Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 211/МА2024/00018

 

211/МА2024/00018

 

 

 

Ц.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

            А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Д даргалж, шүүгч В.Ц, шүүгч Н.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 129/ШШ2024/0009 дугаар шийдвэртэй

Л овогт Цын Г /ИБД: 000000000000000/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хны А салбар

Хариуцагч: Их Халзан овогт Жийн Б /ИБД:00000000000/ нарт холбогдох

Зээлийг хариуцвал зохих Ж.Бд зээл төлөх үүргийг бүрэн хариуцуулж, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахыг Хны А салбарт даалгаж, 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 000000000 дугаартай зээлийн гэрээнээс нэрээ хасуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ц.Гын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Г /онлайнаар/, хариуцагч Ж.Б, нарийн бичгийн дарга Д.О нар оролцов.

 

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Ц.Г миний бие Ж.Бгаас А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 752 дугаартай шийдвэрээр гэрлэлт цуцлуулж, мөн шүүхийн 2023 оны 0 дугаар сарын 15-ны өдрийн 323 дугаартай шийдвэрээр эд хөрөнгийн маргааныг шийдвэрлүүлж, Э сумын 3 дугаар багийн нутагт байрлалтай Э 0 дугаар байрны 0 тоотод байрлалтай орон сууцыг Ж.Бгийн мэдэлд шилжүүлж, уг байрны үлдэгдэл 0,0 сая төгрөгийн зээлийг Ж.Б төлөхөөр шийдвэрлэсэн боловч одоог хүртэл зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, зээлийг өөрийн нэр дээр шилжүүлж авахгүй, шүүхдээ хандаж шийдвэрлүүл гэх тайлбар хэлж байх тул Хтай байгуулсан Э 0 дугаар байрны 0 тоотод байрлалтай орон сууцны ипотекийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, зээлийн гэрээнээс миний нэрийг хасаж, Ж.Бгийн нэр дээр зээлийг бүрэн шилжүүлэх, шилжүүлэх боломжгүй бол зээлийг бүрэн хаалгах асуудлыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн шүүхийн 2023 оны 0 дугаар сарын 15-ны өдрийн 323 дугаартай шийдвэрээр эд хөрөнгийн маргааныг шийдвэрлүүлж, шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулан, зээлийн гэрээнээс нэр хасуулахаар А аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт захирамж, хүсэлтийг хүргүүлсэн боловч 323 дугаартай шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Хтай байгуулсан зээлийг хэрхэн шийдвэрлэх тухай тодорхой тусгаагүйгээс албадан гүйцэтгэх боломжгүй болж нэг асуудлын талаар олон дахин шүүхэд хандаж иргэнд хүндрэл, чирэгдэл учирч байна. Иймд тухайн зээлийг хариуцвал зохих Ж.Бд зээл төлөх үүргийг бүрэн хариуцуулж, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахыг Хны А аймаг дахь салбар даалгаж, 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 000000000000 дугаартай зээлийн гэрээнээс Ц овогтой Г миний нэрийг хасуулж өгнө үү...гэжээ.

 

2. Нэхэмжлэгч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Би нэхэмжлэлээ тодорхой бичиж өгсөн. Өмнө нь шүүхээр эд хөрөнгийн асуудлаа шийдвэрлүүлсэн. Тус шүүхийн шийдвэрээр Ж.Б орон сууцаа авч үлдсэн. Гэвч тухайн орон сууц нь ипотекийн зээлтэй бөгөөд уг зээлийн үндсэн зээлдэгч нь би болохоор Хнаас над руу залгаж зээлээ төлөхийг шаарддаг. Энэ талаар Хинд хүсэлт гаргасан боловч нааштай хариу хэлээгүй. Мөн би У хотод зээл хөөцөлдөхөөр тухайн орон сууцны ипотекийн зээл гарч ирээд байгаа тул надад энэ нь хүндрэлтэй байна. Би энэ талаар Ж.Бд хэлтэл би мэдэхгүй шүүхээрээ шийдвэрлүүл гээд байсан болохоор би шүүхэд зээлийн гэрээнээс нэрээ хасуулах тухай нэхэмжлэл гаргасан. Иймд Ж.Бд зээл төлөхийг бүрэн хариуцуулж, зээлийн гэрээнээс миний нэрийг хасуулж өгнө үү. Би гэрлэлт цуцлуулахгүй байх талаар Ж.Бгаас зөндөө гуйж байсан. Хэрвээ гэрлэлт цуцлуулахаар болбол би 4 хүүхдээ өөрийнхөө асрамжид авна гэдэг сөрөг нэхэмжлэл хүртэл гаргаж байсан. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан. Гэрлэлт цуцлагдсанаас хойш би Ж.Бгийн бизнесийн үйл ажиллагаанд огт оролцоогүй. Иймд надад банкнаас авсан зээлүүд хамаагүй. Мөн гэрлэлт цуцлуулахад Хны хадгаламжид 00,000,000 орчим төгрөг байсан хэдий ч би үүнийг дуугай л өнгөрөөсөн. Мөн Ж.Б 4 хүүхдээ хаана, юунд амьдар гээд байгаа юм бэ гэж байна. Гэрлэлт цуцлахдаа / 0 өрөө, 0 өрөө/  2 байр өгч байсан. Тухайн үед хамт амьдарч байхад миний бүх мөнгө Ж.Бгийн мэдэлд байдаг байсан. Гэхдээ өнөөдрийн шүүх хуралдаан гэр бүлийн маргаан биш тул гэрлэлт цуцлагдсан талаар яриад хэрэггүй байх. А аймгийн Э сумын 0 дугаар багийн нутагт байрлалтай Э 0 дугаар байрны 0 тоот орон сууцыг ипотекийн зээлээр авсан. Миний бие үндсэн зээлдэгч юм. Зээлийг Ж.Б төлж байгаа, эд хөрөнгийн асуудал шийдэгдсэнээс хойш би зээлийг төлөөгүй. Иймд Хны ипотекийн зээлийн гэрээнээс миний нэрийг хасуулаад өгнө үү. Харин Бгийн өнөөдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар нь  эд хөрөнгө, гэр бүлийн маргаан бүхий агуулгатай байна. Иймд ипотекийн зээлийн гэрээнээс нэрээ хасуулах хүсэлттэй байна... гэжээ.

 

3. Хариуцагч Ж.Б анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Жигжидсүрэн овогтой Б би Ц.Гын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гаргасан Хны ипотекийн зээлтэй 0 дугаар байрны 6 тоотын 4 өрөө байрны зээлээс Ц.Гын нэрийг хасуулах боломжгүй. Учир нь Ж.Б би гэрлэлтээ цуцлуулахдаа 3-12 насны 4 хүүхдээ өөрийн асрамжид авсан. Ц.Г ганц хүүхэд асрамждаа аваагүй, мөн Ц.Г нь 4 нялх хүүхдээ хаяад Улаанбаатар шилжихдээ бид тавыг маш их өртэй үлдээгээд явсан. Ц.Гтай хамтран зээл авсан Хас банкны зээлийг би төлж дуусгасан. Мөн Төрийн банкнаас Ц.Гтай хамтран авсан зээлийг Ж.Б би төлөөд явж байгаа ипотекийн зээлтэй байраа бас би төлдөг. Ц.Г нь ковидын үед ипотекийн зээлээ 2 жилээр зогсоочхоод төлж эхэлмэгц өөрөө төлнө гэсэн боловч огт төлөөгүй би үргэлжлүүлэн төлж байгаа. Хүүхдийн тэтгэмжийг гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл гаргаснаас хойш ганцхан жилийн хугацаанд би тэтгэмж авч байгаа. Надад ахиж хамтран зээлдэгч олдохгүй үлдэгдэл 54,0 сая төгрөгийг олж хаах боломжгүй. 4-ийн 4 хүүхдийг тэжээх хувцаслах төлбөртэй сургалт энэ тэр гээд асар их зардал гардаг. Үүнээс Ц.Г огт төлөлцдөггүй том охин маань харааны бэрхшээлтэй байнга эмчилгээ хийлгэдэг. Энэ зардлаас ч хуваадаггүй хэрвээ байраа зээлээ хаагаад Гын нэрийг хасуулах юм бол өр ширэндээ өгөөд бид 5-д хорогдох газар амьтан ах дүү байхгүй. Хэдийгээр Ц.Г гэрлэлтээ цуцлуулсан боловч эцэг байх үүргээ хүлээх ёстой. Ц.Г нь өөр бусад зүйл болон санхүүгээр 4 хүүхдэдээ тусалж чадахгүй бол ядаж дулаан бүлээн байрандаа хүүхдүүдээ байлгах ёстой болов уу гэж бодож байна. Мөн Хтай анх байгуулсан гэрээнд хэрэв эхнэр нөхөр салбал тэгнэ, ингэнэ гэсэн зүйл заалт байхгүй. Энэ гэрээгээр ипотекийн хугацаагаа дуусгах хүсэлттэй байна. Эсвэл Ц.Г нь 4 хүүхдийн тэтгэмжээ олон жилээр арвин мөнгө надад өгөх юм бол тэр мөнгөөр нь ипотекийн зээлээ хаагаад Ц.Гын тэтгэмжийг зогсоох, эсвэл том хүүхдээ насанд хүрэнгүүт би өөртэйгөө хамтран зээлдэгчээр оруулж эцгийнх нь нэрийг хасуулах боломжтой. Ер нь бол надад 4 хүүхэд тэжээж хувцаслах асрах маш хүнд байна. Иймээс ипотекийн зээлээс Ц.Гын нэрийг хасуулах ямар ч боломжгүй /том хүүхдээ насанд хүртэл/. Өөрөө 4 хүүхдээ хаяад явсан хүн энэ мэтийн араа даах байлгүй. 4 хүүхдийг минь гудамжинд гаргах, байрыг нь заруулаад эцгийнх нь нэрийг зээлийн гэрээнээс хасах тийм Монгол Улсын хууль гэж байдаггүй байх. Мөн Хийг оролцуулах шаардлагагүй. Ц.Г нь 4 хүүхдийн тэтгэмжээ олон сараар өгч үлдэгдэл зээлийг хаалга. Эсвэл том хүүхдээ насанд хүрч надтай хамтран зээлдэгчээр орох боломжтой болтол энэ гэрээгээрээ байлгах хүсэлтэй байна... гэжээ.

 

4. Хариуцагч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан талбартаа: .... Бид гэрлэлтээ цуцлуулсан. Гэхдээ Ц.Г 4 хүүхэд хаяад явахдаа хүүхдүүдээ ямар байранд, хаана, юу идэж уу гээд явсан юм бэ. Одоо Ц.Г өөр хүнтэй хамт амьдарч байгаа. Хамт амьдарч байгаа хүнтэйгээ байранд оръё гэхээр А аймагт байдаг байрных нь зээлийн мэдээлэл гарч ирээд байгаа юм байна. Гэхдээ Ц.Г надаас салж гэрлэлтээ цуцлуулсан болохоос 4 хүүхдээсээ салаагүй. Хүүхдүүдийнхээ өмнө үүрэг, хариуцлагаа хүлээх ёстой. Би хэдийгээр 4 хүүхдээ асран хамгаалж байгаа ч  өнөөгийн нийгэмд чинь 1,2 хүүхэд өсгөх ч хэцүү байхад би 4 хүүхэд хооллож, ундалж, өсгөж байна. Мөн Ц.Г нэхэмжлэлийн шаардлагадаа  ипотекийн зээлээс өөрийнхөө нэрийг хасуулах гэсэн байна. Үүнд тайлбар хэлэхэд энэ ямар ч боломж байхгүй. Хтай хийсэн зээлийн гэрээн дээр хэрвээ гэр бүл цуцлагдсан тохиолдолд гэрлэлттэй холбоотой эрсдэл буюу яг ингэнэ, тэгнэ гэсэн заалт байхгүй. Мөн Хнаас над руу яриад байна гэдэг Гын тайлбар худлаа. Би анхнаасаа л байрныхаа ипотекийн зээлийг төлдөг байсан. Төлөөд ч явж байна. Энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжтой. Гэхдээ би өнөөдөр авчраагүй. Мөн Хинд би зээлээ төлөөд явна, Ц.Г гэдэг хүний нэрийг хасаад өгөөч гэж хүсэлт гаргаж байсан боловч Хнаас урт хугацаатай зээл тул заавал хамтран эзэмшигч байх ёстой гэсэн хариу хэлсэн. Мөн Ц.Г А аймгаас Улаанбаатар хот руу шилжиж явахдаа Төрийн банк, Хас банк, мөн хувь хүмүүст маш их өр, зээлтэй байсан. Би зээлийг нь шүүхийн шийдвэрээр миний өмчлөлд шилжүүлсэн байрыг нь зараад эхнээс нь төлсөн. Гэхдээ өнөөдрийг хүртэл зээл нь дуусаагүй байгаа. Ц.Г 4 хүүхдээ хаяад өөр хүнтэй суугаад явахдаа одоо үүсээд байгаа энэ асуудлаа хүртэл тооцоолсон байх гэж найдаж байна. Ц.Г хүүхдүүдийнхээ өмнө үүрэг хариуцлагаа хүлээх ёстой. Улаанбаатар хот руу шилжсэнээсээ хойш Ц.Г хүүхдүүдээ огт харж хандаагүй. Мөн гэрлэлт цуцлуулахгүй байх талаар Ж.Бгаас зөндөө гуйж байсан гэж байна. Энэ үнэхээр худлаа. Мөн хүүхдийн хаанаа амьдрах нь надад хамаагүй гэж хэлэх шиг боллоо. Ц.Г хамт амьдардаг байхдаа ч ингэж хэлдэг байсан. Өнөөдрийн шүүх хурал дээр Ц.Г өөрийнхөө амийг бодсон, ямар ч зээлгүй,  хүүхдүүддээ сард хуулиар тогтоосон хэдэн төгрөг шилжүүлчихээд биеийн амрыг бодоод явж байх санаатай байх шиг байна. Мөн хүүхдүүд  маань өөрсдөө аавтайгаа утсаар ярихгүй гээд байгаа. Иймд нэхэмжлэлийг хангахаас татгалзаж өгнө үү гэжээ.    

 

 А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 129/ШШ2024/0009 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8, 204 дүгээр зүйлийн 204.1-т тус тус заасныг баримтлан Хны А салбар, хариуцагч Ж.Б нарт холбогдуулан гаргасан зээлийг хариуцвал зохих Ж.Бд зээл төлөх үүргийг бүрэн хариуцуулж, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахыг Хны А салбарт даалгаж, 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 20174093492 дугаартай зээлийн гэрээнээс нэрээ хасуулах тухай нэхэмжлэгч Ц.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч талууд мөн зүйлийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Г давж заалдах журмаар гаргасан гомдолд: А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07-р сарын 02 ны өдрийн 129/ШШ2024/0009 дугаартай шийдвэрийг 2024 оны' 07-р сарын 29 ний өдөр хүлээн аваад эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргах нь: Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч Ц.Г миний нэхэмжлэлтэй хариуцагч Хны А салбар, хариуцагч Ж.Б нарт холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхдээ иргэний хуулийг буруу хэрэглэж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчлөө. Тухайлбал: А аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн 2023 оны 0 дугаар сарын 15 ны өдрийн 323 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч Ц.Гад холбогдох гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийг хуваалгах тухай иргэний хэргийг шийдвэрлэхдээ эрхийн улсын бүртгэлийн Ү-0118004836 дугаарт бүртгэлтэй А аймгийн Э сумын 3 дугаар баг Э 0 дугаар байрны 0 тоот 74,5 м2 талбайтай 0 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Ж.Бд үлдээж, уг орон сууцны ипотекийн зээлийг Ж.Бд төлөх үүргийг оногдуулсан байхад нэхэмжлэгч миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Дээрх шийдвэрийн дагуу нэхэмжлэгч миний хувьд Хны өмнө зээл төлөх үүрэг хүлээгээгүй бөгөөд миний хувьд гэрээнээс татгалзаж байгаагаа удаа дараа илэрхийлсээр байтал дээрх байдлыг шүүх харгалзан үзсэнгүй. Мөн үүнтэй холбоотой нотлох баримт, зээлийн гэрээ зэргийг Х гаргаж өгөөгүй, гэрээтэй холбоотой нэхэмжлэгч, хариуцагч нараас маргаан байхгүй байхад гэрээ байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Мөн уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хариуцагч болох Х, түүний төлөөлөгчид одоог хүртэл хэргийн материал танилцуулаагүй, хариу тайлбар гаргаж өгөөгүй, банкнаас гарах боломжтой нотлох баримтуудыг гаргуулж аваагүй, хэргийн оролцогч болох Хны төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн. Иргэний нэхэмжлэгч Ц.Г надад хэргийн материал танилцуулах шаардлагатай талаар мэдэгдсэн боловч хэргийн материал танилцуулалгүй шүүх хуралдаан хийсэн. Жич: Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой шинэ нотлох баримтууд гаргаж өгөх хүсэлтэй байна. Иймд А аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07-р сарын 02 ны өдрийн 129/ШШ2024/0009 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт хавсаргав... гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гомдолдоо тодорхой бичсэн байгаа. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Хариуцагч Ж.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хны төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэсэн хэмээн Ц.Г гомдолдоо тусгасан байсан. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгч ирцийн талаар санал асуухад бид хоёр хоёулаа Хны төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж хэлж байсан. Мөн гэрээнээс Ц.Гын нэрийг хасуулах ямар ч боломжгүй. Бид гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч Ц.Г 0 хүүхдийнхээ өмнө үүрэг хариуцлагаа хүлээх ёстой. Хүүхдүүдийнхээ тэтгэмжийг албадан өгч байгаагаас өөр тус нэмэр болдоггүй. Би хүүхдүүдээ дулаан орон байранд нь байлгамаар байна. Мөн хүүхдүүдээ өсөж том болтол нь энэ гэрээ энэ хэвээрээ байж байг гэж бодож байна. Мөн тус гэрээн дээр гэр бүл салсан тохиолдолд энэ байрыг ингэнэ тэгнэ гэсэн заалт байхгүй гэв.

                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Г хариуцагч Хны А аймаг дахь салбар болон Ж.Б нарт холбогдуулан зээлийг хариуцвал зохих Ж.Бд зээл төлөх үүргийг бүрэн хариуцуулж, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахыг Хны А салбарт даалгаж, 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 0000000 дугаартай зээлийн гэрээнээс нэрээ хасуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч  Ж.Б “…Хны ипотекийн зээлтэй, 0 дугаар байрны 0 тоотын 0 өрөө байрны зээлээс Ц.Гын нэрийг хасуулах боломжгүй. Ипотекийн зээлийг би төлдөг. Надад хамтран зээлдэгч олдохгүй, үлдэгдэл 54,0 сая төгрөгийг олж зээлийг хаах боломжгүй. 4-ийн 4 хүүхдийг тэжээх хувцаслах төлбөртэй сургалт энэ тэр гээд асар их зардал гардаг. Байраа зараад зээлээ хаагаад Гын нэрийг хасуулах юм бол өр ширэндээ өгөөд бид 5-д хорогдох газар амьтан ах дүү байхгүй. Ц.Г нь 4 хүүхдийн тэтгэмжээ олон сараар өгч үлдэгдэл зээлийг хаах, эсвэл том хүүхдээ насанд хүрч надтай хамтран зээлдэгчээр орох боломжтой болтол энэ гэрээгээр байлгах хүсэлтэй байна…” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

 

Анхан шатны шүүх зохигч өөрийн шаардлага, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй атал нэхэмжлэгч Ц.Г зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай хүсэлт, мөн Хтай байгуулсан ипотекийн зээлийн гэрээг нөгөө тал зөрчсөний улмаас гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл гаргасан эсэх талаар нотлох баримтаар нотлоогүй гэж дүгнэн,  Иргэний хуулийн Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8, 204 дүгээр зүйлийн 204.1-т заасныг баримтлан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Ц.Г анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч...Анхан шатны шүүх иргэний хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг буруу хэрэглэж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн... гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.Г, хариуцагч Ж.Б нар гэр бүл болон амьдарч байхдаа Хтай гэрээ байгуулан, А аймгийн Э сумын 3 дугаар баг Э 0 дугаар байрны 0 тоот 74,5 м2 талбайтай 0 өрөө орон сууцыг ипотекийн зээлээр худалдан авсан бөгөөд зээлийн гэрээний үндсэн зээлдэгч нь нэхэмжлэгч Ц.Г, хамтран зээлдэгч нь Ж.Б болох нь, мөн анхан шатны шүүх урьд нь нэхэмжлэгч Ж.Бгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Гад холбогдох, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийг хуваарилах тухай хэргийг шийдвэрлэхдээ эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, А аймгийн Э сумын 3 дугаар багт байрлах, Э 0 дугаар байрны 0 тоот 74,5 м2 талбайтай 4 өрөө орон сууцыг Ж.Бд үлдээж,  уг орон сууцны ипотекийн зээлийг төлөх үүргийг Ж.Бд оногдуулсны дагуу Ж.Б 4 хүүхдийн хамт дээрх орон сууцанд амьдарч, зээлийг төлж байгаа нь хэрэгт авагдсан А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 0 дугаар сарын 15-ны өдрийн 323 дугаар шийдвэр /хх-ийн 5-11/, зохигчдын анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлдэгч Ц.Г гэрээнд заасан хугацаанд зээл, зээлийн хүүг төлөх үүрэгтэй ч Банк, эрх бүхий  хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7-д зааснаар хамтран зээлдэгч Ж.Б зээлийн гэрээгээр зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

 Анхан шатны шүүх гэрлэгчдийн дундын хөрөнгийн маргааныг шийдвэрлэхдээ А аймгийн Э сумын 3 дугаар баг Э 0 дугаар байрны 0 тоот 74,5 м2 талбайтай 0 өрөө орон сууцыг Ж.Бд үлдээсэнтэй холбоотойгоор  тухайн байрны ипотекийн зээлийг төлөх үүргийг Ж.Бд оногдуулжээ.

 

  Ц.Г, Ж.Б нарын Хтай байгуулсан зээлийн гэрээ хүчинтэй хэвээр,  Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул шүүх гэрлэлт цуцалсан, дундын хөрөнгө болох орон сууцыг Ж.Бд хуваарилсан гэсэн үндэслэлээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахыг гэрээний  талд даалгах  үндэслэлгүй юм.

Мөн гэрээний үүргийг зөрчсөн, гэрээний үүргийг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй, зээлийн төлбөрийг Ж.Б төлж байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон тул нэхэмжлэгч Ц.Гын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй,  энэ талаар талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Анхан шатны шүүх 2024 оны 0 сарын 03-нд хариуцагч Хны төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд эдлэх эрх, үүргийг танилцуулсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т зааснаар хэргийн оролцогч эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт  тайлбар өгөх, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох эрхтэй.

 

Хариуцагч Хны төлөөлөгч Ю.Г нэхэмжлэлийн хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор хариу тайлбар ирүүлээгүй,  шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч Ц.Г, Ж.Б нар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргаснаар анхан шатны шүүх  хариуцагч Хны төлөөлөгч Ю.Гийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж, шийдвэрийг 2024 оны 07 сарын 22-нд түүнд хүргүүлсэн бөгөөд тэрээр хуулиар олгогдсон эрхийг хангаагүй  талаар гомдол гаргаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Г хэрэг танилцуулсан тухай баримтад гарын үсэг зурсан, хэрэгт авагдсан нотлох баримт болох хариуцагч Ж.Бгийн гаргасан хариу тайлбарыг түүнд танилцуулсан, анхан шатны шүүх хуралдаанд хэрэгтэй танилцаагүй талаар тайлбар гаргаагүй тул түүнийг хэрэгтэй танилцаагүй гэж дүгнэх үндэслэлгүй юм.

 Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд шүүх хуралдаанд нотлох баримт гаргаж өгөх талаар хүсэлт гаргаагүй  байна.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан  журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзал, маргааны үйл баримтыг зөв тодорхойлсон, Иргэний хуулийг зөв хэрэглэсэн байх тул нэхэмжлэгч Ц.Гын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 Давж заалдах шатны шүүх гомдлыг хангаагүй тул нэхэмжлэгч Ц.Гын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн дансанд үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон

 

                                                            ТОГТООХ нь:

 

           1. А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 129/ШШ2024/0009 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Гын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

           2. Нэхэмжлэгч Ц.Гын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуун / төгрөгийг Төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.     

       

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.Д

             

                           ШҮҮГЧИД                                 В.Ц

 

                                                                                   Н.Э