Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2024/01646

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 23 210/МА2024/01646

 

 

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Т.Гандиймаа, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2024/02443 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Бд холбогдох,

 

3,759,653 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Зээлдэгч С.Б нь 2022 оны 04 сарын 20-ны өдөр манай С-д зээл хүссэн өргөдөл гаргаж 2022/168 тоот зээлийн гэрээ байгуулан 2022 оны 04 сарын 20-ны өдөр 3,900,000 төгрөгийг 2,9 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай буюу 2023 оны 10 сарын 20-ны өдөр төлж дуусгахаар тохиролцон зээлэн авсан. ...2024 оны 04 сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 3,295,874 төгрөг, үндсэн хүү 386,483 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 77,296 төгрөг, нийт 3,759,653 төгрөг байна.

...Иймд хариуцагчаас 3,759,653 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

  

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,808,447 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрнө, үлдэх 1,951,206 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

...Хариуцагч нь талуудын хооронд тохиролцсон графикийн дагуу нийт төлөгдөх 4,648,447 төгрөгийг зөвшөөрч байгаа. Энэ үнийн дүнгээс хариуцагч С.Бийн өөрийнх нь төлсөн 2,840,000 төгрөгийг хасахаар 1,808,447 төгрөг болж байна. Тиймээс хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас энэ 1,808,447 төгрөгийг л хүлээн зөвшөөрнө гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч С.Бээс зээлийн гэрээний үүрэгт 3,759,653 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 84,716 төгрөгөөс 77,548 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 7,168 төгрөгийг татварын хэлтсийн данснаас, хариуцагч С.Бээс 75,104 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

...С ХХК, С.Б нарын хооронд байгуулсан 2022 оны 04-р сарын 20-ны өдрийн 2022/168 тоот зээлийн гэрээний төлбөрийн графикт нийт 18 удаа хэсэгчлэн төлж, зээлийн гэрээний хүүгийн хамт нийт 4,648,447 төгрөгийг төлж зээлийг дуусгахаар тохирсон байна. Зээлийн гэрээний төлбөрийн хуваарийн дагуу төлөгдөөгүй байгаа нь Иргэний хуулийн дагуу хугацаа хэтрүүлсэн төлбөрт хүү, алданги ногдуулахаар тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл тухайн хугацаа хэтэрсэн сарын үндсэн төлбөрт хүү, алданги төлөх ба ирээдүйд төлөхөөр тохиролцсон хуваарьт төлбөрөөс хүү, алданги тооцох үндэслэл байхгүй. Гэвч шүүхээс зээлийн тухайн сард хугацаа хэтрүүлсэн хоног бүрд нийт үлдэгдэл төлбөрийг нэгтгэн хүү тооцож 1,951,206 төгрөгийн илүү бодсон нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг хангаж шийдвэр гаргасан нь алдаатай шийдвэр гэж үзэж байна.

...Иймд анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 3,759,653 төгрөгийг гаргуулна гэж шийдвэрлэснээс 1,951,206 төгрөгийг хасаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Хариуцагч талын гаргасан гомдол нь үндэслэлгүй. Учир нь 1,951,206 төгрөгийг төлөхгүй гэдэг ч ямар үндэслэлээр төлөх ёсгүй гэдгийг баримтаар нотолж чаддаггүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч С.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,759,653 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан баримтаар С ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр С.Бтэй зээлийн гэрээ байгуулж 3,900,000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай хэрэглээний буюу гар утас худалдан авах зориулалтаар зээлдүүлэхээр тохирсон ба талууд үүргийн гүйцэтгэлийг хангахаар Iphone13 promax маркийн гар утсыг барьцаалахаар барьцааны гэрээ байгуулсан байна.

 

Анхан шатны шүүх дээр дурдсан үйл баримтыг зөв тогтоож, зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

4. Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт бүрэн төлж дуусгах үүргээ биелүүлээгүй бол тухайн биелэгдээгүй үүргийг, мөн хэтэрсэн хугацааны хүүг үндсэн зээлийн үлдэгдлээс тооцож төлөхөөс гадна гэрээгээр тохирсон бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээнэ.

 

4.1. Зохигчдын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.8-д Зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг нэмж төлнө гэж, мөн 2.5-д Зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж тус тус заажээ.

 

4.2. Гэрээний энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, мөн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасантай нийцсэн байна.

 

5. Хариуцагч С.Б нь 3,900,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүүгийн хамт төлж дуусгах үүрэг хүлээсэн боловч зээлийн гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар баримтаар нотлоогүй.

 

Тодруулбал, хариуцагч С.Б нь 3,900,000 төгрөгийг 18 сарын хугацаанд зохих ёсоор төлсөн бол 4,648,447 төгрөгийг төлөх ба тийнхүү төлөөгүй тохиолдолд дээр дурдсанаар хугацаа хэтэрсэн хоног тутам үндсэн зээлийн үлдэгдлээс хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээнэ.

