийн хүсэлтийг хүлээн авч түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Л. Одон нь шүүхэд гаргасан нэхэмжлэллийн шаардлага болон тайлбартаа: Миний бие нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ өрнөлт” нэгдлийн Хэнтий бригадад 1982 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчин, саальчнаар ажилласан юм. Одоо би өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул Хэнтий аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь ажлаас халагдсан тушаал гараагүй учир энэ хугацааны ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлага гарсан.
Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ. /хх-ийн 1, 22 тал/
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Нумчин овогт Лхамсүрэнгийн Одон нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ өрнөлт” нэгдлийн Хэнтий бригадад 1982 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Нумчин овогт Лхамсүрэнгийн Одон нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ өрнөлт” нэгдлийн Хэнтий бригадад 1982 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчин, саальчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар /хх-ийн 1, 22 тал/, Хэнтий аймгийн архивын тасгийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 4 тал/, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн зөвлөлийн даргын ажилд томилсон тушаал /хх-ийн 5-6 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Нумчин овогт Лхамсүрэнгийн Одонг (РД: РД: СР66091105) Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ өрнөлт нэгдлийн Хэнтий бригадад 1982 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчин, саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР