Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 105

 

Г.З-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн шүүхийн 1954 оны 06 дугаар сарын 09ий өдрийн 39 дүгээр тогтоолтой, Г.З-д холбогдох хэргийг Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Гэлэг овогтой Зоригт, 1954 оны байдлаар 54 настай байсан, эрэгтэй, Өмнөговь аймгийн Ханбогд сумын 6 дугаар багийн харьяат, 1949 онд ноосны хэргээр 1 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн.

Г.З-нь “1938 оноос 1954 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд Ханбогд сумын 3, 6 дугаар багийн Цэрмаа, Дэжмаа, Батхүү нарын 20 гаруй айлд Говийн лха гэх түвд ном унших, галын бурхан тахих, сүнс дуудах, нас барсан хүний чигийг гаргах, хойтохыг нь унших, мал ариулах сан тавих, аврал гүрэм хийх зэргээр шашнаар нөлөөлсөн, шашны хоосон харгис үзэл сурталд мунхруулан барьцанд тэмээ 1, адуу 3, хонь 13, ямаа 6, даалимба даавуу 20 метр, дээлийн сатин 1, хадаг 23, хуучин савхин гутал 1, хятад цай 1, бие төгрөг 15 зэргийг авч ашиглан завшсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн шүүхийн 1954 оны 06 дугаар сарын 09-ний өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 39 дүгээр тогтоолоор Г.З-г Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд зааснаар 08 жил хорих ял шийтгэж, хувьд ноогдох хөрөнгийг хураан авч ард олноос луйврын аргаар авсан гэх зүйлийн үнэ 1280 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:

“Нэг. Биеийн байцаалт: 1954 оны байдлаар

Овог Гэлэг, нэр Зоригт, нас 54, эрэгтэй, ард, халх, эрэгтэй, ам бүл 4, ах Гэндэн, дүү Сүрэнжав, 10-40 насандаа лам явсан, Цагаан толгойн хийдэд сууж байсан, 1949 онд ноосны хэргээр 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн, Өмнөговь аймгийн Ханбогд сумын 6 дугаар баг.

Хоёр. Хэргийн талаар:

Энэ хэргийн Г.З-нь ашгийг хичээн 1938 оноос 1954 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд Ханбогд сумын 3, 6 дугаар багийн Цэрмаа, Дэжмаа, Батхүү нарын 20 гаруй айлд Говийн лха гэх түвд ном унших, галын бурхан тахих, сүнс дуудах, нас барсан хүний чигийг гаргах, хойтохыг нь унших, мал ариулах сан тавих, аврал гүрэм хийх зэргээр шашнаар нөлөөлөн, шашны хоосон харгис үзэл сурталд мунхруулан барьцанд тэмээ 1, адуу 3, хонь 13, ямаа 6, даалимба даавуу 20 метр, дээлийн сатин 1, хадаг 23, хуучин савхин гутал 1, хятад цай 1, бие төгрөг 15 зэргийг авч ашиглан завшсан гэмт хэргийг үйлдсэн.

Гурав. Ялын төлөвлөгөө

Өмнөговь аймаг дахь Цагдан сэргийлэх ангийн байцаагч Мийяагийн 1954 оны 06 дугаар сарын 02-ны өдөр үйлдэж, Хэлтсийн дарга Цэрэндоржийн баталсан ялын төлөвлөгөөнд: “Энэ хэргийн З-нь 1938 оноос 1954 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд Ханбогд сумын 3, 6 дугаар багийн Цэрмаа, Дэжмаа, Батхүү нарын 20 гаруй айлд Говийн лха гэх түвд ном унших, галын бурхан тахих, сүнс дуудах, нас барсан хүний чигийг гаргах, хойтохыг нь унших, мал ариулах сан тавих, аврал гүрэм хийх зэргээр шашнаар нөлөөлөн, шашны хоосон харгис үзэл сурталд мунхруулан барьцанд тэмээ 1, адуу 3, хонь 13, ямаа 6, даалимба даавуу 20 метр, дээлийн сатин 1, хадаг 23, хуучин савхин гутал 1, хятад цай 1, бие төгрөг 15 зэргийг авч ашиглан завшсан хорт гэмт хэргийг өдүүлсэн учир Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд зааснаар яллагдах бөгөөд энэ хэргийг Аймгийн шүүн таслах газарт шилжүүлэх саналыг төлөвлөв” гэжээ.

