Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 379

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ,  

Шүүгдэгч Б.Н /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Нд холбогдох эрүүгийн 1909003630210 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, менежер мэргэжилтэй, "ЭЛИТ Спорт Төв" НҮТББ-д менежер ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн Дашинчилэн сумын 1 дүгээр баг, Хараат гэх газар орших суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашааны 18 дугаар гудамжны 18 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашааны 18 дугаар гудамжны 18 тоотод иргэн С.Отгонжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний нүүрний хамар, хүзүү, гар хэсэгт хутгаар зүссэний дараагаар мөн хутганы ишээр толгойн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

           Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 14:00 цаг өнгөрч байсан. Хадам ээжийн өргөж авсан аав нь нас бараад удаагүй байсан. Талийгаачийн ажил явдлыг би зохион байгуулсан. Өмнөх 7 хоногийн номыг уншуулаагүй мартчихсан байсан учир дахиад мартах байх гэж бодоод номоо уншуулаад ир гэж хэлсэн. Өөрөө надад түрүүлж гар хүрсэн. Би хашгирч уурласан нь үнэн. Би хүүхдээ хооллочихоод баасыг нь цэвэрлээд зогсож байсан. Хулдаасыг тоос сорогчоор соруулаад байсанд нь миний уур хүрсэн. Нялх хүүхэдтэйг мэдсээр байж дандаа ийм үйлдэл гаргадаг. Хажууд дарамтлаад байхаар нь би хутгаараа далайсан. Далайхад хутганы үзүүр дээрээс бариад хүзүүн дээрээ тулгаад алчих гээд байсан. Тавьчих гээд байхад тавихгүй байсаар байгаад доошоо зурчихсан. Хутгыг нь булааж аваад шидсэн...” гэв.

 

Эрүүгийн 1909003630210 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Б.Н мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр би Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашааны 18-18 тоотод буюу хадам Отгонжаргалын гэрт байхад нөгөө талын өрөөнд хадам ээж Отгонжаргал тоос соруулж байсан бөгөөд “та тоос соруулахаа дараа болчих гандан яваад номоо бичүүлээд ирвэл яасан юм бэ” гэсэн. Тухайн үед хамт амьдарч байсан өвгөн нь нас бараад удаагүй байсан. Тэгж хэлсэн чинь тоохгүй тоос соруулаад байсан. Тэгээд би хүүхдийнхээ хоолыг өгчхөөд, баасыг нь цэвэрлээд байж байтал манай өрөөнд орж ирээд тоос соруулаад унасан бөгөөд тэгэхээр нь би “наад ямбийгаа аваад гар битгий дуу, чимээ гаргаад байгаарай” гээд хэлтэл хадам ээж “ирээд алчих чи” гээд хутганы үзүүрээс базаж аваад хүзүүн дээрээ тулгасан. Тэгэхээр нь би “мэдрэл муутайг чинь мэднээ, битгий хүнд гай болоод бай” гээд хутгыг нь тавиулах гэсэн чинь тавихгүй байхаар нь хутгыг нь угз татаад цааш үүд рүү хутгыг шидсэн. Бид хоёр үргэлжлүүлэн барьцалдаж, зодолдоод ширээн дээр байсан цөгцийг барьж аваад миний толгой руу 2 удаа цохисон..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-5 дугаар хуудас/,

 

Хохирогч С.Отгонжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Манай хүү Мөнхнасангийн эхнэр Насантунгалаг, 2 хүүхдийн хамт манай өвгөн нас барснаас хойш 48 хоног манайд байсан... Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 14:00 цагийн үед би гэр цэвэрлээд тоос соруулж байхад манай бэр Насантунгалаг нь намайг үл хүндэтгэж "чи наад эвдэрхий новшоо унтраагаадах, толгой өвдөөд байна" гэж муухай аашилсан. Тэгэхээр нь би шаардлага тавихад “үхсэн, нохойн оцгор, чиний ямбий эд хөрөнгө хэнд хамаатай юм бэ, ална шүү” гэж заналхийлж хүүхдийн баас хусч байсан модон иштэй хутгыг аван над руу далайхаар нь би уурандаа “чи наад хутгаараа намайг дүрчих” гэхэд хутганы үзүүрээр хоолойн урд хэсэгт тулгахаар нь би гараараа хамгаалах гэхэд миний хоолойд хөндлөн өнгөц зүссэн. Тэгээд үргэлжлээд намайг үсдээд орон дээр дарж унагаагаад гараа зангидаж байгаад толгой руу 3-4 удаа цохисон. Тэгээд би гараас нь мултраад хойд айлд орж хүн дагуулж буцаад ороод ирэхэд, хүүхдээ аваад гэр түгжилгүй гараад явсан тул миний бие маш их гомдолтой байна. Өмнө нь 2-3 удаа зодож байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-19 дүгээр хуудас/,

 

   Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1215 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. С.Отгонжаргалын биед духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын зүүн угалз, доод эрүү, хүзүү болон баруун гарын 2.3-р хурууны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх зүсэгдсэн шархнууд нь хурц иртэй зүйлийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
  5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна..." гэжээ /хх-ийн 22 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...бор өнгийн иштэй, нийт 22 см урттай, өргөн нь 1 см, ажлын хэсгийн урт нь 11 см, өргөн нь 1.2 см, бариул хэсгийн урт 11 см, өргөн нь 1 см 1 ширхэг хутгыг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ. /хх-ийн 13 дугаар хуудас /

 

Шүүгдэгч Б.Нын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29 дүгээр хуудас/, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-ийн 30 дугаар хуудас/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 28 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 37 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашааны 18 дугаар гудамжны 18 тоотод хадам эх С.Отгонжаргалыг “тоос соруулж чимээ гаргаж, амгалан тайван байдал алдагдууллаа” гэж уурлаж маргалдан  улмаар түүний нүүрний хамар, хүзүү, гар хэсэгт хутгаар зүсч, толгойн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь “биед духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын зүүн угалз, доод эрүү, хүзүү болон баруун гарын 2.3-р хурууны зүсэгдсэн шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Хохирогч С.Отгонжаргалын “....би гэр цэвэрлээд тоос соруулж байхад манай бэр Насантунгалаг нь намайг үл хүндэтгэж "чи наад эвдэрхий новшоо унтраагаадах, толгой өвдөөд байна" гэж муухай аашилсан. Тэгэхээр нь би шаардлага тавихад “үхсэн, нохойн оцгор, чиний ямбий эд хөрөнгө хэнд хамаатай юм бэ, ална шүү” гэж заналхийлж хүүхдийн баас хусч байсан модон иштэй хутгыг аван над руу далайхаар нь би уурандаа “чи наад хутгаараа намайг дүрчих” гэхэд хутганы үзүүрээр хоолойн урд хэсэгт тулгахаар нь би гараараа хамгаалах гэхэд миний хоолойд хөндлөн өнгөц зүссэн. Тэгээд үргэлжлээд намайг үсдээд орон дээр дарж унагаагаад гараа зангидаж байгаад толгой руу 3-4 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Нийн “...Отгонжаргал манай өрөөнд орж ирээд тоос соруулаад унасан бөгөөд тэгэхээр нь би “наад ямбийгаа аваад гар битгий дуу, чимээ гаргаад байгаарай” гээд хэлтэл хадам ээж “ирээд алчих чи” гээд хутганы үзүүрээс базаж аваад хүзүүн дээрээ тулгасан. Тэгэхээр нь би “мэдрэл муутайг чинь мэднээ, битгий хүнд гай болоод бай” гээд хутгыг нь тавиулах гэсэн чинь тавихгүй байхаар нь хутгыг нь угз татаад цааш үүд рүү хутгыг шидсэн....” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1215 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт: 1.С.Отгонжаргалын биед духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын зүүн угалз, доод эрүү, хүзүү болон баруун гарын 2.3-р хурууны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх зүсэгдсэн шархнууд нь хурц иртэй зүйлийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч нь хохирогч С.Отгонжаргалтай маргаан үүсгэж, хутга далайсан талаар мэдүүлсэн, хохирогчоос хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрт хэрхэн яаж хүч хэрэглэн гэмтээснийг гэрчилж дэлгэрэнгүй мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, хутгыг эд мөрийн баримтаар тооцсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Нын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч С.Отгонжаргалаас “...Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 37 дугаар хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Б.Ныг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн /хохирогчтой эвлэрсэн/ зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн иштэй, нийт 22 см урттай, өргөн нь 1 см, ажлын хэсгийн урт нь 11 см, өргөн нь 1.2 см, бариул хэсгийн урт 11 см, өргөн нь 1 см 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нар нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хоорондоо зүй зохистой харьцах талаар зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

        ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.        

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ныг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн иштэй, нийт 22 см урттай, өргөн нь 1 см, ажлын хэсгийн урт нь 11 см, өргөн нь 1.2 см, бариул хэсгийн урт 11 см, өргөн нь 1 см 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.   

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Насантжнгалагт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ДУЛАМСҮРЭН