Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 121

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Улсын яллагч Н.Түвшинбаяр,

Шүүгдэгч Э.Х /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Х холбогдох эрүүгийн 1809013450351 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Мон кабель” ХХК-нд туслах ажилтай, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбийн 1 дүгээр гудамж 105 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, 45-44 тоотод оршин суух, урьд 3 удаа ял шийтгэгдсэн,

 

 Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 09-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэж уг ялыг Өршөөл үзүүлэх тухай 2009 оны 7 сарын 09-ны өдрийн Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар уг ялаас өршөөн хэлтрүүлсэн,

 

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 574 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийг хурааж, 10 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 369 дугаар шүүгчийн захирамжаар шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд нийцүүлэн ялыг дүйцүүлэн тооцож 4 жил 9 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялаас чөлөөлж, суллагдсан

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Э.Х нь Н.Нармандахтай бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 3 дугаар гудамж 37 тоотод суух Ц.Чулуунбаатарын эзэмшлийн байшингаас нууцаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч 40  инчийн зурагт хулгайлж 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр С.Тунгалагийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 46 дугаар гудамжны 56 тоот орон байрны вакум цонхыг хагалж нууцаар орж Hair маркийн 32 инчийн зурагт хулгайлан 397.710 төгрөгийн хохирол учруулсан,

 

2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдаж байгаа худгийн байшин буюу үйл ажиллагаа явуулах явуулах зориулалттай байранд хууль бусаар нэвтэрч төслийн зуух, төмөр тасдагч, цохилттой дрилл зэрэг эд зүйл хулгайлж 268.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч Э.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Талуудын хүсэлтээр эрүүгийн 1809013450351 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Э.Х мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Бэлхийн эцсийн автобусны буудал дээр 16 цагийн орчим би Туяа гэх хүүхэнтэй танилцаад 1 шил архи хувааж уугаад 19 цагийн орчим гэртээ ороод дүү Мандухайгаас 20.000 төгрөг аваад буцаж гараад Туяа гэх танилцсан хүүхэнтэйгээ дахиж нэг шил архи уусан. Туяа гэх хүүхэн “би Дэнжийн 1000-д амьдардаг хүүхдээ нөхрөөсөө авна” гээд явсан. Тэгээд 00 цагийн орчим гэрийн хажуу талын хоёр давхар байшинтай айл гэрэлгүй байхаар нь нэг давхрын урагшаа харсан цонхыг чулуугаар хагалаад том өрөөнд хананд зүүсэн байсан хар өнгийн 32 инчийн Наieг маркийн зурагтыг тогтоогчоос салгаад аваад гарсан. Тэндээс гараад Бэлхийн эцсээс цагаан өнгийн маркийг нь сайн анзаараагүй автомашинд гар өргөж суугаад жолоочид нь “7 буудал явна гэж хэлээд та зурагт авахгүй биз ганц хоёр юм уух гэсэн мөнгө байдаггүй ээ” гэхэд “25.000 төгрөг байна” гэхээр нь би “за тэгвэл та аваа энэ миний зурагт байгаа юм аа гээд төгрөгийг нь авч буугаад Бэлх эцсийн буудал ороод Туяа гэх хүүхэнтэй уулзаад дахиад архи уусан. 2018 оны 05 дугаар сарын 06-ны орой 21 цагийн үед Баянбүрдийн автобусны буудал дээр найз Нармандахтай тааралдаад хоёулаа хамт найз Амгаланбаатарын гэрт очсон юм. Бид хоёрыг очиход Амгаланбаатар гэртээ ганцаараа байсан. Тэгээд бид гурав гадагшаа гараад хажуу талын дэлгүүрээс 0.75 литрийн нэг шил Хараа архи аваад буцаж Амгаланбаатарын гэрт очоод авсан архиа ууж дуусгачихаад Нармандах бид хоёр тамхи авахаар дэлгүүр гараад дэлгүүрээс тамхиа авчихаад буцаж явахад нэг согтуу эрэгтэй хүн айлын хаалга цохиод зогсож байсан. Гэтэл Нармандах “юу байна ах” гээд мэндэлсэн. Тэгээд наад айл чинь эзэнгүй байгаа гэж хэлсэн чинь Нармандахтай юм яриад зогсож байгаад “хоёулаа манайд очиж ганц юм ууя” гээд Нармандахыг дагуулаад явчихаар нь би буцаад Амгаланбаатарын гэрт очиход Амгаагийн найз Жавхлантөгс гэдэг залуу ирчихсэн байсан. Тэгээд Жавхлантөгс, Амгаланбаатар бид 3 зурагт үзээд сууж байтал Нармандах гаднаас орж ирээд нэг ахтай танилцаад “архи ууж байгаад ирлээ ууж байсан архины тал нь үлдчихсэн хамт очоод уучихаад ирье” гэхээр нь би ганцаараа Нармандахыг дагаж яваад 2 гудамны цаана Нармандахын хамт архи уусан айлд очиход хаалга нь онгорхой байхаар нь шууд гэр рүү нь яваад ороход гэрт нь хүн байхгүй бүх хаалга нь онгорхой байсан. Тэгээд бид хоёр 2 давхар руу нь гараад хананд тогтоочихсон байсан зурагтыг нь салгаж аваад буцаж очоод Амгаланбаатарыг дуудаж гаргаж ирээд бид хоёр Нараагийн хамт архи уусан айл эзгүй байхаар нь зурагтыг нь авчихлаа зарах хэрэгтэй байна гээд Амгаланбаатарыг дагуулаад гудамжаар уруудаад 00.30 цагийн үед Баянбүрдийн хойд талаас такси бариад Сансар ороод тунелийн эсрэг талд ломбарданд 250.000 төгрөгөөр тавьчихаад буцаад Амгаланбаатарын гэрт очоод Жавхлантөгс унтаж байхаар нь сэрээгээд модны 2 караокед ороод мөнгөө дуусгасан... 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд шинээр барьж байсан худгаас төслийн зуух, тасдагч, цахилгаан дрилл зэрэг эд зүйл хулгайлсан. Тухайн худгийг ашиглалтанд өгөх гээд бэлэн болсон байсны дараа хаалганы түлхүүр надад нэг хувь байсан юм. 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр би гадуур архи ууж яваад Сайнбаяр гэх инженер залуугаас мөнгө зээлэх гэж утсаар ярьхад Сайнбаяр “худаг дээр байна” гэхээр нь би 17 цагийн орчим очиход худаг дээр Сайнбаяр байгаагүй, худаг руу түлхүүрдэж ороход дотор нь шинэ төслийн зуух байсан. Тэгэхээр нь би гаднаас такси олж ирээд төслийн зуух, тасдагч, дрилл зэргийг аваад таксинд ачаад Нарантуул зах орж хашааны үүдэнд нь нэг танихгүй явуулын хүнд бүгдийг нь 110.000 төгрөгөөр зарсан. Тэр мөнгөөрөө архи уугаад дууссан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 3-4, 86-87 дугаар хуудас, 2 дугаар хх-ийн 47-50 дугаар хуудас/,

 

Хохирогч С.Тунгалаг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 46-56 тоотод манайх зуслангийн сууцтай бөгөөд Бэлхийн 46-576 тоотод манай эгч С.Нарантуяа амьдардаг ба байшинг маань хардаг юм. Тэгтэл 2018 оны 03 дугаар сарын 09-11-ний хооронд өвлийн сууцны 1 давхарын баруун талын цонхыг хагалж хулгайч орж том өрөөнд байсан “Haier” маркийн 32 инчийн лед зурагт хулгайд алдагдсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 24-25 дугаар хуудас/,

 

Хохирогч Ц.Чулуунбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018 оны 5 дугаар сарын 05-ны өглөө гэртээ би өөрийн найзуу Хуягаа, Эрдэнэбаяр, Дашдаваа, нар руу холбогдох гэж Хуягаагийн гар утас болох 94444026 гэсэн дугаар руу залгаад “манай гэрт хүрээд ир архи ууя” гэж хэлсэн чинь 11 цагийн орчим гаднаас орж ирсэн. Тэгээд би гэртээ байж байгаад Эрдэнбаяр, Дашдаваа, Хуягаа нартай хамт гэрийн хажуу талын Хүнсний дэлгүүр ороод Хараа 0,3 литрийн 3 шил архи, тамхи гэх зүйл аваад гэр рүү буцаад явсан. Гэртээ очоод бид 4 архи уугаад байж байгаад Хуягаа, Эрдэнэбаяр, Дашдаваа нар 5, 6 цагийн хооронд явцгаасан би хэсэг унтаад 21 цагийн орчим сэрээд дахиж дэлгүүр орж архи авах гэж яваад гудамжинд танихгүй нэг залуутай таараад би яриа өдөөд тэгсэн тэр залуутай нэг нутгийн хүн болоод тэгээд дэлгүүр ороод хараа 0,75 литрийн архи 1 шилийг аваад гэрлүүгээ тэр залууг дагуулж явсан. Гэртээ очоод тэр залууд хоол хийж өгөөд авсан архиа цуг хувааж уугаад нэг мэдсэн чинь өглөө өөрийн хүүхэд Энхжингийн гэр болох 11 дүгээр хороололд унтаж байсан. Тэгээд сэрээд 08 цагийн орчим гэртээ ирэхэд гэрийн хаалга онгорхой ЛСД-42 инчийн зурагт, халтар манан хөөргө, гаанс гэх зэрэг зүйлс алга болсон байсан. Гудамжинд танилцсан залуу Нармандах гэж өөрийгөө танилцуулж байсан бөгөөд хамгийн сүүлд 1 шил архи ууж байгаад яаж 11 дүгээр хороололд очсон талаар юм санахгүй байна...Миний даалин хөөргийг эхнэр маань өөр газар хийчихсэн байна лээ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 110-111 дүгээр хуудас/,

 

Хохирогч У.Сайнбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Манай компани 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 415 дугаар худаг дээр дотор хаалга суулгаад 17 цагийн үед хааж түгжээд явсан. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 11 цагийн орчим манай ажилтан Бямбадорж над руу утсаар яриад багаж авах гээд ирсэн чинь худгийн цонх нь онгорхой хаалга нь түгжээтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр Бямбадоржыг цайзад байгаа багажыг авчих гээд тэр өдөр өнгөрсөн. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би худаг дээр очиход худаг дотор байсан зуух, төмөр таслагч, дрилл зэрэг алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 248-250 дугаар хуудас/,

 

 Иргэний нэхэмжлэгч П.Сүхбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Миний бие нь 2016 оноос хойш Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 1 дүгээр байрны 73 тоотод “Андууд ГМБ” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг. 2018 оны 5 дугаар сарын 05-нд 42 инчийн Панасоник пласма зурагт 1 ширхэгийг 250.000 мянган төгрөгний барьцаанд 10 хоногийн хугацаатай авсан юм. Гэтэл 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр цагдаагийн байгууллагаас уг зурагтыг хулгайн эд зүйл байсан гэж хурааж авсан тул хохиролын 250.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 114 дүгээр хуудас/,

 

Гэрч С.Нарантуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо 46-56 тоотод байрлах дүүгийнхээ байрыг гаднаас хараад хэвийн байхаар нь ажилдаа явсан. Манай дүүгийн гэр манай хажуу талд байдаг. Дүүгийнх хүн байхгүй болохоор би гэрийг нь байнга хардаг. Тэгээд 2018 оны 3 дугаар сарын 11-ний өглөө 10 цагийн үед дүүгийнхээ гэрийг шалгахаар ортол манай дүүгийн гэрийн баруун тийш харсан нэг том цонх нь хагарсан байдалтай байсан. Тэгээд би хүүхдүүд чулуу шидээд хагалсан байна гэж бодоод гэрт нь орсон. Гэрт ороод хартал зурагт байхгүй байсан тэгэхээр нь ах Ганбаатарыг дуудаад гэрт хулгай орсон байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 27 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.Бямбадорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 08 дугаар сард 415 дугаар худгийг буулгаж шинээр барих ажпыг эхэлсэн. Ингээд ажиллаж байгаад сүүлийн 7 хоног ирээгүй байж байгаад инженер Энхээ ахтай хамт 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 11 цагийн үед худаг дээрээ ирхэд худгийн цонх онгорхой хаалга цоожтой байсныг Энхээ ах хаалгыг нь онгойлгоод ороход багажууд байхгүй байсан. Тэгээд Сайнбаяр ахтай ярихад өөр газраас очоод авчих гэхээр нь хураачихсан юм байх гэж бодоод уртасгагчаа аваад явсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

Гэрч Н.Жавхлантөгс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Намайг Амгаланбаатарын гэрт очиход Амгаланбаатар ганцаараа согтуу байсан, намайг ирсний дараа Хүрэлбаяр /Хүрэлээ/, Нармандах /Нараа/ гэх 2 залуу согтуу орж ирээд миний авчирсан 0.75 литрийн архийг ууж байгаад тэр 2 залуутай танилцахад Амгаланбаатар тэр 2 залууг надтай цуг барилгын ажил хийдэг хүмүүс гэж танилцуулсан. Тэгээд архи ууж дуусаад нилээн орой Хүрэлбаяр, Нармандах гэх 2 залуу нь гарч яваад удалгүй 30 орчим минутын дараа Хүрэлбаяр гэх залуу нь ганцаараа орж ирээд Амгаланбаатарыг дагуулаад гарсан би гэрт нь ганцаараа үлдсэн. Тэгээд буцаж орж ирэхдээ Хүрэлбаяр гэх залуу нь том 42 инчийн хар өнгийн ЛСД зурагт тэвэрчихсэн орж ирсэн. Амгаланбаатар, Нармандах 2 нилээн удаж байгаад 10 орчим минутын дараа орж ирсэн. Хүрэлбаярыг орж ирэхэд нь юун зурагт талаар асуухад надад “гэрээсээ авчирсан, өнөөдөр ломбарданд тавьж архи ууна” гэж хэлсэн. Тэгээд бид 4 гарч зурагтаа сансарын ломбарданд тавиад модны 2-н тэнд караокед орсон...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 119-120 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Амгаланбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 5 дугаар сарын 04-ны өдөр найз Жавхлантөгсийг гэртээ дуудаад нэг шил архи ууж байтал гаднаас Нармандах, Хүрэлбаяр нар ирсэн бөгөөд нийлж архи ууж байгаад манайд бүгд унтсан. Маргааш өдөр нь мөн архи ууж байгаад унтацгаасан бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 05-ны орой 00 цаг өнгөрч байхад Нармандах, Хүрэлбаяр хоёр Панасоник 42 инчийн зурагт хамт архи уусан айлаас авчихсан зарах хэрэгтэй гэхээр нь хамт гараад такси бариад явсан таксины жолооч Сансарт нээлттэй нэг ломбард байгаа гэхээр нь очиж 250.000 төгрөгөөр тавьсан. Тэгээд буцаж ирээд гэрээсээ Жавхлантөгсийг аваад Нармандах, Хүрэлбаяр нарын хамт мөнгөөр нь Модны-2 орчим караокед орж үрж дуусгасан. Маргааш өдөр нь цагдаа нарт баригдсан. Би одоо тухайн ломбардны газрыг зааж өгч чадна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 122 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Төрбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ГМБ” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар 2017 оны 4 дүгээр сараас хойш кассын ажил хийж байгаа юм. Тухайн өдөр буюу 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 00 цаг өнгөрч байхад 2 хүн зурагт авах уу гээд орж ирэхээр нь загвар хийцийг нь асуусан боломжийн байсан учир зурагтыг чинь харъя гэсэн тухайн хар өнгийн 42 инчийн “Панасоник” загварын плазма зурагт аваад орж ирсэн. Зурагтыг нь шалгаж үзсэн хэвийн ажиллагаатай байсан учир 250.000 төгрөгөөр авсан. Нямхүүгийн Жавхлантөгс гэх хүний бичиг баримттай байсан учир авсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 124 дүгээр хуудас/,

 

Яллагдагч Н.Нармандах мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Хүрэлбаяр бид хоёр гараад хамт архи уусан гэрт очиход хаалга нь онгорхой байсан. Тэгээд гэрт яваад ороход Чулуунбаатар гэртээ байхгүй байхаар нь би хоёр давхарт гараад хананд тогтоочихсон байсан зурагтыг салга аваад гарсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 115 дугаар хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 03/141 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт: 2. Шинжилгээнд тэнцсэн №2 гэж дугаарласан гарын мөр нь Энхтайваны Хүрэлбаярын баруун гарын алганы, №3 гэж дугаарласан гарын мөр нь Энхтайваны Хүрэлбаярын баруун гарын эрхий хуруу, №5 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөрүүд нь Энхтайваны Хүрэлбаярын баруун гарын долоовор, дунд хурууны дардастай тус тус тохирч байна...” гэжээ /1 дүгээр хх-ийн 40-41 дүгээр хуудас/, 

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 9-14, 94-99, 239-242 дугаар хуудас/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 хх-ийн 18-21 дүгээр хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “...зурагт /Haier брэндийн 32 инч/- 231.960 төгрөг, цонх /вакум/- 165.750 төгрөг, нийт 397.710 төгрөг...” гэжээ /1 дүгээр хх-ийн 35-36 дугаар хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “...зурагт / Panasonic брэндийн 42 инч/- 399.960 төгрөг...” гэжээ /1 дүгээр хх-ийн 127-128 дугаар хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “...зуух 120.000 төгрөг, төмөр тасдагч 96.000 төгрөг, дрилл 52.000 төгрөг...нийт 268.000 төгрөг...” гэжээ /2 дугаар хх-ийн 11 дугаар хуудас/,

 

Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэлд “...хар өнгийн 42 инчийн Плазма загварын Ти Эйч –Пи42Ай2Эс моделтой зурагтыг хураан авав...” /1 дүгээр хх-ийн 106 дугаар хуудас/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 108 дугаар хуудас/,  

 

Гэрч Б.Энхтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 28 дугаар хуудас/, гэрч Э.Мандухай мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэхдээ /1 хх-ийн 31-32 дугаар хуудас/, шүүгдэгч Э.Хын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 51, 132 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 133 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /1 дүгээр хх-ийн 135-140 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.Х нь:

- яллагдагч Н.Нармандахтай бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 3 дугаар гудамж 37 тоотод оршин суух иргэн Ц.Чулуунбаатарын эзэмшлийн хүн байнга амьдрах байшинд нэвтэрч, “Панасоник” маркийн 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 399.960 төгрөгийн хохирол учруулсан,

 

- ганцаараа 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 46 дугаар гудамжны 56 тоотод оршин суух иргэн С.Тунгалагийн эзэмшлийн хүн байнга амьдрах амины сууцны цонхыг хагалж нэвтрэн “Хайер” маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 231.960 төгрөгийн хохирол учруулсан,

 

- ганцаараа 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдаж байгаа худгийн байшин буюу үйл ажиллагаа явуулах явуулах зориулалттай байранд нэвтэрч төслийн зуух, төмөр тасдагч, цохилттой дрилл зэрэг эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 268.000 төгрөгийн буюу 899.920 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Тунгалагийн “...2018 оны 03 дугаар сарын 09-11-ний хооронд өвлийн сууцны 1 давхарын баруун талын цонхыг хагалж хулгайч орж том өрөөнд байсан “Haier” маркийн 32 инчийн лед зурагт хулгайд алдагдсан...” гэсэн мэдүүлэг,  Ц.Чулуунбаатарын “...гэрийн хаалга онгорхой ЛСД-42 инчийн зурагт, халтар манан хөөргө, гаанс гэх зэрэг зүйлс алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг, хохирогч У.Сайнбаярын “...би худаг дээр очиход худаг дотор байсан зуух, төмөр таслагч, дрилл зэрэг алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч П.Сүхбаатарын “...Миний бие нь “Андууд ГМБ” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг. 2018 оны 5 дугаар сарын 05-нд 42 инчийн Панасоник пласма зурагт 1 ширхэгийг 250.000 мянган төгрөгний барьцаанд 10 хоногийн хугацаатай авсан....” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Төрбатын “...Тухайн өдөр буюу 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 00 цаг өнгөрч байхад 2 хүн зурагт авах уу гээд орж ирэхээр нь загвар хийцийг нь асуусан боломжийн байсан учир “зурагтыг чинь харъя” гэсэн тухайн хар өнгийн 42 инчийн “Панасоник” загварын плазма зурагт аваад орж ирсэн. Зурагтыг нь шалгаж үзсэн хэвийн ажиллагаатай байсан учир 250.000 төгрөгөөр авсан...” гэсэн мэдүүлэг, гэрч С.Нарантуяа, Ц.Бямбадорж, яллагдагч Н.Нармандах нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 03/141 дугаартай дүгнэлт, Дамно” ХХК-ийн хөрөнгийн тайлан, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч болон яллагдагч Н.Нармандах нараас хохирогч С.Тунгалаг, Ц.Чулуунбаатар, У.Сайнбаяр нарын байр байшингаас эд зүйл хулгайлсан үйлдлээ өөрсдөө хүлээн мэдүүлсэн, хохирогч, гэрч нараас эд хөрөнгө алдагдсан, хэрэг гарсан газрын нөхцөл байдал, алдагдсан эд хөрөнгийн талаар тодорхой мэдүүлж, энэ талаар хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон Э.Хын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэгт тусгагдаж, хохирогч С.Тунгалагийн гэрээс Э.Хын гарын мөр илэрсэнийг шинжээчийн дүгнэлтээр тогтоож, хохирогч Ц.Чулуунбаатарын эд хөрөнгийг шүүгдэгчийн мэдүүлгийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж барьцаалан зээлдэх газрын холбогдох этгээдээс хураан авч хохирогчид буцаан өгсөн нь эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэлд тусгагдсан, Дамно” ХХК-ийн хөрөнгийн тайлангаар эд хөрөнгөд хохирол учирсан хэмжээг тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Хын үйлдэл нь “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Э.Хыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн болон ганцаараа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Прокуророос яллах дүгнэлтэд хохирогч нарт учирсан хохирлыг зөрүүтэй бичсэн боловч шүүх хуралдаанд хохирлын байдлыг холбогдох баримтыг үндэслэн тогтоож, энэ нь хэргийн зүйлчлэлд өөрчлөлт орохгүй болохыг тэмдэглэв.

 

Энэ талаар прокуророос анхаарвал зохино.

 

Хохирогч С.Тунгалагаас “эд зүйлээ буцаан авсан, гомдол, саналгүй” гэж /2 хх-ийн 38/, хохирогч У.Сайнбаяраас “нэхэмжлэх зүйл байхгүй” гэж /хх-ийн 40/ хүсэлтээ илэрхийлсэн тул шүүгдэгчээс тэдгээрт төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогч Ц.Чулуунбаатар нь зурагтаа буцаан авсан болох нь эд зүйл хүлээн авсан тэмдэглэлээр тогтоогдсон, түүний гаанс, бор түрийвч алдагдсан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчээс тэдгээрийн үнийг гаргуулах үндэслэл тогтоогдоогүй, Ц.Чулуунбаатарт төлөх төлбөргүй байна.

 

Харин шүүгдэгч Э.Х, яллагдагч Н.Нармандах нараас гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг барьцаалж 250.000 төгрөгийг барьцаалан зээлдүүлэх газраас авсан болох нь тогтоогдож, тухайн хөрөнгийг гэрч Г.Төрбатаас буцаан авч хохирогч Ц.Чулуунбаатарт өгсөн тул шүүгдэгч, яллагдагч нараас 250.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч П.Сүхбаатарт олгох нь зүйтэй.    

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Э.Хыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Э.Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан төрөл, хэмжээний дотор болох 2 жил 8 сарын  хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

            Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 02 сарын 31-ний өдрийг хүртэл нийт 91 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй болохыг тус тус дурьдлаа. 

                 Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилготой, зөв амьдрах, зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Э.Хг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэний улмаас 899.920 төгрөгийг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутайг тогтоосугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.Хыг 2 /хоёр/ жил 8 /найман/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Хт оногдуулсан 2 /хоёр/ жил 8 /найман/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хын цагдан хоригдсон 91 хоногийг эдлэх ялд оруулж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хаас 125.000 /нэг зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч П.Сүхбаатарт олгосугай.

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Хт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Хт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН