| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0311/Э |
| Дугаар | 363 |
| Огноо | 2019-04-17 |
| Зүйл хэсэг | 27.8.2.1., 27.8.2.2., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 363
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,
Иргэний нэхэмжлэгч М.Болдсайхан,
Хохирогчийн өмгөөлөгч С.Болдбаатар,
Шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч Д.Хатанбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Эд холбогдох эрүүгийн 1803006590395 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1995 оны 4 дүгээр сарын 18 өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх8 дүү нарын хамт Дорноговь аймгийн Эрдэнэ сум 5 дугаар баг Улаан-Уул гэх газар оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Х.Э нь 2018 оны 7 дугаар сарын 31-нээс 2018 оны 8 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 01 цаг 50 минутын үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Алтайн 30 дугаар байрны зүүн талын замд Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1-т заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчин тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэн хэрэглэсэн /1,8 прогмилли/ үедээ Тоёото Приүс маркийн 22-31 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа , мөн дүрмийн 8.4-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчин Д.Намчингаравын жолоодон явсан М.Болдсайханы эзэмшлийн Howo-ZLJ5250GJВ2 маркийн 67-90 УНХ улсын дугаартай хэрэгслийг мөргөснөөс зорчигч Л.Цэндсүрэн, Б.Мөнхбат нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр багштайгаа 18:00 цагийн орчим 2 шил архи уусан. Багшаас салаад угаалга дээр очсон. Цэндсүрэнгийн ажил тарсан гэхээр нь очиж аваад юм яриад сууж байсан. Манай найз ирээд пиво уусан. Мөнхжаргал ирснийг мэдээгүй. Утсаар ярьснаа бага зэрэг санаж байна...” гэв.
Иргэний нэхэмжлэгч М.Болдсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Манайх зуурмагны компанитай гэрээтэй ажилладаг. Тухайн өдөр манай машинд хохирол учруулсан. Үнэлгээгээр 4.490.000 төгрөг гэж тогтоогдсон. Дээрх төлбөр дээр журмын хашааны 80.000 төгрөг, машин ачилтын 120.000 төгрөг, нийт 4.694.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.
Эрүүгийн 1803006590395 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Х.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 01-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 30 дугаар байрны зүүн замд Т.Приүс маркийн 22-31 УБТ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа эсрэг урсгал сөрж яваад Д.Намчингаравын жолоодож явсан Howo-ZLJ 5250GJB2 маркийн 67-90 УНХ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж зорчигч Л.Цэндсүрэн, Б.Мөнхбат нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан. Тухайн үед би согтуу байсан болохоор энэ талаараа сайн санахгүй байна. Тэгээд сэрээд архи гарсан үед хамт явсан хүмүүс осол хэрэг гарсан талаар надад хэлсэн. Би тухайн үед болсон ослын талаар мэдэхгүй байна. Хохирогч Б.Мөнхбатын хохирол эмчилгээний төлбөрт 500.000 төгрөг бэлнээр өгсөн. Хохирогч Цэндсүрэнтэй хоорондоо ярилцаж байж хохирлыг төлж барагдуулна. Хово маркийн машины хохирлыг төлж барагдуулна. Би өөрийн бурууг ойлгож, хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 106-107 дугаар хуудас/,
Хохирогч Л.Цэндсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 7 дугаар сарын 31-ний орой ажил дээрээ байхад 00 цагийн үед машин барин явсан Энхбаярын дүү Өнөрбат орж ирээд дуудаж байна гэхээр нь ажлаас гартал Энхбаяр хар өнгийн приүс-20 жолоодоод явж байсан. Энхбаярын хажууд танихгүй нэг залуу ард нь надтай цуг дүү нь гэх залуу сууж явсан. Тэгээд хөдлөөд хотоор давхиж байгаад 100 айл өнгөрөөд Дөлгөөн нуурын зүүн талаар хойш маш хурдтай урсгал сөрж ороод өөдөөс эргэж байсан том машинтай мөргөлдсөн. Түүнээс хойш сайн санахгүй байна. Миний баруун хөл хугарсан. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Мөнхбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 01-нд шилжих шөнө би Сансарт байдаг Панда угаалгын газар ажил дээрээ байж байтал өмнө нь цуг ажиллаж байсан Энхбаяр ах хар өнгийн Т.Приүс маркын Мөнхжаргал ахын машиныг жолоодчихсон урд сандал дээр Мөнхжаргал өөрөө суучихсан хажууд нь мөн манай угаалгын газар ажиллаж байсан Өнөрболд гэдэг банди суучихсан байсан. Энхбаяр ах “тарж байгаа бол дөхүүлээд өгье” гэхээр нь би арын суудал дээр суусан. Тэгээд шөнө 02 цагийн орчим Сансар талаас Дөлгөөн нуур руу эргээд эсрэг урсгал 50-60 км цагийн хурдтай явж байтал гэнэт зуурмагын машин гарч ирээд тэр машины урд хамар хэсэг рүү манай машин хамар хэсгээрээ мөргөсөн. Тэгээд нэг сэрэхэд гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Миний баруун хөлний дунд чөмөг хугарсан. Надад гомдол санал байхгүй. Энхбаяр намайг хагалгаанд орсон 500.000 төгрөг болон бусад эм тарианы мөнгө бүгдийг нь өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-38 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч М.Болдсайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Howo-ZLJ 5250GJB2 маркийн 67-90 УНХ улсын дугаартай дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг миний машин. Би өөрийн дүүгийн найз Намчингаравт тээврийн хэрэгслээ түр унуулж байсан. Үнэлгээгээр 4.490.000 төгрөг гарсан. Гомдолтой байна. Машины зардлаа баримтаар нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,
Иргэний хариуцагч А.Мөнхжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тухайн үед би машин дотороо согтуу унтаж байсан болохоор ослын талаар сайн мэдэхгүй байна. Маргааш нь архи гараад осол болсон талаар мэдсэн. Энхбаяр миний машиныг согтуу жолоодож яваад машинтай мөргөлдсөн. Цэндсүрэн, Мөнхбат нар гэмтсэн гэж мэдсэн. Тухайн ослоос болж миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Би машиндаа хохирлын үнэлгээ гаргуулаагүй. Би Энхбаяртай найзууд болохоор хохирол нэхэмжлээгүй...намайг тасраад хойд суудал дээр унтаж байх үед Энхбаяр согтуу миний машиныг барьж яваад осол гаргасан байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,
Гэрч Д.Намчингарав мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 8 дугаар сарын 01-ний шөнө 01 цаг 50 минутын орчим найз Болдсайханы нэр дээр байдаг Howo маркийн 67-90 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Дөлгөөн нуурын зүүн талын туслахаас төв замд нийлээд тасархай шугамаар 5 км цагийн хурдтай эргэх үйлдэл хийж байтал өөдөөс урсгал сөрөөд гэрэлгүй суудлын хар өнгийн Т.Приүс-20 маркийн автомашин хурдтай хүрч ирээд зөв талын урд тал руу нөгөө машин урд копудаараа мөргөөд зогссон. Тэгэхээр би машинаасаа буугаад нөгөө машин дээр очиход жолооч талын хаалга онгорхой жолооч шал согтуу ухаангүй байхаар нь жолоочийг машинаас нь гаргаад түргэн дуудсан. Тэгээд дараа нь цагдаа дуудсан. Эхлээд эргүүлийн цагдаа ирээд дараа нь түргэн ирээд уг машин дотор байсан 4 хүнийг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9629 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-Т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэжээ /хх-ийн 83 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9631 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-Т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 87 дугаар хуудас/,
Мөрдөгчийн №120 дугаартай магадлагаа “...1. Т.Приүс маркын 22-31 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Х.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1 механикчсан тээврийн хэрэгсэлийн жолооч дараах баримт бичгийг биедээ авч явна: тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 8.4 “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Howo-ZLJ 5250GJB2 маркын 67-90 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Намчингарав нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болон гэх үндэслэлгүй байна...” гэжээ /хх-ийн 114-115 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-21 дүгээр хуудас/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 22 дугаар хуудас /
Тээврийн хэрэгслийн лавлагаа “...Хүрэлбаатарын Энхбаяр жолооч биш...” гэжээ /хх-ийн 108 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн №8058 дугаартай шинжээчийн дүгнэлт “...1. Шинжилгээнд ирүүлсэн “Х.Э 23н/эр VIII/01” гэж хаягласан цусанд промилли спиртийн агууламж илэрч байна. 2. Цусанд илэрсэн 1,8 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна. 3. Шинжилгээнд ирүүлсэн “Х.Э 23н/эр VIII/01” гэж хаягласан цус одоогоор мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодис тодорхойлох боломжгүй байна...” /хх-ийн 74 дүгээр хуудас/,
“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан “...Howo-ZLJ 5250GJB2 маркын 67-90 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ шууд зардал 3.379.000 төгрөг, шууд бус зардал 625.000 төгрөг. Нийт шууд зардлын дүн 3.869.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн 4.494.000 төгрөг...” гэжээ. /хх-ийн 91 дүгээр хуудас/,
Өвчний түүх /хх-ийн 145-170 дугаар хуудас/,
Гэрч А.Мөнхчимэгийн мэдүүлэг /хх-ийн 61/, гэрч Т.Мягмаржавын мэдүүлэг /хх-ийн 65/, шүүгдэгч Х.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 108/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 117/, насанд хүрээгүй хохирогч Б.Мөнхбат түүний хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан хүсэлт /хх-ийн 39/, хохирлын баримтууд /хх-ийн 178-194/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 6 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.Э нь 2018 оны 7 дугаар сарын 31-нээс 2018 оны 8 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 01 цаг 50 минутын үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Алтайн 30 дугаар байрны зүүн талын замд Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1-т заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчин тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэн хэрэглэсэн /1,8 прогмилли/ үедээ “Тоёота Приүс” маркийн 22-31 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 8.4-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчин Д.Намчингаравын жолоодон явсан М.Болдсайханы эзэмшлийн Howo-ZLJ5250GJВ2 маркийн 67-90 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс өөрийн жолоодон явсан автомашинд байсан зорчигч Л.Цэндсүрэн, Б.Мөнхбат нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
-Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл,
-Хохирогч Л.Цэндсүрэнгийн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Б.Мөнхбатын мэдүүлэг,
- Гэрч Д.Намчингаравын мэдүүлэг,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн №9629, 9631 дугаартай дүгнэлт /Л.Цэндсүрэн, Б.Мөнхбат нарын биед шинжилгээ хийсэн талаар/,
-Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн №8058 дугаартай шинжээчийн дүгнэлт,
- Мөрдөгчийн №120 дугаартай магадлагаа,
- Тээврийн хэрэгслийн лавлагаа,
- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Эын үйлдэл нь “Эрүүгийн хуульд заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч Х.Эыг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргаж шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Шүүгдэгч Х.Эын жолоодон явсан “Тоёота Приус” маркийн 22-31 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч А.Мөнхжаргалын буруугаас шүүгдэгч тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон байдал тогтоогдоогүй тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Х.Э хариуцах нь зүйтэй.
Хохирогч Л.Цэндсүрэнгээс гэм хорын хохиролд 1.984.043 төгрөгийг нэхэмжилсэн боловч баримтаар 1.405.039 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж бусад хэсгийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдлаа.
Насанд хүрээгүй хохирогч Б.Мөнхбат түүний хууль ёсны төлөөлөгчөөс “...эмчилгээний зардалд 500.000 төгрөг хүлээн авсан. Мөнхбатын бие эдгэрсэн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг түүнд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иргэний нэхэмжлэгч М.Болдсайханы тээврийн хэрэгсэлд учирсан гэмтэл, түүнтэй холбогдох бусад зардал болох 4.694.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгох нь зүйтэй.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Х.Эыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Х.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан төрөл, хэмжээний дотор болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Х.Э хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэж өгнө үү...” гэсэн санал гаргасныг хүлээн авах боломжгүй.
Учир нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, олон хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирч, хор уршиг арилаагүй байдал, хувийн байдал зэргийг харгалзсан ба нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж шүүгдэгчийг тодорхой хугацаагаар нийгмээс тусгаарлах шаардлагатай гэж үзлээ.
Дээрх гэмт хэрэг гарахад жолооч Х.Э нь согтуурч улмаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцож болохгүй жолооч биш гэдгээ мэдсээр атлаа бусдын тээврийн хэрэгслийг дур мэдэн жолоодож замын хөдөлгөөнд хэт хайхрамжгүй оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар ёс суртахууны зөв дадал хэвшээгүй байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Х.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Эг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эт оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Х.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Эаас 6.099.039 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Цэндсүрэнд 1.405.039 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч М.Болдсайханд 4.694.000 төгрөгийг тус тус олгосугай.
6. Хохирогч Л.Цэндсүрэнгийн нэхэмжлэлээс хэлэлцэхгүй орхисон хэсгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу Х.Эаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосоноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН