Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 139

 

О.А-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00519/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч     О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 817 дугаар шийдвэртэй,  

Нэхэмжлэгч: О.А-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-д холбогдох, 

            “Тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах” тухай иргэний хэргийг,

          Хариуцагч Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундралын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн,

          2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ч.Чинцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч О.А-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Миний бие 2011.11.18-ны өдөр ДСЦТС ХК-ийн Сүхбаатар салбарын Ерөө хэсэгт Ашиглалт борлуулалтын байцаагчаар ажилд орж 2013 оны 11 сард Сүхбаатар салбарын төвд шилжин ирж 4 дэд станц хариуцан ажиллаж байсан Д.Лхагваагийн ажлыг хүлээж авсан. Тухайн үед олон тоолуурууд таггүй, лацгүй байсан бөгөөд энэ тухай холбогдох албан тушаалтнуудад амаар болон бичгээр удаа дараа мэдээллэж байсан. 2015 онд Байгууллагын хэмжээнд шинэ програмд шилжсэнтэй холбогдуулан тухайн үед ажиллаж байсан 8 Ашиглалт борлуулалтын байцаагчийг 2 хэсэгт ажиллуулж аймгийн хэмжээнд байгаа бүх дэд станцуудыг хувиарлаж өгсөн. Миний бие 11 дэд станц буюу 1351 цэг хариуцан ажиллах болсон. 2015 онд Ашиглалт борлуулалтын байцаагчийн албан тушаалд өөрчлөлт орж Тоолуурын заалт авагч, авлага барагдуулагч гэсэн албан тушаалд шилжсэн. Тухайн байгууллагад ажилд орсон цагаасаа эхлээд миний бие алдаа дутагдал гаргаагүй, ажлын хариуцлага алдалгүй үүрэгт ажлаа хэвийн сайн гүйцэтгэж байсан төдийгүй 2015 онд борлуулалтын үзүүлэлтээрээ байгууллагадаа 2-рт жагсаж байсан. Гэтэл гүйцэтгэх захирал С.Нэргүй 2016.02.25-ны өдөр 70 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр намайг ажлаас халсан. Энэхүү тушаалыг би 2016.02.25-ны өдөр хүлээн авсан бөгөөд үндэслэлгүй тушаал гаргаж ажлаас халсан тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Учир нь тус тушаалын 1 дүгээр заалтаар Хяналтын албаны шалгалтаар эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан нь тогтоогдсон гээд хөдөлмөрийн гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн байдаг. Ямар шалгалтаар ингэж тогтоосон болохыг би ойлгохгүй байна. Миний хариуцсан ажлын явцын үзүүлэлт болон үнэлгээ сайн дүнтэй дүгнэгдэж байсан. Хяналтын албанаас 2016 оны 2 дугаар сард тэдний хооронд манай ажил дээр ирж ажиллахдаа жижиг зөрчлүүдийг арилгаж, цаашид хамтран ажиллах нөхцөлүүдийг бүрдүүлэх, зөвхөн туслах чиглэлээр ажиллаж байгаа гэж бидэнд хэлж байсан. Гэтэл ДСЦТС ХК Сүхбаатар салбарт хяналт шалгалт хийж гүйцэтгэхэд илэрсэн зөрчлийн судалгаа гэх зүйлийг гаргаж түүн дээрээ үндэслэн намайг ажлаас үндэслэлгүй халсан гэж би ойлгож байна. Тус судалгаан дээр дурьдагдсан зөрчил гэх 26 зүйл нь миний хариуцан ажилладаг 1351 цэгээс 34 цэгт хяналт тавьж түүнээс 26 зөрчил илэрсэн гээд зөрчлийн дүн 76,4 хувь гэж дүгнэсэн байдаг, илрүүлсэн гэх 26 зөрчил нь надаас шууд хамааралтай бус юм. Миний хувьд тоолуурын лац, тагтай холбоотой мэдээллийг цаг тухай бүрт нь холбогдох албан тушаалтанд амаар болон бичгээр мэдээллэж байсан боловч хариуцсан албан тушаалтан нь хийж хэрэгжүүлэх ёстой. Ялимгүй зүйлээр шалтаглаж ажлаас халсан гэж үзэж байгаа тул гомдолтой, эдгээр зөрчлүүд нь надаас шууд хамааралтай биш төдийгүй байгууллагын хэмжээнд байгаа нийтлэг зөрчил юм. Зөвлөн туслах нэрийн дор ирж ажилласан Хяналтын алба албан ёсны дүгнэлт гаргаагүй, түүнийгээ албан ёсоор танилцаагүй атлаа ажлаас халах шалтаг болгон хууль бус үйлдэл хийсэн нь ойлгомжтой, ажлын байрны тодорхойлолтод зааснаар түүний ажлын байрны үндсэн зорилго тоолуурын заалтыг борлуулалтын циклд заасны дагуу авах, хэмжих хэрэгсэл, шугам сүлжээний илэрхий гэмтэл согог болон цахилгаан эрчим хүчний зүй бус хэрэглээг бүртгэж мэдээлэх гэж заасан, гэмтэл, согогын талаар зөвхөн мэдээлэх үүрэгтэй болохоос биш засаж, янзлах үүрэг ногдоогүй, ажлын байрны тодорхойлолтод зааснаас өөр үндэслэл, шаардлагаар ажлаас халсан нь буруу юм. Хууль бус, үндэслэлгүй тушаалаар ажлаас халагдсанаас болж өр зээлээ төлж чадахгүй хүнд байдалд ороод байна. Иймд ДСЦТС ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016.02.25-ны өдрийн 70 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Сүхбаатар салбарын Тоолуурын заалт авагч албан тушаалтай О.А- нь Хяналтын албаны шалгалтаар эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан нь тогтоогдсон, хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчлийг гаргасан. О.А- нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажилтны үүрэг, ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргээ хангалттай биелүүлээгүй, 2015 оны тайлан хамгаалалт хангалтгүй байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.4ж, холбогдох бусад хууль тогтоомжуудын хүрээнд хөдөлмөрийн гэрээг 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс ажил олгогчийн санаачилгаар цуцалсан.

1. Сүхбаатар салбарт хийсэн шалгалтаар Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр хавсралтаар батлагдсан Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмын дагуу батлагдсан Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн хяналтын албаны хяналт шалгалт хийх журмын дагуу 2016 оны 02 сарын 02-ны өдрөөс 2016 оны 02 сарын 05-ныг дуустал, 2016 оны 02 сарын 16-ны өдрөөс 02 сарын 19-нийг дуустал хугацаанд хяналт шалгалт хийсэн.

Энэхүү шалгалтаар 2015 онд илэрсэн ашиглалт, борлуулалт, хэмжих хэрэгсэл, гэрээ материалын хадгалалт, хамгаалалт, орлого төвлөрүүлэлт, хаягийн баяжилт, өргөдөл гомдол барагдуулалт, циклийн мөрдөлтийн зөрчлийг арилгасан байдлыг судалсан, хяналт шалгалтаар О.А- нь эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж 76,4 хувийн зөрчилтэй гарсан, хэрэглэгчээс цахилгаан эрчим хүчний төлбөрийг бэлэн мөнгөөр авсан, хувьдаа ашигласан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон. Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмын 3 дугаар зүйлийн 3.7.4 шаардлагатай бол илэрсэн зөрчил, дутагдлын шалтгаан нөхцөлийг арилгах болон зөрчил гаргасан этгээдэд бүрэн хариуцлага ногдуулах талаар байгууллагын удирдлагад санал тавьж шийдвэрлүүлэх эрхтэй, мөн тус журмын 5 дугаар зүйлийн 5.1 дотоод хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлын дагуу буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомж, тухайн аж ахуйн нэгж, байгууллагын дотоод журамд заасан хариуцлагыг ногдуулна, Хөдөлмөрийн дотоод

журмын 14 дүгээр зүйлийн 14.3-т сахилгын шийтгэлийг хэлтэс алба, салбар, зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэр гарган гүйцэтгэх захирлын тушаалаар ногдуулна гэх мэт хууль зүйн үндэслэлүүдээр О.А-ийг захирлын зөвлөлийн хурлаар оруулсан болно.

2. Хяналтын албаны гүйцэтгэлийн шалгалтын үр дүн: О.А- нь 26 цэг буюу 76,4 хувийн зөрчилтэй гарсан. Зөрчлийг дэлгэрүүлбэл:

- Мөнгөн тооцооны хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын хугацаа дууссан-5

- Тоолуурын гуравдагч лацгүй, таггүй-12

- Мөнгөн тооцооны тоолуургүй хэрэглэгчтэй тооцоо хийсэн-1

- Мөнгөн тооцооны тоолуурын марк тип програм дахь мэдээллээс зөрүүтэй-5

- Тооцооны тоолуурын улсын дугаар программ дахь мэдээллээс зөрүүтэй-14

- Зүй бус хэрэглээ схемийн зөрчилтэй-2

- Программд бүртгэл байхгүй бичилт ордоггүй цэгүүд-1 гэх мэт зөрчлүүд гаргасан нь хяналт шалгалтаар тогтоогдсон юм. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.8 эрхэлж буй албан тушаалтай холбогдсон ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан үүрэгт ажлаа чанартай зохих журмын дагуу гүйцэтгэж, хөтлөгдвөл зохих бичиг баримтыг бүрэн хөтөлж, мэдээ тайланг хугацаанд нь гаргах үүргийг биелүүлээгүй, Хөдөлмөрийн гэрээний 5.2.ё ажлын хариуцлага алдсан ажилтныг хэлтэс алба, салбар төвийн дарга нарын тодорхойлолтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцална. Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2. ажилтан дотоод журам, түлш эрчим хүчний сахилгын дүрэм болон дараахь ноцтой зөрчлийг гаргасан тохиолдолд хугацаа харгалзахгүйгээр ажил олгогчийн санаачилгаар ажлаас халж хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан. Үүнд: 5.2.з-д хэрэглэгчээс бэлэн мөнгө авсан, хувьдаа ашигласан бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан байгаа.

Мөн Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгыг ноцтой зөрчсөн, 8.2.4ж ... ажлын хариуцлага алдсан ажилтныг хэлтэс, алба салбар, төв хэсгийн дарга нарын тодорхойлолтод үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй гэж тодорхойлсон нь Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн зүгээс О.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах хууль зүйн үндэслэлтэй хүчин төгөлдөр тушаал юм. Ажил үүргээ гүйцэтгэх, хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчсөн, ёс зүйн алдаа гаргасан зэрэг гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 817 дугаар шийдвэрээр:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Харчууд овогт Отгонбаярын Алтанаашийг Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Сүхбаатар салбарын тоолуурын заалт авагчын ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож,

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин, олговор 2,161,072 төгрөгийг хариуцагч Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-иас гаргуулж, нэхэмжлэгч О.А-д олгож,

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар О.А-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-иас тэмдэгтийн хураамж 49,527 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрал давж заалдсан гомдолдоо:

1-рт. Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр хавсралтаар батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын дагуу батлагдсан ДСЦТХК-ийн хяналтын албаны хяналт шалгалт хийх журмын дагуу 2016 оны 02 сарын 02-ны өдрөөс 2016 оны 02 сарын 05-ыг дуустал, 2016 оны 02 сарын 16-ны өдрөөс 02 сарын 19-нийг дуустал хугацаанд хяналт шалгалт хийсэн. Энэхүү шалгалтаар 2015 онд илэрсэн ашиглалт, борлуулалт, хэмжих хэрэгсэл, гэрээ материалын хадгалалт, хамгаалалт, орлого төвлөрүүлэлт, хаягийн баяжилт, өргөдөл гомдол барагдуулалт, циклийн мөрдөлтийн зөрчлийг арилгасан байдлыг судалж 208 цэгт түүврийн аргаар С шалгалт хийхэд шалгалтаар тайлбарт дурьдсан зөрчил дутагдалууд илэрсэн.

Уг шалгалтыг Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмын 3 дугаар зүйлийн 3.7.4,  5 дугаар зүйлийн 5.1 “дотоод хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлын дагуу буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомж, тухайн аж ахуйн нэгж, байгууллагын дотоод журамд заасан хариуцлагыг ногдуулна. ДСЦТС ХК-ийн үйл ажилагаанд дотоод хяналт шалгалт хийх журмын 4 дүгээр зүйлийн 4.3 “илэрсэн зөрчил, дутагдлын шалтгаан нөхцлийг тодруулан зөрчлийг арилгах асуудлаар болон зөрчил гаргасан ажилтанд хариуцлага ногдуулах санал тавьж шийдвэрлүүлэх эрхтэй”, Хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.3-т “сахилгын шийтгэлийг хэлтэс алба, салбар, зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэр гарган гүйцэтгэх захирлын тушаалаар ногдуулна” гэх мэт хууль зүйн үндэслэлүүдээр чөлөөлсөн, шүүх хуралдааны явцад нотлох баримтуудыг шинжлэн судалсан боловч шүүхийн шийдвэрт тусгаагүй, нотлох баримтаар үнэлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

2-рт. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “ажлаас халах тушаалд заасан үндэслэл нь тушаалд баримталсан хуулийн зохицуулалтаас зөрүүтэй буюу эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэх хуульд заагаагүй үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан” гэж дүгнэжээ. Гэтэл ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэдэг үндэслэлээр чөлөөлсөн буюу хуулийн нэр томъёог шууд бичих хэлбэр талаас нь дүгнэж шийдвэр гаргасан нь учир дутагдалтай юм. Өөрөөр хэлбэл ДСЦТС ХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгыг ноцтой зөрчсөн”, 8.2.4ж “ажлын хариуцлага алдсан ажилтныг хэлтэс, алба салбар, төв хэсгийн дарга нарын тодорхойлолтод үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй” гэж заасны дагуу цуцалсан болно. Хөдөлмөрийн гэрээний “иргэдээс бэлэн мөнгө авах”-ыг ноцтой зөрчилд тооцно гэж заасан тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчсөн гэж үзэж Дархан-Уул аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны 2016 оны 05 сарын 19-ний өдрийн 817 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмждэгдсэн төлөөлөгч Б.Содболд Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч О.А- Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК /цаашид “ДСЦТС” ХК/-д холбогдуулж, хөдөлмөрийн гэрээ цуцалсан “ДСЦТС” ХК-ний захирлын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 70 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч “ДСЦТС” ХК нэхэмжлэгч О.А- нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажилтны үүрэг, ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргээ хангалттай биелүүлээгүй, 2015 оны тайлан хамгаалалт нь хангалтгүй дүнтэй, Хяналтын албаны шалгалтаар эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан нь тогтоогдсон, хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчлийг гаргасан тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж маргасан байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч байгууллага шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдсан гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг судлан үзээд дараах дүгнэлтийг хийлээ.

Нэхэмжлэгч О.А-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох “ДСЦТС” ХК-ийн гүйцэтгэх захирлын Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 70 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.4. ж, Захирлын зөвлөлийн хурлын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрийг үндэслэн эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр гарсан байна.

Энэ тушаалаас үзвэл ажлаас халсан тушаалын үндэслэл нь удирдлага болгон баримталсан хуулийн зохицуулалтаас өөр буюу “эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан” гэх хуульд заагаагүй үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Хариуцагч байгууллага хөдөлмөрийн гэрээнд заасан хэрэглэгчээс бэлэн мөнгө авсан ноцтой зөрчил гаргасан гэж тушаалын үндэслэлээ тайлбарлаж байгаа боловч хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалын үндэслэлд энэ талаар заагаагүй, уг зөрчлийн талаар 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр болсон захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлээгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэгчид сахилгын арга хэмжээ аваагүй байна.

Мөн Компаний Хяналтын албаны шалгалтаар нэхэмжлэгч О.А-ийг эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, тоолуурын гуравдагч лацгүй, таггүй байсан, зүй бус хэрэглээ схемийн зөрчилтэй, тоолуурын улсын дугаар програмын мэдээллээс зөрүүтэй байсан зэрэг зөрчил гаргасан гэж буруутган 76.4 хувийн зөрчилтэй гэж Хяналтын албаны тайланд тусгасан боловч эдгээр зөрчлүүд нь хэзээ үүссэн нь тодорхойгүй, тоолуур хүлээн авагч буюу нэхэмжлэгчийн хариуцах ажил, үүрэгт хамаарах байсан нь баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгчид хэзээ гаргасан ямар зөрчилд хариуцлага хүлээлгэсэн нь тодорхойгүй байна.

Хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтоос үзвэл Тоолуур хүлээн авагч нь тоолуурын заалтыг борлуулалтын циклд заасны дагуу авах, хэмжих хэрэгсэл, шугам сүлжээний илэрхий гэмтэл согог болон цахилгаан эрчим хүчний зүй бус хэрэглээг бүртгэж мэдээлэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч О.А- өөрийн хийж гүйцэтгэсэн ажил, үүргийн талаар  2015 оны ажлын тайландаа тайлагнасан байна.

Компаний Хөдөлмөрийн дотоод журмын 8.2.4.ж-д “ажлын хариуцлага алдсан” гэдгийг хэн гэдэг албан тушаалтан ямар баримтыг үндэслэж тогтоох, ажилтны ямар үйлдэл, эс үйлдэхүй нь дээрх зөрчилд хамаарах нь тодорхойгүй бөгөөд нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалын үндэслэл болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлд хамаарахгүй байна.

Дээр дурьдсан үндэслэлүүдийн талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэн зөв үнэлж хэргийг шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Чинцогт биечлэн оролцсон тул хариуцагч байгууллагын шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Иймд хариуцагч байгууллагын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70200 төгрөг гэснийг орхигдуулсан байх тул 49 527 төгрөг дээр 70200 төгрөгийг нэмж нийт 119727 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрийн холбогдох заалтад нэмэлт өөрчлөлт оруулж зөвтгөн, хариуцагч байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 7773 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-дзаасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Хариуцагч “ДСЦТС” ХК-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 817 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтын “ДСЦТС”ХК-иас тэмдэгтийн хураамж 49527 төгрөг гаргуулж гэснийг 119727 төгрөг гаргуулж гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг  хэвээр үлдээсүгэй. 

           2.Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч “ДСЦТС”ХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127.500 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 7773 төгрөгийг төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар гаргаж хариуцагчид буцаан олгосугай.

           3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

           4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   О.НАРАНГЭРЭЛ 

                             ШҮҮГЧИД                                                  С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                Л.АМАРСАНАА