Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 367

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Улсын яллагч Ш.Насанжаргал,  

Хохирогч Ин Хон Лянь /Yin Hong Lian/, түүний өмгөөлөгч З.Ганчимэг, орчуулагч Д.Хас,

Шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.М холбогдох эрүүгийн 1709009230042 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 12 дугаар гудамж 469 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол 7-77 тоотод оршин суух, “Мөнх Туурай Тамгат” ХХК-ны захирал ажилтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Т.М нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авто тээврийн үндэсний төв”-д 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “Баясгалант Саруул тал” ХХК-ны өмнөөс “Хүсэлт гаргах нь” гэх утга бүхий 0529/03 дугаартай албан бичгийг хуурамчаар үйлдэн “Баясгалант Саруул тал” ХХК-ны эзэмшилд байсан “Норд бенз” маркийн 20 ширхэг автомашиныг, 20 ширхэг чиргүүлийн хамт өөрийн “Мөнх Туурай тамгат” ХХК-ны нэр дээр шилжүүлэн авч хуурамч баримт бичиг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...20 ширхэг автомашин, чиргүүлийн хамт шилжүүлж авсан үйлдэл нь хэн нэгнийг хохироогоогүй. Өөрийн өмчөө бусдад алдахаас хамгаалж, өөрөө өөртөө туслах үйлдэл байсан. Би Ин Хун Лянийг хохироогоогүй. Эдгээр машинууд нь анхнаасаа миний мэдэлд байсан, хохирогч Ин Хун Ляний өмч биш. “Холд ток” ХХК-н нэр дээр байсан ч би 2014 оноос хойш хадгалж, хамгаалж, ашиглаж байсан. Ажил гүйцэтгэлийн төлбөрийн 700.000 юаны барьцаанд авсан байсан. Харин Ин Хун Лян хамтран ажиллах санал тавьсныг хүлээн авч “Хэ зэн” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, тодорхой нөхцөлүүдэд үндэслэн эдгээр машинуудыг худалдан авсан. Машин тус бүрийг 90.000 юанаар үнэлж, 20 автомашиныг 1.800.000 юанаар авахаар болж миний бие 700.000 юаныг , “Хэ зэн” ХХК 1.100.000 юаныг гаргахаар тохирсон. Гэвч “Хэ зэн” ХХК нь 500.000 юаныг төлөөд үлдэгдэл 600.000 юаныг төлөөгүй. Тухайн үед иргэн Ин Хун Лян нь өөрийгөө “Хэ зэн” ХХК-ны захирал гэж танилцуулж байсан бөгөөд дараа нь уурхайтай гэрээ байгуулах үед “Хэ зэн” ХХК-ны захирал биш гэдгийг олж мэдсэн. Мэдсэн хэдий ч ач холбогдол өгөөгүй. Учир нь аж ахуйн нэгж байгууллагууд нь хэн нэгэн хүнийг томилж ажил үүрэг гүйцэтгүүлдэг тул тийм л байх гэж бодсон. Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр түр хугацаанд тодорхой үүрэг хариуцлага, болзолтойгоор Монгол улсад бүртгэлтэй иргэн Ин Хун Ляний хувь эзэмшдэг “Баясгалант саруул тал” ХХК-г сонгон тээврийн үйл ажиллагаа явуулах гэж машинуудыг шилжүүлсэн болохоос иргэн Ин Хун Лян болон “Баясгалант саруул тал” ХХК-д өмчилж өгөөгүй... Авто тээврийн Үндэсний төвд хандсан албан бичгийг би өөрөө хийж Yin Hong Lian-ийн өмнөөс гарын үсгийг таталган зурсан. Хуурамч бичиг баримт үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэвч ард нь маш олон шалтгаан байгаа...” гэв.

 

Хохирогч Ин Хон Лянь / Yin Hong Lian/ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2016 оны 12 дугаар сард “Холд ток” ХХК-ны захирал болох Гү Жа Ши-д 1.100.000 юаны 20 машины мөнгө гэж шилжүүлж, 2017 оны 1 дүгээр сарын 03-нд 20 машиныг шилжүүлж авсан. Машин шилжигдсэн цагаас “Баясгалант саруул тал” ХХК-аас машинуудыг засах гэх мэт дагалдах зардлуудыг төлж эхэлсэн. Мөрөнд 2.000.000 гаруй юаныг төлсөн. Мөн зарим зардлуудыг өгсөн байсан. 20 ширхэг машиныг авахад бүрэн бүтэн байгаагүй, эвдрэл гэмтэлтэй байсан. Авсны дараа 4 сарын хугацаанд засвар үйлчилгээ хийлгэсэн. 2017 оны 3 дугаар сарын 28-аас эхэлж эдгээр машинуудыг ашиглаж эхэлсэн. 2017 оны 5 дугаар сар гэхэд Мөрөн хуурамч бичиг баримт бүрдүүлж машиныг шилжүүлж авч явсан. “Хэ Зэн” ХХК машины засварт 4 сарын хугацаа зарцуулсан. “Баясгалант саруул тал” ХХК-д машин шилжиж ирснээс хойш машиныг бодитой 2 сар ашигласан. Мөрөн хууль бусаар машинуудыг шилжүүлж авч явснаас хойш өнөөг хүртэл 2 жилийн хугацаанд хууль бусаар ашиглаж байна. Өмчийн асуудал тодорхой. “Баясгалант саруул тал” ХХК-д машин шилжиж ирсэн. Манай компаний өмч юм. Хууль бусаар шилжүүлж авсан нь нотлогдсон. Машинуудыг буцаан өгч хууль бусаар ашиглах байдлыг таслан зогсоомоор байна. Шударга шүүлт хийж миний эрх ашгийг хамгаалж хууль бус үйлдлийг таслан зогсож өгнө үү гэж хүсч байна...” гэв.

 

Эрүүгийн 1709009230042 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Т.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...”Баясгалант Саруул тал” ХХК-ийн итгэмжлэл олгох тухай бичигт “Холдтоп Инвест” ХХК-иас Т.Мгөөр дамжуулан ашиглаж буй 20 ширхэг машины захиран зарцуулах эрхийг олгож байна гэсэн байгаа. Авто тээврийн Үндэсний төвд хандсан албан бичгийг би өөрөө хийж Yin Hong Lian-ийн өмнөөс гарын үсэг зурсан, яагаад вэ гэвэл олгосон итгэмжлэлийн дагуу гарын үсэг зурж 20 ширхэг машиныг зарцуулж “Мөн Туурай Тамгат” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн..." гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 117, 185-191 дүгээр хуудас/,

 

Хохирогч Ин Хон Лянь / Yin Hong Lian/ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 6 дугаар сарын дундуур Автотээврийн Үндэсний төв дээр очиж лавлахад танай компаний хүсэлтээр таны автомашинуудыг “Мөнх туурай тамгат” нэртэй компани руу шилжүүлсэн байна гэж хэлсэн. Мөрөн нь надад худлаа хэлж миний автомашинуудыг хуурамч баримт бичиг үйлдэж өөрийн нэр дээр шилжүүлж авсан байсан. Өмнө нь Мөрөн надаас нэг юманд хэрэглэх шаардлагатай байна гэж хэлээд компаний гэрчилгээг авсан. Би түүнд итгээд өгсөн. Мөрөн хуурамч баримт бичиг үйлдэж хуурамч албан бичгийг өгөхдөө өөр тамга ашигласан. Эсвэл манай компаний тамгыг дахин хийлгэсэн. Яагаад гэвэл манай компаний тамга зөвхөн надад байсан. Тухайн 20 автомашиныг 1.100.000 юаниар “Холдтоп инвестмент” компаниас Хе Зен компани худалдаж авсан. Уг 20 автомашиныг манай компанид шилжүүлж өгсөн учраас манай компаний өмч...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 236-237 дугаар хуудас/,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 17-56 дугаар хуудас/,

 

Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 57-98 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Ганжолоо мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 4 дүгээр сарын 20-ны үеэр Мөрөн дарга намайг 10 дугаар хороололд байрлах “Мөнгөн тойг”  зочид буудлаас БНХАУ-ын иргэн Ин Хон Ляныг очоод аваадах гэхээр нь би  очиж аваад “Мөнх Туурай Тамгат” ХХК-ийн ажлын байран дээр хүргэсэн. Тухайн өдөр Ин Хон Лян нь манай ажлын байран дээр  20 ширхэг Норд бенз автомашиныг Мөрөнд захиран зарцуулах эрх олгох тухай тамгатай, гарын үсэгтэй итгэмжлэл болон “Баясгалант Саруул Тал” ХХК-ийн гэрчилгээ болон тамга тэмдгийг эх хувиар нь Мөрөнд гардуулж өгсөн. Тухайн үед итгэмжлэл гардуулахад би өөрөө хамт байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 106 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Энхдэлгэр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би тухайн зүйлийг сайн санахгүй байна. Манай байгууллагаар маш олон хүн үйлчлүүлдэг. Манайхаас авсан материалыг үзвэл тус автомашинуудыг албан байгууллагын албан тоотыг үндэслэн тус автомашинуудыг шилжүүлсэн байна. Манай байгууллага албан байгууллагын тоотыг үндэслэн тамга тэмдэгийг хянаад албан байгууллагын гэрчилгээтэй тамга тэмдэгийн дугаарыг тулгаад албан тоотын дагуу автомашиныг шилжүүлэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 108 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Наранбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 4 дүгээр сард Хятад улсын иргэн Yin Hong Liang нь манай ажлын оффис дээр байгууллагын тамга, тэмдэг, байгууллагын гэрчилгээ, мөн итгэмжлэл зэрэг зүйлсийг манай захирал Мөрөнд өгсөн. Тухайн үед эдгээр зүйлийг захирал надад өгөөд “сейф рүү хийчих” гэж хэлсэн. Үүний дагуу тамга, тэмдэг, гэрчилгээ, итгэмжлэлийг тухайн үед сейфэнд хийсэн. Яг юу гэж хэлж өгсөн талаар мэдэхгүй. Захирал болон Yin Hong Liang нар нь хоорондоо Хятадаар ярьдаг...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 109 дүгээр хуудас/,

 

Гэрч О.Солонго мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 4 дүгээр сарын сүүлээр санагдаж байна Yin Hong Liang нь манай оффис дээр өөрийн биеэр ирээд “Баясгалант саруул тал” ХХК-ийн тамга тэмдэг болон байгууллагын гэрчилгээг манай захирал Мөрөнд өгч байсан. Манай байгууллага нэг өрөөнд бөөндөө суудаг ба тамга тэмдэг болон гэрчилгээ өгч байхыг би өөрийн нүдээр харсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 110 дугаар хуудас/,

 

Гэрч Дэн Бин Бин мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...20 автомашины төлбөрт нийт 1.800.000 төгрөг төлөх ёстойгоос Мөрөн 700.000 юанийг, Ин Хон Ляний “He Zhen” ХХК нь 500.000 юанийг төлж үлдэгдэл 600.000 юанийг 20 автомашиныг барьцаалаад “Холдтоп” ХХК-иас зээл авсан. Тийм учраас “Холдтоп” компани нэрийг шилжүүлж өгөөгүй. Уг 20 автомашин нилээд хуучирсан автомашин байсан бөгөөд засаж янзлах, шинээр сэлбэг авах шаардлагатай байсан. 20 автомашиныг анх “Холдтоп” ХХК-иас “Баясгалант саруул тал” ХХК-д шилжүүлэхдээ Ин Хон Лянь нь Мөрөнд “Баясгалант саруул тал” ХХК-ний дансанд гүйлгээ хийх гүйлгээ хийх, төлөөлж гарын үсэг зурах, уг 20 автомашиныг захиран зарцуулах эрхийг итгэмжилж өгнө гэж хэлсэн. Мөрөн зөвшөөрч “Баясгалант саруул тал” ХХК-ний нэр дээр шилжүүлж авсан. Тэгээд Ин Хон Лянь нь итгэмжлэлийг Мөрөнд өгсөн. Итгэмжлэл байгаа гэдгийг мэдэж байсан учраас би “Холдтоп” ХХК-д 600.000 юанийг төлж автомашиныг Гуо Жиа Шигээс худалдаж авсан. Автомашинуудаа Мөрөнд өгч Мөрөн нь уг итгэмжлэлийн дагуу автомашинаа өөрийнхөө “Мөнх Туурай Тамгат” ХХК руу шилжүүлж авсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 222-223 дугаар хуудас/,

 

Гэрчүүдийг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 112-115 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №532 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн “Баясгалант саруул тал” ХХК-ны итгэмжлэл олгох тухай” гэх баримт дахь шинжилж буй гарын үсэг нь БНХАУ-ын иргэн Yin Hong Liang-ны гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй.

2. Дээрх баримт дахь шинжилж буй тэмдэгийн дардас нь харьцуулах загвараар ирүүлсэн “Баясгалант саруул тал” ХХК-ны тэмдгийн дардастай тохирохгүй.

3. Шинжилж буй баримт дахь компьютерийн бичвэрүүдийг 2 өөр үсгийн фондоор бичсэн байна...” гэжээ /1 дүгээр хх-ийн 119-126 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2279 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн хавтаст хэргийн 52 дугаар хуудсанд байх шинжилж буй гарын үсэг нь 53 дугаар хуудас дахь “Баясгалант саруул тал” ХХК-ны “Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст” гэсэн гарчигтай баримт болон нэмэлтээр ирүүлсэн Ин Хон Лианы гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт загвар, 54 дүгээр хуудас дахь Ин Хонг Лианы гэх гарын үсгийн туршилтын загваруудтай тохирохгүй байна.

Харин шинжилж буй гарын үсэг нь хавтаст хэргийн 121-123, 126, 127 дугаар хуудас дахь баримтууд дээр зурагдсан Ин Хонг Лианы гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн хавтаст хэргийн 52 дугаар хуудсанд дарагдсан шинжилж буй тэмдэгийн дардас нь харьцуулах шинжилгээнд нэмэлтээр ирүүлсэн тэмдэгний дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэгээрээ тохирч байна.

3. Шинжилж буй баримт дээрх “Жич: Холдтоп Инвест” ХХК-иас Т.Мгөөр дамжуулан ашиглаж буй 20 машины захиран зарцуулах эрхийг олгож байна.” Гэсэн нийт 2 мөр компьютерийн бичвэр нь “Баясгалант саруул тал” ХХК /Улсын бүртгэлийн дугаар 9019051115/ гэж эхлээд  “Энэхүү итгэмжлэл нь олгосон өдрөөс хойш 12 сарын хугацаанд хүчинтэй” гэж төгссөн нийт 10 мөр компьютерийн бичвэрүүдээс үсэг, үг, мөр хоорондын зай, зарим үсгүүдийн хэмжээ, том жижиг үсгийн фонд, тэмдэгтийн хэлбэр зэргээрээ өөр байна...” гэжээ /1 дүгээр хх-ийн 127-129 дүгээр хуудас/,

 

“Мөнхгүүр” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд Тайлангаар үнэлэгдэж буй Northbenz ND4257 B34J маркын өөрөө чирэгч болон чиргүүлийн хамт нийт 20 ширхэг тээврийн хэрэгслийг биетээр үзээгүй бөгөөд фото зураг болон мөрдөгчийн тогтоолд асуугдсан асуултын дагуу 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар зах зээлийн үнийг дунджаар тогтоосон болно. Үнэлгээгээр тогтоосон нийт дүн 1.387.200.000 /нэг тэрбум гурван зуун наян долоон сая хоёр зуун мянга/ төгрөг болно...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 149-171 дүгээр хуудас/,

 

Машин тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ /1 дүгээр хх-ийн 223-231 дүгээр хуудас/,

 

Хамтран ажиллах хэлэлцээр /1 дүгээр хх-ийн 232-238 дугаар хуудас/,

 

“Холдтоп Инвестмент” ХХК-ийн өмчлөлд байсан 20 ширхэг Нордбенз машин болон чиргүүлийн хамт худалдан борлуулсан тухай тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 239-241 дүгээр хуудас/,

 

Цахим мөнгөн шилжүүлгийн баримт /2 дугаар хх-ийн 55-84 дүгээр хуудас/,

 

Хөрөнгө битүүмжилсэн тухай прокурорын тогтоол “...Мөнх туурай тамгат” ХХК-ны эзэмшилд байгаа хавсралтанд дурдсан “Норд бенз” маркийн 20 ширхэг ачааны машиныг чиргүүлийн хамт Дорноговь аймгийн Хатанбулаг суманд битүүмжилсүгэй...” гэжээ /2 дугаар хх-ийн 89-90 дүгээр хуудас/,

 

Тээврийн хэрэгслийн лавлагаа /2 дугаар хх-ийн 156-194 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Т.Мгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 192 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 204 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 193 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 197 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Т.М нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авто тээврийн үндэсний төв” 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Авто тээврийн Үндэсний төвд хандан “Манай байгууллагын эзэмшилд байгаа норд бенз маркийн 20 зүтгүүр, zcz маркийн 20 чиргүүлийг “Мөнх Туурай Тамгат” ХХК-д шилжүүлж өгнө үү” гэсэн утга бүхий хүсэлтийг “Баясгалант Саруул тал” ХХК-ийн нэрийн өмнөөс захирал YIN HONG LIANG-ийн гарын үсгийг дуурайлган зурж 0529/03 дугаартай албан бичгийг хуурамчаар үйлдэн “Баясгалант Саруул тал” ХХК-ийн эзэмшилд байсан “Норд бенз” маркийн 20 ширхэг автомашиныг, 20 ширхэг чиргүүлийн хамт өөрийн “Мөнх Туурай тамгат” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авч бусдын эд хөрөнгө эзэмших эрхийг зөрчсөн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Мгийн “...Авто тээврийн Үндэсний төвд хандсан албан бичгийг би өөрөө хийж Yin Hong Lian-ийн өмнөөс гарын үсгийг таталган зурсан. Хуурамч бичиг баримт үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Ин Хон Лянь / Yin Hong Lian/-ийн “...Мөрөн хуурамч бичиг баримт бүрдүүлж машиныг шилжүүлж авч явсан...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Д.Энхдэлгэрийн “...Манайхаас авсан материалыг үзвэл тус автомашинуудыг албан байгууллагын албан тоотыг үндэслэн тус автомашинуудыг шилжүүлсэн байна...” гэсэн мэдүүлэг,

 

Авто тээврийн Үндэсний төвөөс ирүүлсэн хэрэгт авагдсан баримтууд,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №532, №2279 дугаартай дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Мгөөс Авто тээврийн газарт хандаж гаргасан албан бичгийг  “Баясгалант Саруул тал” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд болох захирлын өмнөөс гарын үсэг зурж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг мэдсээр атлаа хүсч санаатай үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “хуурамч баримт бичиг үйлдэж, ашигласан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Т.Мг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, ашигласан буюу шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулиар тодорхойлогдох боловч 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан  хууль буцаан хэрэглэх журмыг баримтлан гэм буруутайд тооцох нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэхээр байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгчөөс шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хэрэгт өмчлөлийн асуудлыг шийдвэрлэхгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү...” гэсэн санал гаргажээ.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

 Хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа хийсэн боловч “Норд бенз” маркийн 20 зүтгүүр, zcz маркийн 20 чиргүүлийг өмчлөгч этгээд нь “Баясгалант Саруул тал” ХХК мөн эсэх нь эргэлзээтэй байгаагаас гадна харин шүүх тухайн компаний зөвхөн эзэмших эрх нь зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзсэн тул өмчлөлийн асуудлыг тогтоогоогүй нь хэргийг шийдвэрлэхгүй байх үндэслэлгүй байна. 

 

Тиймээс уг гэмт хэргийн улмаас учирсан  шууд хохирол, хор уршиг тогтоогдоогүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

 

Харин Сүхбаатар дүүргийн прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №01 дугаартай “Норд бенз” маркийн 20 автомашиныг чиргүүлийн хамт битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Т.Мг шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон боловч түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хамаарч тухайн гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн байх тул “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Т.Мг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Т.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс эд хөрөнгийн маргаан бүхий өөрт тулгарсан асуудлыг хууль ёсны дагуу шийдвэрлүүлэх хууль журамд заасан хэм хэмжээг зөрчиж, нийгэмд зөв, шудрага ажиллаж, амьдрах зан төлөвийн хэвшил дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон                                                                                                                  

         ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Т.Мг баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Т.Мгийн гэм буруутайд тооцогдсон шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Т.Мг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

            3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Т.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            4. 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №01 дугаартай Сүхбаатар дүүргийн прокурорын “Норд бенз” маркийн 20 автомашиныг, чиргүүлийн хамт битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

            5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

            6. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН