Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 372

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Улсын яллагч Э.Халиун,

Шүүгдэгч Я.Б (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.Бд холбогдох эрүүгийн 1909001170384 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

   Монгол Улсын иргэн, 1984 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Караны операторч мэргэжилтэй, Говьсүмбэр аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөдрөг зөвлөл төрийн бус байгууллагад зохион байгуулагчаар ажилладаг, ам бүл 4, эхнэр, охин, хүү нарын хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Найрамдал хотхоны 6 дугаар байр 22 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

            Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Я.Б нь 2018 оны 12 дугаар 29-нөөс 30-нд шилжих шөнийн 05-06 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хангай хотхоны ойролцоо хохирогч Ц.Пүрэвсүрэнг "хөгшин настай хүн зодлоо" гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож улмаар түүний биед тархи доргилт, баруун чамархайн хуйх, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дэлбээ язарсан шарх, баруун нүдний гадна булан хэсгийн цус хуралт, зүүн эгэм, цээжний зүүн дээд гадаргуу, зүүн мөр, зүүн тохой, баруун алганы зулгаралт, баруун эгэм, шууны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Б мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 1909001170384 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Я.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө үүрээр 05 цагийн уед Алтай хотхоноос ертөнцийн зүгээр баруун тийш Говийн зам дээрээс үл таних залуу хүн гар өргөөд зогсож байсан /уг хүний нэрийг мэддэг болсон Ц.Пүрэвсүрэн гэдэг юм байна лээ/ тэгээд Пүрэвсүрэнг машиндаа суулгаад хаашаа очих талаар асуухад Хангай хотхон гэж ярьж байсан Пүрэвсүрэн нь согтуурхсан байдалтай амнаас нь архи үнэртэж байсан. Шинэ замын хажууд үл таних настай эрэгтэй хүн гар өргөөд зогсож байхаар нь Пүрэвсүрэнгээс “энэ хүнийг авчих уу чамайг Хангай хотхон дээр буулгаад энэ хүнийг цаашаа хүргээд өгмөөр байна” гэж хэлсэн чинь “тэг тэг” гэхээр нь уг хүнийг машиндаа суулгаад цаашаа яваад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг Хангай хотхоны харалдаа замын хажууд зогсоод Хангай хотхон дээр ирчихээд “Пүрэвсүрэнд 7,000 төгрөг гарсан байна” гэж хэлсэн чинь Пүрэвсүрэн нь 10,000 төгрөг байна гэж хэлээд надад өгсөн.Тэгэхээр нь би “задалж чадахгүй байна” гэж хэлэхэд Пүрэвсүрэн нь “чи яахаараа задалж өгдөггүй юм бэ” гэж хэлээд над руу согтуурхсан байдалтай дайраад байхаар нь би “Сод Монгол” станц шатахуун түгээх ороод мөнгийг задлаад өгье” гэж хэлээд мөнгийг нь задлаад өгсөн. Тэгсэн одоо чи намайг буцаагаад хүргээд өг гэх мэтээр ууртай хэлээд байсан чинь Пүрэвсүрэнгийн хажууд явж байсан хөгшин настай ах Пүрэвсүрэнг “чи ямар ууртай залуу юм бэ тайван дөлгөөн таксигаар үйлчлүүлж болохгүй юм уу” гэж хэлсэн чинь Пүрэвсүрэн нь хөгшин настай хүнийг “чи муу юу юм бэ пизда минь” гэх мэтээр хэл амаар доромжлоод “зодно” гэж хэлээд намайг болохоор “яахаараа мөнгө задалж чаддаггүй юм бэ та хоёрыг ална” гэж хэлээд орилж агсан тавьсан. Хангай хотхоны урд зам дээр очтол нөгөө хөгшин настай эрэгтэй хүнтэй маргалдаад байснаа хоёулаа зодолдмоор байна гэж хэлээд хэрүүл өдөөд байсан чинь хөгшин настай эрэгтэй хүн нь машинаас буугаад явсан. Пүрэвсүрэн нь машинаас буусан. Тэгээд би арын суудлаа харсан чинь эрэгтэй хүний түрийвч байхаар нь аваад Пүрэвсүрэнгийн араас очтол Пүрэвсүрэн нь нөгөө хөгшин ахтай хэрэлдээд зодох гээд дайраад байхаар нь “чи одоо хөгшин настай хүнийг зодох гээд байхын больчих” гэж хэлсэн.  Би Пүрэвсүрэнгийн нүүрэн тус газарт 2-3 удаа гараараа цохиод нүүрээ дараад тонгойх үед нүүрэн тус газарт гараараа цохиод хавсарч газарт унагаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-7 дугаар хуудас/,

 

Хохирогч Ц.Пүрэвсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Алтай хотхоноос такси бариад Хангай хотхон орохоор явсан. Таксины жолооч залуу  “зам дагуу хүн байна энэ хүнийг авчих уу” гэхээр нь “тэг тэг” гэж үл таних настай хүнийг машинд суулгаад цаашаа хөдлөөд Хангай хотхоны гадаа очсон. Таксины жолооч нь 7000 төгрөг гарсан байна гэж хэлэхээр нь би 10000 төгрөг өгсөн. Баясгалан нь энэ мөнгийг би задалж чадахгүй гэж хэлсэн. “Сод монгол” шатахуун түгээх станц ороод миний мөнгийг задалж өгсөн. Би Хангай хотхоны зам дээр очоод Баясгаланд ингээд миний мөнгийг задлаад өгчихгүй бөөн хэрүүл маргаан болгочих юм гэж хэлсэн. Миний хажуу талд сууж байсан хөгшин настай ах “чи одоо ямар сүртэй пизда вэ зүгээр машинаас буугаад явчих” гэж хэлэхээр нь “танд ямар ч хамаагүй” гэсэн чинь настай ах “ална шүү пизда минь” гэж хэлээд машинаас буусан. Тэгэхээр нь би машинаас буугаад хөгшин настай ахын араас очтол хөгшин ах намайг шууд заамдаж авахаар нь би зөрүүлээд заамдаж авсан. Таксины жолооч Баясгалан машинаасаа бууж ирээд миний нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиод авахаар нь нүүрээ дараад суусан. Дахин нүүр рүү гараараа цохисон. Миний хэтэвчийг над руу шидээд нөгөө хөгшин настай ахыг машиндаа суулгаад яваад өгсөн.." гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-24 дүгээр хуудас/,

 

Гэрч Ц.Мягмарсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Пүрэвсүрэнгийн зүүн талынх нь чих шалбарчихсан, баруун талын нүд нь хөхөрч хавдсан, хүзүү цээж нь улайсан, тохой нь шалбарсан гэмтэлтэй байсан. Мөн цээжний хэсэг дээр дэвссэн шорооны оромтой байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №814 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Ц.Пүрэвсүрэнгийн биед тархи доргилт, баруун чамархайн хуйх, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дэлбээ язарсан шарх, баруун нүдний гадна булан хэсгийн цус хуралт, зүүн эгэм, цээжний зүүн дээд гадаргуу, зүүн мөр, зүүн тохой, баруун алганы зулгаралт, баруун эгэм, шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.." гэжээ /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Я.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 44 дүгээр хуудас/, шүүгдэгч Я.Бгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 50-52 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 65 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Я.Б нь 2018 оны 12 дугаар 29-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 30-нд шилжих шөнийн 05-06 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хангай хотхоны ойролцоо хохирогч Ц.Пүрэвсүрэнг "хөгшин настай хүн зодлоо, зүй зохисгүй харьцаж маргаан үүсгэлээ" гэсэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож улмаар түүний биед “тархи доргилт, баруун чамархайн хуйх, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дэлбээ язарсан шарх, баруун нүдний гадна булан хэсгийн цус хуралт, зүүн эгэм, цээжний зүүн дээд гадаргуу, зүүн мөр, зүүн тохой, баруун алганы зулгаралт, баруун эгэм, шууны цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг, гэрч Ц.Мягмарсүрэнгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №814 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч нь хохирогч Ц.Пүрэвсүрэнгийн биед хүч хэрэглэсэн үйлдлээ хүлээн мэдүүлсэн, хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Я.Бгийн үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Я.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ц.Пүрэвсүрэнгээс “...Я.Бтай эвлэрсэн, гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 65 дугаар хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Я.Бг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн /хохирогчтой эвлэрсэн/ зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Я.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Я.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хоорондоо зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

        ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Я.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Бг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Я.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН