| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0198/Э |
| Дугаар | 389 |
| Огноо | 2019-04-22 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 21.2.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнх-Эрдэнэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 389
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ,
Хохирогч, /шүүгдэгч/ Г.Г, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа,
Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Л.Данзанноров /0408/,
Шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Б.Мэргэн /6553/, Э.Хашчулуун /1254/,
Шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Н.Мягмарсүрэн /1857/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ө, Ж.Г, Б.О нарт холбогдох эрүүгийн 1809006040262 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1988 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 42 дугаар байрны 17 тоотод оршин суух /иргэний үнэмлэхийн хаягт Өвөрхангай аймгийн Хархорин сум, 1-р баг Вангийн овоо, од 1 гудамж 1 тоот/, урьд:
2005 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж, уг хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
Монгол улсын иргэн, 1980 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Сүмбэр суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, “Тод хэлхээ” ХХК-нд захирал ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Туул 1 хотхоны 29 дүгээр байрны 135 тоотод оршин суух /иргэний үнэмлэхийн хаягт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж 11-р байр 24 тоот/, урьд ял шийтгэлгүй, Монгол Улсын начин цолтой,
Монгол улсын иргэн, 1977 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Баянхутагт суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эрлэг Шонхор” ХХК-нд захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол 405 дугаар байрны 37 тоотод оршин суух, урьд:
Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10.000 төгрөгөөр торгох ялаар,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 28-ны өдөр шүүхийн №117 дугаар шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж, уг хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №01 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсгүүдэд зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгэгдэж, уг хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 2 сарын хорих ялаар шийтгэгдэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 381 дүгээр зарлигаар уучлал үзүүлж, 3 жилийн хорих ялаас чөлөөлөгдөж, улмаар Багануур дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2009 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 62 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Монгол Улсын начин цолтой,
Монгол улсын иргэн, 1976 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Бөх Харцага” ХХК-нд захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхоны 51 дүгээр байрны 47 тоотод оршин суух, урьд:
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 261 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, гэмт үйлдлээ хариуцах чадвартай, Монгол Улсын харцага цолтой
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.Ө нь Б.О, Ж.Г нартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ЧОКО” нэртэй бааран дотор иргэн Г.Гтай маргалдаж, түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.О нь Б.Ө, Ж.Г нартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ЧОКО” нэртэй бааран дотор иргэн Г.Гтай маргалдаж, түүний нүүрэн тус газар гар болон хөлөөрөө цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ж.Г нь Б.О, Б.Ө нартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ЧОКО” нэртэй бааран дотор иргэн Г.Гтай маргалдаж, түүний нүүрэн тус газар гар болон хөлөөрөө тус тус цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулах үед Г.Гийг тэвэрч 2 гарын болон биеийн хөдөлгөөнийг хязгаарлах замаар дэмжлэг үзүүлсэн,
Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Цагдаагийн нэгдүгээр хэлтэсийн мэдүүлэг авах 106 тоот өрөөн дотор хохирогчоор үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараагаар мэдүүлэг өгөхдөө 2018 оны 01 дүгээр сарын 29, 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрүүдэд өгсөн тогтвортой, агуулгын зөрүүгүй, эх сурвалжаа тодорхой зааж, хөндлөнгийн нотлох баримтуудаар тогтоогдсон “Надад учруулсан гэмтлийг Сугаржаргал, Өнөржаргал, Одхүү, Гансүх нар учруулсан. Гансүхийн хувьд намайг хаалгаар гаргаагүй, гар барьж намайг зодуулсан. Б.О намайг маш олон удаа цохисон” гэсэн мэдүүлгээ үгүйсгэж, “Сугаржаргал цохиод л надад учирсан гэмтлийг учруулсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 23:00-01:00 цагийн хооронд тухайн хэрэг болсон. Тэр өдөр жудогийн тамирчны гавъяатын найр болж байсан. Би баарнаас гараад багшийндаа очоод байж байтал баарны хамгаалагч нар миний утас руу янз бүрийн утаснаас залгаад Сугаржаргал начинг Ганхуяг харцага зодоод байна. Та гялс хүрч ирэхгүй бол дүүг чинь аллаа гээд байхаар нь би багшийнхаа гэрээс гараад “Чоко” гээд хүүхдийн 100-д байдаг бааранд очсон. Би ороход бүгд ширээгээ тойроод суучихсан. Манай дүү Сугаржаргал хамгийн наад талд нь суучихсан байсан. Хамраас нь цус гарсан, нүд нь хавдсан байсан. Би очоод “юу болсон бэ” гэж асуухад Сугаржаргал “Хуягаа ах намайг цохьчихлоо” гэж хэлсэн. Би “Ганхуяг ахаа та манай дүүг ямар асуудлаар зодож байгаа юм бэ” гэхэд “Чи одоо юу юм бэ муу бацаан минь чимээгүй бай” гэж хэлсэн. Тэгээд би Ганхуяг ахтай барьцалдаж аваад нүүрэнд нь цохиод газар унагаад дээрээс нь хоёр гурав удаа цохиод Одхүү, Гансүх ах хоёр Ганхуяг ахыг хоёр талаас нь татаж босгоод бид хоёрыг боль гээд салгасан. Ганхуяг ах тухайн үед Өнөрөөг болиул салга гэж хэлсэн. Ганхуяг ахын нүднээс цус гараад Одхүү ахын цамц нь цус болчихсон байсан. Одхүү ах миний цамц цус болсон байна. Чи угааж өг гээд би ариун цэврийн өрөө рүү цамцыг нь угаах гээд орсон. Мөн Ганхуяг ахын нүднээс цус гарсан байсан. Нүднийхээ цусыг арилгах гээд бид хоёр хамт ариун цэврийн өрөө рүү орсон. Би цамцыг ариун цэврийн угаалтуур дотор угааж өгсөн. Ариун цэврийн өрөөн дотор ороод Ганхуяг ах бид хоёр муудалцаад би ганц хоёр удаа цохьсон. Хүмүүс ирж бид хоёрыг салгасан. Бид нар удалгүй баарнаас гарсан...” гэв.
Шүүгдэгч Ж.Одхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Б.Гансүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч /шүүгдэгч/ Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн үед би орой гэр рүүгээ явж байхад Сугаржаргал над руу яриад хүрээд ир гэхээр нь очсон. Намайг ороход Одхүү, Гансүх, Сугаржаргал нар 2 эмэгтэй байсан. Манай найз ирлээ гээд Одхүү нэг шил конъяк захиалаад ууж байсан. Одхүү “Сугаржаргал нэг юм яриад байх юм чи түрүүнд ярьсан зүйлээ Ганхуяг ахдаа ярь даа” гэсэн. Тэгэхэд Сугаржаргал “ Чи Одхүүг хутгалж алахгүй бол хэзээ ч нар үзэхгүй дээ гэж” би Сугаржаргалд хэлсэн гэнэ. Би уурлаад “яахаараа би чамаар найзыгаа алуудаг юм. Чи юу яриад байгаа юм чамд ийм үг хэн зааж өгсөн” гээд Сугаржаргалыг хоёр алгадсан. Тэгээд Сугаржаргалын хөмсөг, уруулнаас нь цус гарсан. Удалгүй Өнөржаргал орж ирээд миний хөмсөгийг зад цохьсон. Тухайн үед архи хэд хэд уугаад дээр нь цохиулаад огцом манарсан. Миний хувьд энэ хэргийг Одхүү зохион байгуулаад намайг дүү нартайгаа нийлээд зодуулсан гэж бодож, цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн. Дараа нь Өнөржаргалын мэдүүлгийг уншаад мэдүүлгээ өөрчилсөн. Одоо мартамхай болсон би санахгүй байна. Шүүгдэгч нарыг уучилж, эвлэрсэн. Гомдол саналгүй...” гэв.
Эрүүгийн 1809006040262 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.Ө мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр танихгүй дугаараас 4-5 дуудлага ирсэн байсан. Дуудлага автал улсын начин Ж.Г харцага Г.Г нар Сугаржаргалыг зодоод байна, ирж дүүгээ аваарай “Чоко” бааранд байна гэж хэлсэн. “Чоко” бааранд очиход Ганхуяг, Одхүү, Гансүх, Сугаржаргал, жүдо бөхийн тамирчин Мөнхтуяа, Ганхайч нар байсан. Сугаржаргал нүдээ дарчихсан сууж байхаар нь “юу болов” гэхэд юм дуугараагүй. Ганхуяг харцага “би цохьсон юм, чи миний өөдөөс юм ярьдаг болчихсон юм уу” гээд ширээний цаанаас босч ирээд миний хувцаснаас зуурч авсан. Тэгэхээр нь би Ганхуягийн нүүрэн тус газар 2 удаа цохисон. Тэгтэл газар унаж барьцалдаад зогсож байтал хажуу талаас Одхүү, Гансүх нар салгаж “одоо боль” гэж хэлсэн. Энэ үед Одхүү ахын өмсөж явсан цамц нь цус болчихсон бөгөөд Ганхуягын хамар амнаас нь гарсан цус Одхүү ахын цамцыг бохирдуулсан. Би Ганхуяг ахын хамт ариун цэврийн өрөөнд ороод Ганхуяг ахаас Одхүү ахын цамцыг аваад угаагаад зогсож байтал Ганхуяг “чи хүмүүсийн дэргэд яаж байгаа юм” гэж татаж чангаагаад байхаар нь дахиж цохиод газар унахаар нь нэг удаа цохисон..." гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 74-75 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нэгэн арга хэмжээнд оролцож байхдаа дүү нар болох Сугаржаргал, Мөнхтуяа, Ганхайч нартай тааралдаад “Чоко” бааранд орохоор болсон. Тухайн үед Гансүх миний машиныг бариад явж байсан. Сугаржаргал бид хоёр Ганхуягтай утсаар яриад дуудсан. Хэсэг хугацааны дараа Ганхуяг ирсэн. Сугаржаргал Ганхуягт хандаж “та Одхүү ахыг зодчих гэж хэлдэг байсан биз дээ” гэхэд Ганхуяг уурлаад Сугаржаргалыг цохиод авсан. Удалгүй гаднаас Сугаржаргалын ах Өнөржаргал гаднаас орж ирээд Ганхуягтай дүүгээ өмөөрч муудалцаад Ганхуягыг цохисон. Би Өнөржаргалыг салгаад сандал дээр суулгасан. Ганхуягийн хөмсөг язарч нүүрний хэсэг нь цус болчихсон байсан. Ганхайч, Мөнхтуяа, Сугаржаргал нар түрүүлээд гараад явцгаасан. Гансүх, Өнөржаргал, Ганхуяг бид 4 тэр газартаа үлдэж жаахан сууж байгаад тарцгаасан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 198-200 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ж.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Мөнхзаяагийн гавъяат тамирчин цол тэмдэг авсан баярын найр болсон. Найр тараад Одхүү, Сугаржаргал, Мөнхтуяа, Ганхайч нарын хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Сөүлийн гудамжинд байрлах “Чоко” нэртэй шөний клубт очсон. Бид нар юм яриад сууж байтал удалгүй Ганхуяг үл таних хүнтэй гаднаас орж ирсэн. Ганхуяг хамт явж байсан хүнээ гадаа байж бай гээд гаргасан. Сугаржаргал Ганхуягт хандаж “та Одхүүг зодчихвол атаман болно” гэж хэлдэг биз дээ” гэхэд Ганхуяг уурлаж “чи ингэж амьдардаг болчихсон юм уу” гэж хэлээд хажуудаа сууж байсан Сугаржаргалыг хоёр удаа цохисон. Сугаржаргалын хөмсөгнөөс цус гараад нэг хүнтэй утсаар яриад байх шиг байсан. 20-30 минутын дараа Өнөржаргал орж ирээд “чи газар дээрх ганц дүүг минь зоддог хэн бэ” гэж орилоод Ганхуягийг зодож эхэлсэн. Ганхуяг Өнөржаргалын өөдөөс ямар ч үйлдэл үзүүлэлгүй зодуулсан. Одхүү бид хоёр Өнөржаргалыг Ганхуягаас салгасан. Сугаржаргал, Мөнхтуяа, Ганхайч гурав баарнаас гарч явсан. Ганхуяг, Одхүү, Өнөржаргал бид 4 үлдээд ярилцаж байгаад баарнаас гарсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 83-84 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Г.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Надад хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэх ямар нэгэн шаардлага, хувийн сонирхол байхгүй бөгөөд миний толгой байнга өвдөж юмыг амархан мартдаг болчихоод байна. Гол гэмтэл учруулсан хүн нь хэргээ хүлээн зөвшөөрсөн байхад бусад хүмүүсийг хэлмэгдчих вий гэж бодсондоо дахин мэдүүлэг өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 195-197 дугаар хуудас/,
Хохирогч Г.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ /2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тэмдэглэлд/ “...2017 оны 11 дүгээр сарын 19-ний орой 22 цагийн үед манай найз Одхүү над руу залгаад “Чоко” бааранд хүрээд ир гэж дуудсан. Намайг очиход Сугаржаргал, Одхүү, Гансүх нар сууцгааж байсан. Одхүү нь Сугаржаргалыг “Сугараа чи юу гэсэн тухайгаа ярь даа” гэж хэлэхэд Сугаржаргал нь “Хуягаа ах намайг Одхүү ахыгаа хутгалж алах хэрэгтэй чамд гай болно шүү гэж хэлсэн” гэж хэлэхээр нь би цочирдоод “яахаараа би Одхүүг хүнээр алуулах юм болдог юм гээд Сугаржаргалыг чи муу бацаан юу яриад байгаа юм” гээд Сугаржаргалыг 2 удаа алгадсан. Сугаржаргалын хамарнаас цус гарсан. Одхүү миний баруун талын эрүүний хэсэгт цохисон. Тэр үед миний уруул сэтэрч задарсан. Сугаржаргал босч ирээд над руу дайрахаар нь би бултаад байран дээр нь суулгасан. Өнөржаргал гаднаас орж ирсэн байсан. Өнөржаргал миний хөмсөг хэсэгт цохиод задалчихсан. Тэгээд Өнөржаргал, Одхүү, Сугаржаргал, Гансүх нар нийлж намайг зодсон. Тухайн үед би ухаан балартсан. Бие засах өрөө рүү намайг чирч оруулаад бие засах өрөөнд намайг нийлээд зодсон. Би ухаан алдсан. Сэрэхэд нүүр ам цус болчихсон би газар хэвтэж байсан. Гансүх намайг өргөөд барьж байхад Одхүү зодсон. Тухайн үед миний хацарын яс хугарсан, хамар хугарсан мөн нүдний ухархайн яс хугарсан, хөмсөг, уруул задарсан элэг бөөр доргисон ба би Нэгдүгээр эмнэлэгт хагалгаанд орсон. Дараа нь Солонгос улс руу явж эмчилгээ хийлгэж, хагалгаанд орсон...Өнөржаргал миний хөмсөгийг цохих үед хөмсөг задарсан. Мөн Сугаржаргал гарах үедээ эргэж хараад цохиход миний хамар хугарсан. Одхүү намайг нүүр нүдгүй маш их цохиж зодож өшиглөж гэмтээсэн. Гансүх 2-3 удаа шанаадаж гэдэс рүү өшиглөж жийсэн. Мөн Гансүх намайг дээш өргөөд барьж байхад Одхүү намайг цохьсон...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 4-5 дугаар хуудас/,
Хохирогч Г.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ /2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн тэмдэглэлд/ “...Одхүү “наадхаа чирээд жорлон руу оруул” гэсэн. Б.О Сугаржаргалыг явуул гэхэд Сугаржаргал хамт байсан хоёр эмэгтэйтэй хамт гарахдаа эргэж хараад миний хамар руу цохиж хугалчихаад яваад өгсөн. Ингээд Өнөржаргал, Гансүх хоёр намайг жорлон руу чирч орсон. Жорлонд ороод хаалгыг нь түгжээд миний хоёр талд Гансүх, Одхүү хоёр барьж аваад Одхүү намайг зодож эхэлсэн. Нэг мэдэхэд би ухаан алдчихсан байсан. Нэг сэрэхэд Одхүү намайг дахиж зодсон. Би зугтах санаатай хаалган дээр очиход Гансүх намайг гаргаагүй миний өөдөөс цохьсон. Тэгтэл Б.О дахиж ирээд намайг барьж авахаар нь цагдаа сэргийлэх гэхгүй, намайг явуулчих гэхэд бүгдээрээ жорлонгоос гарсан. Одхүү доод уруул язласан, зүүн хацарны нум яс хугалсан, Зүүн хөмсөг нүдэнд учирсан гэмтлийг Өнөржаргал, хамар ясны хугарлыг Сугаржаргал учруулсан. Гансүхийн хувьд намайг хаалгаар гаргаагүй, гар барьж намайг зодуулсан. Б.О намайг хэдэн удаа цохьсон талаар тоог нь хэлэх боломжгүй, маш олон удаа цохьсон. Надад учирсан гэмтэл шархыг Сугаржаргал, Одхүү, Өнөржаргал, Гансүх нар учруулсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 6-7 дугаар хуудас/,
Хохирогч Г.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ /2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэлд/ “...Тухайн үед хамтдаа байсан учраас намайг зодож гэмтэл учруулсан гэж бодсон. Бааранд байхад Өнөржаргал намайг шууд цохьсон. Тэгтэл миний зүүн хөмсөг язарч их хэмжээний цус гарсан. Улмаар би уурлаж Одхүүг барьж аваад цохьсон. Энэ үед Одхүү намайг холдуулах гээд эргэж харахдаа миний нүүрэн тус газар тохойлдсон. Миний уруулаас цус гарсан бөгөөд Одхүүг тэвэрч аваад цамцыг нь цус болгосон. Тэгтэд Б.О, Б.Ө руу уурлаж “миний цамцыг муухай болгочихлоо цэвэрлэж өг” гээд уурласан. Бид нар хамтдаа ариун цэврийн өрөө орсон. Ариун цэврийн өрөөнд орсны дараа Одхүү уурлаж та хоёрыг ална, зодно гэж дайрсан бөгөөд энэ үед Б.Ө миний нүүрэн тус газар цохьсон бөгөөд би ухаан балартаж унасан. Ингээд ухаан ороод сэртэл Одхүү Өнөржаргалыг цохиж байсан. Арай гэж босоод толинд хартал зүүн хөмсөг язарч, нүүр бадайрч мэдээгүй болсон, зүүн хацар хавдчихсан, хамарнаас цус гарсан байдалтай байхаар нь Б.О, Б.Ө хоёрыг нийлж зодсон байна гэж бодсон. Тэгээд тэр хоёрыг маргалдаж байхад зугтааж гарах гэтэл ариун цэврийн өрөөний хаалгыг Ж.Г дараад гаргахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 189-190 дүгээр хуудас/,
Гэрч Б.Сугаржаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2017 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөн 02 цагийн үед Одхүү, Гансүх, Мөнхтуяа, Ганхайч нарын хамт “Чоко” бааранд орсон. Ганхуяг гээд манай хуурай ах надад “чи Одхүүг зодох юм бол атаман болно" гэх мэт зүйл ярьдаг байсан. Би энэ талаар Одхүү ахад хэлсэн. Тэгээд Одхүү ах дуудсан уу хэн дуудсан юм мэдэхгүй. Ганхуяг ах гаднаас орж ирээд бидэнтэй хамт суусан. Би Ганхуяг ахад хандаж “та урьд нь Одхүү начинг зодох талаар надад хэлдэг байсан биздээ” гэж хэлсэн. Тэгтэл Ганхуяг ах уурлаад миний нүүр рүү 2 удаа цохисон. Миний хөмсөг сэтэрч, нүд тагларч хөмсөгнөөс цус гарч эхэлсэн. Миний хувьд Ганхуяг ахыг зодож цохисон асуудал болоогүй. Манай ах Өнөржаргал ирээд намайг яв гэж хөөсөн. Би Мөнхтуяа, Ганхайч нарын хамт гараад явсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Гэрч Б.Мөнхтуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Одхүү, Гансүх, Сугаржаргал, Ганхайч нарын хамт “Чоко” бааранд орсон. Ганхуяг ах сүүлд нэмэгдэж ирсэн. Хоорондоо юм яриад сууж байснаа гэнэт Сугаржаргалыг цохисон. Тухайн үед Сугаржаргалын хөмсөгнөөс цус гарсан. Удалгүй Өнөржаргал гаднаас орж ирсэн ба бид нарыг яв гэж хэлсэн. Ганхуяг Сугаржаргалыг яагаад цохисныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр 15-17 дугаар хуудас/,
Гэрч Б.Ганхайч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 00 цагийн үед Сүхбаатар дүүрэгт байрлах “Чоко” нэртэй бааранд Одхүү, Сугаржаргал, Гансүх, Мөнхтуяа нарын хамт орсон. Юм яриад сууж байтал Ганхуяг гэх хүн орж ирээд хамт суусан. Одхүү, Ганхуяг, Сугаржаргал 3 хоорондоо юм ярьж байснаа гэнэт Сугаржаргалыг Ганхуяг нь цохисон. Тухайн үед Сугаржаргалын хөмсөг нь сэтэрчих шиг болсон цус гараад байсан. Мөнхтуяа эгч цусыг нь арчиж өгөөд сууж байтал гаднаас Сугаржаргалын ах Өнөржаргал орж ирээд яаж байгаа юм гээд муудалцаад байсан. Одхүү начин “бид нарыг одоо яв” гэж хэлсэн. Сугаржаргал, Мөнхтуяа бид 3 гараад явчихсан. Ганхуяг Сугаржаргалыг яагаад цохисныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 18, 27-28 дугаар хуудас/,
Гэрч Б.Дэлгэрзаяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө манай бааранд ямар нэгэн зодоон цохион болсон талаар сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Гэрч Б.Гантулга мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө манай бааранд ямар нэгэн зодоон цохион болж ямар нэгэн асуудал гараагүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Гэрч А.Ууганбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө манай бааранд зодоон болсон талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Гэрч Б.Сайнбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө хүмүүс маргалдаад байх шиг байна гэж үйлчлүүлэгч эмэгтэй надад хэлэхээр нь явж очтол том биетэй хүмүүс хоорондоо юм яриад сууж байсан. Та нар хоорондоо маргалдаж, зодолдоод байгаа юм биш үү гэхэд нэг нь үгүй бид нар найзууд байгаа юм, зүгээр гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Гэрч О.Идэрхангай мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 00:00 цагийн үед Ганхуяг ахтай хүүхдийн 100-д байрлалтай “Чоко” нэртэй бааранд очсон. Бааранд Одхүү, Сугаржаргал, Гансүх нар танихгүй 2 эмэгтэйтэй хамт сууж байсан. Одхүү, Сугаржаргал нар Ганхуяг ахыг үгээр идээд байх шиг сонсогдсон бөгөөд Ганхуяг ах надад түрийвч, хөөрөг, гар утас зэргээ өгөөд “гадаа гараад машиндаа сууж бай” гэж хэлсэн. Би гараад 10 орчим минут үүдэнд зогсож байтал Өнөржаргал дотогшоо орсон. 5-6 цагийн үед шиг санагдаж байна Ганхуяг ах баарнаас гарч ирсэн. Гарч ирэхдээ нүүр ам нь хөхөрч цус болчихсон, зүүн хөмсөг нь язралттай, уруул нь язарсан, хоёр нүд нь тагларчихсан бүгдээрээ нийлээд намайг зодчихлоо гээд гарч ирсэн. ...Одхүү хүмүүстэй нийлээд зодчихлоо гэж хэлсэн. Цагдаа сэргийлэхэд өгөхгүй гэж гуйж байгаад гарч ирсэн гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Гэрч Б.Сүрэндэмбэрэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Хамт ажилладаг хамгаалагч Алтаншагай харцага Ганхуяг хүнтэй муудалцаад зодоон болоод салсан гэж ярьсан. Өөр зодоон цохион болсон талаар сонсож мэдсэн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 187-188 дугаар хуудас/,
Гэрч, хохирогч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Шинжээч эмч Ц.Нандинцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...зүүн хамрын нум хэсгийн хугарал нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн нүдний ухархай ясны доод ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт зовхи, уруулд сорви, 1 шүдний эмтрэл зэрэг нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 36-39 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №376 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-Т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэжээ /1 дүгээр хх-ийн 43-45 дугаар хуудас/,
Хохирогч Г.Гийн өвчний түүх /1 дүгээр хх-ийн 145-154 дүгээр хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын №164 дугаартай Дүгнэлт: “...1. Г.Г нь өмнө нь сэтгэцийн ямар нэг өвчтэй байсан гэх баримт мэдээлэлгүй байна. Г.Г нь тэр үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна.
Шүүгдэгч Б.Өын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 85 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 86 дугаар хуудас/, шүүгдэгч Ж.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 93 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 94 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 95 дугаар хуудас/, шүүгдэгч Г.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 211 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хх-ийн 111 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Огийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 122 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Огийн урьд ял шийтгэгдсэн талаарх шийтгэх тогтоолын хуулбарууд /1 дүгээр хх-ийн 125-142, 180-186 дугаар хуудас/, “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хх-ийн 162-165 дугаар хуудас/, шүүгдэгч Г.Гын гэм буруутайд тооцогдсон талаарх шийтгэх тогтоолын хуулбар /2 дугаар хх-ийн 113-120 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Ө, Б.О, Ж.Г нар бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 19-нөөс 2017 оны 11 дүгээр 20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ЧОКО” нэртэй бааран дотор Б.О нь хохирогч Г.Гыг дуудан ирүүлж “өөрийг нь бусдаар зодуулж атаман болно гэж бусдад хэллээ” хэмээн бусдын хэлсэн үгэнд эгдүүцэн маргаан үүсгэж улмаар түүний нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа хүч хэрэглэн цохиж зодон, шүүгдэгч Б.Өаас “Г.Гыг өөрийн дүүг зодлоо” гэсэн шалтгаан болон Б.Огийн хохирогчид хүч хэрэглэж буй үйлдлийг Ж.Гтэй дэмжиж биед нь хүч хэрэглэсэн үйлдэлдээ санаатай нэгдэж зодсоноос түүний эрүүл мэндэд нь “зүүн хамрын нум хэсгийн хугарал, зүүн нүдний ухархай ясны доод ханын хугарал, зовхи, уруулд сорви, 1 шүдний эмтрэл бүхий гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Хохирогч Г.Гын “...Одхүү над руу залгаад “Чоко” бааранд хүрээд ир гэж дуудсан. Одхүү нь Сугаржаргалыг “Сугараа чи юу гэсэн тухайгаа ярь даа” гэж хэлэхэд Сугаржаргал нь “Хуягаа ах намайг Одхүү ахыгаа хутгалж алах хэрэгтэй чамд гай болно шүү гэж хэлсэн” гэж хэлсэн. Одхүү миний баруун талын эрүүний хэсэгт цохисон. Тэр үед миний уруул сэтэрч задарсан. Өнөржаргал гаднаас орж ирсэн байсан. Өнөржаргал миний хөмсөг хэсэгт цохиод задалчихсан. Тэгээд Өнөржаргал, Одхүү, Сугаржаргал, Гансүх нар нийлж намайг зодсон. Тухайн үед би ухаан балартсан. Бие засах өрөө рүү намайг чирч оруулаад бие засах өрөөнд намайг нийлээд зодсон. Би ухаан алдсан. Сэрэхэд нүүр ам цус болчихсон би газар хэвтэж байсан. Гансүх намайг өргөөд барьж байхад Одхүү зодсон. Тухайн үед миний хацарын яс хугарсан, хамар хугарсан мөн нүдний ухархайн яс хугарсан, хөмсөг, уруул задарсан элэг бөөр доргисон. Б.О намайг хэдэн удаа цохьсон талаар тоог нь хэлэх боломжгүй, маш олон удаа цохьсон. Надад учирсан гэмтэл шархыг ..., Одхүү, Өнөржаргал, Гансүх нар учруулсан...” гэсэн мэдүүлэг
Гэрч О.Идэрхангайн “...Одхүү, Сугаржаргал нар Ганхуяг ахыг үгээр идээд байх шиг сонсогдсон. Ганхуяг ах баарнаас гарч ирсэн. Гарч ирэхдээ нүүр ам нь хөхөрч цус болчихсон, зүүн хөмсөг нь язралттай, уруул нь язарсан, хоёр нүд нь тагларчихсан Одхүү хүмүүстэй нийлээд зодчихлоо гэж хэлсэн. Цагдаа сэргийлэхэд өгөхгүй гэж гуйж байгаад гарч ирсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Мөнхтуяа, Б.Ганхайч, Б.Сугаржаргал, Б.Сайнбаяр, Б.Сүрэндэмбэрэл нарын мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Өын “...би Ганхуягийн нүүрэн тус газар 2 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Огийн “...Сугаржаргал бид хоёр Ганхуягтай утсаар яриад дуудсан. Хэсэг хугацааны дараа Ганхуяг ирсэн. Сугаржаргал Ганхуягт хандаж “та Одхүү ахыг зодчих” гэж хэлдэг байсан биз дээ гэсэн...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Ж.Гийн “...Сугаржаргал Ганхуягт хандаж “та Одхүүг зодчихвол атаман болно” гэж хэлдэг биз дээ гэсэн...” гэсэн мэдүүлэг,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №376 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт: 1.Г.Гийн биед зүүн хамрын нум хэсгийн хугарал, зүүн нүдний ухархай ясны доод ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт зовхи, уруулд сорви, 1 шүдний эмтрэл бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-Т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэсэн дүгнэлт,
Шинжээч Ц.Нандинцэцэгийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдлоо.
Шүүгдэгч Г.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 19-нөөс 2017 оны 11 дүгээр 20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ЧОКО” нэртэй бааранд өөрийг нь Б.Ө, Б.О, Ж.Г нар бүлэглэн зодсон үйлдлийг хэн хэрхэн яаж үйлдсэнийг лавтай сайн мэдэж энэ байдлыг мөрдөн шалгаж ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа 2018 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр, 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсний дараа дахин 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа мэдүүлгийнхээ утга агуулгыг эрс өөрчилөн, хэргийн жинхэнэ бодит байдлаас зөрүүтэйгээр буюу "Б.О, Б.Ө, Ж.Г нарыг хамт байсан болохоор зодсон гэж бодсон” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Г.Гын 2018 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр, 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хохирогчоор өгсөн “...Одхүү доод уруул язласан, зүүн хацарны нум яс хугалсан, Зүүн хөмсөг нүдэнд учирсан гэмтлийг Өнөржаргал, Гансүхийн хувьд намайг хаалгаар гаргаагүй, гар барьж намайг зодуулсан. Б.О намайг хэдэн удаа цохьсон талаар тоог нь хэлэх боломжгүй, маш олон удаа цохьсон. Надад учирсан гэмтэл шархыг Сугаржаргал, Одхүү, Өнөржаргал, Гансүх нар учруулсан” гэсэн мэдүүлэг,
Гэрч О.Идэрхангайн “...Ганхуяг ахын нүүр ам нь хөхөрч цус болчихсон, зүүн хөмсөг нь язралттай, уруул нь язарсан, хоёр нүд нь тагларчихсан Одхүү хүмүүстэй нийлээд зодчихлоо гэж хэлсэн. Цагдаа сэргийлэхэд өгөхгүй гэж гуйж байгаад гарч ирсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Мөнхтуяа, Б.Ганхайч, Б.Сугаржаргал, Б.Сайнбаяр, Б.Сүрэндэмбэрэл нарын мэдүүлэг,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №376 дугаартай дүгнэлт бусад нотлох баримтуудаар нотлогдлоо.
Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзэхэд шүүгдэгч Б.О нь бусдаас сонссон зүйлдээ эгдүүцэн уурлаж “өөрийг нь бусдаар зодуулж атаман болно гэж бусдад хэллээ” гэж Г.Гтай маргаан үүсгэж Б.Ө, Ж.Г нартай бүлэглэн түүний биед удаа дараалан хүч хэрэглэн зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан тул шүүгдэгч Б.О, Б.Ө, Ж.Г нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх дүгнэлээ.
Тодруулбал шүүгдэгч Б.О, Б.Ө, Ж.Г нараас хохирогчийг удаа дараалан цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож нүүрэн тус газар нь цохих үед эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг удтал үргэлжлүүлэн хэд хэдэн удаагийн давтамжтайгаар хүсч биеэр үйлдсэний улмаас Г.Гын биед хүндэвтэр гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэж буй гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.
Ийнхүү хохирогч Г.Гаас “ЧОКО” нэртэй бааранд Б.О маргааныг эхлүүлж улмаар шүүгдэгч нарын үйлдлийг “...Одхүү миний баруун талын эрүүний хэсэгт цохисон. Тэр үед миний уруул сэтэрч задарсан. Өнөржаргал миний хөмсөг хэсэгт цохиод задалчихсан. Бие засах өрөө рүү намайг чирч оруулаад бие засах өрөөнд намайг нийлээд зодсон. Жорлонд ороод хаалгыг нь түгжээд миний хоёр талд Гансүх, Одхүү хоёр барьж аваад Одхүү намайг зодсон. Гансүх намайг гаргаагүй миний өөдөөс цохьсон. Одхүү доод уруул язласан, зүүн хацарны нум яс хугалсан, Зүүн хөмсөг нүдэнд учирсан гэмтлийг Өнөржаргал учруулсан. Гансүхийн хувьд өөдөөс цохьсон, намайг хаалгаар гаргаагүй, гар барьж намайг зодуулсан...” гэж шүүгдэгч бүрийн үйлдлийг харсан талаар удаа дараагийн мэдүүлгээр нэг бүрчилэн тодорхой мэдүүлж, энэ нөхцөл байдал нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон байтал хуульд заасан үндэслэл журмыг ханган түүнээс дахин мэдүүлэг авахад “...Тухайн үед хамтдаа байсан учраас тэдгээрийг намайг зодож гэмтэл учруулсан гэж бодсон...” гэж мэдүүлгийн агуулгыг эрс өөрчилөн мэдүүлжээ.
Өөрөөр хэлбэл хохирогч Г.Гаас өөрийг нь зодсон шүүгдэгч нарын үйлдлийг шууд харж, үзэж, өөрөө биеэрээ өвдөлт зовиурыг мэдэрч өгсөн мэдүүлгээ дахин өгөхдөө хараагүй, үзээгүй болж зөвхөн бодол төдий байсан мэтээр зориуд мушгин гуйвуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхээр байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч Б.Ө, Ж.Г, Б.О нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн шүүгдэгч Г.Гыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт, санал гаргасныг хүлээн авч, харин өмгөөлөгч Н.Мягмарсүрэнгээс “...гэм буруу нь тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж, өмгөөлөгч Л.Данзанноровоос “...хохирогчийн 2018 оны 1 сарын 29-нд өгсөн мэдүүлэг нотлох баримтын шаардлага хангахгүй, Одхүүгийн үйлдлийг нотолж буй хохирогчийн мэдүүлэг эргэлзээтэй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж, өмгөөлөгч Б.Мэргэн, Э.Хашчулуун нараас “...хохирогчийн мэдүүлэг эргэлзээтэй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж, өмгөөлөгч Г.Нарантуяагаас “...Ганхуягын үйлдлийн улмаас хор уршиг учраагүй тул гэмт хэрэгт тооцохгүй. Ганхуяг гэмтэл авсаны дараа болсон зүйлийг санахгүй ухаан алдаж унадаг талаараа хэлдэг. Түүнийг аль мэдүүлгийг үнэн зөв гэж үзэж байгаа нь тодорхойгүй. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхэд анхаарч өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй.
Шүүгдэгч Б.Ө, Ж.Г, Б.О нарт холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн дээрх нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжыг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан дүгнэж, үнэлэхэд хохирогч Г.Г нь болсон хэрэг үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартайг шинжээчийн дүгнэлтээр тогтоосноос гадна хохирогчоос 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр, 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр удаа дараа мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчөөгүй ба тэрээр хэрэг болсон газар, цаг хугацаа, маргаан, өөрийг нь зодсон этгээдүүдийг шууд хэлж, хэрхэн гэмтээсэн, зодуулсан талаар тэр даруй цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй шалтгаан болон бусад байдлуудыг дэлгэрэнгүй тодорхой мэдүүлж, энэ байдал бусад нотлох баримтуудаар нотлогдсон тул түүнийг худал ташаа мэдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.
Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд энэ гэмт хэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэвийн явагдах нөхцлийг зөрчсөн хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэсэн хуулийн зохицуулалтыг анхаарвал зохино.
Шүүх хуралдаанд хохирогч Г.Гаас “хохиролд Одхүү, Өнөржаргал нараас 43 сая төгрөг авсан. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Ө, Ж.Г, Б.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцсон боловч тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал бий болжээ.
Тодруулбал дээрх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж, мөн хууль, зүйл, хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, мөн хууль, зүйл, хэсгийн 1.2-т зааснаар “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” гэж тус тус зохицуулжээ.
Шүүгдэгч Б.Ө, Ж.Г, Б.О нарын гэм буруутайд тооцогдсон дээрх гэмт хэрэгт оногдуулж болох хүнд төрлийн буюу хорих ялын доод хэмжээ 6 сарын хугацаагаар хорих ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т, дээд хэмжээ 3 жилийн хугацаагаар хорих ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус хамаарч байгаагаас шалтгаалж хөөн хэлэлцэх хугацааг аль хугацаагаар тооцоход тодорхой бус, эргэлзээтэй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэж заасан хуулийн зарчмыг баримталж шүүгдэгч Б.Ө, Ж.Г, Б.О нарын гэм буруутайд тооцсон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хамааруулж тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Ө, Ж.Г, Б.О эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн шүүгдэгч Б.Ө, Ж.Г, Б.О нарын хувийн байдал болон хохирогчийн гомдол, саналгүй гэсэн хүсэлтээ илэрхийлсэн байдлыг харгалзав.
Мөн дээрх байдлаар шийдвэрлэхэд өмгөөлөгч нарын гаргасан саналыг хүлээж авсан болохыг тэмдэглэв.
Шүүгдэгч Г.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгч Г.Гт эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 4 сарын хугацаагаар нийтийн албанд ажиллах эрх хасч, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Ө, Б.О, Г.Г, Ж.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа.
Дээрх гэмт хэргүүд гарахад шүүгдэгч, хохирогч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хоорондоо зүй зохистой харьцах харьцаа, аливаа зүйлд шударга байх зан байдал дутагдсан, нөгөө талаас гэмт хэрэг гарсан газраас гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх нөхцөл байдалд хайнга, хойрго хандсан нөхцөл байдлууд нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Ө, Ж.Г, Б.О нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Гг мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч Б.Ө, Ж.Г, Б.О нарыг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Б.Ө, Б.О, Ж.Г нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гыг 4 сарын хугацаагаар нийтийн албанд ажиллах эрх хасч, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нараас бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Ө, Ж.Г, Б.О, Г.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт оногдуулсан 4 сарын хугацаагаар нийтийн албанд ажиллах эрх хассан ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ө, Ж.Г, Б.О, Г.Г нарт урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН