Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 492

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


   Хэргийн индекс: 156/2016/00544/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
            Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 4 дүгээр багт оршин суух, Агь овогт Базаррагчаагийн Цэцгээ (РД: СМ62110109)-ийн нэхэмжлэлтэй 

            “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам оролцов.
Нэхэмжлэгч Б.Цэцгээ нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний биеийн байдал өвчтэй, хөдөөнөөс ирж оролцох боломжгүй багаа тул шүүх хуралдааныг намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү? гэжээ. 
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шүүх зохигчийн хүсэлтийг хүлээн авч түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:

     Нэхэмжлэгч  Б.Цэцгээ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Миний бие нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Хөгжил нэгдлийн Баян-Эрдэнэ бригадад 1972 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд, мөн нэгдлийн Чулуут бригадад 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд тус тус малчин, саальчнаар ажилласан юм. Одоо би өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул Хэнтий аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь ажлаас халагдсан тушаал гараагүй учир энэ хугацааны ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлага гарсан. 
Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1, 20 тал/
   Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Агь овогт Базаррагчаагийн Цэцгээ нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Хөгжил нэгдлийн Баян-Эрдэнэ бригадад 1972 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд, мөн нэгдлийн Чулуут бригадад 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд тус тус малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Агь овогт Базаррагчаагийн Цэцгээ нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Хөгжил нэгдлийн Баян-Эрдэнэ бригадад 1972 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд, мөн нэгдлийн Чулуут бригадад 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд тус тус малчин, саальчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар  /хх-ийн 1, 10 тал/, Хэнтий аймгийн архивын тасгийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 2-3 тал/, гэрч Ю.Жаргалсайханы мэдүүлэг /хх-ийн 19-21 тал /зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

                                                                                                                      
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д  зааснаар нэхэмжлэгч Агь овогт Базаррагчаагийн Цэцгээг Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Хөгжил нэгдлийн Баян-Эрдэнэ бригадад 1972 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд, мөн нэгдлийн Чулуут бригадад 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд тус тус малчин, саальчнаар  ажиллаж байсан болохыг тогтоосугай. 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Ж.БОЛДБААТАР