Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 379

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэлт, нэхэмжлэгч Э.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*******, Н.Д******* нарыг оролцуулан Э.Э*******ийн нэхэмжлэлтэй, Гадаадын иргэн, харьяатын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч А.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гадаадын иргэн, харьяатын газраас Э.Э*******д 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэлгийг олгох боломжгүй харин ажилгүй байсан хугацааны цалинг олгох мөн захиргааны албан хаагчийн нөөцөд бүртгэсэн тухай шийдвэр гаргаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийх боломжтой гэсэн тул бид харилцан буулт хийж эвлэрч байна” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хуулийн дагуу бол 3 сарын тэтгэмжийг олгох боломжгүй байгаа. Бусад асуудлыг нь хүлээн зөвшөөрч байгаа тул эвлэрэх саналыг хүлээн авч байна” гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

Тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “... хариуцагч нь ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийх, Э.Э*******ийг захиргааны албан хаагчийн нөөцөд бүртгэсэн тухай шийдвэрийг гаргахаар” харилцан тохиролцож эвлэрч байгаагаа шүүх хуралдаанд илэрхийлсэн байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 21 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нь эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т “нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсэг зурсан байна”, 68.3-т “шүүх хуралдааны явцад эвлэрвэл энэ тухай хуралдааны тэмдэглэлд тусгана”, 68.4-д “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Хариуцагч Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1-06/1990 дугаар албан бичгээр Г.Г*******, Н.Д******* нарт олгосон итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5-д заасан “эвлэрэх” эрхийг тусгайлан олгосон байх бөгөөд ийнхүү нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрсэн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т ...шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасан талаар тайлбарласан бөгөөд захирамжийн үр дагаврын талаар ойлгож, зөвшөөрч байгаагаа илэрхийлж гарын үсэг зурсан болно.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрлийг баталж, Э.Э*******ийн нэхэмжлэлтэй, Гадаадын иргэн, харьяатын газрын даргад холбогдох “Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/53 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд Улаанбаатар хотод томилох болон ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ОЮУМАА