Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 315

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн дөрөвдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Оросын Холбооны Улсын иргэн С Н Б ,  

Хариуцагч:  Нийслэлийн Засаг дарга, 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр, Сүхбаатар дүүргийн Засаг дарга,  

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд:  С ын Д ,  

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны А/133 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/518, 2014 оны А/199 дүгээр захирамжийн С.Д д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”,

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 1.. дүгээр сарын 28-ны өдрийн 465 дугаар захирамжийн С Н Б д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ОХУ-ын иргэн С Н Б , нэхэмжлэгчийн орчуулагч М Г , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д , хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М , гуравдагч этгээд С.Д , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.З , гэрч Л.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч ОХУ-ын иргэн С Н Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

“...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2001 оны 253 дугаартай захирамжаар миний аав К Б М нь тус дүүргийн .. дугаар хороо, Хангайн ..-... тоотын 960 м.кв нэгж талбар бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж байгаад 2012 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм.

Нэхэмжлэгч С .Н.Б миний хүсэлт, мөн өвлөх эрхийн гэрчилгээ зэрэг баримтыг үндэслэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 465 дугаартай захирамжаар тус дүүргийн .. дугаар хороо, Хангайн ..-... тоотын 699 м.кв нэгж талбар бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар надад ашиглуулахаар олгосон билээ. 

Саяхан 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр С .Н.Б би өөрийн ашиглаж буй газрын талаар зарим лавлагаа авах гэж дүүргийн Газрын алба руу очиход “... Таны нэр дээр бүртгэлтэй газар байхгүй байна. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 465 дугаартай захирамжийн танд холбогдох хэсгийг дүүргийн Засаг даргын 2014 оны А\133 дугаартай захирамжаар хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/518 дугаартай захирамжаар тус газрыг иргэн С.Д д өмчлүүлсэн байна.” гэхээр нь би газрын байцаагчид хандаж, “Миний ашиглаж байгаа газрыг яагаад бусдын өмчлөлд шилжүүлсэн юм. Би газар ашиглах эрхээсээ татгалзаагүй. Баримт бичгийг үзэж болох уу?” гэж асуухад тэрээр баримт материалаа үзэж байгаад “ .. газар ашиглах эрхээс татгалзсан таны материал байхгүй байна” гэсэн. С.Д нь миний хүү С А В ийн эхнэр, миний бэр юм.

Ингээд би өөрийн ашиглаж байсан газар яагаад миний бэр С.Д д шилжсэн учир шалтгааныг тодруулах зорилгоор маргааш нь буюу 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр дүүргийн Газрын алба руу очиж, дүүргийн Засаг даргын 2013 оны 465 дугаартай захирамж, мөн дүүргийн Засаг даргын 2014 оны А/133 дугаартай захирамж, Нийслэлийн Засаг даргын А/518 дугаартай захирамж зэрэг бусад баримтын хуулбарыг баталгаажуулан авч, С.Д болон өөрийн хүү С .А.В нартай уулзаж, дээрх захирамжуудын талаар асууж тодруулахад С.Д нь надад мэдэгдэлгүй хууль бусаар уг газрыг өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан байсан. Өөрөөр хэлбэл 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр би маргаан бүхий захиргааны актуудын улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг бодитой мэдсэн. /Архивын тэмдэгт дарагдсан огноо/

С Н.Б би гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж буй өөрийн газраас татгалзсан хүсэлтээ эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргаагүй, мөн С.Д д уг газрыг шилжүүлж өгөөгүй, ийм хүсэл зориг байгаагүй, түүнчлэн газар ашиглах эрхийн гэрээний хугацаа дуусаагүй байхад Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 465 дугаартай захирамжийн надад холбогдох хэсгийг мөн дүүргийн Засаг даргын 2014 оны А\133 дугаартай захирамжаар хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А\518 дугаартай захирамжаар уг газрыг С.Д д өмчлүүлэх болсон нь үндэслэлгүй байна.

Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд Нийслэлийн Засаг дарга өөрийн гаргасан захирамж, шийдвэрээ хүчингүй болгох тухай заалт байдаггүй хэдий ч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлд Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын нийтлэг бүрэн эрхийг тодорхойлж, энэ зүйлийн 29.3 дахь хэсэгт “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга ...хүчингүй болгоно” гэж заасан байна.

Хуулийн энэ заалтыг үндэслэн С Н.Б би 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны А\133 дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсэг, мөн Нийслэлийн Засаг даргын 2014 оны А\518 дугаартай захирамжийн С.Д д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах гомдлоо Нийслэлийн Засаг даргад гаргасан боловч “... Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн .. дугаар зүйлд Нийслэлийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд өөрийн гаргасан шийдвэрээ хүчингүй болгох тухай тусгагдаагүй. Маргаантай асуудлаа хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариу 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн атлаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны А/133 дугаартай захирамжийн надад холбогдох хэсгийг хүчингүй болгох эсэх талаар тодорхой хариу өгсөнгүй. 

Иймд С .Н.Б би өөрийн ашиглаж буй газраас татгалзсан хүсэлтээ холбогдох байгууллага, албан тушаалтанд гаргаагүй, мөн газар ашиглах гэрээний хугацаа дуусаагүй зэрэг үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны А/133 дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсэг, мөн Нийслэлийн Засаг даргын 2014 оны А\518 дугаартай захирамжийн С.Д д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байна” гэжээ. 

Хоёр. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

“Иргэн С Н а Б гийн нэхэмжлэлтэй, дүүргийн Засаг даргын 2014 оны 0. дүгээр сарын 07-ны өдрийн “Захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгох тухай” А/133 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч дараах хариуг гаргаж байна.

Маргаан бүхий газрыг дүүргийн Засаг даргын 2001 оны 253 дугаар захирамжаар К Б М ид 2 жилийн хугацаатай 0.9 м.кв газрыг ашиглуулсан боловч Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасны дагуу 2007 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээний хугацаа дуусч сунгуулах тухай хүсэлт гаргаагүй нь К Б М ийн хууль ёсны газар ашиглах эрх дуусгавар болсон. 

Нэхэмжлэгчид дүүргийн Засаг даргын 2013 оны 465 дугаар захирамжаар 699 м.кв газар эзэмшүүлсэн нь өв залгамжлалаар ашиглуулах эрхийг шилжүүлэх үндэслэлгүй юм. 

Дүүргийн Засаг даргын 2013 оны 465 дугаар захирамж нь Газрын тухай хуулийг дараах байдлаар зөрчсөн. 

А. Газрын тухай хуулийн 4. дүгээр зүйлийн 44.6-д Гадаадын иргэний газар ашиглах хэмжээг 0.05 га-с илүүгүй байхаар тогтоосон. Гэтэл тус захирамжаар газар ашиглах эрх олгохдоо 699 м.кв газар олгосон нь энэ заалтыг ноцтой зөрчсөн. 

Б. Мөн нэхэмжлэгчийн дүүргийн Өмч, газрын харилцааны албанд 2013 оны 1.. дүгээр сарын 11-ний өдөр гаргасан хүсэлт, түүний хавсралтаар өвлөх эрхийн гэрчилгээ, Монгол Улсад оршин суух үнэмлэх, нас барсны гэрчилгээ, газар ашиглах гэрээ зэргийг өгсөн нь хуулийн шаардлага хангаагүй материал бүрдүүлсэн. Газрын тухай хуулийн 4. дүгээр зүйлийн 44.7-д гадаадын иргэнд газар ашиглуулах хүсэлт гаргахын өмнө гадаадын иргэдийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага буюу Гадаадын иргэн, харьяатын газраас холбогдох тодорхойлолт авсан байхыг хуульчилсан. 

Нэхэмжлэгчийн Өмч, Газрын албанд гаргасан баримтаар тус тодорхойлолт байхгүй нь хууль зөрчсөн. Дээрх 2 үндэслэлээр дүүргийн Засаг даргын 2014 оны 0. дүгээр сарын 07-ны өдрийн “Захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгох тухай” А/133 дугаар захирамжийн нэгдүгээр заалтаар нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Тус захирамжаар Газрын тухай хуулийн 4. дүгээр зүйлийн 44.9-д заасныг баримталсан бөгөөд зохих байгууллагын зөвшөөрөл, тодорхойлолтгүй газар ашиглуулах шийдвэр гаргасан гэх үндэслэлээр хүчингүй болгосон. 

Дүүргийн Өмч, газрын харилцааны албанд 2014 оны 0. дүгээр сарын 21-ний өдөр иргэн С.Д хүсэлт гаргахдаа Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан шаардлага хангасан баримтыг гаргасныг үндэслэн дүүргийн Засаг даргын 2014 оны А/199 дүгээр захирамжаар 5 жилийн хугацаатай газрыг эзэмшүүлсэн. 

Иймд дүүргийн Засаг даргын 2014 оны А/133, 2014 оны А/199 дүгээр захирамжууд нь өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан хууль ёсны шийдвэр тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гурав. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

“Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн С Н Б гийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/518 дугаар захирамжийн иргэн С.Д д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 

Иргэн К Б М Сүхбаатар дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэр Хангайн ..-... тоот хаягт байрлах 960 м.кв газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2001 оны А/253 дугаар захирамжаар иргэний ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатай газар ашиглуулж байгаад /2012 оны 08 дугаар сарын 12 ны өдөр өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн./ 

Нэхэмжлэгч иргэн С Н Б гийн хүсэлт болон өвлөх эрхийн гэрчилгээ зэрэг баримтыг үндэслэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 А/465 дугаар захирамжаар тус дүүргийн .. дугаар хороо, Хангайн ..-... тоотын 699 м2 нэгж талбар бүхий газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн. 

Гэтэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны А/465 захирамжаар тус иргэнд холбогдох хэсгийг мөн Дүүргийн Засаг даргын 2014 оны А/133 дугаартай захирамжаар иргэн С Н Б гийн холбогдох хэсгийг хүчингүй болгож Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/518 дугаартай захирамжаар иргэн С.Д д өмчлүүлсэн. 

Нийслэлийн Засаг дарга иргэн С.Д д Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д заасан бичиг баримт, түүний дотор дүүргийн Засаг даргаас олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хавсарган өргөдөл гаргасан байх тул Нийслэлийн Засаг дарга тус хуулийн 2.. дүгээр зүйлийн 21.1-д заасан тухайн газрыг өмчлөх эрхтэй этгээд мөн болохыг тогтоосны үндсэн дээр өмчлүүлсэн байна. 

Ийм учраас иргэн С Н Б гийн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/518 дугаар захирамжийн иргэн С.Д д холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Дөрөв. Гуравдагч этгээд С.Д гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн С Н Б гийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нарт холбогдох Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны А/133 дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгийг мөн дүүргийн Засаг даргын 2014 оны А/199 дүгээр захирамж, Нийслэлийн засаг даргын 2014 оны А/518 дугаартай захирамжийн С.Д д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. 

Нэхэмжлэгч С .Н.Б бол С.Д гийн нөхөр А ийн ээж буюу С.Д гийн хадам ээж нь юм. С.Д нь 2005 оны хавраас эхлэн нөхөр А болон түүний ээж, эмэгтэй дүү З нартай хамт Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, Хангайн ..-... тоот хаягт ам бүл дөрвүүлээ амьдрах болсон бөгөөд 2006 онд хадам ээж, хадам дүү хоёр нь хамт амьдрахаа больж уг хаягт зөвхөн А ийн гэр бүл 2012 оныг хүртэл амьдарч байгаад 2012 оноос хойш Баянзүрх дүүрэгт орон сууц түрээслэн амьдрах болжээ. 

С.Д гийн нөхөр А нь гадаадын иргэн учраас Гадаадын иргэн харьяатын газарт бүртгэлтэй хаягаараа оршин суух ёстой гэсэн шаардлагын дагуу А ийн Монгол Улсад оршин суугаа хаяг нь Баянзүрх дүүргийн . дүгээр хороо, .. дүгээр байр, ... тоот хаягт албан ёсоор бүртгэлтэй байсан байна. 

С.Д , А нар нь 2008 онд албан ёсоор гэр бүлээ батлуулан 2008 онд том охин А , 2014 онд бага охин В нарыгаа төрүүлэн 2 охинтой болжээ. Гэвч 2015 оны 11 сард А нь эхнэр С.Д болон 2 охиноо орхиж явснаар тусдаа амьдрах болж улмаар А С.Д гээс гэрлэлтээ цуцлуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс өөрт ногдох хувийг авах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гаргаж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. 

Нэхэмжлэгч С .Н.Б нь хүүгийнхээ гэр бүлд энэ амьдарч байгаа газраа өгнө гэж ярьдаг байсан боловч албан ёсоор бичиг баримтыг шилжүүлэн бүртгүүлэх ажлыг хийлгүй байсаар 2014 оны хавар гэнэтхэн “газрын алба миний газрыг зүгээр л хурааж авах гээд байна” гэх утгатай зүйл ярьж улмаар хүү А ийнхаа гэр бүлд өөрийн ашиглах эрхийн гэрчилгээтэй Сүхбаатар дүүргийн Хангайн ..-... тоот хаягаар бүртгэлтэй газрыг өгөх тухай асуудал яригджээ. 

Ингээд нэхэмжлэгч С .Н.Б болон түүний хүү А нар гадаадын иргэд учраас газар эзэмших эрхийг С.Д гийн нэр дээр гаргуулахаар болж түүний нөхөр А , ээж Н нар С.Д гээс иргэний үнэмлэхийг авч, түүний нэрийн өмнөөс тухайн Сүхбаатар дүүргийн Хангайн ..-... тоот хаягаар бүртгэлтэй газрыг эзэмших эрхийг С.Д гийн нэр дээр авахаар бичиг баримтыг бүрдүүлэн хөөцөлдөх ажлыг хийсэн байна. 

Ийнхүү С.Д гийн нэр дээр Улсын бүртгэлийн 000508.... дугаартай Газар Эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулах ажлыг С.Д өөрөө биечлэн хөөцөлдөөгүй байх бөгөөд харин түүний нөхөр А болон хадам ээж буюу нэхэмжлэгч Н.Б.С нар хөөцөлдөж байсан байна. 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Н.Б.С гийн нэхэмжлэлд дурдсан өөрийнх нь газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг мэдээгүй гэх тайлбар нь огт үндэслэлгүй бөгөөд бодит байдалд нийцэхгүй тайлбар болжээ.

С.Д гийн нэр дээр Улсын бүртгэлийн 000508.... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсаны дараа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг үндэслэн С.Д өөрөө биечлэн тухайн эзэмшиж байгаа газраа өмчлөхөөр Сүхбаатар дүүргийн газрын албанд хүсэлт гаргасны дагуу Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн .. дугаар зүйлийн 12.1.3 дахь заалтыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/518 тоот дугаартай захирамжаар “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар” Сүхбаатар дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 699 м.кв газрыг С.Д д өмчлүүлэхээр шийдвэрлэж, 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000111... дугаартай гэрчилгээг олгосон болно. Ийнхүү С.Д тухайн газрыг өмчлөх эрхийг хууль ёсоор олж авсан байх бөгөөд нэхэмжлэгч С .Н.Б-ийн “Миний ашиглаж байгаа Сүхбаатар дүүргийн .. дугаар хороонд байрлах газрыг намайг мэдээгүй байхад манай бэр С.Д нь хууль бусаар өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан байна, энэхүү асуудлыг би 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр мэдсэн” гэх тайлбар нь үндэслэлгүй байна. 

С .Н.Б ийнхүү шүүхэд худал үндэслэл бүхий нэхэмжлэл гаргах болсон шалтгааныг түүний хүү А “гэрлэлт цуцлуулах, том охин С.А г өөрийн асрамжид авах, бага охин С.В г эх С.Д гийн асрамжид үлдээн, Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, Хангайн гудамж 11, ... тоот хаягт байрлах хашаа байшингийн өөрт нь холбогдох хэсгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр С.Д д холбогдуулан гаргасантай холбоотой С.Д гийн өмчлөх эрхийг хүчингүй болгохоор санаархаж байгаа үйлдэл гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Тав. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: 

“Нэхэмжлэгч С .Н.Б би Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 465 дугаартай захирамжаар тус дүүргийн .. дугаар хороо, Хангайн ..-... тоотын 699 м.кв нэгж талбар бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах болсон юм. |Гэрчилгээ № 000343....| 

Гэрчилгээ авснаас хойш би газар ашиглах гэрээ байгуулах гэж олон удаа Дүүргийн газрын алба руу очсон, утсаар харилцаж байсан боловч газрын алба хүлээж бай гэх зэргээр тодорхойгүй шалтгаанаар гэрээ байгуулахгүй хойшлуулж байсан. 

Тухайн үед буюу 2016 оны 8 дугаар сард миний хүү С .А.Б, түүний эхнэр С.Д нарын хооронд иргэний шүүхэд гэр бүлийн маргаан үүссэн, уг маргаанд миний ашиглаж буй газар ашиглах эрх хөндөгдсөн тухай хүүгээсээ сонсоод 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр би дүүргийн Газрын алба руу очиж, өөрийн ашиглаж буй газрын талаарх лавлагаа авахад “... Таны нэр дээр бүртгэлтэй газар байхгүй. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 465 дугаартай захирамжийн танд холбогдох хэсгийг Дүүргийн Засаг даргын 2014 оны А/133 дугаартай захирамжаар хүчингүй болгож, мөн Дүүргийн Засаг даргын 2014 оны А/199 дугаартай захирамжаар таны ашиглаж байсан газрыг иргэн С.Д д эзэмшүүлсэн, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/518 дугаартай захирамжаар С.Д гийн өмчлөлд уг газрыг шилжүүлсэн” гэхээр нь газрын албаны байцаагчид “Энэ тухай яагаад надад мэдэгдээгүй юм. Би газар ашиглах эрхээсээ татгалзаагүй байхад миний ашиглаж буй газрыг яагаад бусдын өмчлөлд шилжүүлсэн юм. Баримт бичгийг үзэж болох уу?” гэхэд “.. Газар ашиглах эрхээс татгалзсан таны материал байхгүй. Гэхдээ байгаа материалыг танд өгье” гээд Дүүргийн Засаг даргын 2013 оны 465, мөн Дүүргийн Засаг даргын 2014 оны А/133, А/199, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/518 дугаартай захирамжуудын хуулбарыг надад өгсөн. 

Ингээд би энэ асуудлын талаар бухимдаж, бэр С.Д , хүү С .А.Б нартай уулзаж, дээрх асуудлын талаар асууж тодруулахад тэдний хооронд гэр бүлийн маргаан үүссэнээ жил гаруй хугацаанд нууж, тусдаа амьдраад 1 жил шахам хугацаа өнгөрсөн гэж хэлснээс гадна миний хүү С .А.Б, С.Д нар надад мэдэгдэлгүй уг газрыг С.Д гийн өмчлөлд шилжүүлсэн тухай сонссон юм. 

Өөрөөр хэлбэл 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр би төрийн байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас миний эрх, ашиг сонирхол зөрчигдсөн болохыг бодитой мэдсэн. |Архивын тэмдэгт дарагдсан огноо|

С .Н.Б би гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж буй өөрийн газраас татгалзсан хүсэлтээ эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргаагүй, мөн С.Д д уг газрыг шилжүүлж өгөөгүй, ийм хүсэл зориг надад байгаагүй, түүнчлэн газар ашиглах эрхийн гэрээний хугацаа дуусаагүй байхад Сүхбаатар дүүргийн Засаг дарга надад огт мэдэгдэлгүйгээр 2014 оны А/199 дугаартай захирамжаараа миний ашиглаж байсан газрыг С.Д д эзэмшүүлэхээр олгосон нь төрийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой бөгөөд энэ үндэслэлээр Дүүргийн Засаг даргын 2014 оны А/199 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлага гаргаж байна.

Жич. Нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн нэг шаардлагаа орхигдуулсан байсан тул уг шаардлагаа нэмэгдүүлж гаргаж байгаа болно” гэжээ. 

Зургаа. Гуравдагч этгээд С.Д шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа:

 “...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 1.. дүгээр сарын 28-ны өдрийн 465 дугаар захирамжийн С.Б.Н ад холбогдох заалт буюу 1 дэх заалтын “. дүгээр хавсралтад заагдсан 1 иргэнд газар ашиглах эрхийн нэр шилжүүлэхээр шийдвэрлэсүгэй” гэсэн заалт нь дараах үндэслэлээр илт хууль акт болсон байна. Үүнд: 

Нэг. Маргаан бүхий 465 дугаартай актын үндэслэлд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 3.. дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 2.. дүгээр зүйлийн 21.5.3, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийг тус тус заасан байх бөгөөд эдгээрээс нэхэмжлэгч С.Б.Н ад газар ашиглах эрхийг шилжүүлэхэд баримталсан заалт нь Газрын тухай хуулийн 38.4 “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны засаг дарга шийдвэр гаргана...” гэдэг хэсэг нь хамааралтай байна. 

Гэтэл нэхэмжлэгч ОХУ-ын иргэн С.Б.Н ад газар ашиглах эрхийг шилжүүлсэн үндэслэл болох түүний эцэг Б М ийн газар ашиглах эрхийг охин С.Б.Н ад Өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн Сүхбаатар дүүргийн Засаг дарга шилжүүлсэн байгаа нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 “Газар эзэмших эрхийг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хооронд явагдана”, 45 дугаар зүйлийн 45.1-д “Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэсэн хуулийн заалтад тус тус нийцээгүй илт хууль бус болжээ. 

Хуулийн дээрх заалтаас харвал ОХУ-ын иргэн Б М ийн газар ашиглах эрхийг түүний охин С.Б.Н ад Өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн шилжүүлсэн байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэг үндэслэлээр илт хууль бус шийдвэр болжээ. 

Хоёр. Маргаан бүхий газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2001 оны 253 дугаартай захирамжаар К Б М (Б.М.К)-д 2 жилийн хугацаатайгаар ашиглуулсан боловч түүний газар ашиглах эрх Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасан үндэслэлээр нэгэнт дуусгавар болсон байтал дуусгавар болсон эрхийг үндэслэн С.Б.Н ад тухайн газрыг ашиглах эрхийг олгосон байгаа нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.1, 38.3.3-д заасан хуулийн шаардлагад нийцээгүй байна. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасныг үндэслэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 1.. дүгээр сарын 28-ны өдрийн 465 дугаар захирамжийн С Н ад холбогдох заалт илт хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ОХУ-ын иргэн С Н Б /С.Б.Н / нь шүүхэд “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны А/133 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсэг, мөн дүүргийн Засаг даргын 2014 оны А/199 дүгээр, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/518 дугаар захирамжуудын С.Д д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага, 

Гуравдагч этгээд С.Д нь “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 1.. дүгээр сарын 28-ны өдрийн 465 дугаар захирамжийн С.Б.Н ад холбогдох заалт буюу 1 дэх заалтын “. дүгээр хавсралтад заагдсан 1 иргэн /С Н /-д газар ашиглах эрхийн нэр шилжүүлэхээр шийдвэрлэсүгэй” гэсэн заалтыг илт хууль бус акт байсан болохыг тогтоолгох” бие даасан шаардлагыг тус тус гаргажээ. 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, гэрч болон хэргийн оролцогчдын тайлбар, газрын үзлэг, холбогдох бусад баримтуудыг үнэлэн дараах нөхцөл байдлуудыг тодруулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн  бие даасан шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Нэг. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны А/133 дугаар захирамжийн нэхэмжлэгч ОХУ-ын иргэн С Н Б д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Сүхбаатар дүүргийн Засаг даргаас 1994 оны Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 5-д заасан “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэр гаргах” эрхийнхээ дагуу 2001 оны 253 дугаар захирамжаар ОХУ-ын иргэн К Б М ид 5 жилийн хугацаатайгаар тус дүүргийн .. дугаар хороо, Хангайн ..-... тоотод байрлах 960 м.кв газрыг ашиглуулахаар шийдвэрлэж, 2007 онд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусч, сунгуулах тухай хүсэлт гаргаагүйн улмаас К Б М ийн тухайн газрыг ашиглах эрхийн хугацаа хууль зүйн хувьд сунгагдаагүй байна. 

2012 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ОХУ-ын иргэн К Б М нас барсан бөгөөд 2013 оны 1.. дүгээр сарын 08-ны өдөр түүний охин С Н а Б д газар ашиглах өвлөх эрхийн гэрчилгээг Сүхбаатар дүүргийн нотариатч олгожээ. 

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэх эрхийг тухайн шатны Засаг даргад олгосон боловч 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана” гэж тусгайлан заасныг Сүхбаатар дүүргийн Засаг дарга нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхдээ зөрчсөн байна. 

Мөн С.Б.Н агийн эцэг К.Б.М нь 2001 онд газар ашиглах эрхтэй болоод газрын төлбөрийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан 2002-2012 оны газрын төлбөрийг 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдөр буюу түүнийг нас барсны дараа төлөгдсөн баримтаар нотлогдож, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д заасан газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй,  мөн 2007 онд тус хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5.-д “...эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах” хүсэлтээ өгч газар ашиглах хугацааг сунгуулаагүй зэрэг нөхцөл байдал бий болсон байна. 

Энэ үед С.Б.Н а нь 2013 онд Сүхбаатар дүүргийн Өмч газрын харилцааны албанд өөрийн эцгийн ашиглаж байсан газрын эрхийг шилжүүлж өгөх хүсэлтийг Өвлөх эрхийн гэрчилгээ болон бусад баримтын хамт хүргүүлснийг үндэслэн тус дүүргийн Засаг дарга 2013 оны 1.. дүгээр сарын 28-ны өдрийн 465 дугаар захирамжаар ОХУ-ын иргэн С.Б.Н ад тухайн газрыг өмнөх газар ашиглагч хуульд заасан үүргээ биелүүлээгүй, газар ашиглах эрх хүчинтэй эсэхийг нягтлан шалгалгүйгээр, түүнчлэн хүсэлт гаргагчийн газар ашиглах тухай хүсэлт гаргахын өмнө гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн эрх бүхий байгууллагаас авах тодорхойлолт, бусад холбогдох материал дутуу байхад 2 жилийн хугацаагаар ашиглуулах эрхийг шилжүүлж шийдвэрлэснээр Газрын тухай хуулийн 4. дүгээр зүйлийн 44.4-д “Монгол Улсад байнга /18З хоногоос дээш хугацаагаар/ оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд газрыг зөвхөн гэр бүлийн хамтын хэрэгцээний нь зориулалтаар ашиглуулах асуудлыг дуудлага худалдааны зарчмаар тухайн шатны Засаг дарга шийдвэрлэнэ” гэх заалтуудыг зөрчсөн байна. 

Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа уг захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 4. дүгээр зүйлийн 44.9-д “Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдэд газар ашиглуулсан Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг цуцалж,...” гэж заасны дагуу С.Б.Н агийн газар ашиглах эрхийг цуцалсан нь үндэслэлтэй гэх тайлбарыг шүүхэд ирүүлж байгаа боловч тухайн тохиолдолд Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах гэрээг цуцлах асуудлыг зохицуулж өгсөн хуулийн заалтыг буруу хэрэглэсэн байна. 

Харин хариуцагчийн Газрын тухай хуулийн 4. дүгээр зүйлийн 44.6-д гадаадын иргэний газар ашиглах хэмжээг 0,05 га-гаас илүүгүй байхаар тогтоосон байхад 669 м.кв газар олгосон, 4. дүгээр зүйлийн 44.7-д гадаадын иргэнд газар ашиглуулах хүсэлт гаргахын өмнө гадаадын иргэдийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага буюу Гадаадын иргэн, харьяатын газраас холбогдох тодорхойлолтыг авсан байхыг хуульчилсан байхад тодорхойлолт хавсаргаж өгөөгүй зэрэг Газрын тухай хуулийн заалтуудыг зөрчсөн учир дээрх 2 үндэслэлээр дүүргийн Засаг даргын 2014 оны . дүгээр сарын 07-ны өдрийн “Захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгох тухай” А/133 дугаар захирамжийн 1 дэх хэсэгт “2013 оны 465 дугаар захирамжийн ОХУ-ын иргэн С Н а Б д холбогдох хэсгийг хүчингүй болгосон” гэх тайлбар хууль зүйн үндэслэлтэй байна. 

Энэ нь дүүргийн Засаг дарга тухайн нөхцөл байдлыг хянан үзэж, ОХУ-ын иргэн С.Б.Н атай газар ашиглах гэрээг байгуулалгүйгээр газар ашиглуулах эрхийг шилжүүлэх захирамж гаргаснаас 6 сарын дараа өөрийн гаргасан алдаатай захирамжаа хүчингүй болгож шийдвэрлэсэнд нь хариуцагчийг буруутгах боломжгүй бөгөөд хууль бус захирамж гаргаснаа өөрөө хүчингүй болгох хуульд заасан эрхээ хэрэгжүүлсэн үйлдэл болжээ. 

Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 3. дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх...”, 6 дугаар зүйлийн 6.3-д “Гадаад улс, ... гадаадын иргэн, харьяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно”  гэж заасан бөгөөд Дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас ОХУ-ын иргэн С.Б.Н атай газар ашиглах гэрээ байгуулаагүй учир тэдний хооронд газар ашиглах, ашиглуулах харилцаа үүсээгүй, эрх зүйн үр дагавар бий болоогүй гэж үзэхээр байна.

Хоёр. Дүүргийн Засаг даргын 2014 оны А/199 дүгээр, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/518 дугаар захирамжуудын С.Д д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Дээрх үндэслэлээр газар ашиглуулах эрх шилжүүлсэн захирамжийн ОХУ-ын иргэн С.Б.Н ад холбогдох хэсгээ Дүүргийн Засаг даргаа өөрөө хүчингүй болгосон учир маргаан бүхий тус дүүргийн .. дугаар хороо, Хангайн ..-... тоотод байрлах 960 м.кв газар нь хэн нэгний эзэмшил, ашиглалтад хамааралгүй болсон тул С.Б.Н агийн хүү  А ийн эхнэр, МУ-ын иргэн С.Д 2014 оны . дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд тухайн газрыг эзэмших хүсэлтээ холбогдох баримтуудыг хавсарган хүргүүлснийг хүлээн авч, 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/199 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулинд заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцалгүй байна гэсэн заалтыг зөрчөөгүй байна. 

Сүхбаатар дүүргийн Газрын албанд бичсэн хүсэлтийг нэхэмжлэгч С.Б.Н өөрөө бичсэнээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд “тухайн үедээ гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх асуудлыг дэмжиж байсан, газар надад эзэмшүүлэх асуудлыг хадам ээж Н а, нөхөр А нар хөөцөлдсөн. Би өргөдөл дээр гарын үсэг зурсан, Үнэхээр би эд нарт мэдэгдүүлэлгүй эзэмших хүсэлт гаргах байсан бол өөрөө л өргөдлийг биччих байсан. Би харин газрыг өмчилж авах асуудлыг өөрөө хөөцөлдсөн”  гэх С.Д тайлбар,  Гадаадын иргэн харьяатын газраас ирүүлсэн Гадаадын иргэнийг бүртгэх анкетад “ямар хэл мэдэх-Монгол”, “Төгссөн сургууль-АУДС, МУИС” гэж бүртгүүлсэн, мөн хэрэг авагдсан С.Д гээс хүү А т өгсөн 2015 оны 1.. дүгээр сарын 23-ны өдрийн итгэмжлэлд тухайн газрын захиран зарцуулах бүх эрхийг өөртөө шилжүүлэн авсан, сүүлийн 2 жил гаран хүү нь гэр бүлээс тусдаа өөртэй нь хамт амьдарч байгаа гэсэн тайлбараас үзэхэд уг өргөдлийг юу гэж бичсэнийг ойлгоогүй, газар гуравдагч этгээд С.Д д шилжсэнийг мэдээгүй гэх тайлбарууд нь ойлгомжгүй байна. 

Улмаар гуравдагч этгээд С.Д тухайн газрыг өмчилж авах хүсэлтийг Нийслэлийн Өмч, газрын харилцааны газарт хүргүүлсэн ба Дүүргийн Засаг даргын газар эзэмшүүлсэн захирамжийг үндэслэж Нийслэлийн Засаг дарга 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/518 дугаар захирамжаар С.Д д Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо Хангайн 1.. дүгээр гудамж ... тоотод байрлах 699 м.кв газрыг өмчлүүлж, 0051... дугаар гэрчилгээ олгосон нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 2.. дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэсэн болон холбогдох бусад заалтуудтай нийцсэн хууль ёсны үйлдэл болжээ. 

Төрийн захиргааны байгууллагаас гуравдагч этгээд С.Д д маргаан бүхий газрыг эзэмшүүлж, өмчлүүлсэн нь дээрх 2 үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны А/133 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсэг, мөн дүүргийн Засаг даргын 2014 оны А/199 дүгээр, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/518 дугаар захирамжуудын С.Д д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд С.Д д газар эзэмшүүлсэн, өмчлүүлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрүүдийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч С.Б.Н гийн газар ашиглах эрх хамгаалагдах боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангах хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна. 

Гурав. Гуравдагч этгээд С.Д гийн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 1.. дүгээр сарын 28-ны өдрийн 465 дугаар захирамжийн С.Б.Н ад холбогдох заалт буюу 1 дэх заалтын “. дүгээр хавсралтад заагдсан 1 иргэн /С Н /-д газар ашиглах эрхийн нэр шилжүүлэхээр шийдвэрлэсүгэй” гэсэн заалтыг илт хууль бус акт байсан болохыг тогтоолгох” бие даасан шаардлагын тухайд: 

Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 2.. дүгээр зүйлийн 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэсэн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд 2013 оны 1.. дүгээр сарын 28-ны өдрийн 465 дугаар захирамжийн С.Б.Н ад холбогдох заалт буюу 1 дэх заалтын “. дүгээр хавсралтад заагдсан 1 иргэн /С Н /-д газар ашиглах эрхийн нэр шилжүүлэхээр шийдвэрлэсүгэй” гэх эрх зүйн актыг гаргажээ.

Харин Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө ... өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэх заалтын дагуу Дүүргийн Засаг даргын А/133 дугаар захирамжаар хүчингүй болгосон байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 1.. дүгээр сарын 28-ны өдрийн 465 дугаар захирамжийн С.Б.Н ад холбогдох заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан илт хууль бусад тооцох үндэслэл бүрдээгүй, холбогдох хууль журмаар олгосон эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр байх тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 3. дүгээр зүйлийн 34.8, 35 дугаар зүйлийн 35.1.5, 35.3.3, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4, 4. дүгээр зүйлийн 44.4, 44.6, 44.7, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 2.. дүгээр зүйлийн 21.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ОХУ-ын иргэн С Н Б гийн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны А/133 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсэг, мөн дүүргийн Засаг даргын 2014 оны А/199 дүгээр, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/518 дугаар захирамжуудын С.Д д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 2.. дүгээр зүйлийн 21.5.3-д тус тус заасныг баримтлан гуравдагч этгээд С.Д гийн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 1.. дүгээр сарын 28-ны өдрийн 465 дугаар захирамжийн С.Б.Н ад холбогдох заалт буюу 1 дэх заалтын “. дүгээр хавсралтад заагдсан 1 иргэн /С Н /-д газар ашиглах эрхийн нэр шилжүүлэхээр шийдвэрлэсүгэй” гэсэн заалтыг илт хууль бус акт байсан болохыг тогтоолгох” бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.. дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ОЮУМАА