 

6. Анхан шатны шүүх хариуцагч С.Бийг зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй боловч түүний гүйцэтгэвэл зохих төлбөрийн хэмжээг буруу тооцоолсон байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.

 

6.1. 3,900,000x34.8%=1,357,200 /жилийн хүү/:365=3,718 /өдрийн хүү/, хариуцагч нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 05 дугаар 19-ний өдөр 260,000 төгрөг төлсөн 29 хоногийн хүү 107,822 төгрөг /3,718x29=107,822/-ийг хасвал илүү төлөлт 152,178 төгрөг болох бөгөөд үндсэн зээл 3,900,000 төгрөгөөс илүү төлөлтийг хасвал 3,747,822 төгрөгийн үлдэнэ,

 

6.2. 3,747,822x34.8%=1,304,242 /жилийн хүү/:365=3,573 /өдрийн хүү/, хариуцагч нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 07 дугаар 21-ний өдөр 250,000 төгрөг төлсөн 63 хоногийн хүү 225,099 төгрөг /3,573х63=225,099/-ийг хасвал илүү төлөлт 24,901 төгрөг болох бөгөөд үндсэн зээл 3,747,822 төгрөгөөс илүү төлөлтийг хасвал 3,722,921 төгрөгийн үлдэнэ,

 

6.3. 3,722,921х34.8=1,295,576 /жилийн хүү/:365=3,550 /1 өдрийн хүү/, хариуцагч нь 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 08 дугаар 21-ний өдөр 530,000 төгрөг төлсөн 31 хоногийн хүү 110,050 төгрөг /3,550х31=110,050/-ийг хасвал илүү төлөлт 419,950 төгрөг болох бөгөөд үндсэн зээл 3,722,921 төгрөгөөс илүү төлөлтийг хасвал 3,302,971 төгрөгийн үлдэнэ,

 

6.4. 3,302,971х34.8=1,149,434 /жилийн хүү/:365=3,149 /1 өдрийн хүү/, хариуцагч нь 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг төлсөн 60 хоногийн хүү 188,940 төгрөг /3,149x60=188,940/-ийг хасвал илүү төлөлт 61,060 төгрөг болох бөгөөд үндсэн зээл 3,302,971 төгрөгөөс илүү төлөлтийг хасвал 3,241,911 төгрөгийн үлдэнэ,

 

6.5. 3,241,911х34.8=1,128,185 /жилийн хүү/:365=3,091 /1 өдрийн хүү/, хариуцагч нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 260,000 төгрөг төлсөн 81 хоногийн хүү 250,371 төгрөг /3,091х81=250,371/-ийг хасвал илүү төлөлт 9,629 төгрөг болох бөгөөд үндсэн зээл 3,241,911 төгрөгөөс илүү төлөлтийг хасвал 3,232,282 төгрөгийн үлдэнэ,

 

6.6. 3,232,282х34.8=1,124,834 /жилийн хүү/:365=3,082 /1 өдрийн хүү/, хариуцагч нь 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 250,000 төгрөг төлсөн 176 хоногийн хүү 542,432 төгрөг /3,082х176=542,432/-ийг хасвал 292,432 төгрөгийн хүү дутуу төлсөн,

 

6.7. Хариуцагч нь 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 1,040,000 төгрөгөөс 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 17-ны хүртэл бодогдсон 288 хоногийн хүү 887,616 төгрөг /3,082х288=887,616/-ийг хасвал илүү төлөлт 152,384 төгрөг болох бөгөөд үндсэн зээл 3,232,282 төгрөгөөс илүү төлөлтийг хасвал үндсэн зээлийн үлдэгдэл 3,079,898 төгрөг болж байна.

 

6.8. Нэмэгдүүлсэн хүүгийн хувьд:

 

3,232,282x6.96%=224,967 /жилийн нэмэгдүүлсэн хүү/:365=616 /хоногийн нэмэгдүүлсэн хүү/, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 56 өдрийн нэмэгдүүлсэн хүү 34,496 /616x56=34,496/ төгрөг,

 

3,079,898x6.96%=214,360 /жилийн нэмэгдүүлсэн хүү/:365=587 /өдрийн нэмэгдүүлсэн хүү/, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл 93 өдрийн нэмэгдүүлсэн хүү 54,591 /587x93=54,591/ төгрөг болох ба нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүнд 77,296 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэнэ.

 

Иймээс хариуцагчаас үндсэн зээл 3,079,898 төгрөг, зээлийн хүү 292,432 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 77,296 төгрөг буюу нийт 3,449,626 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2024/02443 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч С.Бээс зээлийн гэрээний үүрэгт 3,449,626 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 310,027 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтад ... 75,104 ... гэснийг 70,144 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

 

ШҮҮГЧИД  Т.ГАНДИЙМАА

 

 

Б.МАНДАЛБАЯР