Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2024/01733

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2024/01733

 

 

,,,,,,,,,, нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2024/03628 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,, нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,, холбогдох,

62,031,485 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 45,000,000 төгрөгийг 20 хоногийн хугацаатай, 15 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл өдрийн 0.5 хувийн алданги тооцох нөхцөлөөр олгож, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо Үйлдвэр /17043/ Чингисийн өргөн чөлөө гудамж 92а байрны 1 тоот, 32.89 м.кв, 1 өрөө орон сууцыг барьцаалсан.

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 45,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээний хүү бүрэн төлөгдөх хүртэлх хугацааны алданги 6,006,485 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх алданги 11,025,000 төгрөг, нийт 62,031,485 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох орон сууцаар хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Би нэхэмжлэгч ,,,,,,,,,,оос 45,000,000 төгрөгийг зээлсэн бөгөөд уг мөнгөө бүгдийг нь ,,,,,,,,,,,,, шилжүүлсэн. 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ,,,,,,,,,,оос зээлсэн /,,,,,,,,,,,,, данснаас шилжүүлсэн/ 20,000,000 төгрөгийг, 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлсэн 25,000,000 төгрөгийг н.Булганцэцэг рүү шилжүүлж өгсөн.

Би ,,,,,,,,,,ийг огт танихгүй бөгөөд н.Булганцэцэг дагуулж ирээд миний эд хөрөнгийг барьцаалж надаар зээл гаргуулж, өөртөө шилжүүлэн авч тэд бүлэглэн залилсан.

н.Булганцэцэгийн намайг болон бусдыг залилсан асуудлыг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтэс рүү шилжүүлж, одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

Иймд энэ асуудал эрүүгийн журмаар шалгагдаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан ,,,,,,,,,,,,,аас 33,000,000 /гучин гурван сая/ төгрөг гаргуулан ,,,,,,,,,,т олгож, үлдсэн 29,031,485 /хорин есөн сая гучин нэгэн мянга дөрвөн зуун наян таван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан үүргийн гүйцэтгэлийг Б.Бүрэнжаргалын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэр /17043/ Чингисийн өргөн чөлөө гудамж, 92а байрны 1 тоотод байршилтай, 32,89 м.кв талбайтай, нэг өрөө бүхий орон сууцнаас хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 539,200 /70,200+469,000/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,аас 330,450 төгрөг гаргуулан ,,,,,,,,,,т олгож шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагч 45,000,000 төгрөгийг зээлснээ хүлээн зөвшөөрч түүний хүүг төлж байсан.

,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,,, нар гэрээ байгуулахдаа ,,,,,,,,,,,,, данснаас ,,,,,,,,,,,, данс руу өмнө шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг хамтатган тооцож, нийт 45,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд түүний хүү, алдангийг хариуцагч ,,,,,,,,,,,,, хүлээн зөвшөөрч төлж байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 29,031,485 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Гомдлыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч өөртөө мөнгө авсан асуудал байхгүй. Энэ асуудал эрүүгийн журмаар шалгагдаж байгаа тул хэрэгсэхгүй болгох ёстой байсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,, холбогдуулан үндсэн зээлийн төлбөрт 45,000,000 төгрөг, алданги 17,031,485 төгрөг, нийт 62,031,485 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу тогтоосон, мөн үүрэг гүйцэтгэх дарааллын талаар эрх зүйн дүгнэлт өгөлгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байна.

 

3. 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,, 45,000,000 төгрөгийг, 20 хоногийн хугацаатай, 15 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувиар алданги тооцох нөхцөлтэй олгохоор зээлийн гэрээ байгуулжээ /хх 3/.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.

Гэрээнд заасан хүү, алдангийн тохиролцоо нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

 

3.1. Гэрээний дагуу ,,,,,,,,,, нь 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 25,000,000 төгрөгийг ,,,,,,,,,,,, Хаан банк дахь ,,,,,,,,, тоот данс руу шилжүүлж хүлээлгэн өгсөн /хх 6, 7, 19/.

Мөн талууд харилцан тохиролцож, ,,,,,,,,,,,,, Хаан банк дахь ,,,,,,,,,,,,, тоот данснаас 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ,,,,,,,,,,,, Хаан банк дахь ,,,,,,,,, тоот данс руу шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг ,,,,,,,,,, зээлдүүлсэн болохыг бичгээр байгуулсан гэрээгээр баталгаажуулсан байна /хх 5, 18/.

 

3.2. Хариуцагчийн зүгээс 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ,,,,,,,,,,оос 45,000,000 төгрөгийг хүлээн авсан, үүнээс 20,000,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,, дансаар дамжуулан ,,,,,,,,,, шилжүүлсэн, гэхдээ энэхүү 45,000,000 төгрөгийг хүлээж аваад ,,,,,,,,,,,,т шилжүүлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй болохоо илэрхийлсэн /хх 15-16/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь урьд шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг оролцуулан 45,000,000 төгрөгийн зээлийн гэрээг өөрийн хүсэл зоригийг илэрхийлсний үндсэн дээр нэхэмжлэгчтэй байгуулсан, шүүхэд гаргасан хариу тайлбартаа ,,,,,,,,,,,,, дансаар дамжуулан ,,,,,,,,,,оос 20,000,000 төгрөг зээлдэн авсан нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн.

Иймд нэхэмжлэгч нь 45,000,000 төгрөгийн зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн үйл баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тогтоогдсон байна.

 

3.3. Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дуусгавар болсны дараа буюу 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 5,000,000 төгрөг, 12 дугаар сарын 26-ны өдөр 1,750,000 төгрөг, нийт 6,750,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид буцааж төлсөн талаар зохигч маргаагүй.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлээр үүрэг гүйцэтгэх дарааллыг зохицуулсан ба 216.4-т Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан. Уг зохицуулалтын ...төлөх хугацаа болсон өр гэдэгт талуудын байгуулсан гэрээний хугацаа дуусах үед биелэгдээгүй үндсэн төлбөр хамаарах тул хариуцагчийн төлсөн 6,750,000 төгрөгийн төлбөрийг хасч тооцоход үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 38,250,000 төгрөг болж байна.

Мөн гэрээний 3.3-т зааснаар 20 хоногийн хугацааны 15 хувийн хүүд 6,750,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэг биелэгдээгүй үлджээ.

 

3.4. Хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд үндсэн зээлийн төлбөрийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн учир гэрээний 3.7-д зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувиар тооцоход 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны алданги 7,713,750 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны алданги 11,025,000 төгрөг, нийт алданги 18,738,750 төгрөг болж байх боловч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд алдангид 17,031,485 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

3.5. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 38,250,000 төгрөг, хүү 6,750,000 төгрөг, алданги 17,031,485 төгрөг, нийт 62,031,485 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцнэ. Үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилнө.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангав.

 

3.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь зээлийн мөнгөн хөрөнгийг ,,,,,,,,,,,,т өгч залилуулсан, энэ асуудалд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэж маргасан.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаатай холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэх үйл баримт тогтоогдоогүй.

Өөрөөр хэлбэл, ,,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,, нарын хоорондын мөнгөн хөрөнгийн маргаан нь энэ хэрэгт хамааралгүй болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар уг иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.

 

4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүргийн гүйцэтгэлийг Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэр /17043/ Чингисийн өргөн чөлөө гудамж, 92а байрны 1 тоотод байршилтай, 32,89 м.кв талбайтай, нэг өрөө бүхий орон сууцнаас хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Энэ шийдэлд зохигч гомдол гаргаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу дээрх шийдлийг хэвээр үлдээнэ.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2024/03628 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,аас 62,031,485 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,т олгосугай. гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтад 56.2 гэснийг 56.1, 330,450 гэснийг 468,107 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 303,108 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Т.БАДРАХ