| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2016/0385/И |
| Дугаар | 131/ШШ2016/00491 |
| Огноо | 2016-07-22 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 131/ШШ2016/00491
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн *******т холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие ******* овогтой ******* нь аймгийн *******т 2005 оны 03 дугаар сарын 11 нээс 2012 оны 10 дугаар сарын 17 хүртэл хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан. 2012 онд хэргийн учир албан үүрэг гүйцэтгэхийг түр түдгэлзүүлсэн байсан. Ингээд прокурорын 2013 оны 12 дугаар сарын 03 ны өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон. Ингээд тухайн үеийн удирдлагадаа ажилдаа орох талаар хүсэлт тавьж байсан боловч хариу өгөхгүй өнөөдрийг хүрсэн. Энэ хугацаанд миний бие амаржиж хүү төрүүлсэн. Ингээд хүүхдээ асарч өсгөн хүүхэд 10 сартай харах хүнтэй тул ажилдаа орохоор *******т өргөдөл гаргасан боловч ажлаас халсан тушаал байхгүй байхад ажилд эргүүлэн авах үндэслэлгүй гэсэн өргөдлийн хариу өгсөн. Иймд ажилд эргүүлэн томилуулах талаар нэхэмжлэл гаргаж байгаа тул асуудлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би Баянхонгор аймгийн *******т 2005 оноос хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилд орсон. 2012 оны 06 сард эрүүгийн хэрэг үүсээд 2012 оны 10 сард намайг ажлаас түр түдгэлзүүлсэн. 2013 оны 12 сард эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын дүгнэлт гарсны дараа би ажилдаа орох саналыг байгууллагын дарга, удирдлагадаа удаа дараа тавьсан боловч хариу өгөхгүй өнөөдрийг хүрсэн. Энэ хугацаанд миний бие амаржиж хүүхэд төрүүлсэн. Ингээд хүүхдээ асарч өсгөн хүүхэд 10 сартай харах хүнтэй тул ажилдаа орохоор *******т өргөдөл гаргасан боловч намайг буцааж ажилд авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Намайг тухайн үед ажлаас халсан тушаал гараагүй. Иймд ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:
*******тэй холбогдуулан Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Д.*******ийн гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1. Д.******* нь 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Прокурорын тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш буюу 2 жил 6 сарын хугацаанд ажилд орох тухай хүсэлтээ харьяа байгууллагадаа гаргаагүй.
2. Д.*******т холбогдох хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгосны дараа ажил, албан тушаалдаа эргэж орох хүсэлт гаргах хүртэл нь албан тушаалыг нь хэвээр хадгалах тухай үүргийг ажил олгогч хүлээгээгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан байна.
3. Д.******* нь 2015 оны 7 дугаар сард төрөхдөө тухайн байгууллагад хандаж жирэмсний болон амаржсаны, хүүхдээ асрах чөлөө хүссэн ямар нэгэн хүсэлт гаргаагүй.
4. Тус байгууллагаас Д.*******т 2015 онд жирэмсний болон амаржсаны, хүүхдээ асрах чөлөө олгосон тухай эрх зүйн акт гарч байгаагүй.
5. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан “Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх" үүсээгүйн улмаас тухайлбал 2015 оны 7 дугаар сард төрөх хүртлээ ажил, хөдөлмөр эрхлэн “тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг төлсөн даатгуулагч ... авах эрхтэй” гэсэн хуулийн заалтыг хангаагүй тул Д.*******т 2015 онд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгогдоогүй байна.
Иймд иргэн Д.*******ийн өөрийнх нь хайхрамжгүй үйлдлээс болж Прокурорын тогтоол гарснаас хойш ажилдаа орох хүсэлт гаргаагүй нь буруутай үйл ажиллагаа биш байх тул нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Д.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн гэрээ, Баянхонгор аймгийн 2016 оны 04-р сарын 20-ны өдрийн 01/293 тоот албан бичиг, Баянхонгор аймгийн Прокурорын газрын Прокурорын тогтоол, Д.*******ийн хүү ийн төрсний гэрчилгээний хуулбар, Д.*******ийн жирэмсний хяналтын хөтөч картын хуулбар, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.*******ийн Баянхонгор аймгийн *******т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрөөгүй татгалзсан байна.
Д.******* нь 2005 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн *******т төлөвлөгч эдийн засагч, үйл ажиллагааны нягтлан бодогчоор ажиллаж байсан,2012 онд гэмт хэрэгт холбогдож албан үүрэг гүйцэтгэхийг түр түдгэлзүүлсэн, Д.*******т холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2,208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон,2014 оны 07 сард хүүхэд зулбасан, 2015 оны 07дугаар сарын 31-ний өдөр хүү ийг төрүүлсэн болох нь хөдөлмөрийн гэрээ,Баянхонгор аймгийн Прокурорын газрын Прокурорын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дугааргүй тогтоол, 6401000540 тоот бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээ, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт зэрэг баримтаар тогтоогдсон,энэ асуудлаар маргаангүй байна./хэргийн 3-4,7-11 дүгээр тал/
Нэхэмжлэгч Д.******* нь “тухайн үеийн удирдлагадаа ажилдаа орох талаар хүсэлтээ амаар удаа дараа тавьж байсан боловч хариу өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн, энэ хугацаанд хүүхэд төрүүлсэн, хүүхдээ асарч өсгөн ажилдаа орохоор хүсэлтээ бичгээр гаргахад ажлаас халсан тушаал байхгүй байхад ажилд эгүүлэн авах үндэслэлгүй гэсэн тул ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэх маргаан үүсгэснийг хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Одонтунгалаг ”Д.******* нь 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Прокурорын тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш буюу 2 жил 6 сарын хугацаанд ажилд орох тухай хүсэлтээ харъяа байгууллагадаа гаргаагүй, хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгосны дараа ажил, албан тушаалдаа эргэж орох хүсэлт гаргах хүртэл нь албан тушаалыг нь хэвээр хадгалах тухай үүргийг ажил олгогч хүлээгээгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан,2015 оны 7 дугаар сард төрөхдөө тухайн байгууллагад хандаж жирэмсний болон амаржсаны, хүүхдээ асрах чөлөө хүссэн ямар нэгэн хүсэлт гаргаагүй,тус байгууллагаас Д.*******т 2015 онд жирэмсний болон амаржсаны, хүүхдээ асрах чөлөө олгосон тухай эрх зүйн акт гарч байгаагүй, жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгогдоогүй, өөрийнх нь хайхрамжгүй үйлдлээс болж Прокурорын тогтоол гарснаас хойш ажилдаа орох хүсэлт гаргаагүй тул нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах”-ыг хүссэн тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй татгалзаж байгаа нь хуулийн үндэслэлгүй харин нэхэмжлэгч Д.*******ийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж шүүх үзэв.Учир нь:
Нэхэмжлэгч Д.******* нь 2005-2012 онд байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаад 2012 онд гэмт хэрэгт холбогдсноос ажил үүргийг гүйцэтгэхийг нь түр түдгэлзүүлсэн, Баянхонгор аймгийн Прокурорын газрын Прокурорын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дугааргүй тогтоолоор түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, 2015 оны 07дугаар сарын 31-ний өдөр хүү ийг төрүүлснээс хойш өнөөдрийг хүртэл ажил олгогч байгууллага ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажилтныг ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгоогүй байгаа үйлдлийг ажил олгогч захиргааны санаачлагаар ажилтныг ажлаас халсантай адилтган үзнэ.
Өөрөө хэлбэл ажилтныг ажлаас халах тохиолдолд ажил олгогч шийдвэрээ бичгээр гаргасан байх шаардлагатай байдаг бөгөөд шийдвэр нь хууль зүйн факт болдогын хувьд эрх зүйн үр дагавар үүсгэж байдаг тул шийдвэрийг заавал бичгээр гаргана.
Ингэхлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д зааснаар хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачлагаар цуцалсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болдог тул хөдөлмөрийн гэрээний аль нэг тал гэрээний харилцааны үйлчилгээг зогсоох тухай санаачлагыг гаргаагүй нь хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоогүй гэж үзэх хуулийн үндэслэл үүссэн байна.
Нэхэмжлэгч Д.******* нь Прокурорын газрын Прокурорын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дугааргүй тогтоолоор түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосноос хойш хүүхдээ төрүүлсэн болон асрах хугацаандаа ажилдаа эргэн орох хүсэлтээ гаргасан эсэх талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй, ажилдаа эргэн орох болон хүүхдээ асрах чөлөөг ажил олгогчид бичгээр гаргасан байх шаардлагыг нэхэмжлэгч Д.******* биелүүлээгүй буруутай хэдий ч ажил олгогч Баянхонгор аймгийн ******* нь ажлаас халсан шийдвэрээ бичгээр гаргаагүй, хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгоогүйд нэхэмжлэгч Д.*******ийг буруутгаж нэхэмжлэлийн шаардлагыг нь хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэл байхгүй байна.
Иймд Д.*******ийг Баянхонгор аймгийн төлөвлөгч эдийн засагч, үйл ажиллагааны нягтлан бодогчийн ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг байхад 70200 төгрөг төлснийг төвлөрсөн төсвийн данснаас буцаан гаргаж нэхэмжлэгч Д.*******т олгож, хариуцагч Баянхонгор аймгийн улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******гийн *******ийг Баянхонгор аймгийн *******т төлөвлөгч эдийн засагч, үйл ажиллагааны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-д тус тус заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн данснаас гаргаж нэхэмжлэгч Д.*******т, хариуцагч Баянхонгор аймгийн улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 120 дугаар зүйлийн 120-2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, зохигч талууд энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