Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 371

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Улсын яллагч Т.Жавхлантөгс,

Шүүгдэгч Г.Т (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Тд холбогдох эрүүгийн 1909011580411 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 17-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

   Монгол Улсын иргэн, 1986 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага, харилцаа холбооны менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15-р хороолол, 200 байр, 69 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Жуков хотхон, 49в дугаар байрны 25 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

            Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Г.Т нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Гранд циркус” рестораны гадаа 2019 оны 3 дугаар сарын 14-ний шөнийн 23 цаг 30 минутын үед иргэн О.Өмөрбекийг нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 1909011580411 дугаартай хэргээс:

 

            Шүүгдэгч Г.Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Надтай хамт ажиллаж байсан “Мобиком” ХХК-ны дотоод аудитын газрын ахлах менежер Өмөрбек нь 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр болсон хүлээн авалтан дээр архи ууж согтчихоод манай албаны захирал Идэрмөнхтэй маргалдаж маргааныг салгах гэж очтол над руу дайрч “намайг ажлаас чинь халуулна, та нарыг бүгдийг чинь халуулах болно” гэж орилж хашгираад дарамтлаад байхаар нь уурандаа нүүрэн тус газар нь цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

 

Хохирогч О.Өмөрбек мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд циркус” гэх газарт 08:18 гэх хөтөлбөрийн хүрээнд "Мобиком" ХХК-тай харилцдаг байгууллагууд ирээд арга хэмжээ болсон. 00 цаг өнгөрч байх үед тус арга хэмжээнд ирсэн зочид явсан. Уг арга хэмжээг зохион байгуулсан Идэрмөнх, Түвшинбаяр нартай юм яриад сууж байхад Идэрмөнх надад хандаж "Писда минь чамаас болж бид нарын ажил урагшилдаггүй, чи бол саад" гэж хэлсэн. Би Идэрмөнхөд хандаж "би ах хүний хувьд та нарт аюулаас урьдчилан сэргийлж ажилладаг юм" гэж хэлээд би Идэрмөнхийг тэврээд болсон зүйлийг тайлбарлаж хэлэх гэтэл Идэрмөнх намайг заамдаж авсан. 4-5 минутын дараа салаад гадаа Идэрмөнхөд заамдуулсан байх үед Түвшинбаяр миний нүүрний зүүн тал руу шанаадаад дахин толгой хэсэг рүү минь цохих үед би газарт унасан. Үүний дараа намайг олон хүн өшиглөж байсан, би нүүрээ хамгаалах гэж байсан тул хэн өшиглөж байгааг харж чадаагүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-9 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.Идэрмөнх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Хүлээн авалтын үйл ажиллагаа шөнийн 00 цагийн үед дуусаж байх үед Өмөрбек нь нилээн согтчихсон байдалтай тухайн газар байсан хүмүүс рүү агсраад байсан. Мөн Өмөрбек нь өөрөө тухайн арга хэмжээнд оролцохоос гадна урилгагүй нэг хүн авчраад тухайн хүн нь манай менежер эмэгтэйг өдөж хоргоогоод байхаар нь би Өмөрбект хандаж “ажил хийж байхад урилга өгөөгүй хүн урилаа, ажилд садаа болсон шүү” гэхэд Өмөрбек уурлаж, намайг дээрэлхэж гараараа хүзүүдэж аваад салахгүй миний ажил хэргээр дарамталж эхэлсэн ба би салах гэж нилээд хичээсэн. Ингээд тухайн газрын тооцоог хийж дуусгаад бид гарцгаасан. Тэгтэл Өмөрбек гадаа миний куртикнээс зуурч аваад дарж унагаасан. Тэгтэл хамт ажилладаг залуучууд маань салгасан. Өмөрбек тухайн залуучууд дунд байсан менежер Түвшинбаяр руу дайрч эхэлсэн. Тэгэхэд Түвшинбаяр уур нь хүрч Өмөрбекийг цохиж унагаасан. Энэ үед манай ажлын хүмүүс очиж салгаад Өмөрбекийг таксинд суулгаж явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

 

            Гэрч Ж.Өнөртулга мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “....Өмөрбек, Идэрмөнх нарын хооронд дахиж маргаан эхэлсэн ба Идэрмөнх захирал бид хоёр хоорондоо ярилцаад “учраа олъё” гэхээр нь бид нар тэр хоёроос холдсон. Тэр хоёр хоорондоо заамдалцаад Өмөрбек зүлгэн дээр Идэрмөнх захирлыг сандлын өндөртэй зүлгэний тавиур дээр дээрээс нь дарчихсан зогсож байхаар нь очиж салгаад хоёр тийш нь болготол Түвшинбаяр хажуу талаас ирээд Өмөрбекийг цохих шиг болсон. Тэгтэл хойшоо хөл алдаж газар унасан. Тэгээд Донидцэрэн бид хоёр очиж босгоод таксинд суулгаж явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

 

            Гэрч Н.Донидцэрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Гранд циркус рестораны үүдэнд Өмөрбек, Идэрмөнх захирал хоёр маргалдсан. Идэрмөнхийн дээрээс Өмөрбек дарж унасан ба бид нар очиж хоёр тийш нь салгасан. Түвшинбаяр менежер хаанаас ч юм гарч ирээд Өмөрбекийн нүүрэн тус газар цохисон. Би очоод Өмөрбек, Түвшинбаяр хоёрыг салгасан. Өнөртулга бид хоёр Өмөрбекийг таксинд суулгаж өгөөд гэр гэртээ харьцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

 

   Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3490 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. О.Өмөрбекийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын далд хугарал баруун нүдний алимны салст, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэжээ /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №405 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. О.Өмөрбекийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын далд хугарал баруун нүдний алимны салст, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал нь хуучин гэмтэл байна..." гэжээ /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Г.Тын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41 дүгээр хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-ийн 44 дүгээр хуудас/, шүүгдэгч Г.Тын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 46-49 дүгээр хуудас/, гэрч Ц.Өнөржаргалын мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 55 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Т нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Гранд циркус” рестораны гадаа 2019 оны 3 дугаар сарын 14-ний шөнийн 23 цаг 30 минутын үед иргэн О.Өмөрбектэй зүй зохисгүй харьцаж улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн дотор ханын далд хугарал баруун нүдний алимны салст, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Өмөрбекийн мэдүүлэг, гэрч Ц.Идэрмөнх, Ж.Өнөртулга, Н.Донидцэрэн нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3490, №405 дугаартай дүгнэлтүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч нь хохирогч О.Өмөрбекийн биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Тын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Г.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч О.Өмөрбекийн “...гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 55 дугаар хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Г.Тыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн /хохирогчтой эвлэрсэн/ зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Г.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Т нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс согтуурсан үедээ нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

        ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Г.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН