Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2019/0657

 

 

 

 

Г.Г-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Г.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я, Б.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0652 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Г.Г-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0652 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Г-с Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 131 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.Г давж заалдах гомдолдоо: “...Төрийн албаны тухай хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн хэдий ч чөлөөлөх үндэслэл, болзол хангагдаагүй гэх үндэслэлийн тухайд

Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуульд заасан өндөр насны дээд хязгаар 65 насанд хүрээгүй бөгөөд 60 нас хүрч цаашид ажиллах хүсэлтээ 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дээд шатны удирдлага шадар сайдад хандаж гаргасан. Улмаар “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн төвшинг үнэлж дүгнэх журам”-ын дагуу 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шадар сайд Ө.Энхтүвшингээр 2018 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлүүлж 90 оноо буюу “А” маш сайн гэж үнэлсэн.

Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэг, 52.2 дахь хэсэгт заасан зохицуулалт болон Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн төвшинг үнэлж дүгнэх журам”-ын 7.1-д “Төсвийн Ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг баримтлан эрх хэмжээнийхээ хүрээнд дор дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх” гэж заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч буюу Шадар сайд Ө.Э нэхэмжлэгчийг 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар гэрээ байгуулж шийдвэрлэсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт зааснаар “төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана, уг хүсэлтийг эрх бүхий албан тушаалтан хүлээн авч, чөлөөлөх эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн төвшингийн үнэлгээ зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана” гэж Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн төвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ.”, 52.2 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалд дэвшүүлэх, ...албан тушаал бууруулах, хариуцлага хүлээлгэх асуудлыг түүний ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн шийдвэрлэнэ” гэж тус тус заасны дагуу, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн төвшинг үнэлж дүгнэх журам”-ын 1.6-д “... Төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээг дүгнэж өгсөн үнэлгээ нь ... төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн төвшингийн үнэлгээ болох бөгөөд мөн журмын 7.1-д “Төсвийн Ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн дор дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх” гэж заасны дагуу одоогийн ажилд үргэлжлүүлэн ажиллах ... шийдвэр гаргаж байхаар маш тодорхой зохицуулсан байна. Эндээс үзэхэд Төрийн албаны тухай хууль түүнийг хэрэгжүүлэхээр Төрийн албаны зөвлөлөөс баталсан журмаар төрийн албанаас чөлөөлөгдөх, үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргах нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд “сонгох боломжтой” болохоос биш хариуцагч буюу Төсвийн Ерөнхийлөн захирагчид сонгох боломжгүйг нарийн зохицуулсан хууль журам байхад огт хамааралгүй Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг үндэслэж буюу хуулийг буруу хэрэглэж хууль ёсны бус дүгнэлт гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д “Ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ” гэж, Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10.3-д “Агентлагийн хэмжээнд агентлагийн даргын хууль тогтоомжид нийцүүлэн баталсан хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөнө” гэж тус тус заасныг үндэслэн Агентлагийн даргын 2018 оны А/32 тоот тушаалаар батлагдсан Стандарт хэмжил зүйн газрын “Хөдөлмөрийн дотоод журам”, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын заавар, журам батлах тухай /Ээлжийн амралт олгох/ 2000 оны 166 тоот тушаалаар баталсан Ээлжийн амралт олгох зааврын 3-д “Ажил олгогч нь ээлжийн амралтын хуваарийг тэдний саналыг үндэслэн нэгж байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахгүйгээр зохицуулж календарийн жилийн эхний улиралд журмаар Стандарт, хэмжил зүйн газрын дотоод журмын 1.1-д “...Энэхүү журмаар хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр зохион байгуулалттай ...холбогдсон харилцааг зохицуулна” гэж мөн журмын 12.2-д ...Газрын ажилтнуудын ээлжийн амралтын хуваарийг ажилтан 8-аас доошгүй сар ажилласан байх зарчмыг баримтлан газар нэгжээс ирүүлсэн саналыг үндэслэн хүний нөөцийн ажилтан нэгтгэж даргын тушаалаар жил бүрийн нэгдүгээр сард багтаан батлуулна.” гэсэн заалтуудыг үндэслэж 2019 оны 1 дүгээр сарын 14-ний Б/05 тоот тушаалаар батлагдсан ээлжийн амралтын хуваарь гаргасан байна. Уг хуваарийг үндэслэн нэхэмжлэгчийн ээлжийн амралт олгох мэдэгдлийг санхүүд гаргаж амралтын нөхөн олговрыг олгосон байна.

Г.Г нь 2017 оны 07 дугаар сард албан үүргээ гүйцэтгэж яваад Төв аймгийн Эрдэнэсант сумын орчимд автын осолд орж тархи нуруундаа хүнд гэмтэл авч холбогдох эмнэлэгт эмчлүүлж улмаар мэс засал хийлгэх шаардлагатай болсон. 2017 оны 11 дүгээр сарын 12-аас 16-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотын Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургуулийн Шүэн Вү эмнэлэгт тархиндаа хагалгаа хийлгэсэн юм.

Мөн хүнд өвчтэй зээ охин Т.М-г асрах зайлшгүй нөхцөл, хүндэтгэх шалтгаантай байсан нь дээр дурдагдсан нотлох баримтуудаар тогтоогдох бөгөөд шүүх үүнд анхаарал хандуулсангүй.

Шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Монгол Улсын Шадар сайд ээлжийн амралтын хуваарь баталдаг гэсэн үндэслэл хэлэх бөгөөд Монгол Улсын хуулиар Шадар сайдад ийм эрх өгсөн ямар ч хууль байхгүй байгааг тайлбарлаад байхад шүүгч анхаарсангүй.

Шүүгчийн энэ дүгнэлт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4-т “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй” гэсэн заалтыг шууд зөрчсөн дүгнэлт болжээ.

Г.Г нь ээлжийн амралтаа эдлэх эрхтэй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаар /нийгмийн даатгалын дэвтэр/ өмнөх оны ээлжийн амралт эдэлж дууссан үеэс хойш 11 сар болоод ээлжийн амралтаа авч байгаа үйл баримтыг шүүх анхаарсангүй. Мөн түүнчлэн хөдөлмөрийн тухай хуулийн 79.1-д “Ажилтанд жил бүр ээлжийн олгож биеэр эдлүүлнэ” гэж заасны дагуу амралтын мөнгөө авсан болохыг тогтоосон нэхэмжлэгчийн цалингийн дансны хуулга, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтуудыг шүүх анхаарсангүй.

Нэхэмжлэгчийн хувьд тэтгэвэр тогтоолгох насанд 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүрч байгаа билээ.

Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх ажиллах хүсэлтээ гаргана” гэсэн хуулийн заалтын дагуу тэтгэвэр тогтоолгох нас хүрээгүй, албан хүсэлтээ гаргаагүй байхад Шадар сайд Ө.Э 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдөр төрийн албанаас чөлөөлөгдөхийг шаардаж улмаар сонсон ажиллагаа явуулсан мэтээр 20 хоногийн дараа буюу 12 дугаар сарын 24-ний өдөр өөрийн зөвлөх С.Я-р тэмдэглэл үйлдүүлж улмаар гарын үсэг зуруулах шаардлага тавьсан нь хууль бус ажиллагаа төдийгүй сонсох ажиллагаа гэж үзэх үндэслэл байхгүй юм.

Түүнчлэн өнөөдрийг хүртэл Г.Г-тэй ажлаас чөлөөлөх, ажил хүлээн авах, өндөр насны тэтгэвэрт гарсантай нь холбоотойгоор 36 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгох үйл ажиллагааг Засгийн газар хийгээгүй бөгөөд өнөөдрийг хүртэл Г.Г-ийн ч тэтгэвэрт гарах боломжийг бүрдүүлж өгөлгүй иргэний эрхийг ноцтой зөрчин хохироосон байна.

Хариуцагчаас өнөөдрийг хүртэл Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 5-д “Засгийн газрын тогтоолд түүний биелэлтийг хариуцсан сайд нар, дараа нь Ерөнхий сайд гарын үсэг зурна” гэж зааснаар хуралдаанаар хэлэлцсэн үйл баримтыг нотлох баримтууд ирээгүй ба 131 дүгээр тогтоолд Шадар сайд гарын үсэг зураагүй байгааг шүүх анхаарсангүй.

Иймд дээрх тайлбарт үндэслэн Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0652 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээв.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор Г.Г-ийг “Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэсэн үндэслэлээр Стандарт, хэмжил зүйн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч “тус тогтоолыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх маргааны үндэслэл тус бүрт дүгнэлт хийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, 40.1.3-д “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” гэж тус тус заасан бөгөөд хэрэгт авагдсан Г.Г-ийн иргэний үнэмлэхний лавлагаа[1]-аас үзэхэд нэхэмжлэгч Г.Г нь 1958 оны 09 дүгээр сарын 23-нд төрсөн, 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх нь үүссэнээс гадна, нэхэмжлэгчээс Монгол Улсын Ерөнхий сайд болон Шадар сайдад хандан удаа дараа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ гаргаж байсан байна. Эдгээр үйл баримттай хэргийн оролцогч нар маргаагүй, харин нэхэмжлэгчээс “төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй, тэтгэвэрт гарах хүсэлтээ өгөөгүй, ээлжийн амралтаа биеэр эдэлж байхад ажлаас чөлөөлсөн” гэсэн үндэслэлээр маргаж, давж заалдах гомдол гаргасан байна.

Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө”, 46.2.2-т “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гээд 46.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. ...” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагч “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” нь түүнийг үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болно, харин тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн боловч өөрөө төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй бөгөөд эрх бүхий албан тушаалтан “зөвшөөрсөн” тохиолдолд түүнийг үргэлжлүүлэн ажиллуулах зохицуулалт бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасантай нийцүүлэн “захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хуулиар зөвшөөрөгдсөн эрх хэмжээнийхээ хүрээнд сонгох боломжийг” хэрэгжүүлсэн байна. 

Энэ тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагч Г.Г нь т этгэвэр тогтоолгох насанд хүрсэн, өөрөө төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ гаргасан хэдий ч эрх бүхий этгээд болох Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн өдрийн маргаан бүхий 131 дүгээр тогтоолоор түүнийг Стандарт, хэмжил зүйн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн, нэгэнт тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанд үргэлжүүлэн ажиллуулах эсэх асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхийг томилох эрх бүхий албан тушаалтанд хуулиар олгосон байх тул уг эрхээ хэрэгжүүлсэн хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсэгт “ээлжийн амралттай байгаа үед” ажил, албан тушаалыг хэвээр хадгалах тухай зохицуулсан нь өндөр насны тэтгэвэрт гарах насанд хүрсэн этгээдэд хамаарахгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх мөн зөв дүгнэжээ. Иймд нэхэмжлэгчийн “ээлжийн амралттай байхад ажлаас чөлөөлсөн гэх” давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0652 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                          Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                                          Ц.САЙХАНТУЯА

 


[1] 1ХХ-ийн 56 дугаар хуудас