Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 102

 

Н.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч В.Удвал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 45 дугаар шийтгэх тогтоол, Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 11 дүгээр магадлалтай, Н.Д-д холбогдох 2112000000349 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч В.Удвалын гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Цэцэн овогтой Н.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.4-т тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Дийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, мөн мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Н.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4-т зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил хорих уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

шүүгдэгч Н.Доос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Даюун загварын мотоциклийн үнэ болох 850,000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.
Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч В.Удвалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Дийн цагдан хоригдсон 52 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч В.Удвал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа ... Шүүгдэгч Н.Д нь хөнгөн хэлбэрийн оюуны хомсдол өвчтэй болох нь тогтоогдсон. Хөнгөн хэлбэрийн оюуны хомсдол өвчинтэй насанд хүрсэн хүний сэтгэл зүйн нас нь 9-12 насны хүүхэдтэй ижил түвшинд байдаг. Энэ нь Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/39, А/12 дугаар хамтарсан тушаалын 2.10 дахь заалтаас харагдаж байна. Хэрэг хариуцах чадвар нь насанд хүрсэн хүнийхтэй ижил түвшинд байгаа үед л эрүүгийн хариуцлага хүлээлгэх учиртай.

Гэтэл Шүүх сэтгэцийн эмгэг судлалын дүгнэлт нь зөвхөн Н.Дийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, Н.Дид хийсэн үзлэгийг үндэслэж гарсан. Н.Д нь тухайн гэмт хэрэг үйлдэх үед сэтгэцийн өвчин хөдөлчихсөн, зан үйлийн эмгэг нь илэрчихсэн байсан. Энэ талаар түүний төрсөн ах С.Д, Хөвсгөл аймгийн мэдрэлийн эмч нараас тодруулж, Н.Дийн Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтсэн өвчний түүхийг авсны дараа нэмэлтээр дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд дүгнэлт, няцаалт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоол, Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 11 дугаартай магадлалыг тус тус хүчингүй, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Б.Ууганбаатар хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.Д нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргасан ба уг дүгнэлтийг давтан гаргах шаардлагагүй. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан ба шүүгдэгч Н.Дийг хэдэн хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлаагүй алдааг зөвтгөж, шийтгэх тогтоол, магадлалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамласан өөрчлөлт оруулж, Архангай аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 45 дугаар шийтгэх тогтоол, Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 11 дүгээр магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмгөөлөгч В.Удвалын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Н.Дид холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 22-23 цагийн үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булаг баг, Хонхорын 05-08 тоот хашааны гаднаас хохирогч Н.Гансүхийн эзэмшлийн “Super Dayun” загварын 850.000 төгрөгийн үнэтэй мотоцикль хулгайлж, улмаар уг мотоциклыг унаж тус сумын Их булаг багийн Хэцийн сайр гэх газарт хохирогч Ч.Б-ны гэрт хууль бусаар нэвтэрч машины МP тоглуулагч, Рэдми ноүт-8 загварын гар утас зэргийг хулгайлж 295.000 төгрөгийн, мөн 1 тооны хонь хулгайлж 150.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Н.Дийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4-т зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, нийт 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Харин шүүгдэгч Н.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол биет байдлаар нөхөн төлөгдсөнөөс гадна анх удаа гэмт хэрэг үйлдсэн, сэтгэцийн хувьд оюун ухааны хөнгөн хэлбэрийн хомсдолт өвчтэй зэрэг хувийн байдлыг нь харгалзан түүнд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар хуульд зааснаас доогуур ял оногдуулж, энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд оногдуулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Н.Д сэтгэцийн хувьд оюун ухааны хөнгөн хэлбэрийн хомсдолт өвчтэй боловч гэмт хэрэг үйлдэх болон шүүхээр ял шийтгүүлэх үед сэтгэцийн байдал нь хэвийн, хэрэг хариуцах чадвартай болохыг түүний өвчний түүх болон тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн үзлэгийн үр дүнд тулгуурлаж тогтоосон Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20 дугаартай шинжилгээний дүгнэлтийг /хх-103/ үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх, шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвартай эсэхэд эргэлзэх үндэслэл шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул хэргийг прокурорт буцааж дахин сэтгэцийн шинжээчийн дүгнэлт гаргуулах талаар өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Д нь хохирогч Н.Гансүхийн мотоцикль, мөн хохирогч Ч.Б-ны гэрээс эд зүйл болон хонь хулгайлсан үйлдлүүд нь өөр өөр газар, цаг хугацаанд, тус тусдаа үүссэн шунахай сэдлийн хүрээнд үйлдэгдсэн буюу тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлах шаардлагагүй болно.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд дээр дурдсан өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч В.Удвалын “...хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан...” гэсэн хэсгийг хүчингүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Н.Дийг 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй”,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг журамлан шүүгдэгч Н.Дид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Дид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай”,

 шийтгэх тогтоолын 4 дэх заалтад “... 3 /гурав/ жилийн хугацаагаар...” гэснийг “... 2 /хоёр/ жилийн хугацаагаар...” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж, шийтгэх тогтоол болон Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 11 дүгээр магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Удвалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Ч.ХОСБАЯР

ШҮҮГЧИД                                                   Б.АМАРБАЯСГАЛАН

   Б.БАТЦЭРЭН

   Б.ЦОГТ

   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН