Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2024/01734

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2024/01734

 

 

,,,,,,,,,,, нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

.......... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2024/03112 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,, нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,,,-д холбогдох,

Байр албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..........., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .............., Прокурор ..........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

,,,,,,,,,,,,, нь Нийслэлийн өмчийн байр болох .......... дүүргийн 5 дугаар хороонд байрлах .......... Ж блокийн 1,226.69 м.кв талбайг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр эзэмшиж, ашиглаж байна. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 1/398 дугаар албан бичгээр байр талбайг чөлөөлж өгөхийг мэдэгдсэн ч заасан хугацаанд чөлөөлөөгүй.

Иймд ,,,,,,,,,,,,,-ийг .......... дүүргийн 5 дугаар хороонд орших .......... төвийн Ж блокийн 1,226.69 м.кв талбайгаас албадан гаргаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Түрээсийн гэрээ байгуулах гэж байгаа бол эхлээд ашиглалтын зардлын гэрээг цуцлах ёстой. Манайх тухайн объектыг 2 удаа худалдан авсан. Төлсөн төлбөрийг буцаан олгосны дараа ашиглалтын зардлын гэрээг цуцална.

,,,,,,,,,,,,, нийт 3 удаагийн хувьчлалд оролцоод тухайн объектыг 3 удаа өмчилж авсан. Хэрэгт энэ талаарх баримтууд авагдсан. Өмч хувьчлалаар төлсөн төлбөрийг буцааж аваагүй.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт заасан хууль бус эзэмшлээс хөрөнгийг шаардах нөхцөл байдал тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч хууль бусаар орж объектыг эзэмшээд байгаа нөхцөл байдал байхгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Прокурорын татгалзал, тайлбарын агуулга:

Тухайн маргаан бүхий объектыг төрийн өмч гэдэгтэй хэн ч маргахгүй. Ашиглалтын гэрээ байгуулсан байсан, энэ гэрээг цуцлах тухай төрийн байгууллагаас мэдэгдсэн. Мэдэгдсэнээс хойш тодорхой хугацаа өнгөрсөн. Иймд гэрээнд заасан хугацаа нэгэнт өнгөрсөн учраас төрийн байгууллагын өмчлөлийн зүйлийг хүлээлгэж өгөх нь зүйтэй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ,,,,,,,,,,, өмчлөлийн .......... дүүргийн 5 дугаар хороонд орших байрлах .......... Ж блокийн 1226.69 м.кв талбайг хариуцагч ,,,,,,,,,,,,,-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ,,,,,,,,,,, нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ,,,,,,,,,,,,,-аас 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.

 

5. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. ,,,,,,,,,,,,, нь Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2005 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 51 дүгээр тогтоолын дагуу байгуулсан "Менежментийн үр дүнг харгалзан хувьчлан авах гэрээ"-ний үүргээ зөрчиж байгаагүй боловч гэрээний дагуу ажлын байраа хувьчлан авах эрхээ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын буруутай үйл ажиллагааны улмаас эдэлж чадахгүй байна. Нөгөөтээгүүр бид өөрийн компанийн ажлын байраа 2 удаа худалдан авсан атлаа ажлын байрны өмчлөх эрхийг шилжүүлэн аваагүй, төлсөн мөнгөө ч буцаан аваагүй хохирсоор байна.

5.2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт "Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй" гэж заасан. Уг шаардах эрхийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч шаардлага гаргах эрхтэй байхаас гадна шаардлагыг биелүүлэх этгээд нь эзэмшигч байх, түүний эзэмшил хууль бус байх нөхцөл бүрдсэн тохиолдолд хэрэгжүүлнэ.

,,,,,,,,,,,,,-ийн хувьд маргаан бүхий .......... дүүрэг, 5 дугаар хороо, .......... төвийн Ж блокийн 1,226.69 м.кв талбайг хууль бусаар эзэмшсэн тохиолдол байхгүй, тухайн үеийн өмчлөгчийн шийдвэрээр хувьчилж, хувьчлалын үнийг бүрэн төлснөөр объектыг актаар хүлээн авч эзэмшиж байгаа.

Нөгөөтээгүүр маргаан бүхий объектын доорх газрын эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн А/1344 дугаар захирамжаар ,,,,,,,,,,,,,-д 15 жилийн хугацаатай олгож, өнөөдрийг хүртэл манай компани газрыг эзэмшиж байна.

5.3. "Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах тухай гэрээ"-ний маргааныг Иргэний хуулийн 339, 342 дугаар зүйлд заасныг баримтлан шийдвэрлэх ёстой.

Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт заасныг баримтлан ноцтой алдаа гаргасан байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Гомдол үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Уг барилга нэхэмжлэгчийн өмч болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Барилгын газар нь хариуцагчийн эзэмшилд байгаа талаарх баримт байхгүй гэжээ.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд Прокурор нь нэхэмжлэгчийн байр суурийг дэмжиж оролцсон.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь хариуцагч ,,,,,,,,,,,,,-д холбогдуулан .......... дүүргийн 5 дугаар хороонд байрших .......... төвийн Ж блокийн 1,226.69 м.кв талбайг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлтэй байх боловч маргааны зүйлд хамаарах хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байна.

 

3. Хэрэгт авагдсан баримтыг шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4 дэх хэсэгт зааснаар үнэлээд хэргийн үйл баримтыг зөв тогтоожээ.

Тодруулбал, хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 5/7177 тоот албан бичиг, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 29 дүгээр шийдвэр, 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 145 дугаар шийдвэр, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2021/0871 дүгээр шийдвэрээр маргааны зүйл болж буй .......... дүүрэг, 5 дугаар хороо, .......... төвийн Ж блокийн 1,226.69 м.кв талбай бүхий талбай нь нэхэмжлэгчийн өмч бөгөөд уг талбайг хариуцагч байгууллагад хувьчилж, өмчлөлд нь шилжүүлж байсан боловч шүүхийн шийдвэрээр холбогдох хувьчлал, улсын бүртгэл хүчингүй болсон байна.

 

3.1. Хэдийгээр дээрх 1,226.69 м.кв талбайг ,,,,,,,,,,,,, нь өмчилж аваагүй ч Нийслэлийн Өмчийн харилцааны газартай 2006 оны 10 дугаар сарын 10, 2007 оны 01 дүгээр сарын 02, 2008 оны 02 дугаар сарын 19, 2010 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ашиглалтын зардлын гэрээний үндсэн дээр зөвхөн холбогдох ашиглалтын зардлыг төлсний үндсэн дээр үнэ төлбөргүй ашиглаж иржээ.

Гэрээний талууд 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ашиглалтын зардлын гэрээг 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд сунгасан бөгөөд үүнээс хойших хугацаанд бичгээр гэрээ байгуулаагүй. Энд дурдсан хугацаа дуусгавар болсон боловч хариуцагч нь тухайн талбайг ашигласан хэвээр байгаа болно.

 

4. Өмнө нь талуудын хооронд үүссэн маргааныг Баянзүрх, Сүхбаатар, .......... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 5474 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1119 дүгээр тогтоолоор хянан шийдвэрлэсэн 3 шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

 

5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

5.1. Харин анхан шатны шүүх үүргийн эрх зүйн гэрээний харилцаанд өмчийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд дүгнэлт өгсөн, мөн хуульд заасан нарийвчилсан зохицуулалтыг хэрэглээгүй алдаа гаргасан байгааг залруулж дүгнэнэ.

 

5.2. Зохигчийн 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдөр бичгээр байгуулсан гэрээний хугацаа Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт зааснаар тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгагдаж иржээ.

Нэхэмжлэгч нь 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 1/214, 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1/461 тоот албан бичгүүдээр Ашиглалтын зардлын гэрээ-г цуцалж байгаа болохоо удаа дараа мэдэгдсэнд хариуцагчийн зүгээс 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 080, 04 дүгээр сарын 24-ний өдрийн 39 тоот албан бичгүүдээр хариу хүргүүлсэн.

Ийнхүү талууд цаашид эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний харилцааг сунгах эсэх, эсхүл өөрийн төрлийн гэрээ байгуулах эсэх асуудлаар харилцан тохиролцоогүй тул нэхэмжлэгч нь Ашиглалтын зардлын гэрээ-г цуцалж, эд хөрөнгөө буцаан шаардах эрхийг эдэлнэ.

 

5.3. Учир нь Иргэний хуулийн 341 дүгээр зүйлийн 341.1.1-д эд хөрөнгөө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлсэн этгээдэд хөрөнгийг тодорхой зорилгоор тодорхой бус хугацаагаар ашиглуулахаар тохиролцсон бол тухайн зорилгоор ашиглахад зайлшгүй шаардагдах хугацаа өнгөрсний дараа, хэрэв зорилгыг нь тодорхойлоогүй бол хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй.

Сүүлийн байдлаар буюу 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Ашиглалтын зардлын гэрээ-г бичгээр байгуулахдаа талууд эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулж буй тодорхой зорилгыг гэрээнд заагаагүй.

Иймээс эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулж буй зорилгыг тодорхойлоогүй тул нэхэмжлэгч нь тухайн гэрээг хэдийд ч цуцлах эрхийг эдлэх тул энэ эрхийн хүрээнд гэрээг цуцалсан нэхэмжлэгчийн үйлдэл хуульд нийцсэн байна.

 

5.4. Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нь үнэ төлбөргүй ашигласан эд хөрөнгийг гэрээ дуусгавар болоход бүрэн бүтэн буцааж өгөх үүргийг хүлээдэг.

Уг зохицуулалтын дагуу нэхэмжлэл хангагдаж байгаа тул холбогдох хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

 

5.5. Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг холбогдох гэрээг цуцалсны үндсэн дээр буцаан шаардаж буй учир энэ хэргийн маргааны зүйлд тухайн эд хөрөнгө байршиж буй газрыг хэн эзэмшиж байгаа эсэх нь хамаарахгүй болно.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. .......... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2024/03112 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт заасныг баримтлан .......... дүүргийн 5 дугаар хороонд байрших .......... төвийн Ж блокийн 1,226.69 м.кв талбайг нэхэмжлэгч Нийслэлийн Өмчийн харилцааны газарт буцааж хүлээлгэн өгөхийг хариуцагч ,,,,,,,,,,,,,-д даалгасугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Т.БАДРАХ