Дөрөв. Таслан шийтгэсэн байдал

Өмнөговь аймгийн шүүхийн 1954 оны 06 дугаар сарын 09-ний өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 39 дүгээр тогтоолоор Г.З-ын үйлдсэн хэргийг хянан хэлэлцээд “Энэ хэргийн З-нь лам байсан чанараараа хувьсгалт засгаас явуулж байсан ажилд дургүйцэн хорсож, төлөвлөгөөт ажилд нь аль болохоор саад учруулж байсан ба зарим сүсэгтэн олныг шашны мухар суртлаар төөрөгдүүлэн тэдний өмч хөрөнгөнөөс луйврын аргаар тонож байсан нь бүх баримт материал, гэрчийн тодорхойлолт, өөрийнх нь мэдүүлгээр батлагдсан тул шүүх хурлаас ял шийтгэхэд: Өмнөговь аймгийн Ханбогд сумын 6 дугаар багийн харьяат, 1949 онд ноосны хэргээр шийтгэгдэж байсан, энэ жил 54 настай Гэлэг овогтой Зоригтыг тус улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд заасан ёсоор 8 жил хорьж, түүний хөрөнгөнөөс хувьд ноогдох хөрөнгийг хураан авч, ард олноос луйврын аргаар авсан зүйлийн үнэ 1280 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

ХЯНАВАЛ: Өмнөговь аймгийн Шүүхийн 1954 оны 06 дугаар сарын 09-ний өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 39 дүгээр тогтоолоор Г.З-ыг тус улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд заасан ёсоор 8 жил хорьж, түүний хувьд ноогдох хөрөнгийг хураан улсын орлого болгохоор улс төрийн хэрэгт хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Г.З-ын мэдүүлэгт: “... миний бие ашиг олохын тулд гүрэм ном уншиж, өргөл барьц авч байсан юм биш шүү, нутгийн хүмүүс гуйхаар нүүр халуун учир ийнхүү ном уншиж байсан юм. Шашны хор холбогдлыг би сайн мэдэхгүй. Миний мэдүүлсэн зүйлүүд бүгд үнэн. Шашныг хортой бөгөөд хуулиар хориглосон гэдгийг би сайн ойлгоогүй ба одоо ойлгож авлаа, миний бие хүний гуйснаар л хийж өгч байсан нь ийм явдалд хүрсэн бөгөөд өөр ямар нэгэн зорилго байхгүй” гэх мэдүүлгээс үзэхэд бусдад туслах гэсэн санаа зорилготой байснаас биш олз ашиг олох санаа зорилго агуулаагүй болох нь тодорхой байна.

2. Г.З-ыг сүсэгтэн олныг шашны мухар суртлаар төөрөгдүүлэн тэдний өмч хөрөнгөнөөс луйврын аргаар тонож байсан гэж ялласан байх бөгөөд Ханбогд сумын 3 дугаар багийн Ч.Рэнцэнхандын: “З 10-аад жилийн өмнө манайд Говийн лха уншиж өгөхөд барьцанд нь 1 хадаг өгч байсан” гэх, мөн багийн Р.Мядагийн “одоогоос хэдэн жилийн өмнө манай хэдэн тэмээ хамуурч үхэж байсан тул эдгэрүүлэхийн тулд мал ариулах сан тавиулж байсан ба барьцанд нь нэг цоохор хадаг өгч байсан” гэх, мөн багийн Т.Батын “Жаал гэгчийг 1952 онд нас барахад манайд ирж ном уншиж байсан ба барьцанд гүү 1, хуучин гутал 1, хадаг 1, эм хонь 1-ийг өгч байсан” гэх, мөн багийн Ц.Охины “1953 онд Зоригтыг гэртээ авчирч ном уншуулж байсан, ном уншуулаад барьцанд нь юм өгч байгаагүй” гэх, Ш.Тангадын “одоогоос 4-5 жилийн өмнө миний бие өвдөхөд Зоригтыг гуйж сан тавиулсан ба барьцанд нь 1 хадаг өгч байсан” гэх гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд Г.З-нь бусдыг шашны суртлаар төөрөгдүүлэн залилж өргөл барьц аваагүй, харин тэдний гуйлт хүсэлтээр ном, гүрэм унших, сан тавих зэрэгт сайн дураараа өгсөн зүйлийг нь авч байсан нь тогтоогдож байна.

3. 1934 онд батлагдсан “Төр шашныг тусгаарлах тухай” хуулийн 20 дугаар зүйлд “Орон хийдийн хэрэглэгдэхүүн ба хурал номын хийгээд шашны баяр ёслолыг явуулахад орон хийд жас болон лам нараас аливаа зүйлийн татвар, бадар хандив зэргийг албадан гаргуулахыг цаазална. Гагцхүү сайн дураар өргөн барьсныг авах явдлыг үл цаазална” гэснээс үзэхэд сайн дураараа өгсөн зүйлийг авахыг тухайн үед хориглоогүй байжээ.

4. Г.З-ын үйлдсэн хэргийн санаа зорилго, хэргийн улмаас тухайн нийгэм, иргэдэд ямар хор, хохирол учруулсныг болон шунахайн сэдлээр, шашнаар нөлөөлөн зальт арга хэрэглэж, өргөл барьц авсан эсэхийг шалгаж баримттай тогтоосон зүйл байхгүй байхад тухайн үеийн нам, засгаас шашны талаар явуулж байсан бодлогын золиос болгон зориудаар улс төрийн хэрэгт холбогдуулан хилсээр шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг (гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн)заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.

Г.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар 8 жил хорих ял шийтгэж, хувьд ноогдох хөрөнгийг хураан улсын орлого болгохоор шийдвэрлэсэн Өмнөговь аймгийн шүүхийн 1954 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 39 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат, Гэлэг овогтой Зоригтыг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйл (4.1.Энэ хууль 1922 оноос эхлэн “БНМАУ-ын шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хэрэгт хэлмэгдсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хамаарна), мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтуудыг баримтлан прокурорын дүгнэлт бичсэн” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн Г.З-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцэв. 

Өмнөговь аймгийн шүүхийн 1954 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 39 дүгээр тогтоолоор Г.З-ыг 1938 оноос 1954 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд Өмнөговь аймгийн Ханбогд сумын 3, 6 дугаар багийн харъяат Цэрмаа, Дэжмаа, Батхүү нарын 20 гаруй айлд Говийн лха гэх түвд ном унших, галын бурхан тахих, сүнс дуудах, нас барсан хүний чигийг гаргах, хойтохыг нь унших, мал ариулах сан тавих, аврал гүрэм хийх зэргээр шашнаар нөлөөлөн, шашны хоосон харгис үзэл сурталд мунхруулан барьцанд тэмээ 1, адуу 3, хонь 13, ямаа 6, даалимба даавуу 20 метр, дээлийн сатин 1, хадаг 23, хуучин савхин гутал 1, хятад цай 1, бие төгрөг 15 зэргийг авсан үйлдэлд 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар 8 жил хорих ял шийтгэсэн байх боловч тухайн хэрэгт бэхжүүлэгдэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрч Ч.Рэнцэнханд, Р.Мядаг, н.Содном, Т.Бат, Ц.Охин, Ш.Тангад нарын мэдүүлгийг судалж үзэхэд Г.З-нь лам хүний хувьд бусдын гуйлтаар ном гүрэм уншиж, шашны зан үйл хийсний хариуд ард иргэдээс сайн дураар өгсөн эд зүйлсийг авсан үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байхад түүнийг хилсээр ял шийтгэсэн байна гэж үзэв.

Учир нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан “Төр, шашныг тусгаарлан явуулах тухай” 1934 оны хуулийн 20 дугаар зүйлд “Орон хийдийн хэрэглэгдэхүүн ба хурал номын хийгээд шашны баяр ёслолыг явуулахад орон хийд ба жас болон лам нараас аливаа зүйлийн татвар бадар хандив зэргийг албадан гаргуулахыг цаазална. Гагцхүү сайн дураар өргөн барьсныг авах явдлыг үл цаазална” гэж заасан байхад шүүхээс Г.З-ыг 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд заасан “Ямар нэгэн ашгийг хичээж ард нийтийн дотор мухар сүсгийг төрүүлэн гаргах зорилгоор ялт мэхт явдлуудыг гаргах” гэмт хэрэгт буруутган улс төрийн хэрэгт хилсээр ял шийтгэжээ.

Г.З-ын ял шийтгүүлсэн 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйл нь Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн г-д заасан (Шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр 1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн) үндэслэлд хамаарч байна.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат, Гэлэг овогтой З-ыг улс төрийн хэрэгт хилсээр шийтгүүлж, хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар бичсэн прокурорын дүгнэлтийг хангаж, 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар 8 жил хорих ял шийтгэж, түүний хувьд ноогдох хөрөнгийг хураан авч, ард олноос луйврын аргаар авсан зүйлийн үнэ 1280 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн Өмнөговь аймгийн шүүхийн 1954 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 39 дүгээр тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “Гэм буруугүй хүнд ... ял оногдуулахад хүргэсэн ... нөхцөл байдал илэрсэн” үндэслэлээр хүчингүй болгож, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Г.З-ыг 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар 8 жил хорих ял шийтгэж, түүний хувьд ноогдох хөрөнгийг хураан авч, ард олноос луйврын аргаар авсан зүйлийн үнэ 1280 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн Өмнөговь аймгийн шүүхийн 1954 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 39 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Г.З-ыг цагаатгасугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                 С.БАТДЭЛГЭР

            ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

     Б.БАТЦЭРЭН

     Ч.ХОСБАЯР

     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН