Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 115

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Улсын яллагч Д.Мөнхтогоо,

Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эд холбогдох эрүүгийн 1909000000073 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

    Монгол Улсын иргэн, 1973 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, Говьсүмбзр аймгийн номын сангийн захирал ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 5 дугаар байрны 29 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Свийт” зочид буудалд хохирогч Н.Минжинсайхантай маргалдан улмаар түүний толгойн тус газар руу нь архины шил шидэж, эрүүл мэндэд нь зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

.

Эрүүгийн 1909000000073 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Б.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Свийт зочид буудалд найз Ганболд, Мөнх-Өлзий нарын хамт архи уугаад юм яриад сууж байтал гаднаас Минжинсайхан, Сувдаа гэх хүмүүс орж ирээд бид нар цуг суугаад юм ярилцаж байгаад
маргалдаад Минжинсайханыг “архиа аваад зайл” гээд архины шил аваад түүний
толгой руу нь шидэж хагалсан...” /хх-ийн 17 дугаар хуудас/,

Хохирогч Н.Минжинсайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Ганболд бид хоёр юм яриад сууж байтал Энхтөр архитай шилээр миний толгой руу нэг удаа цохисон. Миний толгойноос цус гараад би алчуураар дараад байж байтал Энхтөр над руу дайраад байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4 дүгээр хуудас/,

   Гэрч Г.Сувдаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Минжинсайхан бид хоёр Свийт зочид буудлын 2 давхарт байрлах өрөөнд ортол Ганболд, Энхтөр нар архи уугаад сууж байсан. Тэгээд би 00-ын өрөөнд ороод гараад иртэл Минжинсайхан ширээний 1 талд толгойгоо бариад сууж байсан. Энхтөрийг Ганболд бариад сууж байсан...Минжинсайханы духнаас цус гоожиж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Ганболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 01 дүгээр сарын 08-ны орой Энхтөрийн байрлаж байгаа Свийт зочид буудалд 22:00 цагийн үед очиход Энхтөр, Мөнх-Өлзий нар байсан. Тэгээд бид 3 нийлж архи хувааж ууж байгаад Сувдааг дуудсан. Сувдаа гаднаас Минжинсайхантай ирсэн. Бид нар архиа тойруулаад байж байтал Мөнх-Өлзий гэнэт Энхтөрийг тэвэрч аваад цаад өрөө рүү түлхэж орохоор нь би араас нь ортол Минжинсайхан Энхтөр ах намайг цохисон гээд байсан. Энхтөр Минжинсайхантай зодолдоно гээд орилж чарлаад дайраад байсан. Би нөгөө талын өрөөнөөс гарч иртэл Минжинсайханы толгойноос цус гарчихсан Сувдаа ОО-н цаасаар арчиж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/

 

Гэрч Б.Мөнх-Өлзий мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 01 дүгээр сарын 09-ний шөнө Свийт зочид буудалд Ганболд, Энхтөр нарын хамт архи ууж байтал гаднаас Минжинсайхан, Сувдаа нар хамт орж ирээд ширээнд хамт суусан. Би Ганболд ахтай  юм  ярьж  байтал  Энхтөр,   Минжинсайхан   нарын  дуу  нь чангараад маргалдахаар нь эргээд хартал Минжинсайханы толгойноос нь цус гарчихсан байхаар нь Энхтөр ахыг өргөөд нөгөө өрөөнд оруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1169 дугаартай дүгнэлт:

1. Н.Минжинсайханы биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсог гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэжээ /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22 дугаар хуудасны ар тал/, шүүгдэгч Б.Эийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 22 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 26 дугаар хуудас/, хохирогчийн гомдолгүй талаар гаргасан хүсэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Свийт” зочид буудалд бусадтай нийлж согтууруулах ундааны зүйл хэрэглэж хохирогч Н.Минжинсайхантай зүй зохисгүй харьцаж маргалдан улмаар түүний толгойн тус газар руу нь архины шил шидэж, эрүүл мэндэд нь “зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Минжинсайханы мэдүүлэг, гэрч Г.Сувдаа, гэрч Б.Мөнх-Өлзий, гэрч Д.Ганболд нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн №1169 дугаар дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч нь хохирогч Н.Минжинсайханы биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч түүнийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, гэрч нараас хэргийн нөхцөл байдлыг тодорхой мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Эийн үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогчоос “...гомдол байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлтээ /хх-ийн 34/ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлж хор уршгийг арилгасан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор, прокурорын саналыг харгалзан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа. 

            Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, согтуурч, бусадтай зүй зохистой харьцах талаар зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

            5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            6. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН