Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 362

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,  

Хохирогч Ж.Андбат, түүний өмгөөлөгч У.Хандсүрэн,

Гэрч Ж.Түвшинбат, Э.Сэлэнгэ, Ж.Галмандах,

Шүүгдэгч Ё.С, түүний өмгөөлөгч П.Сэлэнгэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё.С холбогдох эрүүгийн 1809030180004 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, ах нарын хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 хороолол, 24 байр 8 тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Ё.С нь 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, 24 дүгээр байрны 8 тоотод иргэн Ж.Андбатыг “Архи ууж ээжид агсам тавьсан” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохин зодож түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ё.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 3 дугаар сарын 09-ны орой 23:00 цагийн орчим Андбат гаднаас согтуу орж ирээд ээжтэй муудсан. Би тэвчээд өрөөндөө байгаад байсан. Бүр болохгүй болохоор нь гараад гал тогооны өрөөнд ороод уураа барьж дийлэхгүй Ж.Андбатыг цохьсон. Зүүн хацарт нь нэг удаа цохьсон. Ж.Андбат “ёо ёо” гээд унасан. Тэгээд би буцаад өрөөндөө орсон. Дараа нь харахад өрөөнийх нь гэрэл унтарсан байхаар нь унтчихсан юм байх гэж бодтол гаднаас хаалга тогшоод 2 цагдаа дагуулаад орж ирсэн. Тэгээд цагдаагийн газар руу явсан. Би Ж.Андбатыг ээжтэй муудаад байхаар нь цохьсон нь үнэн...” гэв.

 

Хохирогч Ж.Андбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2018 оны 3 дугаар сарын 09-ний 18.00-19.00 цагийн хооронд болсон явдал. Галмандах эгчийнхээсээ ирээд зурагт асаагаад сууж байтал Сэлэнгээ эгч гаднаас орж ирээд “архи уусан юм уу” гэж асуусан. Би “уугаагүй амссан” гэж хэлсэн. Гэтэл намайг “архи их уусан байна” гэж загнасан. Түүнээс болж маргалдсан. Эгч өрөө рүүгээ ороод Соёлхүүтэй юу ярьсныг мэдэхгүй. Соёлхүү уурлаж гарч ирээд нүүрний зүүн тал руу 3-4 удаа цохьсон. 3 сарын 10-нд шүүх эмнэлэг дээр очиж үзүүлэх гэсэн боловч надад 8000 төгрөг байгаагүй. Томограф хийлгэх хүсэлтэй байсан боловч санхүүгийн боломж байгаагүй. Өргөдөл бичиж чаддаггүй. 3-р эмнэлэгт бүтэн биеийн оношлогоо хийдэг гэж сонссон. Тэр оношилгоонд орох хүсэлтэй байна. Шинжилгээ нь 350.000 төгрөг байдаг...” гэв.

 

Гэрч Ж.Түвшинбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр эгч залгаад Андбат над руу агсам тавиад Соёлхүү цохьчихсон. Цагдаа ирээд энэ хоёрыг аваад явлаа гэсэн. Нэлээд орой гэртээ ирсэн гэсэн. Андбат согтуу байсан учир эрүүлжүүлэхээр авч яваад эмч нь үзээд эрүүлжүүлэх боломжгүй гээд буцаагаад гаргаж ирээд хоорондоо тохиролцож болохгүй юмуу гэдэг асуудал хэлсэн байсан. Би маргааш өглөө нь очоод Соёлхүүг загнахад ээж рүү олон удаа дайрч давшлаад байдаг учир цохьчихлоо гэж байсан. Андбатыг мөн загнаад хооронд нь эвлэрүүлээд явсан...” гэв.

 

Гэрч Э.Сэлэнгэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Андбат гаднаас согтуу ирээд над руу агсарсан. Гэтэл гарч яваад цагдаа дуудсан байсан. Цагдаа орж ирээд Андбат, Соёлхүү хоёрыг аваад явсан...” гэв.

 

Гэрч Ж.Галмандах шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Хэдэн сарын хэдэн байсныг санахгүй байна. 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Соёлхүүд зодуулсан гэж хэлсэн. Шүүх хурал болох гэж байгаа талаар саяхан мэдсэн...” гэв.

 

Эрүүгийн 1809030180004 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Ё.С мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр гэртээ амарч байх үед миний нагац ах Андбат гаднаас согтуу орж ирээд ээж Сэлэнгэтэй муудалцаад ээжид агсан тавьсан. Андбат 00-ын өрөөнд удаж байгаад гарч ирсэн ба ээж 00-ын өрөөнд ороход ус асгачихсан байсан. Тэрнээс болж хэрүүл үүссэн. Тэгээд би хэсэг чимээгүй болохыг нь харж байгаад тэсэлгүй очоод Андбатын зүүн дээд хацарт нь нэг удаа цохисон. Гэтэл Андбат “ёоёо” гээд ор руугаа хэвтээд өгсөн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

 

Хохирогч Ж.Андбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр гэртээ байх үед манай эгч Сэлэнгээ намайг хэрүүл хийх өдөх маягтай байсан. Би “битгий хэрүүл өдөөд байгаарай” гэсэн чинь Сэлэнгээ эгч намайг чи архи уучихсан байна” гэхээр нь би “архи амсах төдий байна их уугаагүй” гэсэн чинь эгч “чи битгий худлаа яриад бай” гээд том өрөө рүүгээ орсон. Сэлэнгэ эгч Соёлхүүд “Андбат архи уучихсан байна” гэсэн чинь Соёлхүү “архи уугаад байхдаа яадаг юм” гээд том өрөөнөөс гарч ирээд миний зүүн шанаан тус газар 3-4 удаа цохисон. Миний нүүр өвдөж чинэрч бадайраад аманд гулууд мах чихсэн юм шиг эвгүй оргиод ярьж болохгүй байсан. Тэгээд би гал тогооны өрөөнд суугаад зурагтаа үзээд 30-40-өөд минут суусан. Би ингэж суугаад байж болохгүй юм байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12, 15-16 дугаар хуудас/,

 

Гэрч Ж.Сэлэнгэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018 оны 3 дугаар сарын 09-ний 19:00 цагийн үед миний төрсөн дүү Андбат согтуу гэртээ орж ирсэн. Тэгээд Андбат надад агсам тавиад байсан. Агсам тавихдаа хэлэх хэлэхгүй үгээр хэлдэг. Андбат надад агсам тавиад байсан болохоор миний хүү Соёлхүү Андбатын зүүн хацар хэсэгт нэг удаа гараараа цохисон. Тэгсэн чинь Андбат юу ч ярихгүй гэрээс гараад явсан. Тэгээд 30-40 минутын дараа цагдаа дагуулчихсан гэртээ орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Даваасүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Андбаттай лифтэн дотор тааралдахад түүний биед ил харагдах гэмтэл шарх юу ч байгаагүй. Би Андбатын ярианд итгээгүй. Андбат тааралдахдаа дандаа ах дүүгээ муулаад явж байдаг. Ямар ч хавдсан хөхөрсөн, цус болсон зүйл харагдаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

Гэрч Ж.Түвшинбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 3 дугаар сарын 08-ны орой манай эгч Сэлэнгэ над руу утасдаж болсон явдлын талаар мэдэгдсэн. Би маргааш нь гэрт нь очоод Соёлхүү, Андбат хоёртой уулзсан. Би Соёлхүүд “чи яагаад ахыгаа цохиж байгаа юм бэ” гэсэн чинь ээж рүү агсраад байхаар нь шанаанд нь нэг цохисон” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

 

Гэрч Ж.Галмандах мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Соёлхүү нь Анхбатыг зодсон талаар сонссон. Андбат надад 2018 оны намар “Соёлхүү намайг зодсон, би өргөдлөө цагдаад өгсөн” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 86 дугаар хуудас/,

 

Шинжээч Ш.Цэцэгмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Андбатыг үзсэн өдрөөс 28 хоногоос дээшхи хугацаанд үүссэн байх боломжтой, өөрөөр хэлбэл 2018 оны 5 сарын 31-нээс өмнө үүссэн гэмтэл юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 

Шинжээч М.Энхбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд хэд хэдэн удаагийн цохилтоос үүссэн байж болох. Өөрөөр хэлбэл 4-5 удаагийн цохилтоос үүссэн байна. Мөн нэг удаагийн хүчтэй цохилтын улмаас ойролцоох яснууд хугарах тохиолдол байдаг. Тэгэхээр 1 буюу түүнээс олон удаагийн цохилтоос үүссэн байх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 83-84 дүгээр хуудас/,  

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8145 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Ж.Андбатын биед зүүн хацар ясны духны сэртэн болон зүүн хацрын нум зүүн хоншоор яс, хамар ясны хуучин хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэзээ үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.  

3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-Т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын  тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Зүүн тал бөмбөлгийн дух, чамархай хэсэгт уйланхайт өөрчлөлт байх ба дээрх уйланхайт өөрчлөлт нь хэзээ, ямар шалтгааны улмаас үүссэнийг тогтоох боломжгүй...” гэжээ /хх-ийн 27 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн №1232 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 8145 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Ж.Андбатын биед зүүн хацар ясны духны сэртэнгийн зөрүүтэй, зүүн хацар ясны нум, зүүн хоншоор яс буюу гайморийн хөндийн урд ханын цөмөрсөн хуучин хугарал хамар ясны зүүн хажуу ханын хуучин зөрүүтэй хугарал хамрын таславчийн мурийлт гэмтэл учирчээ.   

3. Дээрх гэмтлүүд нь хэдийд үүсгэгдсэнийг цаг хугацааны хувьд нарийвчлан тоготоох боломжгүй байна.

4. Ж.Андбат нь 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр бусдад зодуулсан гэх боловч тухайн гэмтэл авсан гэх цаг хугацаанд эмнэлэгт үзүүлсэн эмнэлгийн бичиг баримтгүй, рентген болон компьютер томографийн зураг авахуулаагүй байна. 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хийгдсэн толгойн компьютер томографийн зурагт зүүн хацар ясны духны сэртэнгийн зөрүүтэй, зүүн хацар ясны нум, зүүн хоншоор яс буюу гайморийн хөндийн урд ханын цөмөрсөн хуучин хугарал, хамар ясны зүүн хажуу ханын хуучин зөрүүтэй хугарал хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдсон байна.  

5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

6. Ясны хугарал гэмтэл нь 1 сараас дээш хугацаанд бүрэн бороолж эдгэрдэг тул 108 хоногийн дараа эмнэлэгт үзүүлж компьютер томографийн зураг авахуулсан тохиолдолд ясны хугарал гэмтлүүд нь бүрэн бороолж эдгэрсэн байх боломжтой.

7. Дээрх зүүн хацар ясны духны сэртэнгийн зөрүүтэй, зүүн хацар ясны нум, зүүн хоншоор яс буюу гайморийн хөндийн урд ханын цөмөрсөн хуучин хугарал, хамар ясны зүүн хажуу ханын хуучин зөрүүтэй хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтлүүд нь нүүр рүү 4-5 удаа хүчтэй цохиход үүсэх боломжтой. Өмнөх дүгнэлтийн 5 дахь хэсэгт бичигдсэн зүүн талын бөмбөлгийн дух, чамархай хэсэгт үүссэн уйланхайт өөрчлөлт нь хэзээ, ямар шалтгааны улмаас үүссэнийг тогтоох боломжгүй...” гэжээ /хх-ийн 31-33 дугаар хуудас/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн №233 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Ж.Андбат нь удамшлын сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ж.Андбат нь Сэтгэцийн органик хам шинж /F 07.9/ сэтгэцийн эмгэгтэй байна.
  2. Ж.Андбат нь гэмт хэрэгт өртөх үедээ Сэтгэцийн органик хам шинж /F 07.9/ сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Ж.Андбат нь тэр үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдаж чадаж байсан байна.
  3. Ж.Андбат нь одоо Сэтгэцийн хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна.
  4. Ж.Андбат нь шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...” гэжээ. /хх-ийн 39-42 дугаар хуудас/,

 

Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 66 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Ё.Сгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 51 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 53 дугаар хуудас/, шүүгдэгч Ё.Сгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 55-57 дугаар хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 60-62 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ё.С нь 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 19 цагаас 20 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, 24 дүгээр байрны 8 тоотод иргэн Ж.Андбатыг “Архи ууж ээжид агсам тавьлаа, амгалан тайван байдал алдагдууллаа” гэсэн шалтгаанаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохин зодож түүний эрүүл мэндэд нь “зүүн хацар ясны духны сэртэнгийн зөрүүтэй, зүүн хацар ясны нум, зүүн хоншоор яс буюу гайморийн хөндийн урд ханын цөмөрсөн хуучин хугарал хамар ясны зүүн хажуу ханын хуучин зөрүүтэй хугарал хамрын таславчийн мурийлт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

Хохирогч Ж. Андбатын “...Соёлхүү “архи уугаад байхдаа яадаг юм” гээд том өрөөнөөс гарч ирээд миний зүүн шанаан тус газар 3-4 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ж.Сэлэнгийн “...Андбат надад агсам тавиад байсан болохоор миний хүү Соёлхүү Андбатын зүүн хацар хэсэгт нэг удаа гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ж.Түвшинбат, Ж.Галмандах нарын мэдүүлэг,

 

Шүүгдэгч Ё.Сгийн “...Андбатын зүүн дээд хацарт нь нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг,

 

Шинжээч М.Энхбаяр, шинжээч Ш.Цэцэгмаа нарын мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн №1232 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт: 1. 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 8145 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Ж.Андбатын биед зүүн хацар ясны духны сэртэнгийн зөрүүтэй, зүүн хацар ясны нум, зүүн хоншоор яс буюу гайморийн хөндийн урд ханын цөмөрсөн хуучин хугарал хамар ясны зүүн хажуу ханын хуучин зөрүүтэй хугарал хамрын таславчийн мурийлт гэмтэл учирчээ. ...5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8145 дугаартай дүгнэлт,

 

Дуудлагын лавлагааны хуудас зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдлоо.

 

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл 2018 оны 3 дугаар сарын 09-ны орой шүүгдэгч нь хохирогч Ж.Андбатыг “согтуурлаа” хэмээн биед нь хүч хэрэглэн нүүрэн тус газар нь цохиж гэмтээснийг хохирогчоос цагдаагийн байгууллагад даруй мэдэгдсэн, хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг шүүгдэгч, хохирогч, гэрч нараас тодорхой мэдүүлж, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн удаа дараагийн гаргасан дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Ё.Сгийн үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Тодруулбал Ё.Сгээс хохирогчийг цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож нүүрэн тус газар нь хүчтэй цохих үед эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсч биеэр үйлдсэний улмаас Ж.Андбатын биед хүндэвтэр гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Ё.Сг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ё.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт, санал гаргасныг хүлээн авч харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хохирогч хэрэг гарснаас хойш 108 хоногийн дараа цагдаагийн байгууллагад хандаж, эмнэлэгт үзүүлсэн, өөр этгээдэд зодуулсан байж магадгүй, шинжээчийн дүгнэлтүүдээр 7-8 төрлийн гэмтэл гарсан, шүүгдэгч, гэрч нараас 1 удаа цохьсоныг мэдүүлдэг. Иймд шүүгдэгчийг гэм буруу тогтоогдоогүй тул цагаатгаж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн дээрх нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжыг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан дүгнэж, үнэлэхэд хохирогч Ж.Андбат нь болсон хэрэг үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартайг шинжээчийн дүгнэлтээр тогтоосноос гадна хохирогчоос удаа дараа мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчөөгүй ба тэрээр хэрэг болсон газар, цаг хугацаа, маргаан, өөрийг нь зодсон этгээдийг шууд хэлж, хэрхэн гэмтээсэн,  зодуулсан талаар тэр даруй цагдаагийн байгууллагад гомдол гаргасан болон бусад байдлуудыг дэлгэрэнгүй тодорхой мэдүүлж, бусад нотлох баримтуудаар нотлогдсон тул түүнийг худал ташаа мэдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

Хэдийгээр хохирогч өөрийн биед учирсан гэмтлийг хэрэг болсноос хойш 108 хоногийн дараа үзүүлсэн байх боловч хэрхэн яагаад үзүүлээгүй шалтгаан үндэслэлээ тэрээр тодорхой тайлбарласнаас гадна өөр бусдад зодуулсан гэх эргэлзээ бүхий баримт байхгүй, шинжээчийн дүгнэлт, мэдүүлгээр  Ж.Андбатын биед учирсан хүндэвтэр гэмтэл нь 1 удаагийн хүчтэй цохилт, 4-5 удаагийн хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой болохыг тогтоожээ.

 

Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон дээрх нотлох баримтуудыг шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ямар баримтаар үгүйсгэгдэж няцаагдаж байгаа үндэслэл, саналаа зөвхөн таамаг байдлаар илэрхийснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна. 

 

Шүүх хуралдаанд хохирогчоос “...Энэ гэмтлээс болж бие өвдөөд эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Цаашид бүтэн биеийн оношилгоо, эмчилгээ хийлгэмээр байна...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн ба баримтаар гаргасан 157.100 төгрөгийг шүүгдэгчээс нөхөн төлсөн байна.

 

Харин хохирогч Ж.Андбатаас цаашид гарах эмчилгээтэй холбоотой гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай Ё.Сгээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдлаа.     

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Ё.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон боловч түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хамаарч тухайн гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн байх тул “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Ё.Сг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ё.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хоорондоо зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон                                                                                                                  

         ТОГТООХ нь:

 

            1. Ё.Ст хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Ё.Сгийн гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Ё.Сг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

            3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэхэмжилсэн баримтаар хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч Ё.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

           

            4. Хохирогч Ж.Анхбат нь цаашид эмчилгээтэй холбоотой гарах гэм хорын хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ё.Сгээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

            5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

            6. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ё.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН